| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0150/э |
| Дугаар | 332 |
| Огноо | 2018-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 332
М.Ст холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Уянга,
шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Уянгын бичсэн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн М.Ст холбогдох 1706030570047 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн ..................... М.С, Төв аймгийн Алтанбулаг суманд 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; охины хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 40-35 тоотод оршин суух,
2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан. /регистрийн дугаар: ....................../
М.С нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 43-59 тоотод Ц.Мыг зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар М.Ст оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар тэнссэн ялаас, эдлээгүй үлдсэн 135 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 30 хоногийг нэмж нэгтгэн, М.Сын нийт эдлэх ялыг 165 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Сын эдлэх 165 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Д.Уянга бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн доорх алдаануудыг гаргажээ. Үүнд:
Шийтгэх тогтоолийн “Тогтоох” хэсгийн 4 дэх заалтад “...тэнссэн ялаас...” гэж бичсэн. 2002 оны Эрүүгийн хуульд “тэнссэн ял” гэсэн хуулийн ойлголт байгаагүй.
Шүүх “ялтны эдлээгүй үлдсэн 135 хоногийн хорих ял”-ыг хэрхэн, яаж тооцон гаргасан нь ойлгомжгүй байна. Тогтоолын энэ хэсгээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагад нийцээгүй байна.
М.Сын хувьд өмнөх 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 3 cap хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай нэгтгэн, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах асуудлын талаар яригдаж байна.
Ялтанд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах асуудлыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно” гэж заасан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль байхад анхан шатны шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болггож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.
Шүүгдэгч М.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд маш их гэмшиж байгаа тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч М.Сын өмгөөлөгч Ч.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх М.Ст холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд улсын яллагчийн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.
“Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчсөн, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй” гэж шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэл бүхий байна.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор М.Сыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сар хорих ял оногодуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61,4 дэх хэсгүүдэд зааснаар уг ялыг тэнсэж, хянан хяргалзах хугацааг 1 жилээр тогтоожээ. /хх 50-55/ Тэрээр хянан харгалзсан хугацаанд хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн хэмээн шүүх үзэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. /Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоол/
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолд “... хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн байх тул өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх ...” гэж дүгнээд тогтоолын 4 дэх заалтад эдлээгүй үлдсэн ялыг 135 хоног хорих ял гэж тогтоожээ.
Дээрх тогтоолоос үзэхэд шүүгдэгч М.С нь өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг хэрхэн эдэлсэн хийгээд, эдлээгүй үлдсэн ялыг ямар баримт, нотолгоонд тулгуурлан 135 хоног хорих ялаар тогтоосон талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй.
Түүнчлэн шийтгэх тогтоолын 3 дахь заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж шийдвэрлэхдээ 450,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож шийдвэрлэсэн байх боловч үүний үр дүнд гарсан 30 хоног чухам юуны хугацаа болохыг зааж өгөөгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагад нийцэхгүй.
Шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “... шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно” гэж заасан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл хоёр хуулийн зохицуулалт шүүгдэгчийн эрх зүйн байдлыг харилцан адилгүй зохицуулсан байна.
Гэтэл шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан хууль буцаан хэрэглэх зарчмын үүднээс шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг баримтлан шүүгдэгчийн биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоосон хууль зүйн үндэслэлээ заагаагүй байх тул шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн гэж үзэхгүй.
Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, М.Ст холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Мөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг сар, жилээр тооцохоор байхад шийтгэх тогтоолын 4 дэх заалтад хорих ялыг хоногоор тооцож хууль хэрэглээний алдаа гаргасныг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Ст холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол М.Ст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧИД Т.ӨСӨХБАЯР
М.ПҮРЭВСҮРЭН