Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01303

 

И.Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00433 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 946 дугаар магадлалтай

И.Хийн нэхэмжлэлтэй

“М” ХХК, “Х” ХХК-иудад холбогдох

Гэм хорын хохиролд 57 274 621 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттуяа, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Жанчивын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Алтангадас, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр, хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болд, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Жанчив шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч И.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И.Х нь “М” ХХК-д 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гагнуурчнаар ажилд орсон. Тэрээр 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Х” ХХК-ийн захиалгаар баригдаж байсан Хүннү-2222 хорооллын барилгын талбайд ажиллаж байхдаа кранаар өргөгдөн зөөгдөж байсан арматурын төмөр бүхий ачаанд толгойн хэсэгтээ цохиулан 3,6 метрийн өндрөөс унаж, бие махбодид нь хүнд гэмтэл учирсан. Цагдаагаас “М” ХХК-ийн захирал Б.Баттөр, хөдөлмөр хамгааллын инженер Т.Батболд, бригадын дарга Б.Энхсайхан нарт Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн138.1-д заасан гэмт хэрэгт, кранчин Ө.Өнөржаргалд Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан гэмт хэрэгт тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн боловч 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4063 дугаартай тогтоол гаргаж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад нийт 29 979 171 төгрөг нэхэмжилснээс “М” ХХК нь 15 180 000 төгрөгийг төлсөн. Үүнээс үлдэх 14 799 171 төгрөг, мөн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад төлсөн өмгөөлөгчийн хөлс 3 000 000 төгрөг, нийт 17 799 171 төгрөгийг төлөөгүй. И.Х нь “М” ХХК-д ажилладаг байсан тул тус компани нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар 7 сарын цалин болох 4 410 000 төгрөгийг төлөх ёстой. Иймд хариуцагч “М” ХХК-иас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан үндэслэлээр 4 410 000 төгрөгийг, хариуцагч “М” ХХК, “Х” ХХК-иас Иргэний хуулийн 497.1, 498.1-д заасан үндэслэлээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад нэхэмжилсэн 17 799 171 төгрөг, өмгөөлөгч болон нотариат, бичиг баримтын зардалд 3 143 300 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш гарсан эмчилгээний зардалд 932 150 төгрөгийг, 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хүртэлх хугацааны цалин 30 990 000 төгрөг, нийт 57 274 621 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү. Хариуцагч “М” ХХК нь И.Хийн болон гэм буруутай бусад хүмүүсийн ажил олгогчийн хувиар гэм хорын хохирлыг хариуцахаас гадна мөн хөдөлмөр хамгааллын дүрмийг сахин биелүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэм буруутай, “Х” ХХК нь гүйцэтгэгч “М” ХХК-тай бичгээр гэрээ хийгээгүй, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 75 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах асуудлыг зохицуулах нийтлэг журмын 9.1.2-т “тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж, “М” ХХК-тай гэрээ байгуулсан гэм буруутай, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9-д зааснаар хохирлыг хариуцах үүрэгтэй гэжээ.

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: И.Х нь 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдөр манай компанийн барилга дээр ажиллаж байгаад краны суманд цохиулж өндрөөс унаж гэмтэл авч байсан. Энэ хэргийг хуулийн байгууллага зохих ёсоор шалган хянаж эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэг шалгагдаж байх үед манай компанийн зүгээс И.Хид хөдөлмөрийн чадвараа алдсаны болон эмчилгээ, ажилгүй байсны тэтгэвэр тэтгэмжид  15 180 000 төгрөг олгож байсан. Иймд И.Хийн манай компаниас гаргуулахаар нэхэмжилж буй 57 247 621 төгрөг хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х” ХХК нь иргэн И.Хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь иргэн И.Х нь манай компанитай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөрийн харилцаанд ороогүй болно. Харин манай компанийн захиалгаар барилгын ажил гүйцэтгэж байсан “М” ХХК-д ажиллаж байсан гэж ойлголоо. Тиймээс хөдөлмөр аюулгүй ажиллагаанаас болж өөрт нь хохирол учирсан гэж үзэж байгаа бол гэрээгээр ажиллаж байсан байгууллагаасаа хохирлоо барагдуулах ёстой гэж үзэж байна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00433 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “М” ХХК-иас 24 319 195 төгрөгийг гаргуулан И.Хид олгож, нэхэмжлэлээс 32 955 426 төгрөгийн шаардлага болон “Х” ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “М” ХХК-иас 279 546 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 946 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00433 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 24 319 195 гэснийг 43 238 500 гэж, 32 955 426 гэснийг 14 036 121 гэж, 3 дахь заалтын 279 546 гэснийг 374 142 гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэл буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ20158/00433 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 946 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно”, 97.1.1 дэх хэсэгт “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа”, 97.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 97.1-д заасны дагуу нөхөн төлбөр олгох нь хохирогч нийгмийн даатгалын болон бусад хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж авахад нөлөөлөхгүй” гэсэн байдаг.

И.Хийн нэхэмжлэл гаргасан жил буюу 2017 онд ажлын 250 хоног байсныг 12 сараар тооцоход 1 сард 20.8 ажлын хоног ногддог бөгөөд 1 сарын дундаж ажлын 21 хоногийг 1 өдөрт олгож байсан 30 000 /гучин мянган/ төгрөгийн цалин хөлс болон Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт заасан 7 сараар тооцоход ажил олгогч “М” ХХК нь өөрийн ажилтан байсан И.Хид 4 410 000 /дөрвөн сая дөрвөн зуун арван мянган/ төгрөгийн нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгох үүргийг хүлээдэг.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШТ2018/00001 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай тогтоолоор Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газар дахь Эрүүгийн хэргийн салбар архивт хадгалагдаж байгаа эрүүгийн 2013021060852 дугаартай хэргээс гаргуулсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлтээр И.Х нь 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдөр үйлдвэрлэлийн осолд орсон нь тогтоогддог.

Мөн нэхэмжлэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөр гаргасан нэхэмжлэлд хавсаргасан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрүүдээр И.Хийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон байдаг.

“М” ХХК нь ажил олгогчийн хариуцах 1 удаагийн нөхөн төлбөр 4 410 000 /дөрвөн сая дөрвөн зуун арван мянган/ төгрөгийг өөрийн ажилтан болох Ишийн Хид өгөх ёстой.

2. Монгол Улсын Иргэний тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэсэн байдаг.

Үйлдвэрлэлийн осол болсон Хүннү-2222 хорооллын захиалагч болох “Х” ХХК нь тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт барилгын ажил гүйцэтгэх, ...холбогдсон ажиллагааг гэрээгүйгээр гүйцэтгэхийг хориглоно”, 12.2 дахь хэсэгт “Барилгын гэрээг Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн байгуулна” гэснийг зөрчиж, ямар нэгэн гэрээ байгуулалгүйгээр “М” ХХК-иар Хүннү-2222 хорооллын барилгын ажлыг гүйцэтгүүлсэн.

“Х” ХХК, “М” ХХК-ний хооронд үйлдвэрлэлийн осол болсон 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 2 сар гаруйн хугацааны дараа буюу 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

“Х” ХХК нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 75 дугаартай тогтоолоор батлагдаж, мөрдөгдсөн Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журмын гурав”-ын 3.1.1 дэх хэсэгт заасан “Захиалагч буюу ерөнхий гүйцэтгэгч нь барилгын үйлдвэрлэлийн ажил эхлэхийн өмнө эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах арга хэмжээний төлөвлөгөөг хамтран боловсруулж түүнийг хэрэгжүүлэх санхүүжилтийг захиалагч байгууллага бүрэн хариуцна”, 3.1.2 дахь хэсэгт заасан “Журмын 3.1.1-д дурдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах арга хэмжээний төлөвлөгөөнд барилгын үйлдвэрлэлийн талбайн зохион байгуулалт болон үйлдвэрлэлийн дамжлагыг төлөвлөхөөс гадна дараах нөхцөлүүдийг заавал тусгасан байна. Үүнд:

-барилга үйлдвэрлэлийн нийтийг хамгаалах хэрэгслүүд буюу түр гадна хашаа, барилга угсралтын үед ашиглах барилгын түр гадна шат, унах аюулаас хамгаалах түр хашлага, хаалт, тросс, ажилчдын түр ахуйн байр, аюулгүй бүсийг тогтоосон түр хашлага;

-Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм \БнбД 81-94-12\-ийн 4.6.6-д заасан барилгын талбай дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах зардлыг заавал тусгасан байна”, 3.1.3 дахь хэсэгт заасан “Журмын 3.1.1, 3.1.2-д заасан төлөвлөгөөний биелэлт, түүний санхүүжилтийн зарцуулалтад хяналт тавина”, 3.1.4 дэх хэсэгт заасан “Ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хяналт тавих хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан тогтмол ажиллуулна” гэснийг огт биелүүлээгүй болно.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2676 дугаартай Хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай захирамжийн Тодорхойлох нь хэсэгт “... 2013.10.01-ний өдөр “Х” ХХК, “М” ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээнээс үзэхэд тухайн захиалагч, гүйцэтгэгч компани тус бүр барилгын ажил гүйцэтгэх, хяналт тавих зэрэг барилгын ажиллагааг гэрээгүйгээр гүйцэтгэхийг хориглох тухай барилгын хууль тогтоомжийг зөрчсөн...”, “барилгын захиалагч “Х” ХХК нь Нийслэлийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 75 дугаар тогтоолоор баталсан Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журмыг зөрчсөн болохыг үгүйсгэх үндэслэл, нотолгоо тогтоогдохгүй байна...” гэсэн байдаг.

“Х” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хангуулахтай холбогдсон хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдлээрээ 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдөр үйлдвэрлэлийн осолд болж, И.Х эрүүл мэндээрээ хохирох нөхцөлийг бүрдүүлсэн болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ20158/00433 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 946 дугаартай магадлалд өөрчлөлтийг оруулж, “М” ХХК, “Х” ХХК-иудаар Таргад овогт Ишийн Хид учирсан нийт 43 238 500 /дөчин гурван сая хоёр зуун гучин найман мянга таван зуу/ төгрөгийн гэм хорын хохирлыг арилгуулна уу.

Мөн “М” ХХК-иас ажил олгогчийн хариуцах 1 удаагийн нөхөн төлбөр 4 410 000 /дөрвөн сая дөрвөн зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж, Ишийн Хид олгуулна уу.

Нэхэмжлэгч И.Хийг төлбөрийн чадваргүй байдал болон Монгол Улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйл /Тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх, хөнгөлөх/-ийн 41.1 /Шүүхэд гаргасан дараах нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө/-ийн 41.1.7 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл”, Улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаар Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг Эрүү, Иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай тогтоолын 1.2 дахь хэсэгт “... Харин эрүүгийн хэргийг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2.-24.1.6.-д зааснаар хэрэгсэхгүй болгосон, гэмт хэрэг үйлдсэн этгээд Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар ялаас өршөөгдсөн бол хохирол арилгуулах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө” гэсэн үндэслэлүүдээр Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болно гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Жанчив хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хяналтын журмаар гомдол гаргах тухай Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 946 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

...давж заалдах шатны шүүх хянаад “...Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч өөрт учирсан гэмтэл, хохирлын асуудлаар цагдаа, шүүхэд хандан эрхээ, хамгаалуулах, нотлох баримт бүрдүүлэх, уг баримтуудыг хуулиар тогтоосон нотлох баримтын хэлбэрт оруулах шаардлагатай болсон. Энэ ажиллагааны явцад түүнд 6 143 000 төгрөгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ...” хэмээн дүгнэж нэхэмжлэгчийн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад өмгөөлөгч хөлсөлсөн 3 000 000 төгрөг, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 3 000 000 төгрөг, нотариатын хөлсөнд төлсөн 143 000 төгрөг нийт 6 143 000 төгрөгийг хариуцагч “М” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас нь үндэслэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Улмаар 946 дугаар магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ.

Учир нь нэхэмжлэгчийг үйлдвэрлэлийн осолд орох үед үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай /2002 он/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаас бусад тохиолдолд, хувь хүн, хуулийн итгээд шүүхэд хандаж өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхдээ мэргэжлийн хуульчаас эрх зүйн туслалцаа авах эсэх нь хувь хүн, хуулийн этгээдийн өөрийнх нь сонголт болно. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар зохигчид нотлох баримтыг “эх хувиар нь”, эсхүл “нотариатаар баталгаажуулсан хуулбар” байдлаар гаргаж өгөх, эсхүл өөр бусад байдлаар бэхжүүлж болохыг зохицуулж өгсөн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өмгөөлөгч авах эсэх, шүүхэд гаргаж өгсөн баримтаа эх хувиар нь өгөх үү эсхүл нотариатаар баталгаажуулж өгөх үү гэдэг нь зөвхөн нэхэмжлэгчийн сонголт бөгөөд тухайн зардлыг хариуцагчаас нэхэмжлэгчид учруулсан зайлшгүй гарах зардал гэж үзэх үндэслэлгүй болно.

Түүнчлэн шүүхээс “ ... ажлын байран дээр осолд орж хөдөлмөрийн чадвар алдсан нь, эрүүл мэндэд гэм хор учирсан болох нь баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотойгоор дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хариуцагч “М” ХХК-иас шаардах эрхтэй, 30 462 195 төгрөгийг хариуцагч “М” ХХК-иас гаргуулсан нь үндэслэлтэй ... гэж дүгнэсэн “ ...Харин эмчилгээний зардал, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд шаардсан 14 799 171 төгрөгөөс баримтаар 6 633 305 төгрөгийн хохирол нотлогдож байна. Харин бусад нотлох баримтын хувьд хамаарал нь тодорхойгүй, давхардсан баримтууд байгаа тул гаргуулах үндэслэл байна ...” гэж дүгнэсэн дүгнэлт нь анхан шүүхийн дүгнэсэн дүгнэлттэй таарч байгаа буюу анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нэг байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх “.. .нэхэмжлэлийн шаардлагаас 43 238 500 төгрөгийг хангаж, 14 036 121 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав...” гэж дүгнэж дээрх байдлаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хариуцагч “М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Тодруулбал хариуцагч “М” ХХК-ийн буруугаас шалтгаалан нэхэмжлэгчид 43 238 500 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа бол энэхүү үнийн дүнгээс хариуцагчийн төлсөн 15 180 000 төгрөгийг хасч тооцох ёстой гэвч давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлтгүй орхигдуулсан байна. Нэхэмжлэгч тал хариуцагчийн төлсөн 15 180 000 төгрөг дээр маргадаггүй болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад өмгөөлөгчид төлсөн 3 000 000 төгрөг, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчид төлсөн 3 000 000 төгрөг, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нотлох үүднээс нотариатаар баталгаажуулсан баримтын төлбөр 143 000 төгрөг, нийт 6 143 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх буруутгаж уг мөнгийг хариуцагч “М” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн үүнийг хариуцагч “М” ХХК-иас дээр дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Хариуцагч “М” ХХК 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдөр үйлдвэрлэлийн осолд орж, хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааг нэхэмжлэгчийн тодорхойлсон 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртлэх хугацааны цалин хөлс болох 30 990 000 төгрөгийг гэм хорын хохиролд + 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны эмчилгээ, сувилгаа, тээврийн зардал, эрх зүйн туслалцаа авсны төлбөр, нотариатын зардал, баримт бичгийн зардал болон бусад зардалд 14 799 171 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилснээс баримтаар тогтоогдож байгаа 6 633 305 төгрөг + 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш гарсан эм, эмчилгээний зардалд 932 150 төгрөг, нийт 38 555 455 төгрөг /анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэхүү төлбөрийг 38 729 195 хэмээн тооцсон байдаг/-ийг “М” ХХК-иас нэхэмжлэгчид төлөх ёстойгоос - мэс заслын болон эмчилгээний төлбөрт төлсөн 15 180 000 төгрөгийг хасаад үлдэх = 23 375 455 төгрөг /анхан шатны шүүхийн шийдвэрээр 24 319 195 төгрөг/-ийг хариуцагчид төл гэж шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00433 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 946 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00433 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон бодит үйл баримт тогтоогдоогүй байхад  хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч И.Х нь “М” ХХК, “Х” ХХК-д холбогдуулан, эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 57 274 621 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

И.Х нь “М” ХХК-д гагнуурчнаар ажиллаж, 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Х” ХХК-ийн захиалгаар баригдаж байсан Хүннү-2222 хорооллын барилгын талбайд өндөрт ажил үүргээ гүйцэтгэж байхдаа кранаар өргөгдөн зөөгдөж байсан арматурын төмөр бүхий ачаанд толгойн хэсэгтээ цохиулан 3.6м-ийн өндрөөс унаж,  биедээ хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа 50% алдсан, дээрх ослыг үйлдвэрлэлийн осолд тооцсон үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь эрүүл мэндэд гэм хор учирсны хохирлыг арилгуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.1., 505 дугаар зүйлийн 505.1. дэх заалтыг зөрчөөгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө  нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ...зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг бус ажилгүй байсан хугацаанд олох байсан нийт орлогыг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх шийдвэрлэхдээ хуулийн дээрх зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.   

Тухайлбал: Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас тахир дутуугийн тэтгэвэр  тогтоолгосон гэх боловч энэ үйл баримтыг нотлосон баримт хэрэгт авагдаагүй,  нэхэмжлэлийн энэ шаардлагатай холбоотой нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд тахир дутуугийн тэтгэврийг хэзээнээс эхлэн хэдэн төгрөгөөр тогтоосон, нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ямар хэмжээний тэтгэвэр авсан, улмаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлстэй тэнцэх олговор хэдэн төгрөг болох талаар баримтгүй байхад шүүх хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг ажилгүй байсан хугацаанд олох байсан нийт орлогоор тооцсон нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэлийн зарим шаардлагын үндэслэл давхардсан байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн хууль хэрэглээний дээрх алдаа нь шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-д заасан үндэслэлд хамаарч байхад давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийлгүй шийдвэрт өөрчлөлт оруулсан байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтад нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч “М” ХХК-ийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00433 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 946 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Г.Жанчивын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                  Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                            Х.ЭРДЭНЭСУВД