Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 373

 

 

 

 

 

 

 

 

 

        Ц.Над холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор М.Эрдэнэзаяа,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Эрдэнэзаяагийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 35 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Ц.Над холбогдох 1706009480409 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Хорчин овгийн Цэндийн Ц.Н, Улаанбаатар хотод 1973 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1; Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 1-58 тоотод оршин суух хаягтай,

 

2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2000 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

 

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 7 сар хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаа. /регистрийн дугаар: ........................../

 

Ц.Н нь 2017 оны 7 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дамбын рашааны орчимд иргэн Н.Дыг зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Над энэ тогтоолоор оногдуулсан 2 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор 7 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 3 хоногийн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 сар 3 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 12 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.Д эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Эрдэнэзаяа бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхийн дээрх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Ц.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн.

Гэтэл шийтгэх тогтоолын 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Над энэ тогтоолоор 2 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 сар 3 хоногийн хугацаагаар тогтоосон. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар шүүгдэгчид 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан атлаа 3 дахь заалтдаа энэ тогтоолоор оногдуулсан 2 сарын хорих ял гэж бичсэн нь ойлгомжгүй ба “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэхээр байна.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Ц.Над холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд улсын яллагчийн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Шүүгдэгч Ц.Н нь “хохирогч Л.Ариунболдыг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зодож хүндэвтэр хохирол учруулсан, 2016 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө зодож хөнгөн хохирол учруулж, байнга зодох буюу тарчлаасан” гэмт хэргүүдийг үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 713 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 6 сар хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 сар хорих ялаар тогтоожээ. /хх-54-62/ 

 

Тэрээр дээрх гэмт хэрэгт шалгагдаж байхдаа буюу шийтгэх тогтоол гарахаас өмнө  2017 оны 7 дугаар сарын 13-ны шөнө Н.Дыг зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлжээ.

 

Гэтэл анхан шатны шүүх дээрх байдлаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн хүний биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах журмыг баримталж хууль буруу хэрэглэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан. Энэ зүйлд “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа...” гэсэн нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдэж алинд нь ч ял шийтгүүлээгүй бөгөөд тэдгээрийг нэг шүүх хуралдаанаар хэлэлцэн шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж байгааг ойлгоно.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг хэрхэн нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсгээр зохицуулж байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Ц.Над оногдуулах ялуудыг нэгтгэхэд энэхүү журмыг хэрэглэх үндэслэлгүй болсон.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан байна.

 

Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар зохицуулалгүй орхигдуулснаас тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэгдэн, шүүхээр шийдвэрлэгдэж, хэд хэдэн шийтгэх тогтоол гарсан нөхцөлд шүүх ялуудыг нэгтгэж жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох хууль зүйн боломжгүй болсон.

 

Энэ тохиолдолд Ц.Нын холбогдсон хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байна.

 

   Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, магадлалд заасан үндэслэлээр Ц.Над холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

   Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан тул шийтгэх тогтоол тодорхойгүй гарсан гэсэн улсын яллагчийн эсэргүүцлийг эцэслэн шийдвэрлээгүйг дурьдав.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Над холбогдох хэргийг тухайн шүүхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол Ц.Над урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН