Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2018/00433

 

 

 

 

 

     2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2018/00433

             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 3 дугаар гудамжны 156 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Таргад овогт И.Х-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 50-2 тоот хаягт бүртгэлтэй, “М-О” ХХК 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн зам, Өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг, “Х г” ХХК  нарт холбогдох,

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 57.274.621 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.А, хариуцагч “М-О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч “Х г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, “Х г” ХХК-ийн өмгөөлөгч Г.Ж, иргэдийн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Х- нь “М-О” ХХК-д 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гагнуурчнаар ажилд орсон, улмаар 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “Х г” ХХК-ийн захиалгаар баригдаж байсан Хүннү-2222 хорооллын барилгын талбайд ажиллаж байх үедээ кранаар өргөгдөн зөөгдөж байсан арматурын төмөр бүхий ачаанд толгойн хэсэгтээ цохиулан 3.6 метрийн өндрөөс унасны улмаас бие махбодид нь хүнд гэмтэл учирсан юм. Цагдаагийн байгууллага “М-О” ХХК-ийн захирал Б.Б, хөдөлмөр хамгааллын инженер Т.Б, бригадын дарга Б.Э нарт Эрүүгийн хуулийн 138.1-д заасан гэмт хэрэгт, кранчин Ө.Ө-д Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан гэмт хэрэгт тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүхээс “Х г” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудыг нэмж шалгаагүй гэх үндэслэлээр мөрдөн байцаалтанд буцаасан юм. Үүний дараа Дүүргийн 2 дугаар прокурорын газраас 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4063 дугаартай тогтоол гаргаж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад нийт 29.979.171 төгрөг нэхэмжилснээс “М-О” ХХК нь 15.180.000 төгрөгийг төлсөн юм. Үүнээс үлдэх 14.799.171 төгрөг, мөн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад төлсөн өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг, нийт 17.799.171 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд буюу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш нэхэмжлэгч нь дахин 932.150 төгрөгийн зайлшгүй шаардлагатай эм, болон эмнэлгийн үйлчилгээг авсан. Мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч хөлслөхөд төлсөн 3.000.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс, бичиг баримтын зардалд 143.300 төгрөгний зардал гарсан юм. И. Хишигдорж нь хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан болохыг эрх бүхий этгээд тогтоосон ба тэрээр эрүүл байхдаа өдөрт 30.000 төгрөгийн цалин авдаг байсан юм. Иймд 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 30.990.000 төгрөгийг мөн хариуцагч нараас шаардаж байна. И.Хнь “М-О” ХХК-д ажилладаг байсан тул тус компани нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар 7 сарын цалин болох 4.410.000 төгрөгийг төлөх ёстой. Иймд хариуцагч “М-О” ХХК-иас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан үндэслэлээр 4.410.000 төгрөгийг, хариуцагч “М-О” ХХК, “Х г” ХХК-иас Иргэний хуулийн 497.1, 498.1-д заасан үндэслэлээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад нэхэмжилсэн 17.799.171 төгрөг, өмгөөлөгч болон нотариат, бичиг баримтын зардалд 3.143.300 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш гарсан эмчилгээний зардалд 932.150 төгрөгийг, 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хүртэлх хугацааны цалин 30.990.000 төгрөг, нийт 57.274.621 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү. Хариуцагч “М-О” ХХК нь И.Х-ийн болон гэм буруутай бусад хүмүүсийн ажил олгогчийн хувиар гэм хорын хохирлыг хариуцахаас гадна мөн хөдөлмөр хамгааллын дүрмийг сахин биелүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэм буруутай, “Х г” ХХК нь барилгын захиалагч бөгөөд барилгын гүйцэтгэгч “М-О” ХХК-тай бичгээр гэрээ хийгээгүй буруутай, түүнчлэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 75 дугаар тогтоолоор батлагдсан: ”Барилгын угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын 9.1.2-т: “Тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж, “М-О” ХХК-тай гэрээ байгуулсан гэм буруутай,  2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9-д зааснаар хохирлыг хариуцах үүрэгтэй юм гэв.

 Хариуцагч “М-О” ХХК-ийн Захирал Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: И.Х нь 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдөр манай компанийн барилга дээр ажиллаж байгаад краны суманд цохиулж, өндрөөс унаж гэмтэл авч байсан. Энэ хэргийг хуулийн байгууллага зохих ёсоор шалгаж, эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэг шалгаж байх үед компанийн зүгээс Х-д хөдөлмөрийн чадвараа алдсаны болон эмчилгээ, ажилгүй байсны цалинд нийт 15.180.000 төгрөгийг төлсөн. Иймд Х-ийн нэхэмжилж буй 57.247.621 төгрөгийг төлөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “М-О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Х г ХХК-ийн захиалгаар баригдаж байсан Хүннү-2222 орон сууцны хорооллын барилга дээр нэхэмжлэгч нь ажиллаж байхдаа осолд орсон нь үнэн. Тухайн үед би тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Манай компани нь “Х г” ХХК-ийн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба нэхэмжлэгч И.Х нь манай компанийн туслан гүйцэтгэгч Э гэгчийн компанийн ажилтан юм. Иймд манай компани нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 7 сарын цалин 4.410.000 төгрөгийг төлөх боломжгүй. Бидний зүгээс тухайн үед ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж 15.180.000 төгрөг төлсөн ба үүнээс 5.180.000 төгрөгийг мэс заслын төлбөрт төлсөн, үлдэх 10.000.000 төгрөгийг эмчилгээний болон бусад зардалд төлсөн болно. Манай компанийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа ба үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв. 

Хариуцагч “Х г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч И.Х нь манай компанийн ажилтан биш юм. Харин манай компанийн захиалгаар барилгын ажил гүйцэтгэж байсан “М-О” ХХК-д ажиллаж байсан. “Х г” ХХК нь И.Х-д учирсан эрүүл мэндийн хохиролд гэм буруугүйгээс гадна “Х г” ХХК болон “М-О” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.20-д заасны дагуу хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг сахиулах үүрэгтэй, түүнчлэн уг заалтын дагуу хохирлыг хариуцах ёстой юм. Нөгөө талаас, нэхэмжлэгч нь 2016 онд батлагдсан Барилгын тухай хуулийн заалтыг үндэслэл болгож нэхэмжлэлээ гаргасан байна. Гэтэл осол гэмтэл 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдөр болсон юм. Эрүүгийн хэргийн явцад 29.979.171 төгрөгийн хохирол тогтоогдоогүй байна. Харин хохирогч нь зөвхөн уг хохирлыг нэхэмжилж байжээ. Иймд хохирлыг иргэний хэрэгт авагдсан баримтыг үндэслэн тогтоох ёстой бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл ийм хэмжээний хохирол учраагүй байна. Өмгөөлөгчийн болон нотариатын зардал нь зайлшгүй зардалд ордоггүй тул уг зардлыг нэхэмжилж байгаа нь мөн буруу юм. Манай компанийн үйлдэл болон И.Х-ийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролын хооронд шууд шалтгаант холбоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг манай компанийн хувьд бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.Х нь өргөгч механизмаар өргөж байсан ачаанд цохиулж унасны улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан хэмээн, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасны дагуу 7 сарын цалинтай тэнцэх хохирлын нөхөн төлбөрт 4.410.000 төгрөгийг хариуцагч “М-О” ХХК-иас, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого гэх 30.990.000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны эмчилгээ, сувилгаа, тээврийн зардал, эрх зүйн туслалцаа авсны төлбөр, нотариатын зардал, баримт бичгийн зардал болон бусад зардалд 17.799.171 төгрөгийг / эрүүгийн хэргийн явцад нэхэмжилсэн 29.979.171 төгрөг – төлсөн 15.180.000 төгрөг = 14.799.171 төгрөг + 3.000.000 төгрөгийн өмгөөлөгчийн хөлс /, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш гарсан эм, эмчилгээний зардалд 932.150 төгрөгийг, мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөгийг, нотариатын болон бичиг баримтын зардалд 143.300 төгрөгийг, нийт 57.274.621 төгрөгийг хариуцагч “М-О” ХХК, “Х г” ХХК-иудаас тэнцүү хэмжээгээр нэхэмжилжээ.    

Хариуцагч “М-О” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, “И.Х нь манай ажилтан биш”, “нийт 15.180.000 төгрөгийг төлж барагдуулсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг эс зөвшөөрсөн,

Хариуцагч “Х г” ХХК нь нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохиролд гэм буруугийн шууд шалтгаант холбоо байхгүй, хууль зөрчөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас өөрт ногдох хэсгийг бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

  1. “М-О” ХХК-д холбогдуулж гаргасан шаардлагын талаар:

1.1 Нэхэмжлэгч И.Х нь 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдөр, “Х г” ХХК-ийн захиалгаар баригдаж байсан Хүннү-2222 орон сууцны хорооллын барилга дээр ажиллаж байх үедээ “М-О” ХХК-ийн өмчлөлийн өргөгч механизм /автокран/-ийн өргөж буй ачаанд цохиулж унасны улмаас биедээ хүнд зэргийн гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан байна. /хх (1) 17, 228 дугаар тал/

Хариуцагч “М-О” ХХК нь нэхэмжлэгч И.Х-ийг өөрийн ажилтан биш хэмээн маргах боловч тус компани нь тухайн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байсан, нэхэмжлэгч нь уг барилга дээр ажиллаж байсан тус компанийн ажилтан мөн болох нь хариуцагч “М-О” ХХК-ийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан “М-О” ХХК-ийн ажлын газрын үнэмлэх, ажилд орсон тодорхойлолт, цалингийн цэс болон Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүхэд ирүүлсэн бичмэл баримтуудаар тус тус тогтоогдож байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь барилгын ажил гүйцэтгэж байсан “М-О” ХХК-тай бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч тус компанийн байнгын ажлын байранд, тогтмол хугацаанд ажиллаж байсан байх тул ажил олгогч “М-О” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажилтантай бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй байсан байна. Ийнхүү хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргийг ажилтанд бус, ажил олгогчид хүлээлгэсэн байхад бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч И.Х-ийг тус компанид хөдөлмөр эрхэлж байгаагүй, ажилтан биш гэж үзэх үндэслэл болохгүй юм. /хх (1) 26-28, 220-227 дугаар тал/

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д зааснаар, хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг “үйлдвэрийн осол”-д тооцохоор зохицуулсан байх ба мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 29.4.1-д тус тус зааснаар хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч үйлдвэрлэлийн осол мөн болохыг баталгаажуулсан нь Хан-Уул дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн бичмэл баримтаар тогтоогдож байх тул хариуцагч “М-О” ХХК-ийн ажлын байранд, 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдөр, үйлдвэрлэлийн осол гарсан гэж үзнэ. /хх (1) 227 дугаар тал/

Иймд нэхэмжлэгч И.Х нь хариуцагч “М-О” ХХК-иас, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1-д зааснаар, 7 сарын цалинтай тэнцэх хэмжээний хохирлын нөхөн төлбөрийг шаардах эрхтэйгээс гадна ажил олгогч буюу хариуцагч “М-О” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т зааснаар, хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлож чадаагүй тул нэхэмжлэгч нь өөрийн эрүүл мэндэд хохирол учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар тус тус шаардах эрхтэй, шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

1.2 Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар гэм буруутай нь тогтоогдсон Б.Б, Ө.Өнөржаргал, Б.Э, Т.Б нар нь хариуцагч “М-О” ХХК-д ажилладаг байсан хэмээн хариуцагч “М-О” ХХК тайлбарлаж байх тул нэхэмжлэгч И.Хнь мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар, гэм буруутай этгээдүүдийн ажил олгогч болох хариуцагч “М-О” ХХК-иас гэм хорын хохирлыг шаардах эрхтэй юм. 

 

1.3 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т: “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна.” гэж заажээ.

 

Хавтаст хэрэгт, 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан “Карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”, 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан “Карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”  гэх бичмэл баримтууд буюу хоёр өөр цаг хугацаанд байгуулагдсан, төлбөрийн нөхцлөөс бусад нөхцлийн хувьд ижил нөхцөл бүхий гэрээнүүд авагдсан байна. Эдгээр гэрээнүүдийн аль гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэх талаар талууд маргаж байх боловч гэрээ тус бүрийн 3.20-д хөдөлмөрийн аюулгүй байдлын норм дүрм зөрчигдсөний улмаас учирсан эрсдлийг гүйцэтгэгч “М-О” ХХК хариуцахаар тохирсон байхаас гадна хоёр гэрээ хоёулаа хүчин төгөлдөр бус нөхцөлд ч мөн дээрх хуулийн дагуу барилгын ерөнхий гүйцэтгэгч “М-О” ХХК нь ажилтан И.Х-д учирсан хохирлыг нөхөн төлөхөөр байна.   

  1. “Х г” ХХК-д холбогдуулж гаргасан шаардлагын талаар:

            2.1 Нэхэмжлэгч тал, үйлдвэрлэлийн осол гарсан Хүннү-2222 орон сууцны хорооллын барилгын захиалагч болох “Х г” ХХК нь 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9-д: “Барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах” гэж заасны дагуу гэм хорын хохирлыг “Х г” ХХК хариуцах ёстой, түүнчлэн барилгын захиалагч болох “Х г” ХХК нь Ерөнхий гүйцэтгэгч “М-О” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй байхдаа тус компаниар ажил гүйцэтгүүлсэн гэм буруутай, мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 75 дугаар тогтоолын 9.1.2-т заасны дагуу тусгай зөвшөөрөлгүй компани болох “М-О” ХХК-иар барилгын ажил гүйцэтгүүлсэн гэм буруутай тул хариуцагч “Х г” ХХК нь гэм хорын хохирлыг мөн хамтран хариуцана хэмээн шаардлагаа үндэслэжээ.

Нэхэмжлэгч И.Х нь 2013 оны 7 дугаар сарын 21-ны өдөр, барилга дээр өргөгч механизмаар өргөгдөж байсан ачаанд цохиулж унасан, үйлдвэрлэлийн осол мөн өдөр гарсан байх тул 2016 онд батлагдсан Барилгын тухай хуулийг буцаан хэрэглэх боломжгүй ба харин тухайн үед хүчин төгөлөдөр мөрдөгдөж байсан, 2008 оны 2 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Барилгын тухай хуулийг хэрэглэх ёстой. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирол шаардахад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй болон учирсан хохирлын хооронд шууд шалтгаант холбоо байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл захиалагч “Х г” ХХК болон гүйцэтгэгч “М-О” ХХК-иуд нь 2008 оны 2 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар, барилгын ажлыг гүйцэтгэхээсээ өмнө бичгээр гэрээ байгуулсан бол энэ осол “гарахгүй” байсан гэх нөхцөлд л И.Х-д учирсан хохирол болон “Х г” ХХК-ийн үйлдэл хоёрын хооронд гэм буруугийн “шууд” шалтгаант холбоо үүссэн гэж үзнэ. Түүнчлэн барилгын гүйцэтгэгч болох “М-О” ХХК-д Барилга хот байгуулалтын яамнаас барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг 2011 оны 8 дугаарс арын 5-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар олгосон байх тул үйлдвэрлэлийн осол гарах үед, эсхүл “Хурд групп” ХХК-ийн ажлыг хийж гүйцэтгэх үед “М-О” ХХК нь барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байжээ. Иймд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 75 дугаар тогтоолын 9.1.2-д заасны дагуу тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан хэмээн “Х г” ХХК-ийг буруутгах боломжгүй байна. /хх (1) 23 дугаар тал/ 

Нөгөө талаас, 2008 оны 2 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Барилгын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаас үзвэл уг хууль тогтоомж нь гэм буруу, түүний улмаас учирсан эдийн хохирлыг хариуцан арилгахтай холбоотой харилцааг зохицуулаагүй, 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9-д: “Барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах” гэж заасан нь зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцааг бус, харин барилга байгууламжыг барьж ашиглалтад оруулах явцад шаардагдах зардлыг санхүүжүүлэх этгээдийг тодорхойлсон гэж үзэхээр байна. 

2.2 Үйлдвэрлэлийн осол гарахад өөр бусад этгээд буруутай болох нь тогтоогдоогүй бол барилгын захиалагч буюу өмчлөгч “Х г” ХХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 13 дугаар зүйлийн 13.3-т тус тус зааснаар, эд хөрөнгийн өмчлөгч буюу эзэмшигчийн хувиар бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгаж болох юм.

Гэвч зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар “М-О” ХХК-ийн өргөх механизмийн ажилтан Ө.Ө, Т.Б, Б.Б, Б.Э нарын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул барилгын өмчлөгч буюу эзэмшигч “Х г” ХХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар, өөрийн буруугаас уг хохирол бий болоогүй болохыг нотлосон гэж үзнэ. Энэ тохиолдолд эд хөрөнгийн өмчлөгч буюу эзэмшигч нь гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх юм.

  1. Учирсан хохирлын талаар:

Нэхэмжлэгч И.Х нь Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу, 7 сарын цалин хөлстэй тэнцэх хохирол барагдуулах нөхөн төлбөрт 4.410.000 төгрөг, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцсон өмгөөлөгчийн хөлс, нотариатын үйлчилгээний төлбөр, бичиг цаасны зардал, тээврийн зардал, бусдаас авсан зээлийн хүү, эмчилгээ, сувилгааны зардал, шуудангийн зардалд нийт 17.799.171 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш гарсан эмчилгээний зардалд 932.150 төгрөг, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон өмгөөлөгчийн болон нотариатын хөлс, бичиг баримт бүрдүүлэхэд гарсан зардалд 3.143.300 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод 30.990.000 төгрөг, нийт 57.274.621 төгрөгийн хохирол нэхэмжилсэн болохыг дээр дурдсан.

3.1 Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаас бусад тохиолдолд, аливаа этгээд шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхдээ мэргэжлийн хуульчаас эрх зүйн туслалцаа авах эсэх нь тухайн этгээдийн эрхийн асуудал буюу сонголт юм. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар зохигчид нотлох баримтыг “эх хувиар нь”, эсхүл “нотариатаар баталгаажуулсан хуулбар” байдлаар гаргаж өгөх, эсхүл өөр бусад байдлаар бэхжүүлж болохыг зохицуулж, хэргийн оролцогчдод сонголт хийх боломжийг мөн хуулиар олгожээ.

Харин Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар, хохирлыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нь “зайлшгүй” зардлыг төлөх үүрэгтэй талаар хуульчилсан байна. Иймд нотариатын болон өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс, түүнчлэн бичиг баримт бүрдүүлэхэд гарсан зардал гэх нийт 6.143.000 төгрөгийн зардлыг гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээдээс гаргуулах боломжгүй юм. /эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад өмгөөлөгч хөлсөлсөн 3.000.000 төгрөг+иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, өмгөөлөгчийн болон нотариатын хөлс төлсөн, бичиг баримт бүрдүүлсэн гэх 3.143.000 төгрөг/

3.2 Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нь мөн ...гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах зардлыг ... хариуцан арилгах үүрэгтэй. Нэхэмжлэгч И.Хнь үйлдвэрлэлийн осолд өртөж, мэс засал хийлгэсэн талаар зохигчид маргаагүй ба хавтаст хэрэгт авагдсан бичмэл баримтаар тогтоогдсон И.Х-ийн биеийн эрүүл мэндийн байдал, өвчний хүндрэл, эдгэрэлтийн явц зэргээс үзвэл түүнд байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай гэж үзэхээр байна. И.Х-жийн эхнэр Д.Б- нь Монгол Ардын Намын Сан хөмрөгийн хэлтэст, угтах үйлчилгээний ажилтнаар, сарын 500.000 төгрөгийн цалинтай хөдөлмөр эрхэлдэг байсан нь баримтаар тогтоогдож байх ба эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад энэхүү 500.000 төгрөгийг өөрт учирсан хохиролд тооцон нэхэмжилж байсан, мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг мөнгийг нэхэмжилсэн байх тул И.Х-ийг асарч сувилахад дээрх хэмжээний зардал гарсан гэж үзэж, уг зардлыг хариуцагчаас гаргуулах боломжтой гэж үзлээ.

3.3 Нэхэмжлэгч И.Х нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад өөрөөс гарсан тээврийн зардал буюу шатахууны зардлыг баримтжуулан эрх бүхий этгээдэд гаргаж өгсөн, уг зардлын баримт нь иргэний хэрэгт авагдсан, нотлох баримтын шаардлага хангасан байхаас гадна И.Х-ийг эмчлүүлж, сувилуулахад дээрх хэмжээний зардал гарах боломжтой юм. Харин хариуцагч талаас уг баримтуудыг үндэслэл бүхий байдлаар няцааж чадаагүй тул шатахууны зардлыг гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээдээс гаргуулна.

3.4 Нэхэмжлэгч И.Х нь 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш нийт 932.150 төгрөгийн зардлыг эм тариа авах, эмчилгээ, оношлогоо хийлгэхэд зарцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул уг зардлыг мөн үүрэг бүхий этгээд хариуцах нь зүйтэй байна. /хх (1) 63-77 дугаар тал/

3.5 “М-О” ХХК-ийн 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн цалингийн цэсээс үзвэл тус компанид гагнуурчнаар ажиллаж байсан И.Х нь 1 өдөрт 30.000 төгрөгийн цалин хөлс авдаг байжээ. Нэхэмжлэгч И.Х нь 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдөр үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа бусдын буруутай үйлдлийн улмаас үйлдвэрлэлийн осолд орж, хөдөлмөрийн чадвараа алдсан байх тул нэхэмжлэлд дурдсанаар 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс болох нийт 30.990.000 төгрөгийг гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар И.Х-д төлөх үүрэгтэй.

3.6 Хавтаст хэрэгт авагдсан “Аз хур” ХХК-иас бичгийн цаас худалдаж авахад гарсан зардал, “Монгол шуудан” ХК-иар шуудан илгээмж хүргүүлэхэд гарсан зардал, бусдаас авсан зээлийн хүүгийн зардал зэрэг нь хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсанаас гарсан шууд буюу зайлшгүй зардал гэж үзэх боломжгүй, түүнчлэн гадаад хэл дээр бичигдсэн баримтыг үнэлэх боломжгүй байх тул уг зардлуудыг хариуцагч “М-О” ХХК-иас гаргуулах боломжгүй юм. /хх (1) 236, 247 дугаар талын арын нүүр, хх(2) 7, 7 дугаар талын арын нүүр, 26, 28 дугаар тал/

Дээр дурдсан үндэслэлүүдээр, мөн хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нэхэмжлэгч И.Х нь хариуцагч “М-О” ХХК-иас нийт 38.729.195 төгрөгийг шаардах эрхтэй байх боловч өмнө хариуцагч “М-О” ХХК-иас 15.180.000 төгрөгийг хохиролд тооцон авсан, үүнээс 5.180.000 төгрөгийг яаралтай мэс заслын төлбөрт төлсөн /энэ зардал нь дээрх зардалд ороогүй/ талаар зохигчид маргаагүй тул дээр дурдсан шаардах эрх бүхий төлбөрөөс хариуцагчийн өмнө төлсөн 10.000.000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар, ажил олгогч нь үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтан болон түүний ар гэрт учирсан “хохирлыг нөхөн төлөх” зорилгоор, төлбөр төлөх үүрэг хүлээсэн тул энэ үндэслэлээр нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлын нөхөн төлбөрийг ажил олгогчоос, мөн Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлд зааснаар, үүрэг бүхий этгээдээс өөрт учирсан хохирлоо зэрэгцүүлэн шаардах эрхтэй байна. Шаардах эрхийн эдгээр сонголтуудаас нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хохирлын нөхөн төлбөр буюу цалин шаардсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийн дагуу 4.410.000 төгрөгийн хохирол буюу цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан үндэслэлээр гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан талуудын зарчимд нийцэх юм. Харин хохирол буюу олох ёстой байсан орлогын төлбөрийг хоёр өөр хуулийн дагуу /Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хууль/ зэрэгцүүлэн шаардах эрхтэй гэдэг үндэслэлээр хохирогчийн авах төлбөрийн хэмжээ нь нэмэгдэх учиргүй юм. Энэ нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх заалттай шууд холбоотой бөгөөд, хуулийн энэхүү зохицуулалт дахь “шударгаар хэрэгжүүлэх” ойлголт нь хэн ч үндэслэлгүйгээр буюу илүү хэмжээгээр хөрөнгөжиж болохгүйг илэрхийлэх юм. 

 Нөгөө талаар, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/-д заасан, ...эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар “учруулсан хохирол”-ыг нөхөн төлүүлэх…Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийн агуулга нь уул эрх, эрх чөлөөг зөрчигдөхөөс өмнө байсан тэр “хэмжээнд” аваачих  агуулга /эдийн засгийн утгаар/-аар ойлгогдоно. Иймд олох ёстой байсан орлого буюу цалин хөлсөд нэхэмжилсэн 30.990.000 төгрөгөөс, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэхэмжлэн авч буй 7 сарын цалин 4.410.000 төгрөгийг хасаж тооцох нь зөв юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч “М-О” ХХК-иас нийт 24.319.195  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Х-д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хувийн эрх зүйн маргааныг шийдвэрлэж буй шүүхийн шийдвэр нь зөвхөн тухайн хэргийн оролцогчдод хамааралтай, тэдгээрийн хувьд л хуулийн хүчин төгөлдөр шийдвэрт тооцогддог тул энэ хэргийн оролцогчид нь гэм бурууг хариуцах өөр бусад гуравдагч этгээдийн эсрэг, ногдох хувийг гаргуулахаар шаардлага гаргахад тухайн гуравдагч этгээдүүдийн хувьд энэхүү шийдвэрээр тогтоогдсон үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтад тооцогдохгүй болно.     

Хариуцагч “М-О” ХХК-ийн өмгөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг бичгээр мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч “М-О” ХХК-ийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан “М-О” ХХК-иас 24.319.195 төгрөгийг гаргуулан И.Х-д олгож, нэхэмжлэлээс 32.955.426 төгрөгийн шаардлага болон “Х г” ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “М-О” ХХК-иас 279.546 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧБ.ХИШИГБААТАР

                                   

  •  

 

  •