Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2022/0651

 

 

 

 

 

 

                      “З.М” ХХК-ийн

  нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г,

Нэхэмжлэгч: “З.М” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар,

Нэхэмжлэлийн шаардлага: “ “З.М” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/21 дүгээр албан бичгээр болон 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05/22 дугаар албан бичгээр гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль, журамд нийцүүлэн хүлээн авч шийдвэрлэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 567 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2021/0868/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “З.М” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан“З.М” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/21 дугаар албан бичгээр болон 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05/22 дугаар албан бичгээр гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль, журамд нийцүүлэн хүлээн авч шийдвэрлэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 567 дугаар шийдвэрээр: “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “З.М” ХХК-ийн “З.М” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/21 дүгээр албан бичгээр болон 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05/22 дугаар албан бичгээр гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль, журамд нийцүүлэн хүлээн авч шийдвэрлэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. “З.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 0567 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлүүдээр энэхүү гомдлыг гаргаж байна.

            3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 121.1.2-т “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, эсхүл бүхэлд нь хангах”, 121.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж тус тус заасан. Уг хуулийн зохицуулалтуудын дагуу анхан шатны шүүх 567 дугаар шийдвэрийг гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасан үндэслэлүүдийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах үндэслэлтэй.

            3.3. Анхан шатны шүүхийн 0567 дугаар шийдвэрийн Үндэслэл хэсэгт “... Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/21 дүгээр албан бичгээр гаргасан хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/5517 дугаар албан бичгээр ... хариу өгсөн болох нь тогтоогдсон, уг албан бичгийн хууль зүйн үндэслэлийн талаар хэргийн оролцогчид маргаагүй” гэжээ. “З.М” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-013670 тоот тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байхад Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсанаар ойн сав, ус, усны эх бүхий газрын хилийн цэстэй бүхэлдээ давхацсан болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбай хил заагийг тогтоох тухай” 300 дугаар тогтоол гарсантай холбоотой тус тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь төрийн мэдэлд авч, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн зураг зүйн мэдээллийн системд бүртгэсэнтэй холбоотой үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан хэргийн оролцогчид хэн аль нь маргадаггүй. Түүнчлэн Ашигт малтмалын газрын Геологийн албаны даргын “З.М” ХХК-д хүргүүлсэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 4-6422 тоот, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Н.Бын 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 8/386 тоот, Ашигт малтмалын газрын Геологийн албаны даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 4-2944 тоот албан бичгээр “танай XV-013670 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажлын төлөвлөгөө батлах боломжгүй” гэж тус тус мэдэгдэж, харин тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулан төрийн захиргааны байгууллагаас өгсөн үүргийн дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг жил бүр тогтмол төлж ирсэн.

            3.4. Манай компани нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нөхөх олговрыг мөнгөн дүнгээр олгуулах болон талбай дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхтэй холбоотой аль нэг шийдвэрийг гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан. “З.М” ХХК-ийн хайгуулын ажилд зарцуулсан 4,443,985,400 төгрөгийн санхүүгийн баримттай хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас маргадаггүй хэдий ч уг нөхөх олговрыг мөнгөн дүнгээр гаргуулах хүсэлтийг шат бүрд нь гаргасан манай компанийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхээс татгалзаж ирсэн бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Н-ын 03/3494 дүгээр албан бичигт манай компанийн нөхөн олговор авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д дурдсаны дагуу манай компанид өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой талаар мэдэгдэж ирсэн. Энэ дагуу 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тус тус хандаж, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д зааснаар нөхөх олговрын асуудлыг талбай дүйцүүлэн олгох замаар шийдвэрлүүлэх тухай өргөдөл хүсэлтүүдээ гаргасан.

            3.5. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбарын Тайлбар хэсгийн 2-т “Энэ заалтын “тусгай зөвшөөрөл олгож болно” гэснийг нөхөх олговрын зориулалтаар талбай олгох эсэх нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан “сонгох боломж” бөгөөд Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах эрхтэй, Засгийн газраас шийдвэр гаргасан тохиолдолд тухайн шийдвэрийг үндэслэн геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал эрхэлсэн нэгжийн даргын шийдвэрээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг ойлгоно” гэж, 3-д “Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан үндэслэлээр улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд нөхөх олговорт энэ зүйлд заасан талбай олгох талаар Засгийн газрын шийдвэр гараагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөх олговрыг мөнгөн дүнгээр тооцуулах хэлбэрээр авах боломжийг өөрт хадгалагдсан гэж ойлгоно” гэж тус тус тайлбарласан.

            3.6. Манай компанийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/21 дүгээр албан бичгээр “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт уламжилж өгнө үү” гэсэн хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт хандан гаргасан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/5517 дугаар албан бичгээр “танай компанийн Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/21 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр эцэслэн гарснаар нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх болохыг мэдэгдье” гэсэн хариуг өгсөн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30 ний өдрийн 224 дүгээр магадлалын Хянавал хэсгийн 6-д “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан боловч хариуцагч нь 2/5517 дугаар албан бичгээр нөхөх олговрын талаар шүүхэд хандсантай холбоотой хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд үүнийг тухайн хүсэлтийг үндэслэлтэй эсэхийг шийдвэрлээд татгалзсан хариу өгсөн гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн бөгөөд уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

            3.7. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан. Дээрхээс үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/5517 дугаар албан бичгээр “шүүхийн шийдвэр эцэслэн гарснаар нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх болохыг мэдэгдье” гэсэн хариуг өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эс үйлдэхүйн үндэслэлд хамаарах бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар “тухайн хүсэлтийг үндэслэлтэй эсэхийг шийдвэрлээд татгалзсан хариу өгсөн гэж үзэхээргүй байна” гэж үндэслэлтэй дүгнэсэн. Манай компанийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/5517 дугаар албан бичгээр өгсөн хариу нь эс үйлдэхүйн шинжийг агуулж байгаа тул эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан хэдий ч “уг албан бичгийн хууль зүйн үндэслэлийн талаар хэргийн оролцогчид маргаагүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй.

            3.8. Мөн шүүхийн шийдвэрт “... нэхэмжлэгчээс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05/22 дугаар албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандаж гаргасан хүсэлтийг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ХЭГ/724 дүгээр албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёд шилжүүлсэн нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1, 2-т заасантай нийцсэн, нөгөө талаар нэхэмжлэгч нь уг хүсэлтээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандаж гаргасан атлаа Ашигт малтмал, газрын тосны газрыг “хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, энэ нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй биш гэж шүүх дүгнэв” гэжээ.

          3.9. Манай компанийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05/22 дугаар албан бичгээр Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Н-д хандан “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасан бүрэн эрх нь Засгийн газарт олгогдсон байх тул харьяаллын дагуу манай компаниас гаргаж байгаа “Нөхөх олговор авах асуудал”-ыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр гаргаж байгаа энэхүү хүсэлтийг хүлээн авч, зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёд хүргүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” ХЭГ/729 дүгээр албан бичгээр “Булган аймгийн Сэлэнгэ, Бугат сумдад геологи, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Занадукоппер монголиа” ХХК-ийн хүсэлтийг танд хүргүүлж байна. Хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан үзэж, хариу өгөхийг үүгээр мэдэгдэж байна” гэсэн агуулгаар хариу өгөхөөр хүсэлтийг уламжилсан. Улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 01/1031 дүгээр албан бичгээр “Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ыг баталсан. Уг журмын 4.1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргах бөгөөд түүнд дараах бичиг баримтыг хавсаргана” гэж заасан. Журмын 4.2 дахь хэсэгт “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр тодорхой заасан. Иймд холбогдох журмын хүрээнд ажиллаж, холбогдох хариуг түүгээр хүргүүлнэ үү” гэж дурдан “З.М” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05/22 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлүүлэхээр Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 01/1031 дугаартай албан бичгийг хавсралтын хамтаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, бүртгэсэн болох нь хариуцагчаас хэрэгт гаргаж өгсөн ирсэн бичгийн хэвлэх хуудаст тодорхой дурдагджээ.

            3.10. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан албан тушаалтан дараах байдлаар хянан үзнэ”, 13 дугаар зүйлийн 2-т “өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй бөгөөд албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргаагүй өргөдөл, гомдлыг харьяалах газар нь 3 хоногийн дотор шилжүүлнэ” гэж заасан. Дээрхээс үзэхэд манай компанийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05/22 дугаартай албан бичгээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Н-д хандан “Нөхөх олговор авах асуудал”-ыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг эцсийн байдлаар Ашигт малтмал, газрын тосны газраас шийдвэрлэж, хариу өгөх үүргийг хүлээсэн байна. Гэтэл анхан шатны шүүхээс “... Ашигт малтмал, газрын тосны газрыг “хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, энэ нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй биш ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

            3.11. Эцэст нь анхан шатны шүүхээс “Энэ хэргийн тухайд нэхэмжлэгч компанийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/21 дүгээр албан бичгээр гаргасан хүсэлтэд хариуцагч захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газар 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2/5517 дугаар албан бичгээр, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05/22 дугаар хүсэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ХЭГ/724 дүгээр албан бичгээр Уул уурхай, хунд үйлдвэрийн сайдад шилжүүлснийг үндэслэлтэй, хууль бус эс үйлдэхүй гэж үзэхгүй гэж шийдвэрлэсэн, эдгээр албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул шүүх хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт дээр дурдсан хүсэлтүүдийг “хууль, журамд нийцүүлэн хүлээн авч шийдвэрлэх”-ийг даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй” гэж дүгнэжээ.

            3.12. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, 16 дугаар зүйлийн 12-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж тус тус заасан. Уг хуулийн зохицуулалтуудын дагуу иргэн, хуулийн этгээдээс гаргасан хүсэлтийг хууль, тогтоомжийн дагуу хуулийн хугацаанд шийдвэрлэх үүргийг төрийн байгууллага, албан тушаалтан хүлээсэн байх ба 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05/22 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөх үүргийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн хүлээсэн Ашигт малтмал, газрын тосны газраас энэ хугацаанд уг өргөдөл, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар болон хуульд заасны дагуу хугацаа сунгасан талаар огт мэдэгдээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

            3.13. Манай компанийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан талаар, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүйтэй хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас маргаагүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасны дагуу “эс үйлдэхүй” гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хариуцагчийн үйлдлийг анхан шатны шүүхээс зөвтгөж байгаад нь гомдолтой байна. Нөгөөтээгүүр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэх үндэслэлээр төрийн захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан өргөдөл, гомдлыг хянаж, шийдвэрлэхгүй орхигдуулах, хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй байгааг шүүхийн хяналтаас гадуур байлгах, нэхэмжлэгч тухайн асуудалтай маргах ёсгүй буюу зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхэд хязгаарлалт тогтоох нь хуульд нийцэхгүй.

            3.14. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 0567 дугаар шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            4. Хариуцагчаас гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. “З.М” ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 10/21 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан “...нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй тохиролцон, тусгай зөвшөөрлийн талбай дүйцүүлэн олгох тухай энэхүү хүсэлтийг гаргаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч, манай компанийн нөхөн олговор авах тухай хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д зааснаар шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт уламжилж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлт гаргасан, үүний хариуд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2/5517 дугаар албан бичгээр “...Танай компанийн хүсэлтэд дурдсан нөхөн олговрын асуудал төсөвт суугдаагүй, хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл ирүүлээгүй байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2/4286 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12, 9 дүгээр зүйлийн 9.1.13-д зааснаар нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харилцан тохиролцож дүйцүүлэн өөр талбайд тусгай зөвшөөрөл олгох замаар шийдвэрлэж болохоор хуульчилсан хэдий ч танай компанийн нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймд танай 10/21 тоотоор ирүүлсэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр эцэслэн гарснаар нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх болохыг мэдэгдье” гэх хариуг өгсөн,

            “З.М” ХХК-иас 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05/22 дугаар албан бичгээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Н-д хандан “...“Нөхөн олговор авах асуудал”-ыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр гаргаж байгаа энэхүү хүсэлтийг хүлээн авч, зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасан, улмаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ХЭГ/724 дүгээр албан бичгээр уг хүсэлтийг шийдвэрлүүлэхээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад шилжүүлсэн, талууд эдгээр үйл баримтыг үгүйсгэж маргаагүй.

           3.2. Шүүх гагцхүү нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэимжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргахгүй.

            3.3. Нэхэмжлэгч “З.М” ХХК нь “З.М” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/21 дүгээр албан бичгээр болон 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05/22 дугаар албан бичгээр гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль, журамд нийцүүлэн хүлээн авч шийдвэрлэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсон тул шүүх өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй байгаа эсэх, уг хүсэлтүүдийг хууль, журамд нийцүүлэн хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийсэн. 

            3.4. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-д зааснаар өргөдөл, гомдол нь тухайн байгууллага, албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах болон албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргасан эсэхийг тогтоож, 2-т зааснаар өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй бөгөөд албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргаагүй өргөдөл, гомдлыг харьяалах газар нь З хоногийн дотор шилжүүлэхээр, 15 дугаар зүйлийн 1-д зааснаар өргөдөлд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой бол зохих шийдвэрийг гаргахаар, 3-д зааснаар гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхээр, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэхээр тус тус хуульчилсан.

            3.5. Талуудын тайлбар, нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрөл бүхий талбай нь ойн сав, ус, усны эх бүхий газрын хилийн цэстэй давхцалтай болсны улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсонтой холбогдуулан нөхөх олговор авах асуудлаар тасралтгүй маргаж байгаа, хариуцагч болон бусад захиргааны байгууллагуудаас энэ асуудлаар хариу өгч байсан зэрэг үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

            3.6. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар “Эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох бөгөөд нэхэмжлэгчээс шүүхэд хандсаны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 10/21 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандсаны хариуд хариуцагчаас нэгэнт хэрэг маргаан шүүхээр хянагдаж байгаа гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр эцэслэн гарснаар нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх болохыг мэдэгдсэнийг шууд буруутгаж, үүнийг эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй. Мөн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05/22 дугаар албан бичгийн хувьд  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад хандан гаргасан хүсэлтийг тухайн салбар хариуцсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад шилжүүлснээр ажиллагаа хийгдэж хариуцагч байгууллагаас тухайн асуудлаар Сангийн яамруу хандаж шаардлагатай арга хэмжээг авч байгаагаас дүгнэхэд нэхэмжлэгч талын хүсэлт эцэслэн шийдвэрлэгдээгүй байх бөгөөд  хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.

            3.7. Түүнчлэн нэхэмжлэгчийн өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг хариуцагч шууд дангаар шийдвэрлэх хууль, эрх зүйн орчин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хийсэн “... тухайн хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа, шийдвэрлэх боломжтой...” гэх тайлбар зэргээс үзвэл  нэхэмжлэгчийн нөхөх олговор авах эсэх асуудлыг шийдвэрлэх эрх нь одоог хүртэл хариуцагч байгууллагад хадгалагдаж байгаа, шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон эсэхээс үл хамааран нэхэмжлэгчийн уг асуудлаар маргах эрхийг үүгээр хязгаарлахгүй. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас нэхэмжлэгч компанийн хүсэлтийг хэрхэн эцэслэн шийдвэрлэсэнтэй холбогдуулж тус компани дахин маргах эрхтэй бөгөөд уг хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь шүүхийн хяналтаас гадуур байх тохиолдолд хамаарахгүй.

            3.8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 224 дүгээр магадлалд “... хариуцагч нь 2/5517 дугаар албан бичгээр нөхөх олговрын талаар шүүхэд хандсантай холбоотой хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд үүнийг тухайн хүсэлтийг үндэслэлтэй эсэхийг шийдвэрлээд татгалзсан хариу өгсөн гэж үзэхээргүй” гэх дүгнэлтийг хийсэн нь “... өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”-той холбоотой маргаанд дүгнэлт хийсэн гэж үзэхгүй бөгөөд талуудаас өмнө нь үүнтэй холбоотой асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаж байгаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

4. Иймд уг маргааны хувьд хариуцагч өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан гэх нөхцөл байдал бий болоогүй, хариуцагч өөр боломжит байдлаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй гэж маргаагүй, шийдвэрлэхээр холбогдох ажиллагаа явуулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

5. Шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсэгт Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг үндэслэл болгохдоо “... байгууллага” гэсний ард таслал орхигдуулсныг анхан шатны шүүх  анхаарах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 567 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “З.М” ХХК-ийн төлөөлөгч Л.Гын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН   

ШҮҮГЧ                                                              А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                              Н.ДОЛГОРСҮРЭН