Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2022/0611

 

М.З нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг дарга С.С ,

Нэхэмжлэгч: М.З

Хариуцагч: Хариуцагч Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “... Шарга сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 24 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: М.З ,

Хариуцагч: С.С ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 112/2022/0018/З         

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.З нь Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргад “Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дугаартай “Монхорын Золбаярт сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийн хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 24 дүгээр шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Шарга сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал М.З нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Тус шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй бөгөөд нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьсан, эргэлзээ бүхий нотлох баримтыг үнэлэхдээ хэрхэн үнэлсэн талаар дурдалгүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан. 

3.2. Тодруулбал: Ажил олгогчоос маргаан бүхий захиргааны актыг ёсчлохдоо “...улирлын ажлын тайлан ирүүлээгүй, уулзалт арга хэмжээний бэлтгэл, зохион байгуулалтыг хангалтгүй явуулсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй...” зэргийг үндэслэн өөрийн бүрэн эрхийн хүрээнд захирамжийг ёсчилсон байдаг. Нэхэмжлэгчид сахилгын шийтгэлийг ногдуулах бүрэн хариуцагчид олгосон бөгөөд гагцхүү хуульд нийцсэн байхыг шаарддаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь заалтаар сахилгын шийтгэл ногдуулахдаа хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн эсэхийг харгалзан үздэг.

3.3. Шүүх маргаан бүхий үйл баримтад дүгнэлт хийхдээ зөвхөн хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэсэн байх бөгөөд хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг тодруулаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. “Бидний ирээдүй” уулзалтын бэлтгэл, зохион байгуулалт хангалтгүй талаар хариуцагч шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан бөгөөд уг уулзалтын гол зорилго бол сургуульд суралцагч хүүхэдтэй хөдөөгийн эцэг, эхчүүдийг түлхүү оролцуулах байсан бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгч энэхүү уулзалтад зорилтот хэсгийг оролцуулаагүй талаар дурддаг. Үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байдаг. Харин 56 оролцогч оролцсон гэж тайлбарладаг боловч уулзалт, арга хэмжээний зорилтот хэсэг мөн эсэх талаар тайлбар гаргаагүй байдаг. Энэ байдалд шүүх дүгнэлт хийлгүйгээр гагцхүү ажлын хэсгийн ажил дуусаагүй байхад ганцхан нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй талаар дүгнэсэн байна. Хариуцагчаас яагаад нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан талаар тодорхой тайлбарласан боловч шүүх хүлээж аваагүй байдаг. Учир нь хариуцагч нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй бөгөөд сургуулийн ажилчдад сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй. Энэхүү бүрэн эрхийг Монгол Улсын засаг захиргаа, нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгосон байдаг.

3.4. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн талаар хариуцагч шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчээс яг энэ агуулгад няцаасан үгүйсгэсэн тайлбарыг гаргаагүй байдаг.

3.5. Шүүх энэ агуулгад хангалтгүй биелүүлсэн эсэх нь нотлох баримтаар тогтоогдсонгүй гэж дүгнэжээ. Захиргааны хэргийн шүүхэд нотлох баримт цуглуулах үүргийг хуульчилсан. Өөрөөр хэлбэл шүүх нотлох зарчмыг өөрөө хэрэгжүүлэх үүрэгтэйгээс гадна хэргийн оролцогчийг татан оролцуулна гэж заасан. Шүүх дээрх байдлаар учир дутагдалтай дүгнэлтүүдийг тус тус хийжээ. 

3.6.Иймд нотлох баримтыг хуулийн дагуу дүгнээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бус Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

2. Хариуцагч Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар “улирлын ажлын тайлан ирүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй, эцэг эхийн “Бидний ирээдүй” уулзалт, арга хэмжээний бэлтгэл, зохион байгуулалт муу, ажилдаа хариуцлагагүй хандсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч М.З т үндсэн цалинг 3 сарын хугацаанд 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэл бүхий болоогүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл үндэслэлтэй байна.

 

3. Анхан шатны шүүх хариуцагч дээрх маргаан бүхий актаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа “... улирлын ажлын тайлан ирүүлээгүй” гэж буруутгасан  байх боловч уг тайланг гаргаж ирүүлэх хугацааны талаар хөдөлмөрийн гэрээ болон холбогдох журамд заагаагүй ...” гэж дүгнэсэн үндэслэлтэй байна.

 

4. Хэрэгт авагдсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4.1.12-т “ Улирлын ажлын үр дүнгээр 2 ба түүнээс дээш удаа “Хангалтгүй үнэлгээ авсан” тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцлана” гэж заасан байх боловч уг хөдөлмөрийн гэрээнд улирлын ажлын тайланг хүргүүлэхтэй холбоотой асуудлаар тодорхой хугацаа зааж, уг хугацаатай холбогдуулан ажилтанд хариуцлага тооцох талаар ямар нэгэн заалт тусгагдаагүй байна.

Мөн хэрэгт авагдсан Шарга сумын ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаал эрхлэгчид улирлын ажлын тайланг ирүүлэх талаар тодорхой хугацаа зааж үүрэг болгосон заалт тусгагдаагүй байна.

 

5. Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ”, 54.2-т “байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журмыг Засгийн газар батална” гэж заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолоор батлагдсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”-ын 2.1-т төсвийн шууд захирагч нь тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө /цаашид төлөвлөгөө гэх/ боловсруулан баталж, жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ”, 4.5-д “Төлөвлөгөөний биелэлтийн жилийн эцсийн тайланг дараахь хугацаанд харьяалах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлнэ:, 4.5.1-т “... аймаг ... дэх агентлаг, ... төсвийн шууд захирагч 1 дүгээр сарын 5-ны дотор аймаг ... ийн төсвийн ерөнхийлөн захирагчид”, 4.7-д “байгууллагын захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж байгууллагын гүйцэтгэлийн тайланг нэгтгэх бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ. Төлөвлөгөөний биелэлтийн хагас жилийн явцын тайланг 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор, жилийн эцсийн тайланг төсвийн шууд захирагч 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор үнэлэх бөгөөд үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган ажиллана” гэж заажээ.

 

6. Дээрх хууль, журмын зохицуулалтаас үзвэл Монгол Улсын Засгийн газар “Байгууллагын гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлт тогтоох тайлан гаргах журам”-ыг батлахаар байх бөгөөд Засгийн газраас баталсан хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”-д төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилго бүхий гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, улмаар уг төлөвлөгөөний биелэлтийг хагас, бүтэн жилээр үнэлж дүгнэхээр байна.

 

7. Иймээс дээрх хууль, журмын зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгчийг “ажлын гүйцэтгэлийн талаарх тайлан гаргах хугацааг хэтрүүлсэн зөрчил гаргасан” гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д “төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгож болохоор заасан, тэр дундаа уг журмын 4.3-т Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сургалтын байгуулагын хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй багш, ... бусад албан хаагчид олгоно”, 4.7-д “энэ журмын 4.3-т заасан нөхцлийг хангасан багш албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг тухайн сургалтын байгууллагын эрхлэгч, захирал гаргана. Сургалтын байгууллагын эрхлэгч, захиралд улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг томилсон эрх бүхий албан тушаалтан гаргана” гэж журамлажээ.

 

8. Дээрх журмын зохицуулалтаас үзвэл төрийн албан хаагч нь улирлын ажлын гүйцэтгэлийн тайлан, гаргаж дүгнүүлэх, улмаар эрх бүхий албан тушаалтан энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд сургуулийн захирлын албан тушаал эрхлэгч байх тул түүнийг томилсон сумын Засаг даргын хувьд сургалтын байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох үндэслэл болохоор зааснаас үзвэл улирлын ажлын гүйцэтгэлийн тайланг хугацаанд нь гаргаж хүргүүлээгүй нь тухайн улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгогдох эсэх талаар шийдвэр гаргах үндэслэлд хамаарах боломжтой байх боловч сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болохоор тусгагдаагүй байна.

 

9. Иймд хариуцагч Шарга сумын Засаг дарга С.С ын 2022 оны Б/11 дүгээр захирамжид “улирлын ажлын тайлан ирүүлээгүй” гэсэн шалтгаан үндэслэлээр нэхэмжлэгч М.З т сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн хариуцагчаас маргаан бүхий актаар “Бидний ирээдүй уулзалтад хариуцлагагүй хандсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэл муутай болсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.

Тухайлбал, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/33 дугаар захирамжаар “Боловсролын чанарыг сайжруулах, сурлагын хоцрогдлыг арилгах, ЭЕШ-д авах дундаж оноог ахиулах ажлыг эрчимжүүлэн дэмжлэг үзүүлэх ажлын төлөвлөгөө баталж, уг ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан, нэхэмжлэгч М.З уг ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар томилогдсон байх бөгөөд ажлын хэсгийн төлөвлөгөө батлуулах, явцын хэрэгжилтийг сар бүр мэдээлж байх үүргийг ажлын хэсгийн даргад даалгасан, улмаар мөн сарын 18-ны өдөр батлагдсан тус ажлын хэсгийн зохион байгуулах ажлын төлөвлөгөөнд “Асран хамгаалагч харгалзан дэмжигч нарын уулзалт хийх” ажлыг “ажлын хэсгийн бүх гишүүд” хариуцан зохион байгуулахаар тусгасан байна.

10. Дээрх төлөвлөгөөнд туссан арга хэмжээ 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Бидний ирээдүй уулзалт” гэсэн нэрээр зохион байгуулагдсан, нийт 56 оролцогч хамрагдсан болох нь хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдсон байна.

Хариуцагч нь “...  уг уулзалтад хөдөө багт амьдардаг 10 орчим иргэн оролцсон, сургуулийн сурагчдыг явах бололцоог бүрдүүлсэн” гэсэн агуулгаар нэхэмжлэгчийг буруутгасан байх боловч уг үйл ажиллагааг зохион байгуулах үүргийг ажлын хэсгийн бүх гишүүдэд хариуцуулсан атлаа дан ганц нэхэмжлэгчийг буруутгасан нь ойлгомжгүйгээс гадна уг арга хэмжээг зохион байгуулахад хөдөө багт амьдардаг иргэд оролцсон эсэх асуудал нь “сумын сургуулийн боловсролын чанар сайжрах, сурлагын хоцрогдол арилах, элсэлтийн ерөнхий шалгалтад авах дундаж оноо ахих ажил эрчимжих, дэмжлэг үзүүлэх” гэсэн үндсэн ажлын зорилго, зорилтын биелэлттэй хэрхэн уялдаж байгаа нь мөн ойлгомжгүй, тодорхой бус, улмаар үр дүнг нь үнэлж, дүгнэх, тооцох шалгуур үзүүлэлтийг анхнаасаа заагаагүй атлаа энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэл муутай болсон байна.

Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т “аймаг, ... ийн боловсолын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, ...ийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг ... ийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:”, 43.2.2-т “хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх” гэж заажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг сургуулийн захирлын албан тушаалд томилох эрх бүхий албан тушаалтны хувьд албан тушаалын тодорхойлолтыг батлах үүрэгтэй, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ гүйцэтгэсэн эсэх талаар баримтаар тогтоосны үндсэн дээр энэ талаарх үндэслэлийг тусгаж түүнд сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн боломжтой байна.

 

11. Гэтэл хариуцагч нь маргаан бүхий актад “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй, зохион байгуулалт муу, ажилдаа хариуцлагагүй хандсан” гэх зэрэг үндэслэлүүдийг нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгож заасан байх боловч ажлын байрны тодорхойлолтод заасан хэзээ, ямар хэлбэрээр өгсөн үүрэг даалгаврыг нэхэмжлэгч хэрхэн ямар байдлаар биелүүлээгүй болох, мөн зохион байгуулалт муутай болох нь хэрхэн тогтоогдсон, ажилдаа хэзээ ямар байдлаар хариуцлагагүй хандсан талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаж мэтгэлцээгүй байх тул маргаан бүхий актын энэ талаарх үндэслэл үгүйсгэгдэж байна.

 

12. Ийнхүү хариуцагчийн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрт заасан нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах болсон бодит нөхцөл байдал үндэслэлтэй болох нь тогтоогдохгүй байхаас гадна уг шийдвэрт холбогдох хууль зүйн үндэслэлийг тусгаагүй, мөн шийдвэрт гомдол гаргах журмыг заагаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчимд нийцээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэж заасан захиргааны актад тавигдах хууль ёсны шаардлагыг хангаагүй байна.  

 

13. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч М.З Хөдөлмөрийн тухай хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч улирлын ажлын тайлан хүргүүлээгүй байх боловч энэ нь нэхэмжлэгчид үндсэн цалинг 3 сарын хугацаанд 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох боломжгүй, хариуцагчийн шийдвэр зөрчлийн шинж байдал, үр дагаврыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулахаар заасан хуулийн зохицуулалтад нийцээгүй гэх агуулга бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байна.

 

14. Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ