Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 00327

 

2018 оны 02 сарын 21 өдөр

         Дугаар 182/ШШ2018/00327

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо, .. дугаар хэсэг, Оргил хотхон .. дугаар байрны .. тоотод оршин суух, .. настай, эмэгтэй, Ш овгийн Ж-ийн Чимэдцэрэн /РД:........../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо, Самбуугийн гудамж..., байрлах, “Т” ХК /РД:.............../-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин урамшуулал гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.  

 ТОДОРХОЙЛОХ нь:                                                 

Нэхэмжлэгч Ж.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Ч миний бие 1996 оноос “Т” ХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байгаад 2010 оны .. дугаар сарын ..-ны өдөр ТУЗ-ийн шийдвэрээр ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан. Энэ асуудлаа шүүхийн байгууллагад өгснийг шат, шатны шүүхээс хянан Чингэлтэй дүүргийн шүүхийн 20.. оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ... тоот шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн хуралдааны 2011 оны ... дугаар сарын ..-ны өдрийн .. тоот тогтоолоор гүйцэтгэх захиралын ажилд эргүүлэн тогтоож шийдвэрлэсэн. “Т” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд харъяаллын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхэд хандахад шүүгч Г.Ц шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр захирамж гаргаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газар шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явуулж байгаа боловч дээрх шүүхийн шийдвэр биелэгдэлгүй өнөөдрийг хүрч байна.

Дээрх шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байгаа 4 жил 7 сарын хугацаанд миний бие “Т” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд удаа дараа тухайлбал 2012 оны 06, 10 дугаар саруудад 2013 оны дугаар сард, 2014 оны 05 дугаар сард шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх, хохирол барагдуулах тухай шаардлагуудыг шуудангаар болон өөрийн биеэр хүргүүлж байсан боловч ямар ч арга хэмжээ авалгүй тавьсан асуудалд хариу өгөлгүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газраас явуулсан шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааг ч хүлээн авалгүй удаа дараа хууль бус шийдвэр гаргаж хоног хугацаа авах байдлаар асуудалд хандаж байна. Энэ хугацаанд ямар ч орлогогүй олон жил сар болж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа төлж чадаагүй, эрүүл мэндийн зарим үйлчилгээ ч авч чадахгүйд хүрч, энэ компанид 30 орчим жил ажилласан хугацаа тасалдаж тэтгэвэр, тэтгэмж тогтоолгож болохгүйд хүрч байна. ...

Хариуцагч “Т” ХК нь өнөөдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын ...-ны өдрийн 1.. тоот шийдвэр, давах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолыг биелүүлээгүй байх тул 20.. оны 10 дугаар сарын ...-ны өдрөөс 2018 оны 0. дугаар сарын ...-нийг хүртэл /шүүхийн шийдвэр гарах хүртэл/ ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг нэхэмжлэхдээ сарын цалин хөлсөө 500 000 төгрөгөөр тооцож, нийт 2654 хоногийн цалин хөлс болох 44 233 333 төгрөг, “Т” ХК-тай байгуулсан хөдөлмөр менежментийн гэрээний дагуу олгогдох байсан 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 21-нийг хүртэл буюу 30 улирлын менежментийн шагнал, урамшуулалд 90 000 ам.доллар буюу 168 418 800 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

Гадаад вальютын ханшийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн буюу 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар 1 ам.долларыг 1871.32 төгрөгөөр тооцож байгаа болно. Нэхэмжлэгч Ж.Ч-гийн нийгмийн даатгалын шимтгэлийг “Т” ХК нь 2010 оны 04 дүгээр сараас хойш төлөгдөөгүй байгаа тул нийгмийн даатгалын шимтгэлийг “Т” ХК-иар нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Т” ХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Т” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Ж.Чгийн оронд гүйцэтгэх захирлаар томилогдсон Л.Э-г ажлаас нь чөлөөлж, Ж.Чд ажлаа хүлээлцэж дуусах хүртэл албан үүргээ гүйцэтгэж байхыг даалгасан. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 04 тоот албан бичгээр Ж.Ч-д 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 14 цагт гүйцэтгэх захирлын ажлаа ирж авахыг мэдэгдсэн болно. Үүнээс хойш Ж.Ч-д ажлаа авахыг баталгаат шуудангаар, утсаар гэх мэт боломжит хэрэгслийг ашиглан мэдэгдсэн боловч 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 1 жил 5 сар ажлаа хүлээн авах гэж огт ирээгүй тул 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 06 дугаар тогтоолоор ажлаасаа чөлөөлөгдсөн Л.Энхнасан үүрэг гүйцэтгэгчээр ажилласаар байсан.

Нэхэмжлэгч Ж.Ч нь ажлаа авах үгүй талаараа мэдэгдээгүй, мэдэгдэл хүргүүлсээр байхад ажлаа авъя гэж ирээгүй учраас “Т” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл нь энэ асуудлыг хэлэлцээд 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 09 тоот тогтоол гаргаж, Ж.Ч-тэй байгуулсан хөдөлмөр менежментийн гэрээг дуусгавар болгож, бүрэн эрхийг нь зогсоохоор шийдвэрлэсэн. Дээрх тогтоол нь Ж.Чтэй байгуулсан хөдөлмөр менежментийн гэрээг дуусгавар болгож ажлаас нь чөлөөлсөн шийдвэр бөгөөд нэхэмжлэгч нь энэ тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа тухайгаа мэдэгдэж, эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй өдий хүрсэн.

... Нэхэмжлэгч нь 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга н.Б-д гомдол гаргасан бөгөөд энэ нь түүнийг ажилдаа эргэж томилогдсон, 1 жил 5 сар ажилдаа ирээгүй гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдсэн гэдгийг нь нотолж байна. Ж.Ч нь ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдсэн тохиолдолд эрх бүхий байгууллагад гомдол гаргахгүй өнгөрөөх хүн биш бөгөөд ажлаас халагдсан гэдгээ мэдээгүй гэж маргах эрхгүй болсныг нь дээрх үйл баримт харуулж байна.

... Хариуцагч талаас Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гүйцэтгэх хэсгийн ахлах дэслэгч Д.Л-д 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гомдол гаргасан ба шийдвэр гүйцэтгэгч Д.Лхагвасүрэн нь шийдвэр гүйцэтгэлийн материалтай танилцаад энэ тухай Ж.Ч-д бичгээр мэдэгдсэн байгаа бөгөөд энэ нь 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр тогтоолыг нэхэмжлэгч мэдсэн гэдгийг нотлох хангалттай баримт болно. Ж.Ч-тэй байгуулсан хөдөлмөр менежменттийн гэрээний дагуу урамшуулал олгох асуудлыг Улсын Дээд шүүхийн 96 дугаар тогтоолоор ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан цалин хөлс олговрыг 1 сарын 300 000 тооцож, нийт 1 333 333 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 Улмаар менежментийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар контракт байна гэж дүгнэн тухайн контрактыг дүгнэсэнтэй холбоотойгоор урамшуулалыг компани өөрөө шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. Ж.Ч нь өнөөг хүртэл ажилдаа ирэхгүй байсан учраас 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн ба энэхүү тушаалтай холбоотой гомдол гараагүй. Нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус байгаа юм. Ам.долларын ханш хэрхэн хөрвөсөн, 168 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхой бус байгаа юм. 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө  шаардаад байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөслсний маргаан нь шүүхийн харьяаллын маргаан байх бөгөөд энэ талаарх гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 сар байгаад байна. Өнөөдөр 2011 оны 02 дугаар сарын хүчин төгөлдөр болсон шүүхийн тогтоолын ярьж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх  хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчсөн байна гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нэгэнт шүүх тухайн ажилтны өмнө эрхэлж байсан сүүлийн 3 сарын дундаж цалин хөлснөөс тооцож, нэг сарын дундаж цалин хөлсийг тооцсон баримт нь хэрэгт байгаа.

            Нэхэмжлэлийн шаардлага нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69-д заасны дагуу нэхэмжлээд байна гэж ойлгоод байгаа юм. 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ямар хүндэтгэн үзэх шалтгаан байна. 3 жилийн хугацаа өнгөрсний дараа шүүхэд яагаад нэхэмжлэл гаргаж байгаа юм бэ? Нэхэмжлэгч нь ажилдаа орох ямар ч сонирхол байхгүй бөгөөд компаниас зөвхөн мөнгө гаргуулах гээд байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

   Шүүх хуралдаанаар зохигчдын өгсөн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ч нь хариуцагч “Т” ХК-д холбогдуулан 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсний нөхөн олговор, менежементийн шагнал, урамшуулал гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. /1 дүгээр хавтас хэргийн 1-2 тал/

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 5 удаа нэмэгдүүлж, өөрчилсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодорхойлбол:

1. 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах /2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл/ хүртэл ажилгүй байсан цалин хөлс, олговор болох 44 233 333 төгрөг,

2. Менежментийн гэрээний дагуу олгогдох байсан 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 21-нийг хүртэл хугацааны шагнал урамшуулалд 90 000 ам.доллар буюу 168 418 800 төгрөг тус тус гаргуулах,

/Нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар /1 ам.доллар х 1871.32 төгрөг/ тооцож байгаа болно.

3. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзнэ. /1 дүгээр хавтас хэргийн 1-2, 78, 100 тал, 2 дугаар хавтас хэргийн 1, 46 тал/

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ж.Ч нь өөрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, хүсэлт гаргах, бүх шатны шүүхэд төлөөлөх, шүүх хуралдаанд оролцох зэрэг бүрэн эрхийг Н.Л-д 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр итгэмжлэлээр олгосон ба итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан хуулийн шаардлагыг хангажээ. /2 дугаар хавтас хэргийн 32 тал/

Хариуцагч “Т” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр буюу төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй бөгөөд тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өмгөөлөгч Л.З-г томилж, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 136 тоот итгэмжлэл олгосон байх ба итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /2 дугаар хавтас хэргийн 56 тал/

Зохигчид дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө  бүрэн төлөөлж “шүүхэд холбогдох тайлбар, хүсэлт гаргах, хэргийн материалтай танилцах, бүх шатны шүүхэд шүүх хуралдаанд төлөөлөн оролцох, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүргийг эдлэх”-ээр итгэмжлэл олгосноор Н.Л, Л.З нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Ч, хариуцагч “Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэргийн оролцогч болсон гэж үзнэ. /2 дугаар хавтас хэргийн 32, 56 тал/

Ж.Ч нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, менежментийн  урамшуулал, шагналыг 2010 оны 10 дугаар сарын 06 -ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаагаар тус тус тооцон нэхэмжилснийг хариуцагч “... шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, гомдол гаргах хөөн хэлэлцэх хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж маргаж байна.

Хариуцагч, нэхэмжлэгчийн гаргасан шаардлага бүрт хариу тайлбар гарган  мэтгэлцэж байгаа болно. /1 дүгээр хавтас хэргийн 33-34, 91-93, 135-136 тал, 2 дугаар хавтас хэргийн 8-10, 51-53 тал/

Шүүх хуралдаанд зохигчдын өгсөн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Ч-г “Т” ХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны .. дугаар сарын ..-ны өдрийн .. тоот шийдвэр, Нийслэлийн шүүхийн 20... оны .. дугаар сарын 06-ны өдрийн ... дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 96 тоот тогтоол хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. /1 дүгээр хавтас хэргийн 4-8 тал/

 Хяналтын  шатны шүүхийн дээрх тогтоолд “... “Т” ХК-ийн ТУЗ-ийн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 07, 08 тоот тогтоолуудыг хүчингүй болгож,  Ж.Чгийн ажилгүй байсан хугацаа буюу 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр /шүүх хуралдаан хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх 1 333 333 төгрөгийг хариуцагч “Т” ХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн шаардлагаас улиралд олгох урамшуулал 3000 ам.долларыг жич шийдвэрлэх эрхтэй болохыг дурджээ. /1 дүгээр хавтас хэргийн 6-8, 118-127 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг.

Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1066 дугаар захирамжаар тус шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ... тоот шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ... дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 96 тоот тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичигджээ. /1 дүгээр хавтас хэргийн 118-119 тал/

Дээрх шийдвэрт бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан боловч, талуудын хооронд  Ж.Ч-г “Т” ХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн томилсон  эсэх, ... шийдвэр бүрэн биелэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон нь үндэслэлтэй  эсэх  талаар  маргаан  үүсч, улмаар зохигчид шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэж, тухайн хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар Ж.Чгийн нэхэмжлэлтэй, “Т” ХК-нд холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор, менежментийн шагнал, урамшуулал гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл нөхөн төлүүлэх тухай  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж байсан байх ба тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03391 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн болно. /1 дүгээр хавтас хэргийн 118-1127, 212, 250 тал/   

Тодруулбал: Нэхэмжлэгч Ж.Ч нь хариуцагч “Т” ХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулал гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх  нэхэмжлэлийг тус шүүхэд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргаж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 537 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. /1 дүгээр хавтас хэргийн 19, 24 тал/ 

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Т” ХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, шийдвэр гүйцэтгэгч Д.О нарт холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн болохыг тогтоолгох, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна. /1 дүгээр хавтас хэргийн 43, 45, 76, 175-188 тал/ 

... “Т” ХК-ийн дээрх нэхэмжлэлд Дүүргийн иргэний анхан шатны шүүхийн  шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2305 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор тус шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 27011 дүгээр захирамжаар Ж.Чгийн нэхэмжэлтэй, “Т” ХК-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. /1 дүгээр хавтас хэргийн 190, 192, 194-199, 202-210 тал/

Мөн Ж.Ч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан тус албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай“ тогтоолыг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байжээ. /1 дүгээр хавтас хэргийн 213-216 тал/ 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн .. дугаар шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон шийдвэр гүйцэтгэгч Д.Оюунцэцэг нарт холбогдох шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн болохыг тогтоолгох, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох тухай “Т” ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давах болон хяналтын журмаар гомдол гаргажээ. /1 дүгээр хавтас хэргийн 237-249 тал/

... Монгол Улсын Дээд Шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 00403 дугаар тогтоолоор “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7917 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 210 дугаар магадлалийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 19-ний  өдрийн 1651 дүгээр шийдвэрийг биелүүлэхээр гүйцэтгэсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон шийдвэр гүйцэтэгчийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлээс “Т” ХК-ийн ТУЗ-ын дарга Л.Буянбат нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлснийг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор ... өөрчлөлт оруулан шийдвэрлэжээ. /1 дүгээр хавтас хэргийн 225-249 тал/

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01079 шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн. /1 дүгээр хавтас хэргийн 213-225 тал/

 Дээрх шийдвэрт хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т” ХК давах болон хяналтын журмаар гомдол гаргасныг хянан хэлэлцээд, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2017/00222 дугаар тогтоолоор “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/01079  дүгээр  шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 56 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /1 дүгээр хавтас хэргийн 213-224 тал/ 

Улсын дээд шүүхийн дээрх тогтоолд ... “Т” ХК нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1488 тоот шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1144 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 10-нй өдрийн 96 тоот тогтоолд заасан мөнгөн төлбөрийг төлж барагдуулсан боловч, нэхэмжлэгч Ж.Чгийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрийг бодитойгоор биелүүлээгүй байна ...” гэж дүгнэжээ. /1 дүгээр хавтас хэргийн 222-224 тал/

Иймд хариуцагч тал буюу ажил олгогч “Т” ХК нь нэхэмжлэгчийг гүйцэтгэх захирлын ажилд нь эгүүлэн аваагүй, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь зохигчдын гаргасан тайлбар, хэргийн үйл баримтаар бүрэн нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс ажилд тогтоох хүртэлх хугацааны цалин хөлсийг шаардах эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар “ажил олгогч нь ажилтныг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилд нь эгүүлэн авах үүрэгтэй” бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлсэн талаараа хариуцагч шүүхэд баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн авсан тогтоол, шийдвэр  гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч  дахин шүүхэд  нэхэмжлэл гаргаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй.

Өөрөөр хэлбэл хуулийн дээрх заалтуудыг биелүүлээгүй бол түүнээс гарах үр дагаврыг хариуцагч “Т” ХК хариуцах учиртай бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан “ажилгүй байсан бүх хугацаа ...” гэдэгт ажилтныг үндэслэлгүйгээр халснаас хойш түүнийг ажилд эгүүлэн авах хүртэлх хугацааг ойлгоно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан, нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарна.

Хариуцагч “Т” ХК нь нэхэмжлэгч Ж.Чг ажилд нь эгүүлэн аваагүйн улмаас түүний эрх зөрчигдсөн гэж үзэх ба тэрээр 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасантай нийцэж байх тул “хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх” хариуцагч “Т” ХК-ийн тайлбар, татгалзал үндэслэлгүй болно.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолд нэхэмжлэгч Ж.Чгийн сарын дундаж цалинг 300 000 төгрөг гэж тодорхойлсон хэдий ч “Т” ХК-ийн ерөнхий захирлын 2009 оны 03 сарын 23-ны өдрийн 07 тоот тушаалаар гүйцэтгэх удирдлагын сарын дундаж цалин орлогын хэмжээг 500 000 төгрөг гэж тогтоосон байх тул /2 дугаар хавтас хэргийн 58-59 тал/ нэхэмжлэгчийн сарын дундаж цалин хөлсийг 500 000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2010 оны 10 дугаар сарын 06-наас хойш ажилд аваагүй болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 21-нийг хүртэл буюу шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар /2048 хоног х 23 255 төгрөг/ 47 626 240 төгрөг байхаар тооцов.

Харин нэхэмжлэгч Ж.Ч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцохдоо 21,5 хоногоор бус 30 хоногоор тооцож 44 233 333 төгрөг гэж тайлбарлаж байгаа болно. /2 дугаар хавтас хэргийн 89 тал/

Шүүх нэхэмжлэгчийн тооцооллыг дээрх журамд нийцүүлэн зөвтгөж 47 626 240 төгрөг гэж тооцож, хариуцагч “Т” ХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт нийт 47 626 240 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ч олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч нь дээрх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүрэгтэй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь заалтаар тус тус зохицуулсан.

Харин Ж.Ч-гийн нэхэмжлэлийн шаардлагаас менежементийн шагнал урамшуулал гэх 168 418 800 төгрөг гаргуулах тухай шаардлага нь тухайн компани бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудал байх “Т” ХК-д хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Учир нь хэрэгт баримтаар гүйцэтгэх захиралтай байгуулсан хөдөлмөр, менежментийн гэрээ авагдсан байх ба гэрээний 3 дугаар зүйлээр зохигчид хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал олгох талаар тохиролцжээ. /1 дүгээр хавтас хэргийн 81-83 тал/

Иймд нэхэмжлэгч Ж.Ч-гийн нэхэмжлэлтэй “Т” ХК-иас менежементийн шагнал, урамшуулалд 168 418 800 төгрөг гаргуулах тухай хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн дээрх гомдлын шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарч байгаа, гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

Иймд нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 389 614 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, Ж.Ч-д буцаан олгох нь зүйтэй. /1 дүгээр хавтас хэргийн 3, 79, 101 тал, 2 хавтас хэргийн хэргийн 3, 47 тал/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гаргаж өгсөн “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны  2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 3/622 тоот хариу мэдэгдэх хуудсыг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гарган өгсөн гэх” үндэслэлээр нотлох баримтаас хасуулна гэх тайлбарыг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна. /2 дугаар хавтас хэргийн 88 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-т заасан журмын дагуу 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг “Т” ХК-ийн өмгөөлөгч Д.Нямдоржид 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /2 дугаар хавтас хэргийн  87 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “Т” ХК-иас 47 626 240 /дөчин долоон сая зургаан зуун хорин зургаан мянга хоёр зуун дөчин/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ч-д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар “Т” ХК нь Ж.Ч-гийн дээрх олговроос зохих суутгалыг хийж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар Ж.Ч-гийн нэхэмжлэлтэй, “Т” ХК-д холбогдох менежементийн урамшуулал болох 168 418 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ч-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 389 614 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж Ж.Ч-д буцаан олгосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “Т” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нөхөн 396 081 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ                           Ж.ЦЭНГЭЛ