Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/00819

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э.ТХК

 

Хариуцагч: С.Д ХХК

 

 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 30С1400024 дугаартай Тээврийн хэрэгсэл, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгалын гэрээний дагуу даатгалын хураамжид илүү төлсөн хэсэгт гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, даатгалын хураамжид илүү төлсөн 71.422.000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, гэрч Ш.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. Наранхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрдэнэс-Таван толгой ХК нь Соёмбо даатгал’ ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 30С1400024 дугаартай Тээврийн хэрэгсэл, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгалын гэрээг 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх 1 жилийн хугацаатай байгуулан, хамтран ажилласан.

Даатгалын 30С1400024 дугаартай гэрээгээр Эрдэнэс-Таван толгой ХК С.ДХХК-д гэрээгээр тохирсон даатгалын хураамжид нийт 124.253.068, 81 төгрөгийг бүрэн төлсөн.

Тус хоёр компани 2015 онд шинээр даатгалын гэрээ байгуулан, даатгалын хураамжийн тооцоолол хийж, үнэ шалгах явцад 2014 оны 30С1400024 дугаартай гэрээний Авто тээврийн болон өрөө явагч хэрэгслийн даатгалын хураамжийн тооцоолол /хавсралт №1/-ын Тээврийн хэрэгслийн жагсаалтын дугаарлалтын 31-38-д бичигдсэн, нэг бүрийн үнэ нь 78.750.000 төгрөг бүхий 8 ширхэг авто ачигчийг тус бүр 630.000.000 төгрөгөөр хэт их өндөр үнээр үнэлэн, Эрдэнэс-Тавантолгой ХК даатгалын хураамжид 71.422.000  төгрөгийг илүү төлсөн нь тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл найман ширхэг авто ачигчийг тус бүр 630.000.000 төгрөгөөр үнэлэн тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийн хувийг 1.62 хувиар тооцож 81.648.000 төгрөгийг даатгалын хураамжид төлсөн. Уг найман ширхэг авто ачигчийн даатгалын хураамжийг бодит үнэ 78.750.000 төгрөгөөр тооцвол даатгалын хураамжийн төлбөр 10.206.000 төгрөг болж, Эрдэнэс-Таван толгой ХК С.ДХХК-д илүү 71.422.000 төгрөгийг төлсөн.

С.ДХХК нь эд хөрөнгө даатгахдаа хөрөнгийн үнэлгээ тус бүрээр хураамжийг тооцож, актуарч мэргэжилтнээр хянуулан, зах зээлийн бодит үнийн судалгаатай харьцуулж ажилладаг мэргэжпийн байгууллагын хувьд үнэлгээ нь даатгуулсан эд хөрөнгийн өөрийн өртгөөс хэт өндөр байсныг нягтлан шалгалгүйгээр илүү хураамж авсан нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан болохыг тус компанид мэдэгдэн, даатгалын хураамжид илүү төлсөн 71.422.000 төгрөгийг “Эрдэнэс-Таван толгой” ХК-д буцаан төлөхийг удаа дараа шаардсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй.

Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.3-т “Эд хөрөнгийн даатгалын үнэлгээний хэмжээ түүний өртгөөс илүүгүй байна”, 438.4-т “Гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ даатгуулсан эд хөрөнгийн өртгөөс илүү байвал эд хөрөнгийн өртгөөс илүү гарсан хэсэгт нь гэрээ хүчин төгөлдөр бус байна”, 438.8-д “Даатгалын үнэлгээний хэмжээ даатгуулсан эд хөрөнгийн өртгөөс үлэмж их болох нь тогтоогдвол даатгагч даатгалын үнэлгээний хэмжээг бууруулах, даатгуулагч хураамжийг багасгахыг тус тус шаардах эрхтэй” гэж заасан.

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-д “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх" 9.4.4-д “учруулсан хохирлыг арилгуулах" гэж зааснаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээх, мөн хуулийн 438 дугаар зүйлийн 438.4-д “Гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ даатгуулсан эд хөрөнгийн өртгөөс илүү байвал эд хөрөнгийн өртгөөс илүү гарсан хэсэгт нь гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 30С1400024 дугаартай Тээврийн хэрэгсэл, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгалын гэрээний дагуу даатгалын хураамжид илүү төлсөн хэсэгт гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, илүү төлсөн 71.422.000 төгрөгийн төлбөрийг буцаан гаргуулж өгнө үү” гэв.

 

            Хариуцагчийн төлөөлөгч  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт: “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааг тооцоход нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаанд гаргаагүй, уг хугацаа дуусгавар болсоноос хойш хуанлийн 170 хоногийн дараа гаргасан нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

             1-т Эрдэнэс Таван Толгой ХК-ийн Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга С.Баярсайханы гарын үсэг бүхий, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 23 тоотоор “71.422.000 төгрөгийг нөхөн гаргуулж өгөх тухай мэдэгдэл”-ийг С.ДХХК-д ирүүлсэн байдаг ба С.ДХХК-иас энэхүү мэдэгдлийн хариуг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15/03/879 тоотоор өгсөн байдаг.

            2-т Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг “82.1-т Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх” гэсэн хуулийн тусгай зохицуулалтын дагуу Эрдэнэс Таван Толгой ХК нь С.ДХХК-ийн хариуг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан байна. Санхүүгийн зохицуулах хороо гомдлыг хүлээн аваад 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 9/2276 тоотоор “... 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 30C1400024 тоот гэрээ байгуулж, улмаар 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хоёр тал гэрээг дүгнэсэн байна. ... Даатгалын гэрээний үнийг зах зээлийн хэт өндөр тогтоосон эсэхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хөрөнгийн үнэлгээний компаниар тогтоолгож зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэн нь тогтоогдвол компанийн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудаас хохирлыг нэхэмжлэх боломжтой юм”  гэсэн хариу хүргүулсэн байна.  

            3-т Эрдэнэс Таван Толгой ХК нь “... даатгалын хураамжид илүү төлсөн хэсэгт гэрээ хучин төгөлдөр бус гэж тооцуулах, илүү төлсөн 71.422.00 төгрөгийн төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг тус дүүргийн шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан байна  Өнөөгийн Монгол Улсын даатгалын эрх зүйд мөрдөж байгаа хууль журмын дагуу даатгалын харилцаанаас үүсэх маргааныг хянан шийдвэрлэх онцгой зохицуулалт буюу урьдчилан шийдвэрлүүлэх, урьдчилсан шийдвэр гаргасан байгууллагын шийдвэрийг эс эөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах хугацааг хуульчилсан байгаа болно.

Монгол Улсын Иргэний хуулийн 76.1, 76,2, 72.4 дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, “шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдолын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ”, "Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно” гэж хуульчилсан байгаа.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд  болон тусгай  зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчдийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэнэ” мөн энэ зүйлийн 32.2-т  “ Тусгай зөвшөөрөх эзэмшигч, үйчлүүлэгч нь Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно” гэж хуульчилсан байгаа болно.

Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно” гэж хуульчилсан байна.

Дээр дурьдсан хуулийн зүйл заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаанд гаргаагүй, уг хугацаа дуусгавар болсоноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдож байна гэж үзэж байна.

            Хоёрдугаарт: Эрдэнэс таван толгой ХК  болон С.ДХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 30С1400024 дугаартай “Тээврийн хэрэгсэл, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгалын гэрээ”-ний дагуу “..даатгалын хураажид илүү төлсөн хэсэгт гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, илүү төлсөн 71.422.000 төгрөгийн төлбөрийг буцаан гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага нь дор дурдсан хуулийн дагуу үндэслэлгүй болно. Үүнд:

            1-т Эрдэнэс Таван Толгой ХК буюу Захиалагч нь тендер шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий “Үнэлгээний хороо”-г байгуулж, Үнэлгээний хороо нь худалдан авах бараа, ажил үйлчилгээнд тавих техникийн үзүүлэлт, шаардлагаа тодорхойлон тендерийн баримт бичгийг боловсруулж батлуулан, олон нийтийн хэвлэлээр нийтэд нээлттэй тендер зарласан. 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нээлттэй зарласан “Даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ-201/05-12/НТШ-03 дугаартай, 4-н багцаас бүрдсэн тендерт С.ДХХК оролцож, 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Эрдэнэс Таван Толгой ХК-ийн 03/1034 тоот “Тендерийн үнэлгээний тухай” албан бичгээр манай компанийг “Багц 2-т ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтыг үхангсан тул тендерийн үнэ болох 127.667.781 төгрөгөөр гэрээ байгуулах болсоныг манай байгууллага хүлээн зөвшөөрснийг мэдэгдье” гэсэн мэдэгдэл ирсэний дагуу талууд 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 30С140024 дугаартай Тээврийн хэрэгсэл, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгалын гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулагдсан.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.4, 5.1.5, 5.1.9, 5.1.19, 11,19, 22, 45, 46, 47 дугаар зүйлүүдэд заасны дагуу Эрдэнэс Таван Толгой ХК нь захиалагчийн хувьд зөвхөн өөрт нь хуулиар олгосон эрхийн хүрээнд өөрөө тендерийн баримт бичгээ боловсруулсан, хянасан, олон нийтэд зарласан, тендерийн баримт бичгийн тараасан /худалдсан/, даатгалд хамруулах эд зүйлийн нэр, тэдгээрийн үнэлгээг өөрөө тогтоосон, үнэлгээнд өөрийн тодорхой нөхцөл заасан ба тендерийн нөхцөлд тендерт оролиогч ямар нэгэн өөрчлөлт оруулахыг хориглосон заалт тусгасан байсан байгаа болно. Тухайлбал: Тендерийн баримт бичгийн 3.1.2-т “Даатгалын үнэлгээ: Тээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээг зах зээлийн үнэлгээний 100 хувьтай тэнцүүлэн Захиалагчаас тоггоосон үнэлгээний дүнгээр тохирно”, 7.2-т "Тээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээг энэхүү техникийн тодорхойлолтын 3.2.4-т заасны дагуу буюу “3.2.4. Хүснэгт 1-ийн 1-д “А.Тээврийн хэрэгсэл. Хавсралт 1. нийт үнэлгээ /нэг удаагийн даатгалын тохиолдолд төлөх дээд хязгаартай тэнцүү дүн / 7.594.016.593 төгрөгөөр тооцож даатгах нөхцөлөөр санал ирүүлнэ”, тендерийн баримт бичгийн 60 дугаар хуудасны "Техникийн тодорхойлолт"-ын 31-38 дугаарт заасан авточиргүүлийн нэг бүрийн даатгалын үнэлгээг Захиалагч өөрөө тогтоосон.

2-т Тендерт оролцогч нь тендерийн баримт бичигт ямар ч өөрчлөлт оруулах эрхгүй" гэж тендерийн баримт бичгийн 55 дугаар хуудасны “Техникийн тодорхойлолт” /БАГЦ- 2/ “Тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгал”-ын 3.3-т “Тендерт оролцогч нь энэхүү техникийн тодорхойлолтод тавьсан нөхцөл шаардлагын дагуу даатгалын үйлчилгээ үзүүлэх саналыг бэлтгэж ирүүлнэ”, 8 дугаар хуудасны 8.2 дахь хэсэгт "... Тендерийн баримт бичигт ирүүлэхийг шаардсан бүх мэдээллийг дутуу ирүүлэх, эсхүл тендерийн баримт бичгийг томоохон зөрүүгүй хангаж чадаагүй тендер ирүүлэх нь ... түүний тендерээс татгалзах үндэслэл болно" гэсэн нөхцөлийг оруулсан байсан.

3-т Эрдэнэс Таван Толгой' ХК тендерийн баримт бичгийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтаараа “Даатгалын гэрээг Захиалагчийн сонгосон мэргэжлийн зуучлагчийн оролцоотойгоор байгуулах нөхцөлийг үйлчилгээ үзүүлэх саналд тусгана” гэсэн шаардлага тавьж, өөрсдийн сонгосон даатгалын мэргэжлийн оролцогч, даатгалын зуучлагч “Ачит Ундарга” ХХК-ийг зөвлөхөөрөө ажиллуулж, улмаар гэрээ байгуулах ажлын явцад, мөн гэрээний хүчинтэй байх бүхий л хугацаа, гэрээний үүргийн гүйцэтгэлд хяналт тавих, гэрээний хугацаа дуусгавар болж гэрээ дүгнэх бүх ажлын явцад тус компанийг мэргэжлийн оролцогчоор оролцуулж, тухайн үедээ тус компаниас мэргэжлийн зөвлөгөөгөө авч ажилласан  /тендерийн баримт бичиг, ХХ42/,  2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 30C1400024 дугаартай “Тээврийн хэрэгсэл, -жолоочийн нэмэлт хариуцлагын даатгалын гэрээ”-г байгуулахад нэхэмжпэгч Эрдэнэс Таван Толгой ХК-ийн талаас тус компанийн мэргэжлийн ажилтнууд буюу Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга С.Баярсайхан, Нягтлан бодох бүртгэлийн газрын захирал Д.Чулуунбат, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Энх-Эмгалан, мэргэжилтэн Ж.Ариунсайхан нар оролцсон болно.

4-т Талуудын хооронд байгуулсан 2014 оны 30C1400024 тоот гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө талууд гэрээний зүйл тус бүр дээр санал солилцож байсан ба хавсралт 1-ийн 31-38 дугаарласан автоачигчуудын жагсаалт, үнэлгээ нь нээлттэй тендерийн баримт бичигт орсон байсан, гэрээ байгуулах ажлын бэлтгэл ажлын явцад энэхүү хавсралтыг Эрдэнэс Таван Толгой ХК өөрөө бэлтгэж, өөрөө хэвлэн гаргаж гэрээнд хавсаргасан болно /тендерийн баримт бичиг ХХ60/.

5-д 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 30C1400024 дугаартай “Тээврийн хэрэгсэл, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгалын гэрээ”-ний хүчинтэй байх хугацаанд “Соёмбо Даатгал” ХХК нь Монгол Улсын Иргэний хууль, Монгол Улсын Даатгалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан заавар журам болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, даатгуулагчийн даатгуулсан нийт хөрөнгийг даатгалын хамгаалалтанд авч, улмаар гэрээний хүчинтэй байх хугацаанд үүссэн даатгалын тохиолдолд даатгуулсан нийт 16-н эд зүйлд учирсан 37.088.261 төгрөгийн хохирлыг даатгалын нөхөн төлбөр хэлбэрээр даатгуулагч Эрдэнэс Таван Толгой ХК-д олгосон байдаг.

6-д  Гэрээний хүчинтэй байх хугацаанд гэрээнд оролцогч аль нэг талаас гэрээний үнэ, нөхцөл, үүргийн гүйцэтгэлтэй холбоотой ямар нэгэн гомдол, санал, хүсэлт гаргаж байгаагүй, гэрээний хугацаа дуусахад талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэж, хэрэгжилтийг “Хангалттай” гэж үнэлэн, гэрээг дуусгавар болгосныг баталж акт үйлдсэн болно.

7-д Санхүүгийн зохицуулах хороо Эрдэнэс Таван Толгой ХК-ийн гаргасан гомдлыг хянан шалгаж, 2016 оны 9/2276 тоотоор өгсөн хариу албан бичигтээ “даатгалын гэрээний бүтээгдэхүүний үнийг зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэн нь тогтоогдвол компанийн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудаас хохирлыг нэхэмжлэх боломжтой юм” гэж Эрдэнэс Таван Толгой ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд, тендерийн хороо хариуцлага хүлээх үндэслэлийг тогтоосон байгаа болно.

С.ДХХК Эрдэнэс Таван Толгой ХК-иас үндэслэлгүйгээр даатгалын хураамжийн нэг ч төгрөг аваагүй, захиалагчийн тендерийн нөхцөл, түүний үнэлгээний дагуу тендерт өрсөлдсөн, даатгалын хураамжийн хэмжээг тендерийн баримт бичигт тавигдсан үнэлгээний дагуу тогтоосон, гэрээний хүчинтэй байх хугацаанд даатгуулсан бүх эд хөрөнгөд даатгалын хамгаалалтыг бүрэн үүсгэж, тухайн үед үүссэн даатгалын тохиолдол бүрийн хохирлыг даатгуулсан үнэлгээнд нь тохируулах нөхен төлбөрөөр олгож, гэрээг "хангалттай" үнэлгээгээр дуусгавар болгож, өөрийн хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болно.

Дээрхийг үндэслэн Эрдэнэс Таван Толгой ХК-ийн "... даатгалын хүраамжид илүү төлсөн хэсэгт гэрээ хучин төгөлдөр бус гэж тооцуулах. илуу төлсөн 71.422.000 төгрөгийн төлбөрийг буцаан гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. ” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Эрдэнэс таван толгой ХК нь хариуцагч С.ДХХК-д холбогдуулан 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 30С140024 дугаартай “Тээврийн хэрэгсэл, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгал”-ын гэрээний дагуу даатгалын хураамжид илүү төлсөн хэсэгт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, Даатгалын хураамжид илүү төлсөн 71.422.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч С.ДХХК нь Эрдэнэс таван толгой ХК-иас тогтоосон үнэлгээний дагуу даатгалыг хийсэн, үнэлгээнд санал өгөх эрх байгаагүй, түүнчлэн хуулийн хугацаанд гомдол гаргаагүй тул зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 30С140024 дугаартай “Тээврийн хэрэгсэл, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгал”-ын гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу даатгуулагч нь даатгалын зүйлийн даатгуулж, даатгалын хураамж төлөх, нөгөө талаас даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу даатгалын нөхөн төлбөр олгохоор тохиролцож байгуулжээ. /1 дүгээр ХХ-ийн 8-25 дахь тал/

 

Уг гэрээ нь 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд хүчинтэй байсан бөгөөд авто тээврийн хэрэгслийн даатгалын хувьд даатгалын нийт үнэлгээ 7.594.016.593 төгрөг, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгалын нийт үнэлгээ 82.000.000 төгрөг байхаар тохиролцсон байна. /1 дүгээр ХХ-ийн 10 дахь тал/

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний даатгалын үнэлгээний дагуу  маргааны зүйл буюу LIU GONG CLG 855N маркийн нийт 8 ширхэг, авто ачигчийн даатгалын нэг бүрийн үнэлгээг 630.000.000 төгрөгөөр тогтоож, даатгалын хураамжийн хувь 1.62 төгрөгөөр тооцож, нийт 81.648.000 төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь Эрдэнэс таван толгой ХК-ийн тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдах авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн даатгалын хураамжийн тооцоолол /багц 2/-оор тогтоогдож байна. /1 дүгээр ХХ-ийн 24 дэх тал/

 

Хариуцагч С.ДХХК-д LIU GONG CLG 855N маркийн нийт 8 ширхэг, авто ачигчийн даатгалын хураамжид нийт 81.648.000 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаагүй байх тул баримтаар нотлох шаардлагагүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг LIU GONG CLG 855N маркийн нийт 8 ширхэг, авто ачигчийн нэг бүрийн бодит үнэлгээ нь 78.750.000 төгрөгөөр тооцоход даатгалын нийт хураамж нь 10.206.000 төгрөгийг даатгалын хураамжид төлөх байсан ба даатгалын хураамжид 71.422.000 төгрөгийг илүү төлсөн гэх ба Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.3, 438.4, 438.8-д заасныг нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болгон тайлбарлаж байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.5-д зааснаар захиалагч буюу Эрдэнэс таван толгой ХК нь худалдан авах ажиллагаанд зохих журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж, шинжилгээ, үнэлгээ хийх эрхтэй ба талуудын хооронд байгуулсан гэрээний “Даатгалын нийт үнэлгээ буюу гэрээний хариуцлага” хэсэгт “...Үнэлгээг зах зээлийн үнэлгээний 100 хувьтай тэнцүүлэн даатгуулагч /Эрдэнэс таван толгой ХК/-ийн тогтоосон үнэлгээний дүнгээр тооцов”, Тендерийн баримт бичиг /багц II/-ийн “Даатгалын үнэлгээ: Тээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээг зах зээлийн үнэлгээний 100 хувьтай тэнцүүлэн  захиалагчаас тогтоосон үнэлгээний нийлбэрээр тохирно” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нь даатгалын зүйлийн зах зээлийн үнэлгээг хариуцагчийн оролцоогүйгээр тогтоосон, өөрийн ажилтны хайхрамжгүй байдлаас ачигчийн нэг бүрийн үнэлгээг 630.000.000 төгрөгөөр тооцсон үйл баримт дээр маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.4-т “Гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ даатгуулсан эд хөрөнгийн өртгөөс илүү байвал эд хөрөнгийн өртгөөс илүү гарсан хэсэгт нь гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заажээ.

 

Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.1, 438.2-т зааснаар талууд тохиролцож үнэлсэн, эсхүл даатгагч үнэлгээг тогтоосон тохиолдолд 438 дугаар зүйлийн 438.4-д зааснаар эд хөрөнгийн өртгөөс илүү гарсан хэсэгт нь гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.

 

Даатгуулагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу даатгалын үнэлгээг өөрөө тогтоосон тохиолдолд эд хөрөнгийн өртгөөс илүү гарсан хэсэгт эрсдэлийг даатгуулагч хариуцах ба гэрээг хүчин төгөлдөр гэж тооцуулахаар шаардах эрхгүй. Даатгагч үнэлгээг тогтоосон бол даатгуулагч, даатгуулагч үнэлгээ тогтоосон бол даатгагч даатгалын үнэлгээний хэмжээ даатгуулсан эд хөрөнгийн өртгөөс илүү тогтоосон гэж шаардлага гаргах боломжтой.

 

Түүнчлэн маргаан бүхий даатгалын зүйл буюу LIU GONG CLG 855N маркийн нийт 8 ширхэг, авто ачигчийн нэг бүрийн үнэлгээ нь эд хөрөнгийн өртгөөс илүү үнэлгээтэй болохыг нэхэмжлэгч нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Талууд 2015 онд гэрээг сунгахдаа уг ачигч автомашины нэг бүрийн үнэлгээг 78.750.000 тооцсон нь нэхэмжлэгчийн үнэлгээ ба хариуцагч тал санал өгөх эрхгүй юм.

 

2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр LIU GONG CLG 855N маркийн, 12-51 УН улсын дугаартай авто ачигч нь ачилт хийх явцад нүүрсний мөргөцөг нурж, кабинетийн урд хэсэг, урд салхины шил, бариул, корпус, хойд тавцан гэх мэд нийлээд эвдрэл гарсан, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр замын чулуу үсрэн усны радиаторыг 2 гуурс цоорсон гэж хариуцагчид 2014 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 05/1478 /1 дүгээр ХХ-ийн 53 дахь тал/., 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 05/895 дугаар албан бичиг /1 дүгээр ХХ-ийн 61 дэх тал/-ээр С.ДХХК-д мэдэгдсэн ба хариуцагч С.ДХХК-иас уг ачигийн засварт зориулж 8.672.631 төгрөг шилжүүлсэн болох нь Эрдэнэс таван толгой ХК-ийн Голомт банкны дансны хуулгаар тогтоогдож байна. /1 дүгээр ХХ-ийн 117 дахь тал/.

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 9/2276 өдрийн өргөдлийн хариу өгөх тухай бичигт “...даатгалын гэрээний бүтээгдэхүүний үнийг зах зээлийн үнээс хэт өндөр тогтоосон эсэхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хөрөнгийн үнэлгээний компаниар тогтоолгож, зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэн нь тогтоогдвол компанийн холбогдох эрх бүхий албан  тушаалтнуудаас хохирлыг нэхэмжлэх боломжтой юм” гэж хариуг Эрдэнэс таван толгой ХК-д өгсөн байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ даатгуулсан эд хөрөнгийн өртгөөс илүү үнэлсэн нь үнэлгээний комиссын ажилтны буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой юм.

 

Хариуцагч тал нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үнэлгээний дагуу өөрийн даатгалын эрсдэлийг Ханновер Ре /hannover re/-д давхар даатгасан ба хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хэрэв уг ачигчид эрсдэл учирсан бол 630.000.000 төгрөгийн хэмжээнд хариуцлага хүлээн байсан” гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 30С140024 дугаартай “Тээврийн хэрэгсэл, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгал”-ын гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр талууд дүгнэсэн ба хариуцагч нь даатгалын нөхөн төлбөрт нийт 152.387.388 төгрөгийн нөхөн төлбөр олгосон, гэрээний хэрэгжилтийг хангалттай гэж дүгнэсэн болох нь 30С140024 дугаартай 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Тээврийн хэрэгсэл, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгал”-ын гэрээний дүгнэлтээр тогтоогдож байна. /1 дүгээр ХХ-ийн 51 дэх тал/

Нэхэмжлэгч нь даатгалын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд уг шаардлагыг гаргах боломжтой байсан байхад гэрээний хугацаа дуусгавар болсон, талууд гэрээг дүгнэсэн байхад гаргасан нь үндэслэл муутай байна.

 

Иймд хариуцагч С.ДХХК-д холбогдуулан гаргасан 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 30С140024 дугаартай “Тээврийн хэрэгсэл, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгал”-ын гэрээний дагуу даатгалын хураамжид илүү төлсөн хэсэгт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Даатгалын хураамжид илүү төлсөн 71.422.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Эрдэнэс таван толгой ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

            Шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Эрдэнэс таван толгой ХК-иас гаргуулсан нотлох баримтад нэхэмжлэгчийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагад нийцсэн байх тул нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 438 дугаар зүйлийн 438.1, 438.4 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч С.ДХХК-д холбогдуулан гаргасан 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 30С1400024 дугаартай “Тээврийн хэрэгсэл, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгал”-ын гэрээний дагуу даатгалын хураамжид илүү төлсөн хэсэгт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, даатгалын хураамжид илүү төлсөн 71.422.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Эрдэнэс таван толгой ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 580.060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР