Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0525/З |
Дугаар | 610 |
Огноо | 2018-10-02 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 610
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Ж******” ХХК
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Ж******” ХХК-ийн эзэмшиж байсан ******* аймгийн С******* сумын Т*******ын энгэрт байрлах 400 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу 400 га газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах шийдвэрээ гаргахыг Засгийн газарт даалгуулах,
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай” 140 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 154 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан ******* аймгийн С******* сумын Х*******ийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын зориулалттай 12084.9 га газраас “Ж******” ХХК-ийн эзэмшил 400 га газартай холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар түдгэлзүүлэх”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т*******, хариуцагч Монгол улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ж******” ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн зарим шаардлагаа багасгаж, зарим нэхэмжлэлийн
шаардлагаа нэмэгдүүлж, тодруулахдаа:
“Ж******” ХХК-ийн эзэмшиж байсан ******* аймгийн С******* сумын Т*******ын энгэрт байрлах 400 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу 400 га газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах шийдвэрээ гаргахыг Засгийн газарт даалгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай” 140 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 154 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан ******* аймгийн С******* сумын Х*******ийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын зориулалттай 12084.9 га газраас “Ж******” ХХК-ийн эзэмшил 400 га газартай давхцалтай хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар түдгэлзүүлэх” болгож өөрчилж, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан учирсан хохирлын хэмжээтэй тэнцүү 955,533,000.0 төгрөгийн нөхөн олговрыг олгохыг Засгийн газар, Сангийн яаманд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Нэхэмжлэгч “Ж******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ж******” ХХК ******* аймгийн С******* сумын 4 дүгээр багт газар эзэмших хүсэлт гаргасан. Энэ газрын зориулалт нь Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж Монгол улсаа сурталчлах, улсын соёл урлагийг таниулах зорилгоор Засгийн газраас Чингис хааны морьт баатруудын үзүүлбэр, тоглолт зохион байгуулах хүсэлтийн дагуу ******* аймгийн С******* сумын Засаг дарга 2005 оны 12 дугаар сарын 11-нд 400 га газар эзэмшүүлэх шийдвэр гарсан. “Ж******” ХХК-д үзүүлэхээр зохион байгуулах үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл Засгийн газраас 2010 онд 140 дүгээр тогтоол гарч уг газрыг шинэ онгоцны буудал барихаар улсын тусгай хэрэгцээнд авсан.
Иймээс нэхэмжлэгчээс тухайн үед газар шилжүүлэх төлбөр авах асуудлаа шийдвэрлүүлэх эсэхээ тодорхой болгохоор 2013 оноос эхлэн нөхөн олговор олгох саналыг Засгийн газрын харьяа байгууллагад гаргасан боловч саналыг хүлээж аваагүй атлаа нэхэмжлэгч “Ж******” ХХК зориулалтын дагуу газраа ашиглаагүй болох нь тогтоогдсон гэж тайлбар хийж байсан. Гэтэл тухайн газрын үйл ажиллагаа зогссон шалтгаан нь улсын тусгай хэрэгцээнд авснаас үүдэлтэй. Уг нөхцөл байдалтай холбогдуулж манайхаас удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байсан.
Мөн манай газрыг Иргэний нисэхийн газартай давхцалтай гэж тайлбар хийдэг бөгөөд үүний дагуу шалгаж үзэхэд 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 108 дугаар захирамжаар 1200 га газрыг эзэмшүүлж үүний дараагаар 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар 100 га газрыг өөр компанид шилжүүлсэн байдаг. Үүний дагуу ******* аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг гаргах үед улсын тусгай хэрэгцээнд авсан байсан учраас Иргэний нисэхийн ерөнхий газарт эзэмшүүлсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох асуудлаар хандаж байсан. Мөн хариуцагч нь “Ж******” ХХК-ийн газар эзэмших эрх нь анхнаасаа хууль бус гэж тайлбар хэлдэг. Гэхдээ үүнийг анхан шатны шүүхээр хэлэлцэх асуудал биш бөгөөд ******* аймгийн шүүхэд гаргасан тайлбартаа газрыг давхардуулан олгосон гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
Мөн хариуцагч нь манай газрыг улсын тусгай хэрэгцээнд авахдаа Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байгаа. Тухайлбал Газрын тухай хуулийн 16, 18 дугаар зүйлд Газрын харилцааны талаарх болон Засгийн газрын бүрэн эрхийг тогтоож өгсөн бөгөөд тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т “..энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх” гэж заасны дагуу Засгийн газар нь улсын тусгай хэрэгцээнд авах эрхтэй байгаа. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “...улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох” гэж тодорхой заасан байгаа.
Мөн Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “...Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана” гэж заасан байгаа.
Дээрхээс үзвэл процессын ажиллагаа хийж Улсын тусгай хэрэгцээнд авахдаа нөхөн олговор олгох ёстой бөгөөд Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу тохиролцоо хийгээгүй. Нэгэнт захиргааны байгууллагаас дээрх ажиллагааг хийгээгүй учраас Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 140, 154 дүгээр тогтоолоор тус тус нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 400 га газрыг тусгай хэрэгцээнд авсан нь Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасныг зөрчсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Ж******” ХХК-ийн өмгөөлөгч Д.Т******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар “...Засгийн газрын 140, 154 тогтоолын “Ж******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Ж******” ХХК-ийн газрыг газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж Улсын тусгай хэрэгцээнд авсан шийдвэрийг Засгийн газар гаргасан. 400 га газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах шийдвэрийг Засгийн газраар гаргуулж өгнө үү гэж тодорхой нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Мөн хариуцагчийн гаргаж байгаа тайлбараар уг тогтоол нь хууль зөрчөөгүй гэж байгаа. Үүнийг хууль зөрчсөн болохыг нэхэмжлэлийн шаардлагаараа гаргаж байгаа. Хуульд заасан журмыг зөрчиж Засгийн газар тогтоол гаргасан нь хууль бус юм. Мөн улсын бүртгэлд нэхэмжлэгчийн газар 400 га хэмжээгээрээ байгаа гэсэн бүртгэл одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. Хавтаст хэргийн 153, 154 дүгээр хуудаст Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраас газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан 400 га газар өөрчлөгдөөгүй. 400 газрыг 196 га газар болгон багасгаж өөрчилсөн байсан учраас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Түүнтэй холбоотой нотлох баримтууд ******* аймгийн Засаг даргын Засаг даргын тамгын газар, С******* сумын газрын албанаас нотлох баримт авсан. Үүнээс үзвэл эзэмшиж байгаа газрын хэмжээ 400 га газар хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл газрын хэмжээний хувьд маргаан байхгүй.
Иргэний нисэхийн ерөнхий газартай холбоотойгоор 196 га газрын эзэмшилтэй холбоотой хэргийг ******* аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хууль бус болохыг тогтоосон. Засгийн газрын 140, 154 дүгээр тогтоол гарснаар “Ж******” ХХК үйл ажиллаагаа явуулах боломжгүй болсон. Засгийн газар процесс зөрчсөн, тухайн үед мөрдөгдөж байсан газрын тухай хуулийн үндэслэлгүйгээр газрыг Улсын тусгай хэрэгцээнд авсан нь хууль бус байна. Гэхдээ Засгийн газрын тогтоолууд нь нэгэнт хэрэгжсэн, тогтоолын үйлчлэл нь нийтийн эрх ашигт нийцсэн тул тогтолуудын холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагагүй, иймд нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар түдгэлзүүлж өгнө үү гэж өөрчилж байна” гэжээ.
Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М*******гаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлээ:
“1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “... Монгол Улсын Засгийн газар нь хуулиар тогтоосон шаардлага, журмыг зөрчин манай компанийн эзэмшил газрыг тусгай хэрэгцээнд авсан нь ...” гэсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын 2-т “Тусгай хэрэгцээнд авсан дээрх газарт иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд солих, эргүүлэн авахад шаардлагатай хөрөнгийн талаар холбогдох судалгаа хийж, тооцоо гарган дүнг танилцуулахыг даалгасан” гэж байгаагаар үгүйсгэгдэж байгаа төдийгүй харин ч Засгийн газраас судалгаа, тооцоо хийж танилцуулахыг даалгасан байгаа нь Газрын тухай хуулийн дагуу Засгийн газар шийдвэрээ гаргасныг нотолж байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “ ... “Ж******” ХХК-ийн эзэмших газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэж Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол, 2016 оны “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 154 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасантай нийцэхгүй байна.
3. “Ж******” ХХК нь ******* аймгийн С******* сумын Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142 дугаар захирамжаар 400 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 40 жилийн хугацаанд эзэмших эрхээр авсан гэсэн боловч өнөөг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн зөрчлийг гаргасан байна.
4. “Ж******” ХХК нь ******* аймгийн С******* сумын Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142 дугаар захирамжаар 400 га газрыг “дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт”-гүй эзэмшилдээ авсан нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-д заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн “Ж******” ХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилсөн. Иймээс
сүүлийн байдлаар 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 18/30 эрхийн гэрчилгээнд үндэслэн тайлбар хийсэн. Уг тайлбараа гаргая. Засгийн газрын хувьд 140, 154 дүгээр тогтоолыг гаргасан. 140 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт “...тусгай хэрэгцээнд авсан дээрх газарт иргэн, хуулийн этгээдийн эзэмших, ашиглах, өмчилж байгаа эсэх, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд солих, эргүүлэн авахад шаардлагатай холбогдох судалгаа хийж, тооцоо дүнг гаргахыг Зам тээврийн Сайд, Сангийн Сайдад даалгасан.
Мөн 154 дүгээр тогтоолын 2-т “...солбицол бүхий газарт иргэн, хуулийн этгээд газар эзэмшиж, өмчилж, байгаа эсэхийг, давхцлыг арилгаж ажиллахыг Зам тээврийн сайд, сангийн сайд, геологи уул уурхайн газарт үүрэг, даалгавар өгсөн”. Үүнээс үзвэл Засгийн газар Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж ойлгож байна. Иймээс Засгийн газрын тогтоол нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь газраа хоёр жил дараалан ашиглаагүй, ******* аймгийн С******* сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 19-ны 142 дугаар захирамжаар “Ж******” ХХК-д газар олгосон гэдэг боловч Барилга, хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг гарч ******* аймгийн С******* сумын Засаг даргын 2013 оны 58 дугаар захирамж “Ж******” ХХК-ийн газар эзэмших эрх хүчингүй болгож Кадастрын мэдээллийн сангаас хасагдан гэдгийг гаргаж ирсэн бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, Засгийн газрын тогтоолуудыг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “Ж******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсанаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Ж******” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Д.Ш тус шүүхэд хандаж “...Зам тээвэр хөгжлийн сайд, Сангийн сайд, Барилга хот байгуулалтын сайд нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.3, 43 дугаар зүйл, Засгийн газрын 140, 154 дүгээр тогтоолын дагуу нөхөн олговор олгохыг даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дээрхи шаардлагаа өөрчилснөөр “Ж******” ХХК-ийн эзэмшиж байгаа 400 га газрыг ... нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын сайдад даалгуулах, ... нөхөх олговрыг Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасны дагуу улсын төсвөөс ******* аймгийн Засаг даргын мэдэлд шилжүүлсэн шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газар, Сангийн сайдад даалгуулах” гэж өөрчлөн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай” 140 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай” 154 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан ******* аймгийн С******* сумын Х*******ийн хөндийд байрлах “Олон улсын нисэх буудал”-ын зориулалттай 12084.9 га газраас “Ж******” ХХК-ийн эзэмшил газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хамгийн сүүлд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Ж****** ХХК-ийн эзэмшиж байсан ******* аймгийн С******* сумын Т*******ын энгэрт байрлах 400 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулж Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу 400 га газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах шийдвэрээ гаргахыг Засгийн газарт даалгуулах”-аар нэмэгдүүлж Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай” 140 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай” 154 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан ******* аймгийн С******* сумын Х*******ийн хөндийд байрлах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын зориулалттай 12084.9 га газраас “Ж******” ХХК-ийн эзэмшил 400 га газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулан “Газрыг тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулж учирсан хохирлын хэмжээтэй тэнцүү 955,533,000 төгрөгийн нөхөн олговрыг олгохыг Засгийн газар, Сангийн яаманд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.
Түүнчлэн нэхэмжлэгчээс уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай” 140 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай” 154 дүгээр тогтоолууд нь нэгэнт хэрэгжсэн тул Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай” 140 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай” 154 дүгээр тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар түдгэлзүүлж өгнө үү” гэж өөрчилжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэлээ “... Газрын тухай хуульд заасныг зөрчиж гарсан хэдий ч маргаан бүхий захиргааны акт болох Засгийн газрын тогтоолуудын үйлчлэл нь нийтийн эрх ашигт чиглэгдэж байгаа учраас хүчингүй болгох шаардлагагүй...харин 400 га газрын хууль ёсны эзэмшигчид нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах шийдвэр гаргах асуудлыг Засгийн газар нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр өөрөө шийдвэрлэх боломжтой” гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна
Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд газрын нэгдмэл сангийн ангилалд тусгай хэрэгцээний газрыг хамааруулахаар заасан ба хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна, Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна” гээд 16.1.13-д “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар”-ыг багтаан оруулжээ..
Түүнчлэн уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д “газрын нэгдмэл сангийн аль ч ангиллын газраас тусгай хэрэгцээнд авч болно” гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т “энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх, 18.1.3-д улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох асуудал нь бүхэлдээ Засгийн газрын бүрэн эрх байхаар зохицуулжээ.
Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд “Гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах” харилцааг зохицуулахдаа 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно” гэж, 42.2-т “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана” гэж, 42.3-д “Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна”, 42.5-д “Бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авахтай холбогдон үүсэх маргааныг энэ хуулийн 60.1.1, 60.1.4-т заасны дагуу шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байна.
“Ж******” ХХК-д ******* аймгийн С******* сумын Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142 дугаар захирамжаар ******* аймгийн С******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Т*******ын энгэр” гэх газарт “Морьтон цэнгэлдэх хүрээлэн, аялал жуулчлал” зориулалтаар 400 га газрыг 40 жилийн хугацаатай эзэмших эрх олгогдсон, Сумын засаг даргын 2013 оны 58 дугаар захирамжаар тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хэдий ч уг захирамжид нэр оруулсан үйлдэл нь бичиг хэргийн ажилтны хариуцлагагүй, алдаатай үйлдэл болох талаар залруулж газар эзэмших эрх хүчин төгөлдөр байгаа болохыг тодорхойлсон, нэхэмжлэгч компани нь “аялал жуулчлалын байршилтай, цогцолбор м.кв талбайтай, Чингисийн Морьтон баатрууд байгууламж” үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* дугаарт бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр авсан үйл баримтууд тогтоогдов.
Хэрэгт авагдсан баримт болох Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын лавлагаа, зурган мэдээллээр Засгийн газрын 2010 оны 140 болон 2016 оны 154 дүгээр тогтоолоор тогтоосон тусгай хэрэгцээний газрын хилийн солбицлын аль алинд нь нэхэмжлэгч Ж****** ХХК-ийн эзэмшил 400 га газар бүхэлдээ хамаарч байх ба энэ талаар болон газрын хэмжээний талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.
Маргаан бүхий захиргааны акт болох Засгийн газрын 2010 оны “Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай” 140 дүгээр тогтоолд Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасныг үндэслэн 1 дэх заалтаар... ******* аймгийн С******* сумын Х*******ийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын нутаг дэвсгэрт орших 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг 1 дүгээр хавсралт ёсоор тогтоох, 2 дахь заалтаар тусгай хэрэгцээнд авсан дээрх газарт иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд солих, эргүүлэн авахад шаардлагатай хөрөнгийн талаар холбогдох судалгаа хийж тооцоо гарган дүнг ... Засгийн газарт танилцуулахыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт ... даалгажээ.
Түүнчлэн Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 154 дүгээр тогтоолоор Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасныг үндэслэн 1 дэх заалтаар Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Тусгай хэрэгцээний газрын хилийн заагийн 7 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай” гээд 2 дахь заалтаар энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан солбицол бүхий газарт иргэн, хуулийн этгээд газар өмчилж эзэмшиж ашиглаж байгаа эсэхийг судалж давхцлыг арилгах арга хэмжээ авахыг Зам тээврийн сайд, Барилга хот байгуулалтын сайдад, тусгай хэрэгцээнд авсан газрыг үндэсний орон зайн мэдээллийн санд бүртгэхийг Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргад тус тус даалгаж, энэ тогтоолын дагуу тусгай хэрэгцээнд авсан газарт иргэн, хуулийн этгээдэд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг ******* аймгийн Засаг даргад үүрэг болгосон байна.
Үүнээс үзвэл Засгийн газар нь тусгай хэрэгцээний газрын хилийн заагийг тогтоохдоо Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал болон газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан шийдвэр гаргахаар байхад эхлээд газрыг нь тусгай хэрэгцээнд хамааруулж авсны дараа газар эзэмшигчийн газрыг солих, эргүүлэн авах асуудлыг судалж шаардагдах хөрөнгийн талаар тооцоо дүнг танилцуулахыг холбогдох байгууллагуудад даалгасан нь хуулийн дээрхи заалттай зөрчилдөж байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай” 140 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай” 154 дүгээр тогтоолоор ******* аймгийн С******* сумын Х*******ийн хөндийд байрлах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын зориулалттай 12084.9 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.3-д заасан Засгийн газрын бүрэн эрхэд хамаарч байх боловч ийнхүү тусгай хэрэгцээнд авахаар шийдвэр гаргахдаа тодорхой процесс ажиллагааг хийх ёстой атал хийгээгүй нь уг тусгай хэрэгцээнд авсан газрын тодорхой хэсэг болох 400 га газрын эзэмшигч “Ж******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Ийнхүү Засгийн газар шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчиж тогтоол гаргасан байх хэдий ч уг тогтоолоор Олон улсын нисэх онгоцны буудал шинээр барих зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авсан нь нийтийн эрх ашигт нийцсэн эерэг үйлчлэлтэй захиргааны акт тул Засгийн газрын 2010 оны 140 болон 2016 оны 156 дугаар тогтоолуудын нэхэмжлэгчийн эзэмшлийн 400 га газартай холбогдох хэсгийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Маргаан бүхий актыг шүүхээс түдгэлзүүлсэн хугацаанд хариуцагч нь хуульд заасан журмын дагуу газар эзэмшигчтэй тохиролцон нөхөх олговортойгоор авах, эсхүл газрыг эргүүлэн олгох асуудлын талаар шийдвэр гаргах нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байх тул энэ үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 18 дугаар зүйлийн 18.1.2, 42 дугаар зүйлийн 42.2-т заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай” 140 дүгээр тогтоол болон 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай” 154 дүгээр тогтоолоор ******* аймгийн С******* сумын Х*******ийн хөндийд байрлах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын зориулалттай 12084.9 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн хэсгийн нэхэмжлэгч “Ж******” ХХК-ийн эзэмшлийн 400 га газартай холбогдох хэсгийг Засгийн газраас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд Засгийн газраас шинэ акт гаргаагүй бол Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай” 140 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай” 154 дүгээр тогтоолоор ******* аймгийн С******* сумын Х*******ийн хөндийд байрлах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын зориулалттай 12084.9 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн хэсгийн нэхэмжлэгч компанийн эзэмшлийн 400 га газартай холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч Засгийн газар нь Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан журмын дагуу шийдвэр гаргаж шүүхийн энэ шийдвэрийг биелүүлбэл зохино.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар
зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН