Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 1132

 

Д.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00350 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Алтанхүүд холбогдох

 

4 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Д.Эрдэнэцогтоос 12 600 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Эрдэнэцогт,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяа,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Дорждулам,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэцогтын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2011 оны намар А.Алтанхүүгээс 5 000 000 төгрөгөөр машин худалдан авсан. Тухайн үед 1 шуудай лууванг 8000 төгрөгөөр бодож 25 тонн лууван өгсөн. А.Алтанхүү машины нэрийг шилжүүлж өгөөгүй байсан. 2013 онд манай дүү гэрийн гадаа энэ машинд хавчуулагдаад нас барсан. Тэгээд би болохгүй, бүтэхгүй машин худалдан авсан юм байна гэж бодсон. Энэ талаар А.Алтанхүүд хэлэхэд машинаа буцаагаад өгчих, удсан болохоор 4 000 000 төгрөг өгнө гэж ярилцсаны дараа 10 сард А.Алтанхүүгийн жолооч ирээд машиныг аваад явсан. Одоо би А.Алтанхүүгээс 4 000 000 төгрөгөө авах хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагч А.Алтанхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяагийн тайлбарт: 2011 оны 10 сард Д.Эрдэнэцогтоос машины үнэнд лууван авсан. Лууванг авахдаа 4 хүн 2 машинтай зөөсөн. Нэг машинд 200 шуудай лууван, нөгөө машин дээр нь 180 орчим нийт 380 орчин шуудай лууван ачиж ирсэн. 2014 онд наймаа буцах болсон шалтгаан нь Д.Эрдэнэцогт 25 тонн луувангаа бүгдийг нь өгөөгүй, дээрээс нь үлдэх 5 000 000 төгрөгөө өгөөгүй. Төлбөрийн тооцоо дутуу байсан тул машинаа буцааж авах талаар яриа болсон. Машины эвдрэл гэмтэл засахад нийт 3 010 000 төгрөгийн зардал гарсан. Мөн түр хэрэглэхээр авсан хоёр ширхэг ногооны хучлага 300 000 төгрөг, А.Алтанхүүгийн зооринд 2 cap ногоогоо хадгалуулсны төлбөр 1 350 000 төгрөг, нийт 4 660 000 төгрөгийн хохирол гарсан тул эргээд Д.Эрдэнэцогтод мөнгө төлөх учиргүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Алтанхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяагийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Уг машиныг Д.Эрдэнэцогт аваад үлдэх 5 000 000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй тул машиныг буцаахаар тохиролцсон. Д.Эрдэнэцогт 2011 оны 10 сараас 2014 оны 10 cap хүртэл буюу 4 жилийн хугацаанд 40-59 УБЕ улсын дугаартай машиныг эзэмшиж ашиглаж байсан. Хэн аль нь ногооны бизнесийн ажил хийдэг. А.Алтанхүү машинаа энэ хүнд өгөөгүй байсан бол энэ 4 жилийн хугацаанд 24 459 926 төгрөг олох байсан. 2013, 2014 оны машин ашиглаж олох байсан орлого 12 600 000 төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэцогтын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Би машинаар мөнгө олсон зүйл байхгүй. Сөрөг нэхэмжлэлийг ойлгохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан А.Алтанхүүгээс 4 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эрдэнэцогтод олгож, А.Алтанхүүгийн 12 600 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Алтанхүүгээс 78 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эрдэнэцогтод олгож, хариуцагч А.Алтанхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч А.Алтанхүүгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Би 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ш.Жаргалсайханаас 40-59 УБЕ улсын дугаартай Кантэр маркын ачааны машиныг 10 сая төгрөгөөр худалдаж авсан. Би хүнсний ногооны худалдаа эрхэлдэг учир уг машиныг авсан даруйдаа Д.Эрдэнэцогтод 25 тонн лууванг 1 кг-ыг нь 200 төгрөгөөр 5 саяд тооцож дээр нь 5 сая төгрөгийг бэлэн мөнгөөр авахаар нийт 10 сая төгрөг буюу Ш.Жаргалсайханаас машин худалдаж авсан үнээрээ зарахаар тохиролцсон. Би Д.Эрдэнэцогтод 2011 оны намар машинаа зарахдаа 10 саяар худалдах, худалдан авах гэрээ хийсэн боловч үүнээс хойш олон жил өнгөрсөн учир миний гэрээ олдохоо байсан нь үнэн. Иймд би шүүхэд анх 2011.09.15-ны өдөр Ш.Жаргалсайханаас уг машиныг 10 сая төгрөгөөр авсан тухай нотлох баримтыг гаргаж өгсөн. \хх-ийн 32-34х\ Анхан шатны шүүх хурал дээр Д.Эрдэнэцогт тухайн үед 1 кг лууванг 200 төгрөгөөр бодож өгсөн тухайгаа ярьсан бөгөөд луувангийн үнийн талаар бидний хооронд ямар нэгэн маргаан байгаагүй. Харин Д.Эрдэнэцогт надад 25 тонн лууван өгсөн гэдэг нь худлаа. Би Д.Эрдэнэцогтоос 2 машин буюу 380 шуудай лууван авсан. Үүнийг Дархан аймаг явж лууван ачиж ирсэн гэрчүүдийн мэдүүлгээр нотолсон. Бас бидний авсан, зарсан ногооны тооцоогоо бичиж тэмдэглэж байсан дэвтэрт Д.Эрдэнэцогтоос 380 шуудай буюу 3 040 000 төгрөгийн үнэ бүхий лууван авсныг тэмдэглэснийг би шүүхээр үзлэг хийлгэн тэмдэглэл бичүүлж нотлох баримт болгосон.

Д.Эрдэнэцогт надад өгөхөөр тохиролцсон луувангаа дутуу өгсөн ба 5 сая төгрөгөө мөн өгөөгүй учир би наймаагаа буцаая гэсэн. Ингээд би 3 сая төгрөгний лууван авсан боловч цаг хугацааны хувьд удсан учир нэг саяыг нэмээд 4 сая төгрөг өгөөд машинаа буцааж авъя гэж 2014 оны 3-р сард ярьсан. Тэгээд би 2014 оны 10-р сард Дархан руу жолооч явуулж машинаа өөрөө авчруулсан. Гэтэл Д.Эрдэнэцогт анхан шатны шүүх хуралдаанд миний машиныг 5 саяар авсан, надад 25 тонн лууван өгсөн, хүн нас барсан учир машинаа буцаасан гэх зэргээр ярьжээ. Д.Эрдэнэцогт үүнийгээ нотлох эргэлзээгүй нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хангаж, нэг талыг хэтэрхий барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Гэрч З.Отгонтөгс шүүх хуралдаанд А.Алтанхүү 2011.09.30-ны өдөр 25 тонн лууванг 5 сая төгрөгөөр бодож хүлээн авсан тухай огт яриагүй, энэ тухай хэн ч түүнээс асуугаагүй, бас Д.Эрдэнэцогт ч өөрөө ийм тодорхой он cap өдрийн талаар яриагүйг хуралдааны тэмдэглэлээс харж болно. Гэтэл үүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрч З.Отгонтөгсийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь ИХШХШТХ-д заасан нотлох баримтыг үнэлэх зарчимтай нийцэхгүй байна. Харин гэрч З.Отгонтөгс, Б.Бат-Эрдэнэ нарын мэдүүлснээр Дарханаас 2 машинаар 380 шуудай лууван авчирсан нь тогтоогдсон. 380 шуудай лууванг бидний тохиролцсон 200 төгрөгөөр бодоход би Д.Эрдэнэцогтоос 3 040 000 төгрөгийн лууван авсан бөгөөд энэ нь үзлэгийн тэмдэглэлээр давхар нотлогдсон байна. Би машинаа буцааж авах тухай Д.Эрдэнэцогттой утсаар ярихдаа " 3 сая шүү дээ, удсан учир 4 саяыг өгье" гэсэн ярианы бичлэг хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Би тухайн үед машиныг ямар янз байдалтай болсныг мэдээгүй байсан учир Д.Эрдэнэцогтод 4 сая төгрөг өгөх тухай яригдсан. Харин сүүлд Дарханаас машиныг хотод авчрахад миний машин зүгээр унаж хэрэглэх ая даахгүй болсон байсан тул засуулж янзлуулсан. Машины засварт зарцуулсан нийт 3 010 000 төгрөгийн нотлох баримтыг би шүүхэд гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх үүнийг зохих ёсоор үнэлж дүгнээгүй. Д.Эрдэнэцогт надад манай ногооны зооринд 2 cap ногоо хадгалуулсны хөлс болон ногооны 2 ширхэг хучлаганы үнэ болох 1 650 000 төгрөгийг бас төлөөгүй. Ийнхүү би Д.Эрдэнэцогтын нэхэмжилсэн 4 сая төгрөгийг төлөх үндэслэлгүй талаар нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөөр байтал шүүх Д.Эрдэнэцогтын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимтай зөрчилдөж байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтууд болон дээр дурдсан үйл баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын хоорондын    маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хууль хэрэглээний хувьд залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэцогт хариуцагч А.Алтанхүүд холбогдуулан 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Д.Эрдэнэцогтоос 12 600 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

Талууд 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 40-59 УБЕ улсын дугаартай Кантар маркийн автомашиныг 5 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсоныг тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Худалдан авагч машины үнэ 5 000 000 төгрөгт 25 тн лууван өгөхөөр тохирсон ч 3 040 000 төгрөгийн үнэ бүхий лууванг худалдагчид өгсөн, худалдагч автомашиныг шилжүүлсэн боловч тодорхой хугацааны дараа тэд автомашин болон 4 000 000 төгрөгийг харилцан буцаахаар тохирчээ. Автомашины үнэнд авсан луувангийн үнэ 3 040 000 төгрөгийг удаасан учир 4 000 000 төгрөг өгөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан талуудын хоорондох ярианы бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна. /хх-19,79/ 

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт зэргээс үзэхэд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, хуулийн зохих зүйл заалтыг баримтлаагүй нь алдаатай болжээ. Худалдан авагч гэрээнээс татгалзснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэгтэй. Нэгэнт хариуцагч 40-59 УБЕ улсын дугаартай Кантар маркийн тээврийн хэрэгслийг буцаан авсан тул нэхэмжлэгч 4 000 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Худалдагч А.Алтанхүү нь худалдан авагч Д.Эрдэнэцогтод автомашиныг 10 000 000 төгрөгөөр худалдсан, үүрэг гүйцэтгэгч үлдэх 5 000 000 төгрөгийг төлөөгүй, үүргээ зөрчсөн болохыг баримтаар нотолж чадаагүй, хэргийн 19 дүгээр талд авагдсан талуудын хоорондын “... би уг нь 5 саяар зарсан л даа... ” гэх ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр үгүйсгэгдэж байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан зохицуулалт хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний шаардах эрх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй.   

 

Тэрээр автомашиныг буцаан авахад их хэмжээний эвдрэл гэмтэлтэй байсан, нэхэмжлэгчээс  авлагатай, 4 000 000 төгрөгийг төлөхгүй гэж хариуцагч тайлбарлах ба эд хөрөнгийг буцаан хүлээн авахдаа үзлэг оношлогоог хийгээгүй, дурдсан эвдрэл гэмтлийг Д.Эрдэнэцогт учруулсан гэдгийг эргэлзээгүй баримтаар нотлоогүй тул түүний тайлбар үндэслэлгүй байна.

 

Шүүх хариуцагч А.Алтанхүүгийн “Д.Эрдэнэцогтод худалдах, худалдан авах гэрээгээр автомашиныг шилжүүлж, түүний эзэмшилд байснаас 2013, 2014 онд олох байсан ашиг орлогоо алдсан” гэж шаардсан 12 600 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Тэрээр Кантар маркийн ачааны авто машины боломжит орлогыг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Баян модот” ХХК-ийн тайлан, бусадтай байгуулсан түрээсийн гэрээг үндэслэсэн хэдий ч эдгээрээр тийм хэмжээний орлого олдог, олох байсан гэж үзэхэд учир дутагдалтай. Дээрх шаардлагыг нотолсон буюу хүн амын орлогын албан татвар төлсөн баримт болон өөр бусад хангалтай нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

 

 Шүүх маргааныг шийдвэрлэхэд буюу нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамааралтай хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байгааг зөвтгөн өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00350 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...227 дугаар зүйлийн 227.3 ...” гэснийг хасч, “... 205 дугаар зүйлийн 205.1, 205.6... ” гэж нэмж  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 М.НАРАНЦЭЦЭГ

 

                               ШҮҮГЧИД                                 Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                 Б.НАРМАНДАХ