Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/00818

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.Г 

 

Хариуцагч:  З.З

 

Хариуцагч:  Э.Т

 

Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Саруул, Д.Э.Т, хариуцагч Э.Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Тодорхойлох нь:

  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ц.Г.Г нь Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар дүүргийн засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/336 тоот шийдвэрээр нэгж талбарын 18643327643634 дугаар бүхий 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар зуслангийн зориулалтаар эзэмшдэг билээ.

Ц.Г.Г нь 2015 онд хүүхэд төрүүлэх гээд зусландаа гараагүй үеэр манай эзэмшил газар дээр иргэн Э.Т гэр бүлийн хамтаар байшин барьсан байгааг энэ зун мэдлээ.

Өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлөхийг иргэн Э.Тт удаа дараа хэлэхэд тодорхой шийдэлд хүрээгүй, мөн энэ асуудлаар дүүргийн газрын албанд хандахад “шүүхээр шийдвэрлүүл” гэх хариуг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1350 тоот албан бичгээр өгсөн болно.

Иргэн.Ц.Г.Ггийн эзэмшлийн кадастрын зургаар бусад этгээдийн эзэмшилтэй давхцаагүй нь тогтоогдож байгаа бөгөөд иргэн Э.Т, түүний гэр бүлийн хүний нэр дээр байгаа гэх газар нь манай газартай хил залгаа байгаа юм.

Гэтэл зусланд гараагүй үеэр иргэн Э.Тийн гэр бүл нүүж ирж, манай газрыг оролцуулан өөрсдийн байшингаа барьсан байна. Иймд Ц.Г.Ггийн эзэмшлийн газраас албадан чөлөөлүүлж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Э.Э.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх газраа хэмжиж аваагүй нь алдаа болсон. Хашаалж авсан гэдэг нь тийм зүйл байхгүй. Хашааны 2 өнцөгт хундаамтай өөрийн хашаатай газар худалдаж авсан. Байшингаа барьж байхад Г.Саруул ирээд барилгачидтай уулзсан байдаг. Саруул мэдээгүй байхад гэж яриад байна. Байшин баригдаж байхад надтай ирж уулзсан. Эднийх анх Баярсайхан гэдэг хүнээс газар худалдаж авсан. Манайх Баярсайханы энхэрийн нэр дээрх газрыг худалдаж авсан, дүүгийнх нь нэр дээр газрыг өөр айл худалдаж авсан байгаа. Энд 3 айл газар маргаантай болоод байгаа юм. Газар өмчлөлийн асуудлаар уулзсан. Би яах аргаагүй байшингаа барьсан учраас газрын албанд нь ханд гэж хэлсэн. Анх авсан хүндээ залилуулсан байна гэдгээ мэдсэн. Талууд өөр өөрсдийнхөө газар дээр байсан гэж бодож байсан. Маргаад байх зүйл байхгүй. Нэгэнт шүүх шийдэж байгаа бол байшингаа нураахаас өөр алга алга даа. Анхнаасаа энэ газрыг Саруул ч гэсэн худалдаж авахдаа алдаа гаргачихаад манайхаас шаардаад байгаа юм” гэв.

 

        Хариуцагч Г.З.З нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Ц.Г.Ггийн итгэмжлэгдсэн төлөлөөгч гэх Г.Саруул нь газар чөлөөлүүлэх гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасантай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

        Учир нь: иргэний хуулийн зохих зүйл заалтыг буруу ойлгосон этгээдэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлд дурдсан асуудлыг үзвэл нэхэмжлэгч нь намайг өөрийн газар дээр миний зөвшөөрөлгүй өөрийн эзэмшлийн зуслангийн газар дээр байшин барьсан гэсэн нэхэмжлэлийг гаргасан байна. Манайх өөрийн зөвшөөрөл бүхий газарт зуслан барьсан бөгөөд бусдын хашааг буулгаж зуслангийн байшин бариагүй болно.

        Би тухайн газрыг иргэн Б.Туулаас шилжүүлэн авсан бөгөөд тухайн үед кадастрын албаны хүмүүсийн хэмжилт хийсэн газрын хил хязгаараас манай зуслангийн байр хэтрээгүй бусдын газарт ороогүй болно.

        Тухайн зуслангийн байрыг барьсан хүмүүс тэнд байрлан үйл ажиллагаа явуулж байгаа бүх үйл явц ил тод явагдсан хэн ч хэзээ ч ямар нэгэн шаардлага гаргаагүй болно”гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ц.Г.Г нь хариуцагч Э.Э.Т, Г.З.З нарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Шарга морьтод байрлах зуслангийн зориулалттай, 18643327643634 нэгж талбарын дугаартай газрыг Э.Э.Т, Г.З.З нарын хууль бус  эзэмшлээс чөлөөлүүлэх  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Э.Э.Т нь Ц.Г.Ггийн эзэмшлийн газар дээр 198 м.кв хэмжээгээр давхардуулсан гэдэг үйл баримт дээр маргаагүй, хариуцагч Г.З.З нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.

 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/336 дугаар шийдвэрээр Ц.Г.Гд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтод байрлах зуслангийн зориулалттай, 18643327643634 нэгж талбарын дугаартай, 700 м.кв  газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.4-т “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна.” гэж тус тус заажээ.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтод байрлах зуслангийн зориулалттай, 18643327643634 нэгж талбарын дугаартай, 700 м.кв  газарт 198 м.кв талбай дээр давхцуулж хашаа, 40 м.кв хувийн байшин барьсан болох нь талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /талууд маргаагүй болно/

 

Хариуцагч Г.З.З, Э.Э.Т нар нь эрх бүхий байгууллагын шийдвэр, зөвшөөрөлгүйгээр бусдын хууль ёсны эзэмшлийн газарт 40 м.кв хувийн байшин, 198 м.кв газарт давхцуулан барьсан хашаа нь хууль ёсны эзэмшигч Ц.Г.Г эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байх тул хариуцагч нарын хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийн газрыг чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан гэж үзэж, шүүхийн онцгой харьяаллын дагуу шийдсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.З.З, Э.Э.Т нарын хууль бус эзэмшлээс  Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтод байрлах зуслангийн зориулалттай, 18643327643634 нэгж талбарын дугаартай газрыг чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э.Т, Г.З.З нараас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Г.Гд  олгосугай.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ЭНХБАЯР