| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 180/2016/0047/Э |
| Дугаар | 54 |
| Огноо | 2017-03-10 |
| Зүйл хэсэг | 148.2., |
| Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 54
Д.Мөнгөнцэцэгт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
шүүгч Б.Батцэрэн даргалж,
шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор Г.Гэрэлтуяа,
хохирогчийн өмгөөлөгч Д.Ганхуяг,
нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоол,
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаар магадлалтай, Д.Мөнгөнцэцэгт холбогдох эрүүгийн 201523000352 дугаартай хэргийг хохирогчийн өмгөөлөгч Д.Ганхуягийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Доржийн Мөнгөнцэцэг “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Мөнгөнцэцэгийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнгөнцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Мөнгөнцэцэг нь цагдан хоригдоогүйг дурдаж, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Д.Мөнгөнцэцэгээс 4.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Кажид олгож, шүүгдэгч Д.Мөнгөнцэцэгийн нэр дээрх Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх 1 дүгээр хороо 51 дүгээр байрны 07 тоот 000360026 дугаартай үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг хохирогч С.Кажийн нэр дээр шилжүүлэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна.
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Мөнгөнцэцэгт холбогдох эрүүгийн 201523000352 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, С.Кажийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлээ Иргэний журмаар гаргах эрхтэй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.
Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, хохирогчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нарын саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогчийн өмгөөлөгч Д.Ганхуяг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… хохирогч Каж тусгай зөвшөөрөлтэй объектийг худалдаж авахын тулд шүүгдэгч Мөнгөнцэцэгтэй хэлцэл хийсэн. Хэрвээ тусгай зөвшөөрөлгүй байсан бол худалдан авахгүй байсан. Мөнгөнцэцэг тэр үед танд тусгай зөвшөөрөл авч өгнө гэж хууран мэхлэж Кажийг хохироосон. Шүүгдэгч нь хохирогчийг хууран мэхлэж, итгэл эвдэх аргаар хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Г.Гэрэлтуяа “... давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Хяналтын журмаар хэргийн бүх ажиллагааг хянавал давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Мөнгөнцэцэгийг 2014 оны 2 дугаар сард иргэн С.Кажтай Хэнтий аймгийн Батноров сум, Бэрх хотын 51 дүгээр байрны 7, 8, 9 тоот үйлчилгээний зориулалтаар тохижуулсан орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж зарсан атлаа 7 тоот орон сууцыг бусдад барьцаалж өмчлөх эрхийг нь шилжүүлээгүйн дээр согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлөө С.Кажийн нэр дээр шилжүүлж өгнө гэж 4 сая төгрөг аваад шилжүүлэлгүй хүчин төгөлдөр бус хэлцлээр халхавчилж залилан мэхэлж 14 сая төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй дүгнэлт хийж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болсон байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Байцаан шийтгэх ажиллагаагаар иргэн С.Каж нь Д.Мөнгөнцэцэгтэй шөнийн цэнгээний газрын зориулалтаар тохижуулсан 3 орон сууцыг худалдаж авахаар гэрээ байгуулж 30 сая төгрөг, явцын дунд цувуулж 4 сая төгрөг, нийт 34 сая төгрөг төлсөн, Д.Мөнгөнцэцэг нь 8, 9 тоот 2 орон сууцны өмчлөх эрхийг С.Кажийн нэр дээр шилжүүлсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогджээ.
Шүүгдэгч Д.Мөнгөнцэцэгийн хувьд өөрийн 2008 оноос хойш эзэмшиж байгаа 7 тоот орон сууцыг бусдад худалдсан атлаа өмчлөх эрхийг нь шилжүүлэхгүй байх зорилгоор бусдад барьцаалсан гэх үйл баримт мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй бөгөөд харин С.Кажаас үлдэгдэл 5 сая төгрөгөө авахын тулд өөрийн танил Г.Алтансүхийг гуйж мөнгө зээлсэн мэтээр баримт үйлдэж, Г.Алтансүхийг С.Кажтай уулзуулсан болох нь шүүгдэгч Д.Мөнгөнцэцэг болон хохирогч С.Каж, гэрч Г.Алтансүх нарын мэдүүлгээр нотлогдсон байна.
Мөн Д.Мөнгөнцэцэг нь 2 орон сууцныхаа өмчлөх эрхийг С.Кажид, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй “Сувдан шоо” компанийнхаа 50 хувийг С.Кажийн охины нэр рүү тус тус шилжүүлж, тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлж болохгүй учир С.Кажид “Наран хаан бүргэд” нэртэй шинэ компани байгуулахад нь туслах зэргээр хамтран ажиллаж байсан нь гэрч Г.Алтанцэцэгийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдсон тул Д.Мөнгөнцэцэгийг иргэний эрх зүйн хэлцлээр халхавчилж бусдыг залилан мэхэлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлгүй болно.
Иргэн С.Каж, Д.Мөнгөнцэцэг нарын үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авах гэрээнээс үүссэн маргаан нь гэмт хэрэг биш, иргэний эрх зүйгээр зохицуулагдах харилцаа гэж хэргийн үйл баримтын талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд магадлалыг хүчингүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хохирогчийн өмгөөлөгч Д.Ганхуягийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогч С.Кажийн өмгөөлөгч Д.Ганхуягийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ Б.ЦОГТ