Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 305

 

Т.Мандахсүрэн, Т.Уранчимэг, Ц.Байгальмаа нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Т.Мандахсүрэн, Т.Уранчимэг, Ц.Байгальмаа нарыг  оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 262 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2016/0414 дүгээр магадлалтай, Т.Мандахсүрэн, Т.Уранчимэг, Ц.Байгальмаа нарын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч Т.Мандахсүрэн, Т.Уранчимэг, Ц.Байгальмаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/469 дүгээр тушаалыг хүчингүйд тооцож, хуучин эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 262 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасныг баримтлан Т.Мандахсүрэн, Т.Уранчимэг, Ц.Байгальмаа нарыг ажлаас чөлөөлсөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/469 дүгээр тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, Т.Мандахсүрэн, Т.Уранчимэг, Ц.Байгальмаа нарыг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс/103/-ийн ахлах зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Мандахсүрэнгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8 363 714 /Найман сая гурван зуун жаран гурван мянга долоон зуун арван дөрвөн/,Т.Уранчимэгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8 073 460 /Найман сая далан гурван мянга дөрвөн зуун жар/, Ц.Байгальмаагийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7 864 064 /Долоон сая найман зуун жаран дөрвөн мянга жаран дөрвөн/ төгрөгнөөс зохих татвар суутгалыг хийж олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2016/0414 дүгээр магадалалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад цэргийн албан хаагч дунд офицерийн албыг 45 нас хүртэл, эмэгтэй албан хаагч цол харгалзахгүйгээр 45 нас хүртэл алба хаахаар заасан. Мөн хуулийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн цэргийн өндөр мэргэжил, дадлага сайтай зарим офицер, ахлагчийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг батлан хамгаалах болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр 5 хүртэл жил сунгаж болно” гэж зохицуулсан.

Хууль зүйн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалаар цагдаагийн алба хаагчийн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрхийг хангах асуудлыг шийдвэрлэхдээ Монгол Улсын цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасан.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй" гэж заасан.

Нэхэмжлэгч нар Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/469 дүгээр тушаалаар Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /103/-ийн ахлах зохицуулагчийн ажлаас 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, цагдаагийн ахлах дэслэгч цолыг хадгалуулсан.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч Цагдаагийн ерөнхий газрыг Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж дүгнэж байгаа нь хуульд нийцээгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/469 дүгээр тушаалаар Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэж нэхэмжлэгч Т.Уранчимэг, Т.Мандахсүрэн, Ц.Байгальмаа нарыг Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтсийн ахлах зохицуулагчийн ажлаас чөлөөлжээ.

 Т.Уранчимэг, Т.Мандахсүрэн, Ц.Байгальмаа нар нь өөрсдөөс үл хамаарах шалтгаанаар буюу бүтцийн өөрчлөлтөөр Нийслэлийн яаралтай тусламжийн төвөөс Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийг анх байгуулагдахад шилжин ажилласан, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны 02 сарын 10-ны  өдрийн 72 дугаар тушаалаар нэхэмжлэгч нарт цагдаагийн дэслэгч цол олгогдсон байна.

Тухайн үед Т.Мандахсүрэн 48, Ц.Байгальмаа, Т.Уранчимэг нар 46 нас буюу Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн байхад захиргааны байгууллага хүлээн зөвшөөрч, цагдаагийн бие бүрэлдэхүүнд оруулж, цол олгосон атлаа “цэргийн алба хаах хугацааг сунгах үндэслэлгүй” гэж Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар ажлаас чөлөөлсөн нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 27 дугаар зүйлд заасан хууль дээдлэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг төр хангах төрийн албаны зарчимд нийцээгүй хууль бус болно.

Дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т “...дунд офицерийн албыг 45 нас хүртэл, эмэгтэй албан хаагч цол харгалзахгүйгээр 45 нас...” гэсэн байгаа боловч, энэ маргааны тухайд  нэхэмжлэгч иргэдийг тэтгэвэрт гарах насанд хүрсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөсөн нь буруу болохыг маргааны үйл баримтад тулгуурлан Төрийн албаны тухай хууль дахь төрийн албан хаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл баталгааг төр хангах талаарх зохицуулалтад нийцүүлэн анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 262 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2016/0414 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг  дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Л.АТАРЦЭЦЭГ