Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1318

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

Б.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/00651 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Цийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “МЦХ” ТӨХК-д холбогдох

 

“МЦХ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Х/296 тоот тушаалыг хүчингүй болгуулан, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “МЦХ” ТӨХК-д хүний нөөцийн бүрдүүлэлт хариуцсан мэргэжилтнээр орж, улмаар 2017 оны 3 дугаар сард жирэмсний амралт дуусаад буцаж ажилдаа орох гэхэд миний оронд өөр хүн авч, буцаан авахгүй байсан учир тухайн үед шүүхэд хандсанаар харилцан эвлэрч ажилдаа орж байсан. Хэдийгээр ажилд томилсон ч байнга дарамт шахалт үзүүлж, хэл ам хийж байсан бөгөөд намайг эзгүй байх хугацаанд миний оронд 1 мэргэжилтэн болон орон нутаг хариуцсан 1 мэргэжилтэн нэмж авч хүний нөөцийн албанд 2 орон тоо шинээр нэмэгдсэн. Байгууллагаас орон тоо цөөрүүлэх, мэргэжил ур чадварын шалгалт авах тухай яригдан захирлын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/96 тоот тушаалаар батлагдсан "МЦХ" ТӨХК-ийн ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг үнэлэх комиссын ажиллах журам-ыг үндэслэн орон тоо цөөрүүлэх зорилгоор үе шаттайгаар шалгалт авч, ажлаас халж эхэлсэн. Хүний нөөцийн албанд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шалгалтын тов танилцуулахдаа "МЦХ" ТӨХК-ийн ТУЗ-ын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 141 дүгээр тогтоолоор Удирдлага хүний нөөцийн газрын хүний нөөцийн албанаас 2 мэргэжилтний орон тоог цөөрүүлэх шийдвэр гарсан гэж тайлбарлан 7 хоногийн дараа шалгалт авна гэж гарын үсэг зурахыг шаардсан. Онцгой шаардлагагүй байхад 2 орон тоо нэмчихээд шалгалт авах нэрийдлээр 2 орон тоо хасах нь шударга биш тул би гарын үсэг зурахаас татгалзаж, шалгалт өгөлгүй, Нийслэлийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд өргөдөл гаргасан. Өргөдлийн хариуд 2017оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 19 дүгээр албан бичгээр "МЦХ" ТӨХК-ийн захиралд Хөдөлмөрийн тухай хууль, тогтоомж зөрчиж, ажилтны хөдөлмөрлөх эрх ашгийг хохироолгүй хуулийн дагуу ажиллах нөхцөл бололцоогоор хангахыг зөвлөсөн. Гэтэл Нийслэлийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд өргөдөл гаргасан хугацаанд "МЦХ" ТӨХК-ийн Удирдлага, Хүний нөөцийн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3а/700 дугаар албан бичгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо цөөрсөн үндэслэлээр 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдсэн.

Би мэдэгдлийг хүлээн авч үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэсэн бөгөөд 12 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул ажлаас чөлөөлсөн тушаалаа авч шүүхэд хандах байсан ч тухайн өдрөө тушаал гаргаагүй. Улмаар тушаал гарсан эсэхийг Хүний нөөцийн даргаас утсаар лавлах, мессеж бичин асууж 2017 оны 12 дугаар 06-ны өдрийг хүртэл ажилдаа очоогүй бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Удирдлага, хүний нөөцийн даргатай утсаар ярихад тушаал гараагүй байхад яагаад ажлаа хийхгүй байгаа юм ирж ажлаа хий гэсэн. Өөрөөр хэлбэл 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болно гэж албан ёсоор мэдэгдсэн мөртлөө уг мэдэгдлийн дагуу холбогдох тушаалыг гаргаж өгөлгүй, тушаалаа авъя гэхэд ажлаа үргэлжлүүлж хий гэх байдлаар хууль бус шаардлага тавьсан.

Түүнчлэн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3а/700 дугаар мэдэгдэлд дурдсан орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээс огт өөр үндэслэлээр буюу 12 дугаар сарын 01-нээс хойш 3 хоног ажилд ирээгүйг далимдуулан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан. Тодруулбал “МЦХ” ТӨХК нь орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр Б.Ц намайг ажлаас чөлөөлөх нь хууль бус болж магадгүй нөхцөл байдал бүрдсэн тул тушаалыг гаргахгүй зориуд удаашруулсан, нөгөө талаас мэдэгдэлд заасан хугацаанаас хойш ажилдаа ирээгүй байдлыг шалтаг болгон өөр үндэслэлээр ажлаас халах гэсэн оролдлого. Ажил олгогч нь намайг 12 дугаар сард дур мэдэн ажил тасалж ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарласан нь хууль бус.

Иймд “МЦХ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Х/296 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “МЦХ” ТӨХК хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. “МЦХ” ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 141 дүгээр тогтоолоор компанийн бүтэц болон албан тушаал, орон тооны жагсаалтыг шинэчлэн баталсан. Тус тогтоолоор Удирдлага хүний нөөцийн газрын Хүний нөөцийн албаны мэргэжилтний 4 ажлын байрыг 2 болгон цөөрүүлэхээр шийдвэрлэсэн. Гүйцэтгэх захирлын 2017 оны А/96 тоот тушаалаар батлагдсан ажиллагсдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг үнэлэх комиссын ажиллах журмыг үндэслэн орон тоо цөөрүүлэхэд үе шаттай шалгалт авсан. Б.Ц дээрх шалгалтад орохоос татгалзаж, удирдлага хүний нөөцийн газрын цөөрөх албан тушаалтны тоонд орсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар мэдэгдсэн. Нэхэмжлэгч шалгалтад ороогүй нь Хөдөлмөрийн хууль, байгууллагын дотоод журмыг зөрчсөн. Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гараагүй байхад Б.Ц нь ажлын байраа орхин ажил тасалсан нь хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасан ноцтой зөрчил. Цаг бүртгэлийн программ болон холбогдох албан тушаалтны тайлбараар Б.Цийн 2017 оны 12 дугаар сард тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдрөөс дээш болсон нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасныг үндэслэн ажил олгогчийн санаачлагаар түүний хөдөлмөрийн гэрээг цуцалсан гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Х/296 тоот тушаал хуулийн дагуу гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Цийг “МЦХ” ТӨХК-ийн хүний нөөцийн албаны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч “МЦХ” ТӨХК-иас 2 409 302  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Цд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч “МЦХ” ТӨХК нэхэмжлэгч Б.Цийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.Цийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч “МЦХ” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 53 498 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд олгож шийдвэрлэжээ

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гараагүй байхад Б.Ц нь ажлын байраа сайн дураар, дур мэдэн орхин ажил тасалсан үйлдэл гаргасан нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасан “ноцтой зөрчил” байсан. Ажилтан Б.Ц нь өөрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гарч ажлаа хүлээлгэн өгөх хүртэл албан тушаалыг чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгэх ажилтны үүргээ биелүүлэх, байгууллагын хэвийн үйл ажиллагааг доголдуулахгүй байх үүрэгтэй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа орхиж 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажилдаа очоогүй талаар нэхэмжлэлдээ тодорхой бичсэн бөгөөд үүнд маргаагүй атал шүүх “ажил олгогчийг зөвтгөх боломжгүй” гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажил олгогчийн эрхэнд халдсан, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх ба үүгээр нэхэмжлэгч нь ажлын байрыг дур мэдэн орхин явж ажил тасалсан. Түүнчлэн нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан бөгөөд энэ хугацаанд тушаал хурдан гаргаж өг, шүүхэд хандана гэснээс өөр шалтгаан тайлбарлаагүй. Энэ хугацаанд ажил олгогчийн зүгээс ажлын байраа дур мэдэн орхиж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан талаар мэдэгдсэн. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шууд ажлаас халж, тасалсан шалтгаанаа тайлбарлах боломж олгоогүй мэт дүгнэсэн нь хууль, шударга ёсонд нийцээгүй.

Хөдөлмөрийн гэрээний 6.2.6-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчилд тооцохоор заасан. Нэхэмжлэгч нь ажил тасалсан талаар нэхэмжлэлдээ бичиж, энэ талаар маргаагүй, МЦХ ХК-ийн цаг бүртгэлийн журмын 2.6-д ажилтан томилолтоор болон гадуур ажилласан, албан ёсны чөлөө авсан, өвчтэй, ээлжийн амралттай зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж тодорхойлсон, ажилтны хурууны хээний цаг бүртгэлийн төхөөрөмжөөс хэвлэсэн бүртгэл болон хүний нөөцийн албаны эрх бүхий албан тушаалтны цагийн тодорхойлолт, тайлбар зэргээр нэхэмжлэгч нь ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдож байхад бүрэн тогтоогдохгүй байна гэсэн нь үндэслэлгүй.

Ажилтан нь ажил олгогчийн тушаал шийдвэр гарч өөрийн ажлаа хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журамд заасан ажилтны чиг үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл шүүх хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 33 дугаар тогтоолд заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхгүй байх бодит нөхцөл байдлыг ажил олгогч болон бусад нөхцөл байдал бүрдүүлээгүй, ажилтан ажил үүргээ үргэлжүүлэн гүйцэтгэх боломжтой байсан нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан үйл баримтаар тогтоогдоно. Шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэрлэхийн тулд хүндэтгэн үзэх шалтгаанаар ажил тасалсан хэмээн үзэж шийдвэрлэсэн нь ажил олгогчийн хөдөлмөрийн зохион байгуулалт, ажилтны үүргээ чандлан мөрдөж байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх зарчмыг үгүйсгэж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

            Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд хандан, хариуцагч “МЦХ” ТӨХК-д холбогдуулан, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Х/296 дугаар тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал нөхөн төлж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Талуудын хооронд 2015 оноос хөдөлмөрийн харилцаа үүссэн байх бөгөөд ажил олгогч “МЦХ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Х/296 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажилтан Б.Цтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-3. 4-11 дэх тал/

Нэхэмжлэгч Б.Ц дээрх шийдвэрийн ажлаас чөлөөлсөн үндэслэлийг эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй байна. Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гараагүй байхад дур мэдэн ажлын байраа орхиж ажил тасалсан ...” гэж тайлбарлан, маргадаг.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч “МЦХ” ТӨХК нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3а/700 тоот албан бичгээр тус байгууллагын зарим орон тоог цөөрүүлж байгаатай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Цтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцлах болсныг мэдэгджээ. /хх-19 дэх тал/ Нэхэмжлэгч уг мэдэгдлийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаад уг өдрөөс хойш ажилдаа очоогүй, хариуцагч талаас 12 дугаар сарын 06-ны өдөр “тушаал гараагүй байхад ... ирж ажлаа хий “ гэж мэдэгдсний дагуу очиж, мөн сарын 07-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэл ажилласан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх-20, 180-181 дэх тал/

Дээрх үйл баримтаас дүгнэвэл, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзнэ. Учир нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа мөн зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан үүргийн дагуу ажилтанд мэдэгдэл өгснөөс бус хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн ажлаас халах тухай шийдвэр гаргаагүй байна. Иймээс талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байх хугацаанд ажилтан нь гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч Б.Ц нь ажил олгогчид мэдэгдэлгүй дур мэдэн ажлаа орхин явсан нь буруу болжээ. Тодруулбал хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй байх хугацаанд ажилтан ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй бол үндэслэл шалтгаанаа ажил олгогчид мэдэгдэх үүрэгтэй боловч нэхэмжлэгч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна. Мөн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэлд заасан хугацаа болсон явдал нь ажлын байраа ажилтан ажил олгогчид мэдэгдэлгүй орхиж явах үндэслэл буюу хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй.

Зохигчид хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан ...” тохиолдолд сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тохиролцжээ. Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний 6.2.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын ноцтой зөрчилд хамаарч байх тул хариуцагч “МЦХ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Х/296 тоот тушаалыг хуулийн үндэслэлтэй гэж үзнэ. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар “ажилтанд ажил тасалсан шалтгаанаа тайлбарлах боломж олгоогүй, шалтгаан нөхцлийг тогтоолгүй ажлаас халсан ажил олгогчийн тушаал хуульд нийцээгүй” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн дагуу хэргийг бүхэлд нь хянан үзээд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/00651 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Цийн “МЦХ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Х/296 тоот тушаалыг хүчингүй болгуулан, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ЭНХТӨР

 

                             ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Ч.ЦЭНД