Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01734

 

Б.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/00651 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1318 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Ц-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “МЦХ” ТӨХК-д холбогдох,

“МЦХ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Х/296 тоот тушаалыг хүчингүй болгуулан, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхбаатарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр, хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “МЦХ” ТӨХК-д хүний нөөцийн бүрдүүлэлт хариуцсан мэргэжилтнээр орж, улмаар 2017 оны 03 дугаар сард жирэмсний амралт дуусаад буцаж ажилдаа орох гэхэд миний оронд өөр хүн авч, буцаан авахгүй байсан учир тухайн үед шүүхэд хандсанаар харилцан эвлэрч ажилдаа орж байсан. 

Хэдийгээр ажилд томилсон ч байнга дарамт шахалт үзүүлж, хэл ам хийж байсан бөгөөд намайг эзгүй байх хугацаанд миний оронд 1 мэргэжилтэн болон орон нутаг хариуцсан 1 мэргэжилтэн нэмж авч хүний нөөцийн албанд 2 орон тоо шинээр нэмэгдсэн. 

Байгууллагаас орон тоо цөөрүүлэх, мэргэжил ур чадварын шалгалт авах тухай яригдан захирлын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/96 тоот тушаалаар батлагдсан “МЦХ” ТӨХК-ийн ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг үнэлэх комиссын ажиллах журмыг үндэслэн орон тоо цөөрүүлэх зорилгоор үе шаттайгаар шалгалт авч, ажлаас халж эхэлсэн. 

Хүний нөөцийн албанд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шалгалтын тов танилцуулахдаа “МЦХ” ТӨХК-ийн ТУЗ-ын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 141 дүгээр тогтоолоор Удирдлага хүний нөөцийн газрын хүний нөөцийн албанаас 2 мэргэжилтний орон тоог цөөрүүлэх шийдвэр гарсан гэж тайлбарлан 7 хоногийн дараа шалгалт авна гэж гарын үсэг зурахыг шаардсан. Онцгой шаардлагагүй байхад 2 орон тоо нэмчихээд шалгалт авах нэрийдлээр 2 орон тоо хасах нь шударга биш тул би гарын үсэг зурахаас татгалзаж, шалгалт өгөлгүй, Нийслэлийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд өргөдөл гаргасан. Өргөдлийн хариуд 2017оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 19 дүгээр албан бичгээр “МЦХ” ТӨХК-ийн захиралд Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж зөрчиж, ажилтны хөдөлмөрлөх эрх ашгийг хохироолгүй хуулийн дагуу ажиллах нөхцөл бололцоогоор хангахыг зөвлөсөн. Гэтэл Нийслэлийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд өргөдөл гаргасан хугацаанд “МЦХ” ТӨХК-ийн Удирдлага, Хүний нөөцийн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3а/700 дугаар албан бичгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрсөн үндэслэлээр 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдсэн.

Би мэдэгдлийг хүлээн авч үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэсэн бөгөөд 12 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул ажлаас чөлөөлсөн тушаалаа авч шүүхэд хандах байсан ч тухайн өдрөө тушаал гаргаагүй. Улмаар тушаал гарсан эсэхийг Хүний нөөцийн даргаас утсаар лавлах, мессеж бичин асууж 2017 оны 12 дугаар 06-ны өдрийг хүртэл ажилдаа очоогүй бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Удирдлага, хүний нөөцийн даргатай утсаар ярихад тушаал гараагүй байхад яагаад ажлаа хийхгүй байгаа юм ирж ажлаа хий гэсэн. Өөрөөр хэлбэл 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болно гэж албан ёсоор мэдэгдсэн мөртлөө уг мэдэгдлийн дагуу холбогдох тушаалыг гаргаж өгөлгүй, тушаалаа авъя гэхэд ажлаа үргэлжлүүлж хий гэх байдлаар хууль бус шаардлага тавьсан.

Түүнчлэн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3а/700 дугаар мэдэгдэлд дурдсан орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээс огт өөр үндэслэлээр буюу 12 дугаар сарын 01-нээс хойш 3 хоног ажилд ирээгүйг далимдуулан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан. Тодруулбал “МЦХ” ТӨХК нь орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр Б.Ц намайг ажлаас чөлөөлөх нь хууль бус болж магадгүй нөхцөл байдал бүрдсэн тул тушаалыг гаргахгүй зориуд удаашруулсан, нөгөө талаас мэдэгдэлд заасан хугацаанаас хойш ажилдаа ирээгүй байдлыг шалтаг болгон өөр үндэслэлээр ажлаас халах гэсэн оролдлого. Ажил олгогч нь намайг 12 дугаар сард дур мэдэн ажил тасалж ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарласан нь хууль бус.

Иймд “МЦХ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Х/296 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 

“МЦХ” ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 141 дүгээр тогтоолоор компанийн бүтэц болон албан тушаал, орон тооны жагсаалтыг шинэчлэн баталсан. Тус тогтоолоор Удирдлага хүний нөөцийн газрын Хүний нөөцийн албаны мэргэжилтний 4 ажлын байрыг 2 болгон цөөрүүлэхээр шийдвэрлэсэн.

Гүйцэтгэх захирлын 2017 оны А/96 тоот тушаалаар батлагдсан ажиллагсдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг үнэлэх комиссын ажиллах журмыг үндэслэн орон тоо цөөрүүлэхэд үе шаттай шалгалт авсан. Б.Ц дээрх шалгалтад орохоос татгалзаж, удирдлага хүний нөөцийн газрын цөөрөх албан тушаалтны тоонд орсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар мэдэгдсэн.

Нэхэмжлэгч шалгалтад ороогүй нь Хөдөлмөрийн хууль, байгууллагын дотоод журмыг зөрчсөн. 

Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гараагүй байхад Б.Ц нь ажлын байраа орхин ажил тасалсан нь хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасан ноцтой зөрчил. Цаг бүртгэлийн программ болон холбогдох албан тушаалтны тайлбараар Б.Ц-ийн 2017 оны 12 дугаар сард тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдрөөс дээш болсон нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасныг үндэслэн ажил олгогчийн санаачлагаар түүний хөдөлмөрийн гэрээг цуцалсан гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Х/296 тоот тушаал хуулийн дагуу гарсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/00651 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ийг “МЦХ” ТӨХК-ийн хүний нөөцийн албаны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч “МЦХ” ТӨХК-иас 2 409 302 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч “МЦХ” ТӨХК нэхэмжлэгч Б.Ц-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.Ц-ийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “МЦХ” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 53 498 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1318 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/00651 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Ц-ийн “МЦХ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Х/296 тоот тушаалыг хүчингүй болгуулан, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...“МЦХ” ТӨХК нь нэхэмжлэгч Б.Ц-ийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд буцаан авсан боловч түүний оронд нь ажиллаж байсан хүнийг чөлөөлөлгүй хууль зөрчин давхар ажиллуулж байсан. Улмаар үндэслэлгүйгээр орон тоо цөөрүүлэхээр мэргэжил ур чадварын шалгалт авч, ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн хууль бус үйл ажиллагаа. Нэхэмжлэгчийг энэ үндэслэлээр ажлаас чөлөөлөх нь хууль бус байсан болон хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагаас хууль зөрчиж байгааг анхааруулсан зөвлөмж хүргүүлж байсан тул мэдэгдэлд дурдсан хугацаа болоход ганцхан нэхэмжлэгчид холбогдох тушаалыг зориудаар гаргахгүй удаашруулсан, нөгөө талаас мэдэгдэлд заасан хугацаанаас хойш ажлаа гүйцэтгэхгүй байх нөхцөл байдлыг буй болгон түүнийгээ шалтаг болгон огт өөр үндэслэлээр ажлаас халсан хууль бус үйл ажиллагаа явуулж, шийдвэр гаргасан нь холбогдох баримт, тайлбараас тодорхой нотлогддог.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс тушаал гартал албан үүргээ гүйцэтгэх ёстой байсан гэсэн дүгнэлт хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн шударга ёсонд нийцэхгүй, хариуцагч байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааг үндэслэлгүйгээр зөвтгөсөн гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл /эс үйлдэл/ байна гэж ойлгодог.

...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрүүлэх үндэслэлээр ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь нэгэнт орон тоо нь цөөрсөнд хамаарах бөгөөд хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэл өгөн, энэ хугацаанд ажил албаа хүлээлцэх, ажлаа өгч байгаа ажилтны хувьд дараагийн ажлаа олох зэрэг боломжийг бүрдүүлэх хуулийн зохицуулалт болно. Өөрөөр хэлбэл мэдэгдэлд заасан хугацаа өнгөрснөөс хойш ажил олгогч тушаал гаргах хугацаа байхгүй, тушаал гаргатал албан үүргээ гүйцэтгэх ёстой гэж хуулийг тайлбарлах нь үндэслэлгүй юм. Улмаар урьд өгсөн мэдэгдлийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцласан шийдвэрээ гаргахгүй, хэрвээ тодорхойгүй хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулах сонирхол ажил олгогчид байсан тохиолдолд ажил олгогч энэ талаараа ажилтанд албан ёсоор мэдэгдэх нь эрх тэгш байх, шударга ёсонд нийцэх юм.

Иймд нэхэмжлэгч Б.Ц-ийг үндэслэлгүйгээр ажил тасалсан гэж үзэх хууль зүйн үндэслэл буй болоогүй, ажил тасалсан гэх буруутгах үндэслэл нь хариуцагч “МЦХ” ТӨХК-ийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас шууд хамааралтай байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. Давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчийн хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу зөв шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “МЦХ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Х/296 тоот тушаалыг хүчингүй болгуулах, хүний нөөцийн албаны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг хариуцагч “МЦХ” ТӨХК-д холбогдуулан гаргажээ.

Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг хуульд заасан үндэслэлээр цуцласан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч “МЦХ” ТӨХК нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3А\700 тоот албан бичгээр тус байгууллагын зарим орон тоог цөөрүүлж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцлах болсныг Б.Ц-д мэдэгдсэн байна. Нэхэмжлэгч уг мэдэгдлийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажил олгогчийн тушаал шийдвэр гараагүй байхад ажилдаа ирээгүй байна.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчийн шийдвэр гараагүй, ажлаа хийхийг сануулсаар байхад ажилтан ажлын байрандаа ирээгүй, ажлаа хийгээгүй явдлыг ажил тасалсан гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхийг заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5. дахь зохицуулалтын “нэг сар”-ын хугацааг хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох хугацаа гэж үзэхгүйгээс гадна хөдөлмөрийн гэрээ цуцлахаас өмнө баримтлах наад захын буюу доод хугацаа юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг ажилтанд өгснөөс хойш нэг сарын хугацаанд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажилтны хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг хязгаарлах боломжгүй гэж үзнэ. Харин мэдэгдэл хүргүүлснээс хойш нэг сар өнгөрмөгц ажил олгогч хөдөлмөрийн гэрээг заавал цуцлах ёстой гэж үзэх үндэслэлгүй болно. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Ц нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ажил олгогчийн шийдвэр гараагүй байхад ажлаа орхиж явснаар хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлээгүйгээс гадна хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна. Ажилтан 3 хоног ба түүнээс дээш хугацаагаар ажил таслахыг хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчилд тооцох талаар зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасан байна.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1318 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН