Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01304

 

Ж.Чгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00327 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 947 дугаар магадлалтай

Ж.Чгийн нэхэмжлэлтэй

“Т” ХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 44 233 333 төгрөг, 30 улирлын менежментийн шагнал буюу  урамшуулалд 90 000 ам доллар буюу 168 418 800 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Золзаяа хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1996 оноос “Т” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ТУЗ-ийн шийдвэрээр ажлаас халагдсан. Энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1488 тоот шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 96 тоот тогтоолоор гүйцэтгэх захирлын ажилд эргүүлэн тогтоосон. “Т” ХК-ийн ТУЗ нь Улсын Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхэд хандахад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газар уг шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явуулж байгаа боловч биелэгдэхгүй өнөөдрийг хүрч байна.

Дээрх шийдвэрүүд хүчин төгөлдөр байх 4 жил 7 сарын хугацаанд би “Т” ХК-ийн ТУЗ-д удаа дараа буюу 2012 оны 6, 10-р сарууд, 2013 оны 12-р сар, 2014 оны 5-р сард шүүхийн шийдвэр биелүүлэх, хохирол барагдуулах шаардлагуудыг шуудан болон өөрийн биеэр хүргүүлж байсан ч хариу өгөөгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газраас явуулсан ажиллагааг ч хүлээн авахгүй удаа дараа хууль бус шийдвэр гаргаж хоног хугацаа авах байдлаар хандаж байна. Энэ хугацаанд ямар ч орлогогүй олон жил болж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа төлж чадаагүй, эрүүл мэндийн үйлчилгээ ч авч чадахгүйд хүрч тус компанид 30 орчим жил ажилласан хугацаа тасалдаж тэтгэвэр, тэтгэмж тогтоолгож болохгүйд хүрч байна.

Иймд 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүртэл /шүүхийн шийдвэр гарах хүртэл/ ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нэхэмжлэхдээ сарын цалин хөлсөө 500 000 төгрөгөөр тооцож, нийт 2654 хоногийн цалин хөлс болох 44 233 333 төгрөг, “Т” ХК-тай байгуулсан хөдөлмөр менежментийн гэрээний дагуу олгогдох байсан 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 21 хүртэл буюу 30 улирлын менежментийн шагнал, урамшуулалд 90 000 ам.доллар буюу 168 418 800 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. Вальютын ханш шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн буюу 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Монгол банкнаас зарласан 1 ам.доллар 1871.32 төгрөгт тооцогдож байгаа. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг “Т” ХК нь 2010 оны 4 сараас хойш төлөөгүй байгаа тул нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “Т” ХК-ийн ТУЗ-ийн 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Ж.Чгийн оронд гүйцэтгэх захирлаар томилогдсон Л.Энхнасанг ажлаас нь чөлөөлж, Ж.Чд ажлаа хүлээлцэж дуусах хүртэл албан үүргээ гүйцэтгэж байхыг даалгасан. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 04 тоот албан бичгээр Ж.Чд 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 14 цагт гүйцэтгэх захирлын ажлаа ирж авахыг мэдэгдсэн болно. Үүнээс хойш Ж.Чд ажлаа авахыг баталгаат шуудан, утас гэх мэт боломжит хэрэгслийг ашиглан мэдэгдсэн боловч 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 1 жил 5 сар ажлаа хүлээн авах гэж ирээгүй тул Л.Энхнасан үүрэг гүйцэтгэгчээр ажилласаар байсан.

Ж.Ч ажлаа авах, үгүй талаар мэдэгдээгүй, ажлаа авъя гэж ирээгүй учраас “Т” ХК-ийн ТУЗ асуудлыг хэлэлцээд 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 09 тоот тогтоол гаргаж, Ж.Чтэй байгуулсан хөдөлмөр менежментийн гэрээг дуусгавар болгож, бүрэн эрхийг нь зогсоохоор шийдвэрлэсэн. Энэ тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа тухайгаа мэдэгдэж, эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй өдий хүрсэн.

Нэхэмжлэгч 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга н.Баяндалайд гомдол гаргасан, энэ нь түүнийг ажилдаа эргэж томилогдсон 1 жил 5 сар ажилдаа ирээгүй гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдсэн гэдгийг нотолж байгаа ба халагдсан гэдгээ мэдээгүй гэж маргах эрхгүй болсныг нь дээрх үйл баримт харуулж байна.

Хариуцагчаас Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн ахлах дэслэгч Д.Лхагвасүрэнд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гомдол гаргасан ба шийдвэр гүйцэтгэгч нь гүйцэтгэлийн материалтай танилцаад энэ тухай Ж.Чд бичгээр мэдэгдсэн бөгөөд 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр тогтоолыг нэхэмжлэгч мэдсэн гэдгийг нотлох хангалттай баримт болно. Ж.Чтэй байгуулсан хөдөлмөр менежментийн гэрээний дагуу урамшуулал олгох асуудлыг Улсын Дээд шүүхийн 96 дугаар тогтоолоор ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан цалин хөлс олговрыг 1 сарын 300 000 төгрөгөөр тооцож, нийт 1 333 333 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн. Улмаар менежментийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар контракт байна гэж дүгнэн контрактыг дүгнэсэнтэй холбоотойгоор урамшууллыг компани өөрөө шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. Ж.Ч нь өнөөг хүртэл ажилдаа ирэхгүй байсан учраас 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн ба энэ тушаалтай холбоотой гомдол гараагүй.

Нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус байгаа. Ам.долларын ханш хэрхэн хөрвөсөн, яагаад 168 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө шаардаад байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсний маргаан нь шүүхийн харьяаллын маргаан ба энэ талаарх гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 сар байна. 2011 оны 02 дугаар сарын хүчин төгөлдөр болсон шүүхийн тогтоолыг ярьж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчсөн байна гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нэгэнт шүүх тухайн ажилтны өмнө эрхэлж байсан сүүлийн 3 сарын дундаж цалин хөлснөөс тооцож, нэг сарын дундаж цалин хөлсийг тооцсон баримт нь хэрэгт байгаа.

Нэхэмжлэлийн шаардлага нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилсэн гэж ойлгоод байгаа. 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ямар хүндэтгэн үзэх шалтгаантай, яагаад 3 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч нь ажилдаа орох ямар ч сонирхолгүй бөгөөд компаниас зөвхөн мөнгө гаргуулах гээд байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00327 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “Т” ХК-иас 47 626 240 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Чд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар “Т” ХК нь Ж.Чгийн дээрх олговроос зохих суутгалыг хийж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар Ж.Чгийн нэхэмжлэлтэй, “Т” ХК-д холбогдох менежментийн урамшуулал болох 168 418 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс төлсөн 1 389 614 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж Ж.Чд буцаан олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “Т” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 396 081 төгрөг нөхөн гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 947 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00327 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “47 626 240” гэснийг “44 233 333” гэж, 5 дахь заалтын “396 081” гэснийг “379 117” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Золзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 947 дугаар Тус магадлалын хянавал хэсэгт ... Шүүх нэхэмжлэгчийн цалинг 500 000 төгрөгөөр тооцохдоо “Т” ХК-ийн ерөнхий захирлын 2009 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07 тоот тушаалыг үндэслэснийг буруутгах боломжгүй юм. /хх-57, 56/ гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцдог.

Ингэхдээ тухайн ажилтны дундаж цалин тогтоох сүүлийн 3 сард өвчтэй, чөлөөтэй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол тухайн хугацаанд авсан цалин, хөлсийг нийт ажилласан хоногт хуваан нэг өдрийн цалин хөлсийг тогтоох замаар тодорхойлж болох тухай 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Улсын Дээд Шүүхийн зөвлөмжид тус тус заасан.

Улмаар нэхэмжлэгч Ж.Ч нь 2010 оны 4, 5 дугаар сарын зарим өдөр өвчтэй, мөн хөдөлмөр эрхлээгүй болох нь /хх-9 тал/-д авагдсан нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдох бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинг 300 000 төгрөгөөр тогтоосон Улсын Дээд Шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 96 дугаар тогтоол хүчин төгөлдөр болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасны дагуу Монгол Улсын Дээд Шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 96 тогтоолоор нэхэмжпэпнийн ажилгүй байсан хугацааны нэг сарын цалинг 300 000 төгрөгөөр тогтоосон атал анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Улсын Дээд Шүүхийн 21 дүгээр тогтоолын 2.2.3 Б-т ... Иргэний болон захиргааны хэргийн талаар гаргасан хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг иргэний болон захиргааны өөр хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцно. Гэхдээ эдгээр үйл баримт нь түрүүчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдийн хувьд өөр хэрэгт хэргийн оролцогчоор орж байгаа тохиолдолд нотлогдсон гэж үзнэ гэснийг зөрчсөн эрхийн акт боллоо.

Мөн Ж.Чгийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ... Ажилгуй байсан хугацааны цалин, гаргуулах ... тухай шаардлагын цалин хөлс нь, Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т Зохигч нь ...шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй тухай хуулийн хэм, хэмжээг зөрчиж нэг үйл баримтыг 2 өөрөөр шийдвэрлэж буй нь шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах зарчмаас хальсан хэмээн үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэг сард 300 000 төгрөгөөр /2048 хоног 13 953 төгрөг =28 575 744 төгрөг/ тооцож 44 233 333 төгрөг - 28 575 744 төгрөг= 15 657 589 төгрөгийг хэрэгсэхгүй болгож Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 947 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Ж.Ч нь “Т” ХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 44 233 333 төгрөг, 30 улирлын менежментийн шагнал буюу  урамшуулалд 90 000 ам доллар буюу 168 418 800 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж маргаж, нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Чг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 96 дугаар тогтоолоор “Т” ХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосон байтал ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 47 626 240 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, урамшуулал шаардсан нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардсан нэхэмжлэлийг хангахдаа нэхэмжлэгчийн нэхэмжилсэн шаардлагаас хэтрүүлэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх зохицуулалтад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдаанд дүгнэлт хийж,  шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй байх боловч нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т заасан журмыг зөрчсөн алдааг засаагүй байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ...үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэжээ.

Ажилтны нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 300 000 төгрөгөөр тогтоосон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 96 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр тул одоо нэхэмжилж буй шаардлагад хамаарах хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шийдвэрлэхдээ энэ үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг нэг сард 300 000 төгрөгөөр тооцож, 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт /300 000 : 21.5 х 2048 хоног/ 28 575 744 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 947 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “44 233 333” гэснийг “28 575 744” гэж өөрчлөн, “Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 657 589 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт оруулж, “379 117” гэснийг “300 829” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                  Х.ЭРДЭНЭСУВД