Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1160

 

 

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/00819 дүгээр шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Соёмбо даатгал” ХХК-д холбогдох

 

            2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 30С1400024 дугаартай Тээврийн хэрэгсэл, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгалын гэрээний дагуу даатгалын хураамжид илүү төлсөн хэсэгт гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, даатгалын хураамжид илүү төлсөн 71 422 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч            Т.Цолмон

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч               Д.Нарантуяа  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмон шүүхэд гаргасан тайлбартаа:

"Эрдэнэс таван толгой” ХК нь “Соёмбо даатгал” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 30С1400024 дугаартай Тээврийн хэрэгсэл, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгалын гэрээг 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх 1 жилийн хугацаатай байгуулан, хамтран ажилласан. Даатгалын 30С1400024 дугаартай гэрээгээр “Эрдэнэс таван толгой” ХК “Соёмбо даатгал” ХХК-д гэрээгээр тохирсон даатгалын хураамжид нийт 124 253 068.81 төгрөгийг бүрэн төлсөн. Тус хоёр компани 2015 онд шинээр даатгалын гэрээ байгуулан, даатгалын хураамжийн тооцоолол хийж, үнэ шалгах явцад 2014 оны 30С1400024 дугаартай гэрээний Авто тээврийн болон өрөө явагч хэрэгслийн даатгалын хураамжийн тооцоолол /хавсралт №1/-ын Тээврийн хэрэгслийн жагсаалтын дугаарлалтын 31-38-д бичигдсэн, нэг бүрийн үнэ нь 78 750 000 төгрөг бүхий 8 ширхэг авто ачигчийг тус бүр 630 000 000 төгрөгөөр хэт их өндөр үнээр үнэлэн, “Эрдэнэс таван толгой” ХК даатгалын хураамжид 71 422 000 төгрөгийг илүү төлсөн нь тогтоогдсон. Уг найман ширхэг авто ачигчийн даатгалын хураамжийг бодит үнэ 78 750 000 төгрөгөөр тооцвол даатгалын хураамжийн төлбөр 10 206 000 төгрөг болж, “Эрдэнэс таван толгой” ХК “Соёмбо даатгал” ХХК-д илүү 71 422 000 төгрөгийг төлсөн. “Соёмбо даатгал” ХХК нь эд хөрөнгө даатгахдаа хөрөнгийн үнэлгээ тус бүрээр хураамжийг тооцож, актуарч мэргэжилтнээр хянуулан, зах зээлийн бодит үнийн судалгаатай харьцуулж ажилладаг мэргэжлийн байгууллагын хувьд үнэлгээ нь даатгуулсан эд хөрөнгийн өөрийн өртгөөс хэт өндөр байсныг нягтлан шалгалгүйгээр илүү хураамж авсан нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан болохыг тус компанид мэдэгдэн, даатгалын хураамжид илүү төлсөн 71 422 000 төгрөгийг "Эрдэнэс таван толгой" ХК-д буцаан төлөхийг удаа дараа шаардсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.3-т "Эд хөрөнгийн даатгалын үнэлгээний хэмжээ түүний өртгөөс илүүгүй байна", 438.4-т “Гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ даатгуулсан эд хөрөнгийн өртгөөс илүү байвал эд хөрөнгийн өртгөөс илүү гарсан хэсэгт нь гэрээ хүчин төгөлдөр бус байна", 438.8-д "Даатгалын үнэлгээний хэмжээ даатгуулсан эд хөрөнгийн өртгөөс үлэмж их болох нь тогтоогдвол даатгагч даатгалын үнэлгээний хэмжээг бууруулах, даатгуулагч хураамжийг багасгахыг тус тус шаардах эрхтэй" гэж заасан. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-д "эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх" 9.4.4-д "учруулсан хохирлыг арилгуулах" гэж зааснаар "Эрдэнэс-таван толгой" ХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээх, мөн хуулийн 438 дугаар зүйлийн 438.4-д “Гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ даатгуулсан эд хөрөнгийн өртгөөс илүү байвал эд хөрөнгийн өртгөөс илүү гарсан хэсэгт нь гэрээ хүчин төгөлдөр бус байна" гэж заасны дагуу 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 30С1400024 дугаартай Тээврийн хэрэгсэл, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгалын гэрээний дагуу даатгалын хураамжид илүү төлсөн хэсэгт гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, илүү төлсөн 71 422 000 төгрөгийн төлбөрийг буцаан гаргуулж өгнө үү" гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Нарантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 "Эрдэнэс таван толгой" ХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааг тооцоход нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаанд гаргаагүй, уг хугацаа дуусгавар болсноос хойш хуанлийн 170 хоногийн дараа гаргасан нь дараахи баримтаар тогтоогдож байна. Үүнд:

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн дотоод хяналт, эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга С.Баярсайханы гарын үсэг бүхий, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 23 тоотоор "71 422 000 төгрөгийг нөхөн гаргуулж өгөх тухай мэдэгдэл"-ийг “Соёмбо даатгал” ХХК-д ирүүлсэн, “Соёмбо даатгал” ХХК-иас энэхүү мэдэгдлийн хариуг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15/03/879 тоотоор өгсөн. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу “Эрдэнэс таван  толгой” ХК нь “Соёмбо даатгал” ХХК-ийн хариуг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан байна. Санхүүгийн зохицуулах хороо 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 9/2276 тоотоор хариу хүргүүлсэн байна.

Иргэний хуулийн 76.1, 76,2, 72.4, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 32.2-т, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт шүүхэд гомдол гаргах хугацааг хуульчилсан.   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаанд гаргаагүй, уг хугацаа дуусгавар болсноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдож байна гэж үзэж байна.

“Эрдэнэс таван толгой” ХК болон “Соёмбо даатгал” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 30С1400024 дугаартай “Эрдэнэс таван толгой” ХК буюу захиалагч нь тендер шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий "Үнэлгээний хороо"-г байгуулж, Үнэлгээний хороо нь худалдан авах бараа, ажил үйлчилгээнд тавих техникийн үзүүлэлт, шаардлагаа тодорхойлон тендерийн баримт бичгийг боловсруулж батлуулан, олон нийтийн хэвлэлээр нийтэд нээлттэй тендер зарласан. 2014 оны 5 дугаар сарын 2-ны өдөр нээлттэй зарласан "Даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ-201/05-12/НТШ-ОЗ дугаартай, 4-н багцаас бүрдсэн тендерт “Соёмбо даатгал” ХХК оролцож, 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 03/1034 тоот "Тендерийн үнэлгээний тухай" албан бичгээр манай компанийг "Багц 2-т ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтыг хангасан тул тендерийн үнэ болох 127 667 781 төгрөгөөр гэрээ байгуулах болсоныг манай байгууллага хүлээн зөвшөөрснийг мэдэгдье" гэсэн мэдэгдэл ирсэний дагуу талууд 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 30С140024 дугаартай Тээврийн хэрэгсэл, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгалын гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулагдсан. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.4, 5.1.5, 5.1.9, 5.1.19,11,19, 22, 45, 46, 47 дугаар зүйлүүдэд заасны дагуу “Эрдэнэс таван толгой” ХК нь захиалагчийн хувьд зөвхөн өөрт нь хуулиар олгосон эрхийн хүрээнд өөрөө тендерийн баримт бичгээ боловсруулсан, хянасан, олон нийтэд зарласан, тендерийн баримт бичгийн тараасан /худалдсан/, даатгалд хамруулах эд зүйлийн нэр, тэдгээрийн үнэлгээг өөрөө тогтоосон, үнэлгээнд өөрийн тодорхой нөхцөл заасан ба тендерийн нөхцөлд тендерт оролцогч ямар нэгэн өөрчлөлт оруулахыг хориглосон заалт тусгасан байсан байгаа болно. Тухайлбал тендерийн баримт бичгийн 3.1.2-т, 7.2, "Техникийн тодорхойлолт"-ын 31-38 дугаарт заасны дагуу авто чиргүүлийн нэг бүрийн даатгалын үнэлгээг захиалагч өөрөө тогтоосон. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичигт ямар ч өөрчлөлт оруулах эрхгүй" гэж тендерийн баримт бичгийн 3.3, 8 дугаар хуудасны 8.2-д заасан нөхцөлийг оруулсан байсан. “Эрдэнэс таван толгой” ХК тендерийн баримт бичгийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтаараа "Даатгалын гэрээг Захиалагчийн сонгосон мэргэжлийн зуучлагчийн оролцоотойгоор байгуулах нөхцөлийг үйлчилгээ үзүүлэх саналд тусгана" гэсэн шаардлага тавьж, өөрсдийн сонгосон даатгалын мэргэжлийн оролцогч, даатгалын зуучлагч "Ачит Ундарга" ХХК-ийг зөвлөхөөрөө ажиллуулж, улмаар гэрээ байгуулах ажлын явцад, мөн гэрээний хүчинтэй байх бүхий л хугацаа, гэрээний үүргийн гүйцэтгэлд хяналт тавих, гэрээний хугацаа дуусгавар болж гэрээ дүгнэх бүх ажлын явцад тус компанийг мэргэжлийн оролцогчоор оролцуулж, тухайн үедээ тус компаниас мэргэжлийн зөвлөгөөгөө авч ажилласан /тендерийн баримт бичиг, ХХ42/, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 30С1400024 дугаартай "Тээврийн хэрэгсэл, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгалын гэрээ"-г байгуулахад нэхэмжпэгч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн талаас тус компанийн мэргэжлийн ажилтнууд буюу дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга С.Баярсайхан, нягтлан бодох бүртгэлийн газрын захирал Д.Чулуунбат, хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Энх-Амгалан, мэргэжилтэн Ж.Ариунсайхан нар оролцсон болно. Гэрээний хүчинтэй байх хугацаанд гэрээнд оролцогч аль нэг талаас гэрээний үнэ, нөхцөл, үүргийн гүйцэтгэлтэй холбоотой ямар нэгэн гомдол, санал, хүсэлт гаргаж байгаагүй, гэрээний хугацаа дуусахад талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэж, хэрэгжилтийг "Хангалттай" гэж үнэлэн, гэрээг дуусгавар болгосныг баталж акт үйлдсэн болно. “Соёмбо даатгал” ХХК “Эрдэнэс таван толгой” ХК-иас үндэслэлгүйгээр даатгалын хураамжийн нэг ч төгрөг аваагүй, захиалагчийн тендерийн нөхцөл, түүний үнэлгээний дагуу тендерт өрсөлдсөн, даатгалын хураамжийн хэмжээг тендерийн баримт бичигт тавигдсан үнэлгээний дагуу тогтоосон, гэрээний хүчинтэй байх хугацаанд даатгуулсан бүх эд хөрөнгөд даатгалын хамгаалалтыг бүрэн үүсгэж, тухайн үед үүссэн даатгалын тохиолдол бүрийн хохирлыг даатгуулсан үнэлгээнд нь тохируулах нөхөн төлбөрөөр олгож, гэрээг "хангалттай" үнэлгээгээр дуусгавар болгож, өөрийн хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болно. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн "... даатгалын хураамжид илүү төлсөн хэсэгт гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулах илүү төлсөн 71 422 000 төгрөгийн төлбөрийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1,438 дугаар зүйлийн 438.1,438.4 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч “Соёмбо даатгал” ХХК-д холбогдуулан гаргасан 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 30С1400024 дугаартай "Тээврийн хэрэгсэл, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгал"-ын гэрээний дагуу даатгалын хураамжид илүү төлсөн хэсэгт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, даатгалын хураамжид илүү төлсөн 71 422 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх  хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 580 060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмон давж заалдах гомдолдоо: ... Иргэний хуулийн 438 дугаар зүйлййн 438.4 дэх хэсэгт "Гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ даатгуулсан эд хөрөнгийн өртгөөс илүү байвал эд хөрөнгийн өртгөөс илүү гарсан хэсэгт нь гэрээ хүчин төгөлдөр бус байна" хэмээн заасан. Иргэний хуулийн дээрх заалтад анхан шатны шүүх зөвхөн Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.1, 438.2 дахь заалтуудыг хамааруулж, нэхэмжлэлийн шаардлагад чухал хамааралтай тус хуулийн 438.3, 438.8 дахь заалтуудыг хамруулахгүй байгаа нь Иргэний хуулийг дутуу хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэг буюу 6 дахь талд "...Даатгуулагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу даатгалын үнэлгээг өөрөө тогтоосон тохиолдолд эд хөрөнгийн өртгөөс илүү гарсан хэсэгт эрсдэлийг даатгуулагч хариуцах ба гэрээг хүчин төгөлдөр гэж тооцуулахаар шаардах эрхгүй... гэж нэхэмжлэгч талын шаардах эрхийг шүүх хууль бусаар шууд хязгаарласан, үндэслэх хэсгийн 7 дахь талд "...Нэхэмжлэгч нь гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ даатгуулсан эд хөрөнгийн өртгөөс илүү үнэлсэн нь комиссын ажилтны буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой юм. ..." гэж үндэслэл болгон тайлбарласан байна. Эндээс харахад даатгалын зүйл болох 8 авто ачигчийн үнэлгээний хэмжээ бодит өртгөөс илүү болохыг шүүхээс нотолсон гэж ойлгож байна. Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.3, 438.4, 438.8 дахь заалтуудад ...аль нэг этгээдийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан бол шаардах эрхгүй... гэсэн үг өгүүлбэр хуулийн дээрх заалтуудад ерөөсөө бичигдээгүй байна. Ийм атал нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг нэхэмжлэгч талын ажилтны буруутай үйлдэл гэж тайлбарлаж байгаа нь шүүх Иргэний хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Талууд 2014 оны даатгалын гэрээний хугацаа дуусч, 2015 онд даатгалын шинэ гэрээ байгуулах үед уг 8 ширхэг авто ачигчийн нэг бүрийн үнэлгээг буруу тооцсныг тогтоож /ИХ-ийн 438.8/ компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнэ болох 78 750 000 төгрөгөөр тооцон даатгал хийлгэсэн.  Уг 8 ширхэг авто ачигчийг "Эрдэнэс-Таван толгой" ХК “Говь Повер" ХХК-иас 78 750 000 төгрөгөөр хүлээн авсан эд хөрөнгө хүлээлцсэн баримтыг хуулийн дагуу нотлох баримтын шаардлага ханган шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч тал буюу "Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т "...Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...." гэж заасны дагуу нотлох баримтуудыг нотариатчаар гэрчлүүлэн шүүхэд өгсөн. Гэвч анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Давхар даатгалын зорилго нь даатгагч өөрийн эрсдэлийг хамгаалах зорилгоор бусад өөр даатгалын компанитай давхар даатгалын гэрээ байгуулж байгаа харилцаа. Өөрөөр хэлбэл давхар даатгал нь "Соёмба Даатгал" ХХК-д даатгалын тохиолдол үүсэж, үүний дагуу Ханновер Ре даатгалын компани гэрээний дагуу нөхөн төлбөр төлөх харилцаа. “Соёмбо даатгал” ХХК, нэхэмжлэгч талын хооронд үүссэн аливаа үүрэг хариуцлагыг хүлээхгүй, хариуцахгүй гэдгийг шууд мэдэгдсээр байтал анхан шатны шүүх давхар даатгалын харилцааг манайхтай холбож ойлгох нь үндэслэлгүй байна. Талууд 2014 оны даатгалын гэрээний хугацаа дуусч, 2015 онд даатгалын шинэ гэрээ байгуулах үед уг 8 ширхэг авто ачигчийн нэг бүрийн үнэлгээг буруу байсныг тогтоосон. Ийнхүү даатгалын үнэлгээний хэмжээ даатгуулсан эд хөрөнгийн өртгөөс үлэмж их болохыг нь тогтоосноос хойш Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.3, 438.4, 438.8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч талаас даатгалын хураамжид илүү төлсөн 71 422 000 төгрөгийг буцаан олгохыг удаа дараа шаардаж байсан ч шаардлагыг биелүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч талын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, “Соёмбо даатгал” ХХК-иас "Эрдэнэс таван толгой" ХК-ийн даатгалын хураамжид илүү төлсөн 71 422 000 төгрөг гаргуулж, гэрээний тодорхой хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Эрдэнэс таван толгой” ХК нь хариуцагч “Соёмбо даатгал” ХХК-д холбогдуулан 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 30C1400024 дугаартай “Тээврийн хэрэгсэл, жолоочийн нэмэлт даатгал”-ын гэрээний дагуу даатгалын хураамжид илүү төлсөн хэсэгт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, даатгалын хураамжид илүү төлсөн 71 422 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Талууд 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 30С1400024 дугаартай “Тээврийн хэрэгсэл, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгалын гэрээ”-г байгуулсан, уг гэрээ 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүртэл хугацаатай байсан байна.                                                           /хэргийн 1 дүгээр хавтас 8-25 дугаар тал/

 

Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагадаа  “…хариуцагч байгууллага мэргэжлийн байгууллагын хувьд даатгуулагчийн үнэлгээ нь даатгуулсан эд хөрөнгийн өртгөөс хэт өндөр байсныг нягтлан шалгаагүй” гэсэн үндэслэл зааж,

уг үндэслэлээ даатгалын зүйл буюу LIU GONG CLG 885N маркийн нийт 8 ширхэг авто ачигчийн даатгалын үнэлгээний нэг бүрийн үнийг 630 000 000 төгрөгөөр тогтоосноос илүү 71 422 000 төгрөг төлсөн” гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч “Соёмбо даатгал” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө “… “Эрдэнэс таван толгой” ХК гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаанд гомдлоо гаргаагүй, гэрээний хавсралт 1-ийн 31-38 заасан авто ачигчийн нэг бүрийн даатгалын үнэлгээг захиалагч өөрөө тогтоосон” гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргажээ.  

 

            Талуудын хооронд байгуулсан гэрээний даатгалын үнэлгээний дагуу LIU GONG CLG 885N маркийн нийт 8 ширхэг авто ачигчийн даатгалын нэг бүрийн үнэлгээг                           630 000 000 төгрөгөөр тогтоож, даатгалын хураамжийн хувь 1.62 төгрөгөөр тооцож, нийт 81 648 000 төгрөг төлсөн үнийн дүнгийн талаар маргаагүй байна. 

                                                                                   / хэргийн 1 дүгээр хавтас 24 дүгээр тал /

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Эрдэнэс таван толгой” ХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу тендерийн үйл ажиллагааг явуулсан болох нь тус компанийн  гүйцэтгэх захирлын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/80 тоот тушаалаар “Үнэлгээний хороо”-г байгуулсан, тендерийн шалгаруулалтыг зохион байгуулж, тус хороо нь худалдан авах бараа ажил үйлчилгээнд тавих техникийн үзүүлэлт, шаардлагаа тодорхойлон тендерийн баримт бичгийг боловсруулсан, тендерийг олон нийтийн хэвлэлээр нийтэд зарласан, сонгон шалгаруулалтыг хийсэн үйл баримт тогтоогдсон байна.                                                                    /хэргийн 1 дүгээр хавтас 84-112 дугаар тал/

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу “Эрдэнэс таван толгой” ХК нь 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 03/1034 тоот албан бичгээр тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтыг баримтлан “Соёмбо даатгал” ХХК-д гэрээ байгуулахыг зөвшөөрсөн байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4-д худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулна гэж заасан. Мөн тендерийн баримт бичгийн 3.1.2-т заасны дагуу даатгалын үнэлгээг захиалагчийн тогтоосон үнээр даатгахаар заасан байх бөгөөд захиалагч “Эрдэнэс таван толгой” ХК уг үнэлгээг тогтоосон байна.

 

Түүнчлэн талууд гэрээний даатгалын нийт үнэлгээ буюу гэрээний хариуцлага гэсэн хэсгийн 1-ийн “Автотээврийн хэрэгслийн даатгалын хувьд” гэсэн заалтад “Үнэлгээг зах зээлийн үнэлгээний 100 хувьтай тэнцүүлэн даатгуулагчийн тогтоосон үнэлгээний дүнгээр тооцов” гэж тохиролцжээ.                                         / хэргийн 1 дүгээр хавтас 10 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд маргааны зүйл болж буй  LIU GONG CLG 885N маркийн нийт 8 ширхэг авто ачигчийн үнэлгээний хэмжээ нь эд хөрөнгийн өртгөөс их болох нь тогтоогдсон болохыг нэхэмжлэгч байгууллага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч “Эрдэнэс таван толгой” ХК нь хариуцагч “Соёмбо даатгал” ХХК-ийн  2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 30С140024 тоот “Тээврийн хэрэгсэл, жолоочийн нэмэлт даатгал”-ын гэрээний дагуу дааттгалын хураамжид илүү төлсөн хэсэгт холбогдох хэсгийг Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байна гэж үзэх үндэслэлгүй болно. 

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааны дотор шаардлага гаргасан гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ …анхан шатны шүүх эд хөрөнгийг даатгах тохиолдолд даатгагч эд хөрөнгийг үзэж үнэлгээний хэмжээг тогтоох тухай хуулийн заалтыг баримтлаагүй гэсэн үндэслэл зааж байгаа боловч төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” ХК-аас зарласан тендерийн үйл ажиллагаанд илүү нарийвчилсан хууль болох Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийг хэрэглэх тул Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.2 дахь заалтыг баримтлаагүй гэсэн гомдлыг хангах боломжгүй юм.

 

Талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 30C140024 тоот гэрээний хугацаа дуусгавар болж, дахин  2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр гэрээ  байгуулахдаа 8 ширхэг авто ачигчийн үнэлгээг 78 750 000 төгрөгөөр тогтоосон байдал өмнөх гэрээгээр тохирсон үнэлгээнд нөлөөлөх, түүнийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлд хамаарахгүй юм.

 

Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаагүй орхих нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/00819 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа “Эрдэнэс таван толгой”      ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 580 060 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

                    ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ                                                                                                                                                           Ц.ИЧИНХОРЛОО