Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2022/0089/З |
Дугаар | 221/МА2022/0648 |
Огноо | 2022-10-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2022/0648
2022.10.07-ны өдөр 221/МА2022/0648
Д.Б*******гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******
Нэхэмжлэгч Д.Б*******
Хариуцагч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 515 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.Б*******, түүний өмгөөлөгч М.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, хариуцагчийн өмгөөлөгч М.А*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б*******
Хэргийн индекс: 128/2022/0089/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б******* нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад холбогдуулан “... Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” Б/57 дугаар тушаалыгхүчингүй болгож, Д.Б*******г урьд эрхэлж байсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, урьд эрхэлж байсан албан тушаалын цалингийн зөрүү 3,112,477.55 төгрөгийг гаргуулж, зөрүү 3,112,477.55 төгрөгт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 515 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 52 дугаар зүйлийн 52.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,
-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” Б/57 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б*******г урьд эрхэлж байсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж,
-Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б*******гийн урьд эрхэлж байсан албан тушаалын цалингийн зөрүү 3,112,477.55 (Гурван сая нэг зуун арван хоёр мянга дөрвөн зуун далан долоон төгрөг тавин таван мөнгө) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, цалингийн зөрүү 3,112,477.55 төгрөгт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй бөгөөд Санхүү төлөвлөлтийн газрын даргын ажлын байрны тодорхойлоль, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/06 дугаартай шийдвэр, Үндэсний аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1010 дугаартай аудитын дүгнэлтээс Шилэн дансны тухай хуульд заасны дагуу мэдээлэх ёстой, хугацаа хоцроосон зөрчлүүд, санхүүгийн тайланг буруу бэлтгэсэн, төлбөр тогтоосон акт, албан шаардлага, хариуцлага тооцуулахаар шийдвэрлэсэн дүгнэлт, аудитын явцад илэрсэн алдаа зөрчлийн жагсаалт, алдаа зөрчилтэй асуудал гаргасан албан тушаалтны овог, нэр, албан тушаалтны жагсаалт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтээс алдаа, зөрчил дутагдал гаргасан албан тушаалтны жагсаалт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын албан тушаал, орон тоог шинэчлэн батлах тухай” A/2021 дүгээр тушаал, Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргын албан тушаалын тодорхойлолт зэрэг хэрэгт хамааралтай, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг огт үнэлээгүй, хариуцагчийн татгалзал, гаргасан тайлбар, нотлох баримтуудыг үнэлж үзээгүй, дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.
3.2. Мөн Төрийн аудитын тухай хуулийн 21.3, 38.6 дахь хэсгийг зөрчиж гаргасан аудитын дүгнэлттэй нь холбогдуулж төрийн албан хаагчаас хууль зөрчиж гэрчийн мэдүүлэг авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4, 34.5 дахь хэсгийг зөрчсөн.
4. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргаар Б.Ц******* томилогдсон тушаал авагдсан байх бөгөөд уг хүний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөр байхад гуравдагч этгээдээр татаж тайлбар авалгүй хэргийг шийдвэрлэсэн.
4.1. Тус агентлагийн Санхүү төлөвлөлтийн газрын даргын албан тушаалыг тодорхойлолтыг төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргын албан тушаалын тодорхойлолт болгон өөрчилсөн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолттой харьцуулж үзээгүй.
4.2. Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын дарга нь хүний нөөц, гадаад харилцаа, сургалт, хууль эрх зүй гэсэн агентлагийн чиг үүргийг хариуцахаар, Ерөнхий нягтлан бодогч нь санхүүгийн үйл ажиллагааг хариуцахаар тус тус албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж өөрчилсөнтэй холбоотой хэрэгт шаардлагатай нотлох баримтуудыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” Б/57 дугаартай тушаалыг хүчингүй болгож байгаа боловч Д.Б*******г ажилд томилсон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/24 дугаартай тушаал хүчин төгөлдөр байхад шууд Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргаар томилж байгаа нь үндэслэлгүй байна.
5.1. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Үүнд:
3. Нэхэмжлэгч Д.Б******* нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Д.Б*******г дэвшүүлэн томилох тухай” Б/50 дугаар тушаалаар Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийн 2.2-т заасны дагуу Д.Б*******г ... Санхүү, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшүүлж, санал болгох тухай” 28 дугаар тогтоолыг үндэслэж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Д.Б*******г ажилд томилох тухай” Б/79 дүгээр тушаалаар Д.Б*******г Санхүү, төлөвлөлтийн газрын даргаар томилж, улмаар маргаан бүхий “Албан тушаал бууруулах тухай” Б/57 дугаар тушаал гарчээ.
3.1. Хариуцагчаас маргаан бүхий 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” Б/57 дугаар тушаалаар Д.Б*******г албан тушаал бууруулж, Санхүү, төлөвлөлтийн газрын Халамжийн сан хариуцсан ахлах мэргэжилтний орон тоонд ажиллуулахдаа Үндэсний аудитын газраас гаргасан албан шаардлагуудыг үндэслэж түүний албан тушаалаас бууруулсныг буруутгах үндэслэлгүй тогтоогдсонгүй.
3.2. Учир нь Санхүү, төлөвлөлтийн газрын даргын ажлын байрны зорилго, зорилт, чиг үүрэг нь салбарын санхүү, төсөв, тусгай сангуудын төлөвлөлт бүрдүүлэлт, хуваарилалт, зарцуулалтад хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүргийн хүрээнд нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг агентлагийн даргын өмнө хариуцан тайлагнах бөгөөд
-Үндэсний аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” №443/А0170065 дугаар албан шаардлага, №442/А0170065 дугаар албан шаардлага1,
-Үндэсний аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” №101/А0170065 дугаар акт2,
-Үндэсний аудитын газрын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” №517/А0610060 дугаар албан шаардлага3,
-Үндэсний аудитын газрын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” №516/А0610060 дугаар албан шаардлага4,
-Үндэсний аудитын газрын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” №515/А0610060 дугаар албан шаардлага5,
-Үндэсний аудитын газрын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” №514/А0610060 дугаар албан шаардлага6 зэрэг нь санхүүгийн зөрчил, түүнийг арилгахтай холбоотойгоор тавигдсан байна.
3.3. Нэхэмжлэгч Д.Б******* нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Д.Б*******г дэвшүүлэн томилох тухай” Б/50 дугаар тушаалаар Санхүү, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон, албан шаардлагуудад дурьдагдаж байгаа зөрчлүүдийг арилгах, түүнд хяналт тавих чиг үүрэг нь нэхэмжлэгчид хадгалагдаж, энэ нь түүний ажлын байрны тодорхойлолт, чиг үүргээр тодорхойлогдож байна.
3.4. Тодруулбал, Үндэсний аудитын газраас гаргасан албан шаардлага нь Санхүү, төлөвлөлтийн газрын даргатай шууд хамааралтай бөгөөд Санхүү, төлөвлөлтийн газрын даргын хувьд санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийг Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох журам, зааврын дагуу үнэн зөв, шударга бэлтгэж, аудитын шалгалтад тайлагнах үүрэгтэй, энэ хүрээнд Аудитын байгууллагаас Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д “Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 21.1, 21.2-т заасны дагуу өгсөн албан шаардлага, тогтоосон төлбөрийн акт нь аудитын тайлангийн салшгүй хэсэг байна” гэж зааснаар түүнд албан шаардлага өгсөн гэж үзэх бөгөөд хариуцагчийн зүгээс хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр түүнийг албан тушаалаас бууруулсан нь үндэслэлтэй байна.
3.5. Тиймээс анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгч Д.Б*******гийн зөрчилтэй холбоотой актууд байна гэж үзэх үндэслэлгүй, ... дээрх албан шаардлага, төлбөрийн актыг үндэслэж албан тушаалыг бууруулсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу, өөрөөр хэлбэл, маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг Санхүү төлөвлөлтийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж албан тушаал бууруулсан нь Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ” гэж заасантай нийцсэн гэж үзэхээр байна.
3.6. Иймд, нэхэмжлэгч нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг албан тушаалаас бууруулж шийдвэрлэсэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/57 дугаар тушаал хуульд нийцсэн гэж үзэх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
4. Нөгөөтээгүүр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай” А/110 дугаар тушаалаар “... Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн ... шинэчлэн баталж, шинээр баталсан бүтэц, орон тооны чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан, хууль журмын дагуу баталж, тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад даалгаж” шийдвэрлэсэн болон Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” 07 дугаар тогтоолоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг баталж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” А/07 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 6 дахь хэсэгт “Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын дарга” гэсэн баримтуудаас үзвэл, Санхүү, төлөвлөлтийн газрын даргын албан тушаал үгүй болсон тул нэхэмжлэгч Д.Б******* тус газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргын албан тушаалд томилогдох бололцоогүй.
4.1. Харин нэхэмжлэгчээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалтад оролцох эсэх нь Д.Б*******гийн шийдвэрлэх асуудал болохыг дурдах нь зүйтэй.
5. Иймд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 515 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 52 дугаар зүйлийн 52.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б*******гийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “... Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” Б/57 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Б*******г урьд эрхэлж байсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, урьд эрхэлж байсан албан тушаалын цалингийн зөрүү 3,112,477.55 төгрөгийг гаргуулж, зөрүү 3,112,477.55 төгрөгт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН