Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2022/0639

 

 

 

                 Н.Г-ийн нэхэмжлэлтэй

               захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Ц,

Нэхэмжлэгч: Н.Г,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга,

Гуравдагч этгээд: Х.О,

Нэхэмжлэлийн шаардлага: “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/241 дүгээр захирамжийн Н.Г, Х.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Н.Г, Х.О нарт газрыг тэнцүү хэмжээгээр хувааж эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Ханбогд сумын Засаг даргад даалгуулах”,

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Н.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Ц нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул, 

Хэргийн индекс: 120/2022/0005/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Г нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад холбогдуулан “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/241 дүгээр захирамжийн Н.Г, Х.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Н.Г, Х.О нарт газрыг тэнцүү хэмжээгээр хувааж эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Ханбогд сумын Засаг даргад даалгуулах”-аар маргасан байна.

2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ханбогд сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/241 дүгээр захирамжийн Н.Г, Х.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.Г, Х.О нарт газрыг тэнцүү хэмжээгээр хувааж эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Ханбогд сумын Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ. 

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1.  Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 16 тоот шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

            3.2. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн хэсгийн 12 дугаар талд “захиргааны акт үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна” нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул Ханбогд сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/241 дүгээр захирамжийн Н.Г, Х.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэх хууль зүйн дүгнэлтийг хийж Тогтоох хэсгийн 1-д “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ханбогд сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/241 дүгээр захирамжийн Н.Г, Х.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.Г, Х.О нарт газрыг тэнцүү хэмжээгээр хувааж эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Ханбогд сумын Засаг даргад даалгасугай” гэж шийдвэрлэсэн.

            3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргах талаар тусгасан тул 106.3-д ямар ямар шийдвэр гаргах талаар 14 зүйлийг заажээ. Эдгээр хуульд заасанчлан 16 тоот шийдвэрээр 14 зүйлийн аль нэгээр нь шийдвэр гаргаж шийдвэрлээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

            3.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлд шийдвэрийн агуулгын талаар тодорхой хуульчилсан. Гэтэл дээрх хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт “хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заажээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг харвал хуулийн энэхүү заалт зөрчигдсөн байна. Хэрхэн яаж зөрчигдсөн байгаа талаар шүүх хуралдаанд дэлгэрүүлэн тайлбараа гаргана.

            3.5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад заасан үндэслэл хавтаст хэрэгт нотлогдоогүй байхад шүүх хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлтийг тус тус хийсэн.

            3.6. Ханбогд сумын Засаг даргын захирамж нь хуулийн шаардлага хангаагүй гэх дүгнэлтийг шүүхээс хийдэг ба захирамжид тавигдах хуулийн шаардлагад ямар ямар зүйл багтдаг талаар шүүх шийдвэртээ зааж өгөөгүй, гуравдагч этгээдийн зүгээс Засаг даргын захирамж нь хуулийн тавигдах шаардлагад нийцсэн гэж үзнэ. Үүнээс үзвэл шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт нь үндэслэлгүй.

            3.7. Дээрх нөхцөл байдлыг анхааран үзэж 16 тоот шийдвэрт өөрчлөлт оруулан, Өмнөговь аймаг Ханбогд сумын Засаг даргын захирамжийн гуравдагч этгээдэд холбогдох зүйл заалтыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            4.1.  Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэрээрээ бусдын эрх ашгийг дордуулан хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн талаарх хууль зүйн дүгнэлт, Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны еренхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ханбогд сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны едрийн А/241 дүгээр захирамжийн Х.Од холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.Г, Х.О нарт газрыг тэнцүү хэмжээгээр хувааж эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Ханбогд сумын Засаг даргад даалгасугай” гэх заалтыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй.

            4.2. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 12 дугаар талд “захиргааны акт үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул Ханбогд сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/241 дүгээр захирамжийн Н.Г, Х.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна” гэх хууль зүйн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

            4.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг “Өмнөговь аймгийн Засаг даргын 2020 оны А/241 дүгээр захирамжийн иргэн Н.Г, Х.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж , Н.Г, Х.О нарын эзэмшлийн газруудыг тэнцүү эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах тухай 2 шаардлагыг гаргадаг. Шүүх нэхэмжлэгчийн энэхүү гаргасан шаардлага нь ойлгомжгүй, тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Засаг даргын захирамжийг хууль бус эсэх, эсвэл захиргааны акт гаргаж буй албан тушаалтаны буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна уу гэдгийг тодруулаагүй атлаа шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэгчийн хүсээгүй шаардлагыг бий болгож хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

            4.4. Нэхэмжлэгч Н.Г нь нэхэмжлэлдээ Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэлээ “газар авах болоход та өргөдөл дээрээ 112 м.кв гэж бичээрэй” гэж хэлсний дагуу бичсэн гэх, Х.Од газрын өргөдөл өгөөгүй байхад нь газар эзэмшүүлсэн гэх, Засаг дарга байсан Ш.Э-д, одоо ажиллаж буй Засаг дарга Х.Н нарт гэрчилгээ гарахаас өмнө гомдол гаргасан боловч шийдвэрлээгүй гэх зүйлүүдийг тайлбарлан захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандан маргаж мэтгэлцдэг. Гэтэл шүүх эдгээр нөхцөлийг анхааран үзэж нэхэмжлэлийн шаардлага болоод үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх, эдгээр үндэслэлээ нотолсон эсэхэд анхан шатны шүүх шийдвэрээ гаргах атал нэхэмжлэлийн шаардлагад бичигдээгүй, дурьдаагүй үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

            4.5. Шүүхээс хариуцагч хариу тайлбартаа шүүх хуралдаанд ямар шалгуур, үндэслэлээр газрын хэмжээг тогтоож Х.О-д 451 м.кв, Н.Г-т 112 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, мэтгэлцээгүй зэргээс үзвэл захиргааны акт үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэх, мөн шүүхээс газрын мэдээлллийн сан дахь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хөрш зэрэгцээ айлуудын нэгж талбарын кадастрын зургийг харьцуулж судалж үзэхэд Н.Г-ийн А.Т хөрш 771 м.кв, 878 м.кв, Н.Ц, Х.О-ийн харш Т.Б 460 м.кв , З.Г 308 м.кв газрыг тус тус эзэмших ба хариуцагч нь шударга ёсны зарчмын дагуу нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт газрыг эрх тэгш, адил тэнцүү хэмжээгээр хувааж эзэмшүүлээгүй буруутай байна гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

            4.6. Учир нь Ханбогд сумын Засаг дарга иргэдэд газар эзэмшүүлэх захирамж гаргахдаа Газрын тухай хуульд заасны дагуу бүрдүүлсэн бичиг баримтууд болон өргөдлийг үндэслэн хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан. Х.О өргөдөлдөө 533 м.кв газрыг тус тус эзэмших хүсэлт гаргасан болох нь нотлогдсон. Харин уг өргөдлийн дагуу Н.Г-ийн газрыг хүссэн хэмжээнд, гуравдагч этгээд Х.О-д газрыг багасган эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс үзвэл Засаг дарга захирамж гаргахдаа тухайн иргэний хүссэн хэмжээний газрыг эрх хэмжээнийхээ хүрээнд, шударгаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироогоогүй.

            4.7. Гуравдагч этгээд Х.О нь яг өнөөдрийн байдлаар тухайн эзэмшиж байгаа газартаа худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглаж улмаар их хэмжээний зээл авч ахин өргөтгөл хийн барилгын хундаамаа цутгасан байгаа. /Маргааны улмаас барилгын ажил зогсонги байдалд банкны зээлээ төлж чадахгүй хэмжээнд хүрсэн хэцүү байдалд байна/ Х.Од олгосон газар нь нэхэмжлэгч Н.Г-т олгогдсон газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй, тэдний эрх ашгийг хохироосон зөрчсөн зүйлгүй. Нэхэмжлэгч Н.Г-т эзэмшүүлэхээр олгосон газрын хэмжээ нь түүний явуулж буй үйл ажиллагааг явуулах боломжтой, уг үйл ажиллагаанд нь газар нь багадсан зүйлгүй, харин ч ашиглаагүй талбай тодорхой хэмжээнд байгаа болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Үүнээс үзвэл Засаг даргаас эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчөөгүй байхад шүүх зөрчигдсөн гэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй.

            4.8. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0016 тоот шийдвэрт өөрчлөлт оруулан, гуравдагч этгээд Х.Од газар олгосон заалтыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч, хариуцагч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна. 

ХЯНАВАЛ:

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцээгүй байх тул зохих өөрчлөлтийг оруулав.

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч Н.Г нь “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/241 дүгээр захирамжийн Н.Г, Х.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Н.Г, Х.О нарт газрыг тэнцүү хэмжээгээр хувааж эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Ханбогд сумын Засаг даргад даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. А/241 дүгээр захирамжаар “... нэхэмжлэгч Н.Г-т худалдаа, үйлчилгээний зориулалтаар 112 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, гуравдагч этгээд Х.О-д худалдаа, үйлчилгээний зориулалтаар 451 м.кв газрыг 15 жилийн хугацаатай тус тус шинээр эзэмшүүлсэн” байна.

            3.2. Нэхэмжлэгчээс “... аймаг, сумын Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад хандаж байсан, ... бидэнд газрыг тэнцүү хэмжээгээр эзэмшүүлнэ гэсэн атлаа өөр өөр хэмжээгээр эзэмшүүлсэн, газрын даамал намайг өргөдөл дээрээ 112 м.кв гэж бичээрэй гэсэн, А/241 дүгээр захирамжаар Х.О-д 451 м.кв газрыг эзэмшүүлэхдээ миний газрын орц, гарцыг хааж үйл ажиллагаа явуулах боломжгүй байдлаар олгосон, надад орц, гарц гарах хаалга, машин тэргээ тавих газар, ажлын байраа бага зэрэг томруулах боломжтойгоор газрыг тэнцүү хувааж өгнө үү” гэж,

хариуцагчаас “...гомдол, санал, дээд шатны Засаг даргаас өгсөн чиглэл болон хууль дүрмийн хүрээнд гомдлыг барагдуулах талаар тодорхой арга хэмжээнүүдийг удаа дараа авсан, газар дээр нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай хамтран ажиллаж, ойлголцол зөвшилцлийг бий болгон гомдол саналыг барагдуулах талаар ажилласан хэдий ч ойлголцоогүй, Н.Г нь хүсэлтдээ талбайн хэмжээг 112 м.кв гэж бичсэний дагуу олгосон, А/241 дүгээр захирамж хууль зөрчөөгүй” гэж,

гуравдагч этгээдээс “... 451 м.кв газрынхаа 370 м.кв талбайд худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг эхлүүлсэн, эхний ээлжид 90 м.кв үйлчилгээний хэсгийг 2021 оны сүүлээр ашиглалтад оруулсан, дахин 60,000,000-70,000,000 төгрөгийн барилгын ажил хийгдэж байж төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаандаа орно, миний бие одоогийн байгаа газраа өмнө нь 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ч түймэрт өртсөнөөр хэсэг хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй, аль аль талаасаа орж гарах гарцыг үлдээж зорчих боломжтой талбайг өөрийн эзэмшлийн талбайгаасаа гаргаж өгсөн, газрын давхцал үүсээгүй” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

3.3. Анхан шатны шүүхийн “... захиргааны актаар Н.Г, Х.О нарт газар эзэмших эрх хуулийн дагуу нэгэн зэрэг үүссэн тул газрыг эрх тэгш, адил тэнцүү хувааж эзэмших эрхтэй, ... нэхэмжлэгч нь Х.О-ээс өмнө тухайн газрыг бодитоор эзэмшиж (ашиглаж) байсан, ашиг сонирхол түрүүлж үүссэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон, хариуцагч нь шударга ёсны зарчмын дагуу нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт газрыг эрх тэгш, адил тэнцүү хэмжээгээр хувааж эзэмшүүлээгүй буруутай” гэх дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй ч шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжтой байх ёстой.

3.4. Тодруулбал, Ханбогд сумын Засаг дарга, сумын газрын даамал, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн зэрэг захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд удаа дараа маргаан бүхий газар дээр хэмжилт хийж, сонсох ажиллагаа явуулсан боловч Н.Г, Х.О нар газрын хэмжээн дээр харилцан тохиролцоогүй, гуравдагч этгээд маргаан бүхий газарт хүнсний дэлгүүр ажиллуулж байсан, байшин галд шатсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, гуравдагч этгээдээс өөрт олгогдсон эрхийн хүрээнд холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, түүний эзэмшил газар дээр 250,65 м.кв талбай бүхий байшин /блокоор ханын өрлөг хийгдсэн, дээвэр, цонх хийгдээгүй/ баригдаж байгаа зэрэг үйл баримтууд, нэхэмжлэгчийн “... хэмжилт хийхэд би байгаагүй, тухайн үед газрыг хүлээлгэж өгөөгүй” гэх тайлбар зэргээс үзвэл захиргааны байгууллага нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлэх асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, Газрын  тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж тус тус заасан эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй буруутай үйл ажиллагааны улмаас уг маргаан улам даамжирч өнөөдрийн байдалд хүрчээ гэж дүгнэхээр байна.

3.5. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага тухайн үед газар эзэмшүүлэх асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэсэн бол одоогийн нөхцөл байдал үүсэхгүй, тодруулбал, гуравдагч этгээдийн байшин баригдахгүй байсан, шүүх  2-207 болон 2-*** тоот хаягт байрших газрын хэмжээг тогтоож, газрыг Н.Г, Х.О нарт тэнцүү хэмжээгээр хувааж эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Ханбогд сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн ч Н.Г-т 112 м.кв, Х.О-д 451 м.кв газрыг ямар солбицол, байршлаар, хэрхэн хувааж эзэмшүүлэх нь тодорхойгүй, хэрэв нийт газрыг талаар нь хуваана гэвэл гуравдагч этгээдийн барьж буй байшинг нураах эсхүл өөр ямар байдлаар эзэмшүүлэх боломжтой болохыг тодорхой болгосноор уг маргаан нэг мөр, бүрэн шийдвэрлэгдэхээр байна.

3.6. Дээрхээс үзвэл давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн нөхцөл байдал бий болсон, хэрэгт авагдсан баримтуудаар хэргийг шууд шийдвэрлэх боломжгүй байх тул хариуцагч өөрийн эрх хэмжээний хүрээнд бодит байдлыг дахин нягтлан үзэж, маргаан бүхий газар дээр хэмжилт хийж, нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлэх боломжит нөхцөл байдлыг судлан үзсэний үндсэн дээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн алины эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

4. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/241 дүгээр захирамжийн Н.Г, Х.О нарт холбогдох хэсгийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв. 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар захиргааны байгууллага шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий А/241 дүгээр захирамжийн холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

6. Давж заалдах шатны шүүх тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр товлосон боловч гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.А-ээс “... хэргийн материалтай танилцаж, шийдвэрт хууль зүйн дүгнэлт хийх үндэслэлээр шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр товлосон, гэвч мөн өдөр гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.А-ээс “шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлтийг шүүх хуралдаан эхэлсний дараа ирүүлсэн, хүсэлтэд хавсаргасан баримтад түүний нэр дурдагдаагүй, мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд оролцсон тул эрх зүйн туслалцаа авах эрхээр хангагдсан гэж үзэж өмгөөлөгч Д.А-ийн хүсэлтийг хүлээн авалгүй хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/241 дүгээр захирамжийн Н.Г, Х.О нарт холбогдох хэсгийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж өөрчилж, Тогтоох хэсэгт “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч байгууллага шинэ акт гаргаагүй бол Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/241 дүгээр захирамжийн Н.Г, Х.О нарт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн заалт нэмж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Х.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Ц нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН    

       ШҮҮГЧ                                                                 А.САРАНГЭРЭЛ

                  ШҮҮГЧ                                                                    Н.ДОЛГОРСҮРЭН