Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 331

 

 

 

 

 

 

 

 

 

        Ц.Бд холбогдох эрүүгийн

          хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                             

            прокурор Х.Эрдэнэтуяа,

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 31 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар эсэргүүцлийг үндэслэн Ц.Бд холбогдох 1704001440008 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Булгад овгийн Ц.Б, Хэнтий аймагт 1969 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, хүүгийн хамт амьдардаг, Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хорооллын 39 дүгээр байрны 31 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ................0/

 

Ц.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 15 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн 19 дүгээр гудамжны 1 тоот Ц.Амаржаргалын гэрт түүний эх Ц.Гарамхандыг нь байхад орж хэл амаар доромжилж, улмаар угаалгын машин дээр байсан хамтран амьдрагч байсан М.Бы цамц 1 ширхэг, өмд 1 ширхэг, өмдний тэлээ 1 ширхэг, хантааз 2 ширхэг, гадаа байсан машины хучлага зэрэг 292,000 төгрөгийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн дүүргийн прокурорын газраас Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлгээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн дараах нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч, өмгөөлөгч, прокурорын дүгнэлт, тайлбараас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх...” зарчмыг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйл, 25.3 дугаар зүйлд заасан журмыг баримтлаагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1, 25.3 дугаар зүйлд заасан журмын дагуу насанд хүрээгүй гэрч Азжаргалыг дахин асууж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвтгөн явуулах нь зүйтэй.

2. Хэрэгт авагдсан хохирогч /хх-28-29/, яллагдагч /хх-49/ болон гэрчүүдийн мэдүүлгүүдээс дүгнэхэд мөрдөн байцаалтын үе шатанд тухайн гэмт хэргийн сэдэлт зорилго тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл дээрмийн гэмт хэргийн сэдэлт нь шунахай буюу ашиг олох зорилго агууллагддаг. Гэтэл ямар сэдэлтээр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нь ойлгомжгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын “мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр нотлоно.” гэж заасныг нотлоогүй, зөв тогтоогоогүй байна гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Х.Эрдэнэтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Ц.Бд холболдох хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтын тухайд: Хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч Азжаргал хэргийн талаар огт мэдүүлээгүй, хэрэгт ямар ч ач холбогдолгүй нотлох баримт юм. Түүний мэдүүлгээр өөрийн төрсөн эх Ц.Б, түүнтэй хамтран амьдрагч байсан хохирогч Ц.М.Б нарын хоорондын харьцааны талаар буюу хувийн байдлын талаар л мэдүүлсэн байдаг. Түүнээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн ямар ч асуудал байхгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан нотлох баримт. Мөн түүнээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь заалтуудыг зөрчсөн ямар ч зөрчил байхгүй. Мөрдөгч нь мэдүүлэг авахдаа Азжаргал гэдгийг Амаржаргал гэж бичээд балласан байсныг засч Азжаргалын эх Ц.Бд учрыг хэлж дахин гарын үсэг зуруулсан гэдгийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед яллагдагч Ц.Б өөрөө хүлээн мэдүүлж, хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг биш учраас шүүх хуралдаанаар хэргээ хэлэлцүүлэх боломжтой гэсэн хүсэлтийг амаар гаргасан. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд ч тусгагдсан байгаа. Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтад тооцуулахгүй, нотлох баримтаас хасуулах бүрэн боломжтой нотлох баримтыг ашигласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Мөн шүүгчийн захирамжид Азжаргалын мэдүүлэг нь ямар хуулийн яг ямар заалтыг ноцтой зөрчсөнийг тодорхой дурьдаагүй, хуулийг заалтуудыг бүхэлд нь зааж өгсөн нь ойлгомжгүй байна.

Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтын тухайд: Хэрэгт авагдсан баримтаар сэдэлт зорилго нь тодорхой байгаа. Ц.Быг шунахай болон ашиг олох зорилго агуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Ц.Б бусдын өмчлөх эрх, өмч хөрөнгөд халдаад эд хөрөнгийг илээр хууль бусаар авч байгаа үйлдэл, бусдад хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байгаа болно. Заавал ашиг олох гэсэн шунахай сэдэлттэй байх албагүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан 17 заалтад заагдсан асуудлуудыг хэлэлцэх учиртай. Яллагдагчийн үйлдсэн хэргийн талаар болон түүний гэм буруу, сэдэлт, зорилгын талаар гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэх ёстой. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 17 заалтын дагуу оролцогчдоос хүсэлт гаргавал түүнийг хэлэлцэх ёстой. Гэтэл оролцогчдоос дээрх 17 заалтаар хэн нь ч хүсэлт гаргаагүй байхад хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн гэж дүгнэж байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажилллагааг хийлгэх бол, мөн мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол гэсэн заалтуудыг баримтлан хэргийг прокурорт буцаасан. Гэтэл захирамжид ямар мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байгаагаа огт дурьдаагүй. Насанд хүрээгүй гэрч Азжаргалын мэдүүлгийг хэлж байгаа бол энэ нь хэрэгт огт ач холбогдолгүй, зөвхөн яллагдагч хохирогч нарын хувийн байдлыг гэр бүлийн харьцаатай байсан эсэх талаар л мэдүүлсэн яллагдагч Ц.Бийн охины мэдүүлэг байгаа. Уг мэдүүлгийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулж, үнэлүүлэхгүй байж ч болох нотлох баримт. Мөн яллах дүгнэлтэд ч яллах талын нотлох баримтаар огт дурьдаагүй.

Мөн мөрдөн шалгах ямар ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг захирамжид мөн ямар ажиллагаа зөрчсөн болохыг тодорхой зааж өгөөгүй. Шүүх харин Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг ноцтой зөрчиж, хэлэлцэх ёсгүй асуудлыг хэлэлцэж шийдвэртээ үндэслэл болгосон байна.

Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэм буруугийн шүүх хуралдаанаар нотлох баримтаар тооцохгүй байхаар хүсэлт гаргах байсан буюу хэрэгт ач холбогдолгүй, хэргийн талаар мэдүүлээгүй, яллах талын нотлох баримтаар оруулаагүй насанд хүрээгүй гэрч Азжаргалын мэдүүлгийг ашиглаж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх ёсгүй асуудлыг үндэслэж шийдвэр гаргасан.

Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 31 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.” гэв.

            ХЯНАВАЛ:

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Бд холбогдох хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Б.Азжаргалыг байцаахдаа хууль зөрчсөн байх тул уг алдааг зөвтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

 

Ц.Бд холбогдох хэрэгт шалгавал зохих зүйлүүдийг шалгасан, цаашид хийх ажиллагаа байхгүй тул гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хэлэлцэн тогтоох боломжтой гэж үзлээ.

 

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг хууль зөрчиж цуглуулсан талаар оролцогчийн хүсэлт гарсан бол шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаар тооцохгүй байх, энэ тухай оролцогчийн хүсэлт гараагүй бол нотлох баримтаар үнэлэхгүй байх эрхтэй.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс гарсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Бд холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 31 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Бд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                                          Т.ӨСӨХБАЯР

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН