Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 138/2017/00037/И |
Дугаар | 138/ШШ2017/00307 |
Огноо | 2017-03-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 138/ШШ2017/00307
2017 оны 03 сарын 16 өдөр | Дугаар 138/ШШ2017/00307 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймгийн оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* аймгийн ний барьцаат зээлийн газарт ХХК-ний захирал оршин ******* овогт ******* *******/ холбогдох,
"Барьцаалан зээлдэх гэрээний үүрэг 2.460.000 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******,
Хариуцагч Ц.*******, түүний өмгөөлөгч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дамдинсүрэн миний бие "2012 онд ХХК-ний барьцаат зээлийн газарт өөрийн эхээс өвлөж ирсэн 8 хэрэглэлтэй мөнгөн эмээлийг 360.000 төгрөгийн барьцаанд тавьж , 2014 оны 04 сарын 9-ний өдрийг хүртэл сар бүр 36.000 төгрөгийн хүүг тасралтгүй төлж ирсэн. Гэрээг түүнээс хойш сунгаагүй. 2014 оны 6 сард ломбарданд байдаг *******тэй таарч эгч нь мөнгөгүй болоод очиж чадахгүй байна мөнгөтөй болмогц очно гэхэд ******* тэгээрэй гэсэн. Тэгээд наадмын олон хоног таарч очиж чадахгүй байсаар 2014 оны 7 сарын сүүлчээр очиход ******* эмээлийг чинь манай нөхөр Архангай аймаг руу заруулахаар явуулсан гэсэн. Тэгэхээр нь би эхээс маань өвлөгдөж ирсэн эмээл зарж болохгүй гэдгийг хэлсэн. Танайд барьцаанд тавиад удсан ч гэсэн хүүг нь байнга төлж байсан, хүний үнэтэй цэнэтэй юмыг зарж болохгүй гэхэд ******* би мэдэхгүй нөхөр мэднэ гэсэн. 2014 оны 8 сард очиход 1.028.000 төгрөг төлөөд эмээлээ ав гэсэн. Тэгээд 9 сард 1.028.000 төгрөг олоод очтол дахин 550.000 төгрөг нэмж төл гэхээр нь яасан их мөнгө төлдөг юм бэ гэхэд манай нөхөр мэднэ гэсэн тайлбар өгсөн. Тэгээд миний эмээл байгаа эсэхийг асуухад таны эмээл анх өгсөн боолттойгоо байгаа гэж байсан. Тэгээд *******тэй үл ойлголцсон учир мөнгөө өгч чадалгүй буцсан. 2014 оны 10 сард *******тэй утсаар ярихад эмээлийг чинь авсан хүн УБ хот явах гээд байна мөнгөө яаралтай шилжүүл гэхээр нь дансаа явуулчих гэсэн чинь нөхөр дансыг явуулсан байсан. Энэ мэтээр худлаа яриад эмээлийг маань өгөхгүй байна. Иймээс *******ээс эмээлээ гаргуулан авах буюу эмээлийн үнэ 4.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч албан ёсоор орон нутгийн үнэлгээгээр 3 сая төгрөг гэж үнэлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа нэг сая төгрөгийг хасаж тооцож, үлдэгдэл 3 сая төгрөгнөөс үндсэн зээл 360000 төгрөг, алданги 180000 төгрөгийг хасаж 2460000 мянган төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: шүүхэд нэхэмжлэл гаргахдаа цаг хугацааны хувьд андуурч бичсэн болох нь хэрэгт авагдсан барьцааны гэрээ 2012 оны 9 сарын 29-ний өдөр байгуулагдсан бөгөөд 2013 оны 04 сарын 9-ний өдрийг хүртэл хүү төлсөн болох нь нотлогдож байгаа. Ж.******* хувьд ломбарданд эмээлээ барьцаанд тавьсан гэдэг нь үнэн бөгөөд хүү алдангийг хүртэл төлсөн байдаг. Нэхэмжлэгч барьцаат зээлийнхээ хүү алдангийг төлөх тусам хүү алданги нь өсөөд байсан учраас энэ 2 хүний хооронд маргаан үүссэн байгаа. нь Ц.*******д эмээлийг зарж болохгүй талаар удаа дараа хэлсэн боловч хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр эмээлийг 1.000.000 төгрөгөөр бусдад зарсан нь хууль зөрчсөн үйлдэл байна. Ц.******* нь г барьцааны зүйлийн гэрээний сунгалт хийсэн гэж хариуцагч тайлбарлаж буй боловч гэрээг сунгасан талаар гарын үсэг огт зурж байгаагүй, Ц.******* л гарын үсгээ зурж тэмдэглэл хийсэн байдаг. Алдангийн 50 хувь болох 540000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа хамгийн гол нь үе удам дамжиж ирсэн эмээлээ буцааж авахыг л хүсч байгаа юм. Барьцаалан зээлдэх газар нь бусдын эд хөрөнгийг зарж борлуулахдаа зээлдэгчид мэдэгдэх үүрэгтэй байдаг боловч хариуцагч тухайн үүргээ биелүүлгүй бусдын эд хөрөнгийг зарж борлуулсан байна.
Орон нутгийн үнэлгээгээр 3 сая төгрөг гэж үнэлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа 1 сая төгрөгийг хасаж тооцож, үлдэгдэл 3 сая төгрөгнөөс үндсэн зээл 360000 төгрөг, алданги 180000 төгрөгийг хасаж 2460000 мянган төгрөг нэхэмжилж байна.
Иймд шүүхээс хүсэхэд 2.460.000 төгрөгийг Ц.*******ээс гаргуулж өгөхийг хүсч байна гэв.
Хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 09 сарын 29-ны өдөр 8 хэрэглэлтэй модон эмээл манай барьцаалан зээлдэх газарт 1 сарын хугацаатай барьцаанд тавьж , 360.000 төгрөг авсан. Тухайн үед манайх мөнгөн эдлэл барьцаанд авдаггүй байсан боловч эгчийг гуйгаад байхаар нь авсан. Эмээлийг барьцаанд аваад зээлийн гэрээний хугацаа дуусахад эгч зээлийн гэрээгээ сунгуулахгүй явсаар байгаад 2 сарын хүү алдангийн мөнгийг л төлсөн өөр ямар ч мөнгө төлж байгаагүй. Би д зээлээ төлөх талаар олон удаа хэлж байсан. Гэрээний хугацаа дууссан учир таны эмээлийг зарж борлууллаа шүү гэхэд эмээлээ буцааж авна гэчихээд ирэхгүй 4-6 сарын хугацаа өнгөрсөн учраас би эмээлийг нь зарж борлуулсан. Эмээлийг зарах гэж зөндөө үзсэн бүр Улаанбаатар хот руу хүртэл явуулж байсан боловч зарагдахгүйгээр буцаж ирдэг байсан. Би тэй хоолны газар таараад таны барьцаанд тавьсан эмээлийн хүү, алданги 1.500.000 төгрөг болсон шүү гэхэд удахгүй мөнгийг чинь араас чинь шилжүүлнэ гээд миний дансны дугаарыг авсан боловч ирээгүй. Эмээлийг 3.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг эмээл нь тохоожоороо эмээл байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Ц.******* нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан. Гэрээг 2012 оны 09 сарын 29-ний өдөр 1 сарын хугацаатай байгуулсан. Зээлийн гэрээнд зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 14 хоногийг дотор барьцаанд авагдсан эд зүйлийг зарж борлуулахыг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээг байгуулсан байдаг. Барьцааны эд хөрөнгийг Ц.******* гэрээнд заасан гэрээний хугацаа дууссанаас хойш 14 хоногийн хугацаа дууссан байхад зарж борлуулалгүйгээр д удуу дараа мэдэгдэж байсан. нь 2013 оны 09 сарын 21-ний өдөр Ц.*******тэй утсаар ярьж хэдэн төгрөг төлж эмээлээ авах талаар асуусан байдаг. Тэр үед Ц.******* хүү, алданги төлөх талаар тайлбарлан өгөхөд хүлээн зөвшөөрөөд явсан байдаг. Хамгийн гол нь гэрээ байгуулагдсанаас 4 жил 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн эд хөрөнгийн үнэлгээний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үнэлгээ хийсэн комиссын бүрэлдэхүүн үнэлгээ тогтоох мэргэжлийн хүмүүс биш бөгөөд үнэлгээ хийхэд тухайн үнэлсэн эд хөрөнгө байхгүй байхад юуг баримтлан үнэлсэн нь өөрөө учир шалтгааны хувьд зөрүүтэй байна. Хэрвээ үнэлгээ гаргуулах байсан бол шүүхэд хүсэлтээ өгөөд шүүгчийн захирамжаар мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэх ёстой байсан боловч тухайн эрхийг эдлэлгүйгээр мэргэжлийн бус хүнээр үнэлгээ хийлгэсэн байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэхдээ шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир үнэлгээ гаргуулах хүсэлт гаргах шаардлагагүй гэж үзсэн. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь Ц.*******д холбогдуулан Барьцаалан зээлдэх гэрээний үүрэг 2.460.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь - ХХК-ний барьцаалан зээлдэх газартай 2012 оны 9 сарын 29-ний өдөр 8 хэрэглэлтэй мөнгөн эмээл барьцаалан 360.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн болох нь талуудын хооронд хийгдсэн гэрээгээр тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа үүсчээ гэж дүгнэлээ.
өсөх ХХК нь барьцаалан зээлдэх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй болох нь Улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч Ц.******* нь барьцаалан зээлдүүлэх газрыг төлөөлөх эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч тал "Барьцааны эд зүйл болох 8 хэрэглэлтэй мөнгөн эмээлийг өв залгамжлан ирсэн тохоожоороо ган дөрөө, гөлөмтэй эмээл байсан гэж, хариуцагч уг 8 хэрэглэлтэй мөнгөн эмээл нь тохоожоороо эмээл байгаагүй зөвхөн 4 дарлага, 2 баавар, 2 хяртай эмээл байсан " гэж тус тус маргадаг.
Хэрэгт авагдсан баримтуудаар талууд аль аль маргаж буй зүйлээ нотлож чадаагүй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэрээний үүрэгт нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2012 оны 10 сарын 28-ны өдөр дуусах байсан боловч нэхэмжлэгч 2013 оны 04 сарын 09-ний өдрийг хүртэл зээлийн хүү төлсөн болохыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ нь гэрээнд хүү төлсөн талаарх баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас харахад 2013 оны 04 сарын 9-ний өдрөөс хойш гэрээнд сунгалт хийгдээгүй, ямар нэг хүү төлөөгүй, үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан талаарх баримт авагдаагүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь 2013 оны 9 сарын 21-ний өдөр Ц.*******тэй утсаар ярихад гэрээний хугацаа дуусан, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй учир барьцааны зүйл болох эмээлийг хот руу заруулахаар явуулсан талаар мэдэгдсэн тэр үеэс нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульд заасан бөгөөд мөн хуулийн 76.2-д зааснаар шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор хуульд заасан байх тул гэрээний үүргийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар Ж.******* нэхэмжлэлтэй, Ц.*******д холбогдох барьцаалан зээлдэх гэрээний үүрэг 2.460.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зїйлийн 119.7-д зааснаар мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ