Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2017/00018/И |
Дугаар | 131 |
Огноо | 2017-03-29 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
******* ХХК-ийн Өмнөговь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчийн Б/190 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, Ё.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.******* миний бие *******ны Өмнөговь салбарт 2015 оны 02 сарын 11 ний өдрийн Б/10 тоот тушаалаар Өмнөговь салбарын ерөнхий нягтлан бодогчоор томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Өмнөговь салбарын захирлын 2015 оны 07 сарын 10 ний өдрийн Б/88 тоотоор тушаалаар салбарын ерөнхий нягтлан бодогчоор үндсэн ажилтнаар томилогдон хөдөлмөрийн нэмэлт гэрээг хугацаагүйгээр байгуулан ажилласан. Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 2016 оны 12 сарын 13 нийг дуустал ажиллах хугацаандаа үнэнч шударга, сахилгын шийтгэл, алдаа дутагдалгүй, хууль журмын хүрээнд ажлын байрны тодорхойлолтод заасан эрх, үүргийг сайн биелүүлж ажилласан. Гэтэл салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.******* ажлаа хүлээж аваад 5 хоноод 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр намайг өрөөндөө дуудаж, *******ны салбарын удирдлагууд хуралдаад ажлаас халсан тушаалыг чинь төв банк руу явуулсан хариу нь удахгүй ирнэ, өнөөдөртөө багтаад ажлаа хүлээлцээрэй гэж хэлсэн. Тэр өдрийн 16 цагт Б/190 тоот тушаал хянагдаж ирсэн байна гээд надад танилцуулаад тушаалд дурдагдсан ажлын комисс ажил хүлээлцсэн. Ч.Бат-Эрдэнийн 2016 оны 12 сарын 13 ний өдрийн Б/190 тушаалаар “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 , 40.1.5 дахь заалтыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлснийг хуулийн үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж байна. Миний бие уг тушаалыг үндэслэлгүйгээр гарсан гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 2016 оны 12 сарын 13 ний өдрийн Б/190 тоот тушаалыг хүчингүй болгон, *******ны Өмнөговь салбарын ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажилд эгүүлэн томилож өгнө үү. Би хоол унааны мөнгө нэхэмжлээгүй, үндсэн цалингаа буцаан авах хүсэлтэй байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-д заасны дагуу Ч.******* захирлын тушаалаар халагдсан байдаг. Монгол улсын Дээд шүүхийн зөвлөмжийн 2.8 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шинээр зохион байгуулагдсан буюу эрх үүргийг шилжүүлэн авсан ажил олгогч нь ажилтанаа ямар нэгэн байдлаар үндэслэлгүй ажлаас халах зүйл заалт байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2-т заасан заалтыг зөрчиж байна гэж бодож байна. Г.******* нь тухайн үед ******* ХХК-ийн Өмнөговь салбарын захирал байсан Мишигжаргалын тушаалаар ажилд орсон байдаг. Ажил олгогч нь *******ны Өмнөговь салбар юм. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр томилогдоод 2016 оны 12 дугаар сарын 13-нд Г.*******г ажлаас халсан байдаг. Улсын дээд шүүхийн зөвлөмж, Хөдөлмөрийн дотоод журмын 5.16.3-т зааснаар зөвлөлийн шийдвэр яаж гарсан нь эргэлзээтэй, шалгалтын удирдамж журам нь нууцын зэрэглэлд хамааралтай гэж хуульд заагаагүй байна. Журмынхаа дагуу шалгасан нь гэдэг нь эргэлзээтэй байна. Хяналт шалгалт хийж байгаа тохиолдолд зайлшгүй шалгагдаж байгаа обьектод мэдэгдэнэ гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Г.*******гийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж бодож байна. Номгон тооцооны төвийн засварын үйл ажиллагааг бүгд санал нэгтэйгээр шийдсэн байдаг. *******ны дотоод журамд 1-10 сая төгрөгийн шийдвэр гаргаж, захиран зарцуулхыг орон нутгийн салбарын захирал мэднэ гэсэн заалт байдаг. ******* ХХК нь *******ны Өмнөговь салбараас 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бараа материалын үнийг нэхэмжилсэн байдаг. Тэрний дагуу захирлын цохолтоор гүйлгээгээ хийсэн гэдэг нь нотлогдож байгаа юм. Урсгал зардлын тооцоо илүү гаргасан гэж хэлдэг. Энэ нь бүх үйл ажиллагаа хийж гүйцэтгэсний дараа тухайн шатны хүмүүс хүлээж авсан байдаг. Тэгэхээр энэ хүн бол хууль зөрчөөд ямар нэгэн зүйл зөрчсөн зүйл харагдахгүй байгаа юм. Кассын нэгж дэх тогтоосон лимитийг хэтрүүлсэн гэж үзээд байгаа. Энэхүү хэтрүүлсэн үндэсэлэлээ дээд шатны байгуулага руу тайлбар, хүсэлт явуулсан байхад одоо болтол хариу ирээгүй байдаг. Илтгэх хуудсанд дурдсан 3 зөрчлийг Г.******* нь өөрөө дур мэдэж гүйлгээ хийгээгүй салбарын захирлын цохолттойгоор хийсэн юм. Г.*******д мэдэгдээгүй байж болох ч тухайн газрын салбарын захиралд мэдэгдсэн байх шаардлагтай юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г.******* нь *******ны Өмнөговь салбарын Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Т14-221 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан туршилтаар ажиллаж байгаад 2015 оны 7 дугаар сарын 10-ний өдөр Т14-303 дугаартай хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулах гэрээгээр үндсэн ажилтан болж ажилласан. 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Салбарын захирлын Б/190 тоот тушаалаар ажил олгогчийн санаачлагаар Г.*******той байгуулсан дээрх гэрээнүүдийг цуцлан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Г.******* нь ажиллах хугацаандаа хууль журмын хүрээнд ажиллаж хөдөлмөрийн сахилгын шийтгэл, алдаа зөрчилгүй ажиллаж байсан гэж нэхэмжлэлд дурджээ. Г.******* нь ажиллах хугацаандаа дараах алдаа зөрчлүүдийг гаргаж байсан. Үүнд:
1.Монголбанкны хэлтэст cap, улирал бүр гаргаж хүргүүлдэг мэдээ тайланг удаа дараа зөрүүтэй гаргасан, Монголбанкны хэлтсийн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хэсэгчилсэн шалгалтаар иргэн Э.*******ий дансан дахь 4,917,900 төгрөгийг Өмнөговь аймгийн “Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс” -ийн дансанд шилжүүлсэн нь илэрсэн зэрэг зөрчлүүдийг үндэслэн *******ны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалт “Банкинд мөрдөгдөж буй дүрэм журам, заавар, тушаал, шийдвэрийг зөрчихийг хориглоно”-ын дагуу Өмнөговь салбарын захирлын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/147 тушаалаар үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл авахуулж байсан,
2.2016 оны төсөвт автомашины засварын зориулалтаар 9,3 сая төгрөг батлагдсан байхад 12,1 сая төгрөгийн зардал гаргаж, “*******пы санхүүгийн гүйлгээпий баримтыг хянах, зөвшөөрөх, батлах, эрх хэмжээний журам ”-ыг зөрчин нийт 2,8 сая төгрөгөөр төсөв хэтрүүлэн зөвшөөрөлгүйгээр гаргасан. Г.******* энэ ноцтой зөрчсөн шалтгаанаа тайлбарлахдаа “... Уг зардлын зөвшөөрлийг авах гэсэн боловч Төв банкны захирлууд солигдож байгаатай холбоотойгоор зардлын зөвшөөрөл олгохгүй байсан тул захирлууд томилогдож дуусахаар зөвшөөрлийг авахаар шийдэж уг зардлыг гаргасан...” гэжээ. Энэ нь зөвшөөрлийг өгөөгүй байхад санаатайгаар журам зөрчин гаргаснаа нотолж буй баримт юм.
3.2016 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд Номгон тооцооны төвийн их засварын ажил тусгагдаагүй байхад 2,9 сая төгрөгөөр үүдний тамбар бариулж, үндсэн хөрөнгийн санхүүжилт дансанд бүртгэсэн ноцтой зөрчлийг 2016 оны 8 дугаар сарын 31-нд гаргасан. Энэ зөрчлийг гаргасан шалтгаанаа “...Санхүүгийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, их засвар, урсгал засварын ялгаагаа мэдэхгүй, ойлголт дутмаг байснаас гаргасан...” гэжээ. Энэ нь “Хөдөлмөрийн гэрээ”-ний 6.2.1, 6.2.3, 6.2.5 заалтуудаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйг нотолж байна.
4.Ажлын байрны тодорхойлолтод заагдсан “Тооцооны төвүүдийн бэлэн мөнгөний хангалт, нөөцийн зохистой хэмоюээг тогтоож, cap бүр хянаж удирдах” гэсэн үндсэн үүргийг хангалттүй биелүүлсний улмаас касс дахь бэлэн мөнгөний лимит салбарын дүнгээр байнга хэтэрч “Нэгжийн кассын үлдэгдлийг удирдах, түүнд хяналт тавих журам”-ын дагуу Өмнөговь салбар нь 2016 оны 12 дугаар сарын байдлаар 35,5 сая төгрөгийн торгууль хүлээн алдагдсан боломжийн зардал гаргасан. Энэ зөрчлийн дагуу Орон нутгийн банкны газрын захирлаас Г.*******д 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2100/01/-02 дугаартай “Зөрчлийн акт”-аар анхааруулах арга хэмжээ авч, зөрчлийг давтан гаргасан тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ буюу ажлаас халах хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдсэн. Гэтэл уг арга хэмжээ авагдсанаас хойш /2016.10.28-2016.12.12 хүртэлх хугацаанд/ дахин 21 удаа кассын лимит хэтрүүлсэн зөрчил гаргасан байна.
5.Мандал-Овоо тооцооны төвийн 3 ажилтны 2016 оны 5 дугаар сарын цалингаас суутгагдсан нийгмийн даатгалын шимтгэл болох 320,3 мянган төгрөгийг хуулийн хугацаанд нь зохих байгууллагын дансанд шилжүүлээгүй зөрчлийг нуун дарагдуулж 5 cap төлбөрийг саатуулсан нь 2016 оны 05,06,08,09,10 дугаар саруудын нийгмийн даатгалын тайлангаар баталгаажиж байгаа. Дээрх алдаа зөрчлүүдийг гаргаж, зарим зөрчил дээр арга хэмжээнүүд авагдаж байсан нь Г.*******гийн “Ажлын байрны тодорхойлолт” болон ’’Хөдөлмөрийн гэрээ”-гээр хүлээсэн үүргүүдээ биелүүлэлгүй, “Хөдөлмөрийн дотоод журам”, ажил олгогчтой байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-гээ удаа дараа ноцтой зөрчиж байсныг нотолж байна. Иймд салбарын захирлын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/190 тоот тушаал нь хууль журамд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр мөн гэдгийг нотолж тайлбар, баримтыг хүргүүлж байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.******* захирлын тушаал дээр заасан байдаг. Тэр нь дээр дурдсан 2,8 сая төгрөгийн зардал хэтрүүлсэн, аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуулийг зөрчсөн, мөн банкныхаа дотоод журам дүрмүүдийг сайн мэдэхгүйгээс болж зардлыг хэтрүүлсэн байдаг. Салбарын ерөнхий нягтлан бодогч кассын лимитийн зардлыг барьж ажиллана гэж заасан байдаг. Үүнийг мөн хэтрүүлж ажилласан юм. Номгон тооцооны төвд засварын зардал хийе гэсэн нь үнэн. Төсөвт тусгасан зардлыг тооцооны төвүүдэд хувааж байршуулдаг. Тусгагдсан төсвийн дагуу зардлаа зарцуулна гэж хурлын протокол болон хэргийн материал дээр бичигдсэн байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 5.28 гэсэн заалтыг зөрчсөн байна.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.*******г Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.2, 5.28.4, 5.28.17 гэсэн заалтуудыг үндэслэж ажлаас халсан. Г.******* нь Номгон тооцооны төвийн урсгал зардал 2,3 сая төгрөг төсөвлөгдсөн байсан, төсөвт заасны дагуу урсгал зардал гаргахдаа нийт үнийн дүнгийн үлдэх өртөгийн 2 хувиас хэтэрсэн тохиолдолд үндсэн хөрөнгөд бүртгэнэ гэж заасан бөгөөд тухайн байрны үлдэх өртөг нь 53 сая төгрөг гэтэл 2,9 сая төгрөг хэтрүүлэн урсгал зардалд нэмж оруулсан. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.2, 12.3-т зааснаар 2 хувиас хэтэрсэн тохиолдолд үндсэн хөрөнгөн дээр нэмж бүртгэх ёстой байдал урсгал засвараар бүртгэж, бүртгэлийн алдаа гаргаснаар урсгал засварын зардал хэтрүүлсэн гэж үзэж байна. Авто машины засварыг банкны Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан төсөв нь 9,3 сая төгрөг байсан. Оны сүүлийн байдлаар 12,149,105 төгрөг зарцуулснаас хэтрүүлсэн зардал нь 2,8 сая төгрөг болсон нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. *******ны санхүүгийн гүйлгээний баримтыг хянах, зөвшөөрөх, батлах эрх хэмжээний журамд 1-10 сая төгрөгийг салбарын захирал баталгаажуулна гэж байгаа. Гэхдээ энэ журмын 3.3-т зааснаар батлагдсан төсвийн дагуу гаргах банкны үйл ажиллагааны зардлыг маягтын дагуу шат шатны удирдлагуудаар хянуулж зөвшөөрлийг авах ёстой байсан. Мөн энэхүү журмын 3.4-т санхүүгийн төлөвлөгөөнд тусгагдсан аливаа зардлыг төсвөөс хэтрүүлэхгүй байх, төсөвлөгдөөгүй зардлыг гаргахгүй байх гэж заасан байхад кассын лимитийг хэтрүүлсэн байдаг. ******* ХХК-ийн Ашиг, алдагдлын мэдээн дээр Өмнөговь салбар кассын гэрээний торгууль 37,4 сая төгрөг гэж гарсан. Энэ хүн кассын лимит дээр хяналт тавьж ажлаагүйгээс болж зөрчлийн акт авч байсан. *******ны нэгжийн кассын лимитийг удирдах, хяналт тавих журмын 3.1, 3.3, 3.4, 3.5, мөн журмын 3.7 зааснаар алдагдлыг тооцож гаргасан. Өмнөговь салбар нь жилийн эцсийн мэдээгээр 35,4 сая төгрөгийг алдагдалтай гэж тайлангаар гараад ирсэн байдаг. Хяналтын газрын үйл ажиллагааны журмын 3.1.3-д заасан шалгалтын тайлан, 3.1.6-д заасан илтгэх хуудас гэдэг тус тусдаа ойлголт юм. Илтгэх хуудас гэдэг бол ажилтны хүлээсэн үүрэг, холбогдох байгуулага, албан тушаал, танилцуулсан баримт бичгийг хэлнэ. Орон нутгийн *******ны захирал, Г.******* нарыг алдагдалтай ажиллаж байгаа учраас Хяналт шалгалтын газарт хүсэлт гаргаж шалгуулсан. Энэ журмын дагуу холбогдох албан тушаалтан танилцуулах үүрэгтэй. Мөн нэхэмжлэгч шалгалт явагдаж байгааг мэдээгүй гэж хэлсэн. Мишигжаргал, ******* гэдэг 2 хүн нь шалгалт хийгдэж байгаа гэдгээ мэдэж байсан. Халагдахаа ч мэдэж байсан. Тиймээс өөрөө ажлаасаа гархаасаа өмнө холбогдох материалаа авч хавтас хэрэгт хавсаргасан байгаа юм. Хэрвээ ажлаасаа халагдахыг мэдээгүй бол энэ нотлох баримтыг авах боломжгүй, хуулиар хориотой банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой нууцын зэрэглэлийн баримтууд юм. Эдгээр гаргасан зөрчлүүд нь бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна.” гэв.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* ******* ХХК-ийн Өмнөговь салбарын Захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/190 дугаар тушаалыг хүчингүй болгож, ******* ХХК-ийн Өмнөговь салбарын Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 2,957,142 төгрөгийн олговорыг ******* ХХК-ийн Өмнөговь салбараас гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ХХК-ийн Өмнөговь салбар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, нэмэлт гэрээ /хх-8-12,24-27/-г шинжлэн судлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан ажлын байрны буюу албан тушаалын нэр /Ерөнхий нягтлан бодогч/, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ /900,000 төгрөг/, хөдөлмөрийн нөхцөл /хэвийн/ зэргийг хөдөлмөрийн гэрээний хоёрдугаар зүйлээр зохицуулсан, эрхзүйн чадамжтай этгээдүүд хуулийн хүрээнд, чөлөөтэй байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.
Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах асуудлыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгээр зохицуулсан байдаг. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч /******* ХХК-ийн Өмнөговь салбар/-ийн санаачилгаар цуцлах тухай салбарын захирлын тушаал /хх-7/-аас үзэхэд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 5.16.3, 5.28.2, 5.28.4, 5.28.17, Хөдөлмөрийн гэрээний 7.4.2, 7.4.5, 7.4.18 дах заалт, Салбарын захирлын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 94 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажилтан Г.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Нэхэмжлэгч /ажилтан/ болон хариуцагч /ажил олгогч/ талаас өөрсдийн шаардлага, няцаалтаа нотолж ирүүлсэн баримт, талуудын тайлбараас үзэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.
1.Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалд дурдсан ”2016 оны автомашины засварын батлагдсан төсвөөс 2,8 сая төгрөгийн зардлыг “*******ны санхүүгийн гүйлгээний баримтыг хянах, зөвшөөрөх, батлах, эрх хэмжээний журам”-ын Хавсралт 2А-д заасны дагуу зөвшөөрөл аваагүй гаргасан” тухай:
Талууд автомашины засварын зардал гаргасан үйл баримтын талаар маргаагүй гагцхүү уг зардлын хэмжээг 2,8 сая төгрөгөөр хэтрүүлсэн үндэслэлийн тухайд маргаж байх бөгөөд нэхэмжлэгч Г.******* зардлын хэмжээг хэтрүүлсэн үндэслэлээ “автомашины засварын зардлыг *******ны Өмнөговь салбарын захирлын цохолтоор *******ны автомашин ашиглалтын журмын дагуу *******ны салбарын техникийн комисс, *******ны автоинженерийн дүгнэлтийн дагуу хийсэн” /хх-74/ гэжээ. Дээрх тайлбараа нотолж шүүхэд ирүүлсэн нотлох баримт /хх-78-115/-ууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.” гэсэн шаардлагыг хангахгүй байна. Зүй нь дээрх баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн эсхүл шүүхэд хүсэлт гаргаж шүүх дээрх баримтыг бүрдүүлсэн тохиолдолд нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой байжээ. “*******ны санхүүгийн гүйлгээний баримтыг хянах, зөвшөөрөх, батлах, эрх хэмжээний журам”-ын 3.3.3-т банкны үйл ажиллагааны 1-10 сая төгрөг хүртэл зардлыг салбарын захирлын зөвшөөрснөөр гаргахаар заажээ. “Автомашины засварын зардалд 9,3 сая төгрөг төсөвлөгдсөн байхад 12,1 сая төгрөгийн зардал гаргаж ... 2.8 сая төгрөгөөр ... хэтрүүлэн ... гаргасан” /хх-17/ гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч “... уг зардлын зөвшөөрлийг авах гэсэн боловч Төв банкны захирлууд солигдож байгаатай холбогдуулан зардлын зөвшөөрөл олгохгүй байгаа гэсэн хариу өгч байсан тул хэтэрсэн зардлын зөвшөөрлийг захирлууд томилогдож дуусахаар авахаар шийдэж уг зардлыг гаргасан.” /хх-28/ гэж зардал хэтрүүлснээ хүлээн зөвшөөржээ. Мөн Төсөв, гүйцэтгэлийн тайланд /хх-172/ автомашины зардалд 9,331,500 төгрөг төсөвлөсөн байхад гүйцэтгэлд 12,149,600 төгрөг буюу 2,818,100 төгрөг илүү зарцуулсан болох нь тогтоогдож байна.
2.Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалд дурдсан “Тооцооны төвүүдийн бэлэн мөнгөний хангалт, нөөцийн зохистой хэмжээг тогтоож, сар бүр хянаж удирдах гэсэн ажил орхигдсоноос касс дахь бэлэн мөнгөний лимит тогтмол хэтэрч 35,5 сая төгрөгийн зардал тооцогдох нөхцөл бүрдсэн” тухай:
*******ны Өмнөговь салбар болон харьяа тооцооны төвүүдийн 2016 оны 10 дугаар сарын 28-аас 2016 оны 12 дугаар сарын 12-ныг хүртэлх хугацааны кассын лимит хэтрэлтийн мэдээ /хх-22-23/-нээс үзэхэд кассын батлагдсан лимитийг 928,605,788 төгрөгөөр тогтоосон боловч тус лимитийг удаа дараа хэтрүүлжээ. Тухайлбал 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 934,789,226.85 төгрөг буюу 6,183,438 төгрөгөөр, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1,249,008,810 төгрөг буюу 320,403,022 төгрөгөөр, 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,077,407,066 төгрөг буюу 148,801,278 төгрөгөөр тус тус кассын лимит хэтэрсэн байгаа нь Ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт /хх-29-31/-од заасан “Тооцооны төвүүдийн бэлэн мөнгөний хангалт, нөөцийн зохистой хэмжээг тогтоож, сар бүр хянаж удирдах” үүрэг, “*******ны нэгжийн кассын үлдэгдлийг удирдах, түүнд хяналт тавих журам”-ын 3.1-д заасан “... тогтоосон лимитийг тухайн нэгжийн ... Ерөнхий нягтлан бодогч ... хариуцах ба лимитийг мөрдөж ажиллана.” гэх заалтыг биелүүлээгүйн улмаас мөн журмын 3.7-д заасан аргачлалын дагуу тооцож үзэхэд 35,500,000 төгрөгийн алдагдсан боломжийн зардал тооцогдох нөхцөл бүрдсэн болох нь *******ны Хяналт, шалгалтын газрын илтгэх хуудас /хх-28/-аар давхар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Г.*******гийн “кассын бэлэн мөнгөний лимит хэтрүүлсэн тооцооллыг буруу хийсэн байна, 2016 оны 11 дүгээр сарын 08-11-ний өдрийг дуустал өвчтэй, 11 дүгээр сарын 14-20-ны өдрийг дуустал ээлжийн амралттай байсан” гэх тайлбар нь Г.*******гийн 2016 оны 11 дүгээр сарын 01-30-ны өдрийн ирцийн бүртгэл /хх-65/-ээр тогтоогдож байх боловч бусад өдрүүдэд тухайн сарын кассын бэлэн мөнгөний лимит хэтэрсэн болох нь /хх-22-23/ нотлогдож байна. Нэхэмжлэгчийн зүгээс “тооцооны төвүүдийн кассын лимитийг 2016 оны 09 дүгээр сарын 14 ний өдөр шинэчлэн салбарын захирлын зөвлөлөөр хэлэлцүүлсэн, ... салбарын захирлын 2016.09.14 ний А/36 тушаалаар шинэчлэн батлан тооцооны төвүүдэд хүргүүлж, ... кассын лимитийг шинэчлэн тогтоох саналаа” холбогдох дээд газарт явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд /хх-61-64/-аар нотлогдож байна. Гэвч энэ нь “*******ны нэгжийн кассын үлдэгдлийг удирдах, түүнд хяналт тавих журам”-ын 2.2-т заасан “кассын үлдэгдлийн лимитийн саналыг ... Актив, пассивын удирдлагын хорооны хурлаар хэлэлцүүлж төгрөг, валют тус бүрээр батлуулна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл ******* ХХК-ийн Өмнөговь салбарын захирал, Ерөнхий нягтлан бодогч /Г.*******/ нар кассын бэлэн мөнгөний лимит тогтоохдоо төв банкны Актив, пассивын удирдлагын хорооны холбогдох хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөл авах журмыг биелүүлээгүй гэж дүгнэхээр байна.
3.Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалд дурдсан “тус салбарын харьяа Номгон тооцооны төвд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний их засварт тусгагдаагүй 2,9 сая төгрөгийг өргөтгөл хийхэд зарцуулсан” тухай:
Нэхэмжлэгч Г.******* 2,9 төгрөгийн зардлыг өөрөө дур мэдэн шийдвэрлээгүй салбарын захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж хамтын шийдвэр гаргасны дагуу зарцуулсан гэх агуулга бүхий тайлбар /хх-76/ гаргасан нь *******ны Өмнөговь салбарын захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-60/-ээр нотлогдож байна. Гэвч нэхэмжлэгч “санхүүгийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, их засвар, урсгал засварын талаар ойлголт дутмаг байснаас энэ алдааг гаргасан” болох нь ******* ХХК-ийн Хяналт шалгалтын газрын илтгэх хуудас /хх-28/, нэхэмжлэгчийн цахим шуудангаар гаргасан тайлбар /хх-152/-аар тогтоогдож байна. Энэ тухай Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Энэ хуулийн 12.1.6-д заасан албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардал нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 2 хувь, ... байх бөгөөд үүнээс хэтэрсэн урсгал засварын зардлыг их засварын зардалд тооцно.” гэж заажээ. Өөрөөр хэлбэл Номгон тооцооны төвийн барилгад хийсэн урсгал засварын зардал тухайн барилгын өөрийн өртөг болох 53,000,000 төгрөг /хх-161/-ийн 2 хувь болох 1,060,000 төгрөгөөс хэтэрсэн тохиолдолд зардлыг их засварын зардалд оруулан тооцох хуулийн заалтыг зөрчсөн байна. Энэ зөрчил нь Төсөв, гүйцэтгэлийн тайланд /хх-166/ дуусаагүй барилгад мөнгө төсөвлөгдөөгүй байхад гүйцэтгэлд 2,952,500 төгрөг зарцуулсан үзүүлэлтээр нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;”, 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;” бол Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ. Нэхэмжлэгч Г.*******гийн дээрх үйлдлүүд нь байгууллага /банк/-ын Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.2, 5.28.4, Хөдөлмөрийн гэрээний 7.4.2, 7.4.5-д заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул Г.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч /******* ХХК-ийн Өмнөговь салбар/-ийн санаачилгаар цуцалсан тушаал нь үндэслэлтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
4.”Мандал-Овоо төрийн банк”-д ажиллаж буй даатгуулагчдын 2016 оны 05-р сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт”, “Мандал-Овоо төрийн банкны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан” /хх-31-35/-г шинжлэн судлахад ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэлд төлөх ёстой 320,334 төгрөгийг нийгмийн даатгалын санд хуульд заасан хугацаанд шилжүүлээгүй байх бөгөөд энэ нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд “... сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.” гэж заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгч энэ тухай “... шимтгэлийн тооцоог ажил үүргийн хуваарийн дагуу тус тооцооны төвийн захирал, ахлах теллер нар хариуцах ёстой” /хх-77/ гэх тайлбар гаргасныг хариуцагч тал няцаагаагүй бөгөөд ажлын байрны тодорхойлолтод /хх-29-30/ ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нийгмийн даатгалын санд шилжүүлэх үүргийг Ерөнхий нягтлан бодогч хүлээгээгүй байх тул хариуцагчийн “... нийгмийн даатгалын шимтгэл болох 320,3 мянган төгрөгийг ... шилжүүлээгүй ... төлбөрийг саатуулсан” гэх тайлбар үндэслэлгүй байна.
5.Хэрэгт авагдсан ******* ХХК-ийн Өмнөговь салбарын захирлын Г.*******д “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/147 дугаар тушаал /хх-21/-ыг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, ******* ХХК-ийн Өмнөговь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчийн “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” Б/190 дүгээр тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус тус гаргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцох тул нэхэмжлэгчийн “ ... энэ шийтгэл хүчингүйд тооцогдсон ...” гэх тайлбар үндэслэлтэй байна.
Шүүх нэхэмжлэгч Г.*******гийн ******* ХХК-ийн Өмнөговь салбарт холбогдуулан гаргасан ******* ХХК-ийн Өмнөговь салбарын Захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/190 дугаар тушаалыг хүчингүй болгож, ******* ХХК-ийн Өмнөговь салбарын Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 2,957,142 төгрөгийн олговорыг ******* ХХК-ийн Өмнөговь салбараас гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан дараах баримт /хх-4,7-11,16,19,20-54,59-65,69,122-123,126-130,140-154,159-174/-уудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Хэрэгт авагдсан дараах баримт /хх-5-6,70-71,78-115/-ууд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Г.*******гийн ******* ХХК-ийн Өмнөговь салбарын Захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/190 дугаар тушаалыг хүчингүй болгож, ******* ХХК-ийн Өмнөговь салбарын Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь хуульд нийцнэ. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэл буюу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 2,957,142 төгрөгийн олговорыг ******* ХХК-ийн Өмнөговь салбараас гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,264 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Г.*******д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,264 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР