Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 325

 

П.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2016/0465 дугаар магадлалтай, П.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.3, 17.6, 35 дугаар зүйлийн 35.1.6, 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2016/0465 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд С.Оюун-Эрдэнийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд С.Оюун-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Нэхэмжлэгч П.Даваасүрэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /тухайн үед мөрдөгдөж байсан/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан урьдчилан шийдвэрлэх журмыг биелүүлээгүй байхад анхан шатны шүүхээс энэ журмыг хангасан гэж үзэж уг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 44-т “..сонгон шалгаруулалттай холбогдсон асуудлаар гарсан маргааныг Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөл харьяаллын дагуу шийдвэрлэхээр заасан бөгөөд нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалттай холбогдуулан маргаагүй, харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол хууль бус гэж маргасан учир хуульд заасан хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “ж”-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх ёстой. Учир нь П.Даваасүрэн нь төрийн жинхэнэ албан хаагч болоогүй байсан.

2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлэхдээ С.Оюун-Эрдэнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж томилсон байхад Тэргүүлэгчид болон нарийн бичгийн даргадаа мэдэгдэлгүй, албан ёсны дугаар авалгүйгээр явуулсан нь ашиг сонирхлын зөрчилтэй, хууль бус үйлдэл байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан Хурлын даргын бүрэн эрхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг төлөөлөх эрх байхгүй байна. Захиалга хүргүүлсэн албан бичиг 2 өөр байхад анхан шатны шүүх энэ нь хуульд нийцсэн эсэхийг тодруулаагүй нь нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

3. Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батцэнгэл ганцаараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Н.Дуламсүрэнг Тэргүүлэгчдийг төлүүлэхээр албан бичиг ирүүлсэн нь хуульд нийцээгүй. Учир нь Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдаж, төлөөлөгчийг томилох ёстой байсан. Энэ хүн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар эрх эдлэх нь тодорхойгүй оролцсон. Мөн шүүх хариуцагчийг солихдоо Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчсөн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Ч.Бямбадорж “нарийн бичгийн даргын орон тооны ажилд С.Оюун-Эрдэнийг авсан нь хууль бус” гэсэн. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарч байгаа эсэхийг шүүх тодруулж, ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

С.Оюун-Эрдэнийг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс төрийн жинхэнэ албан тушаалд томилж, Завхан аймгийн Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар тогтоол нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтныг сонгон шалгаруулах, тухайн албан тушаалд томилох асуудлыг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 35 дугаар зүйлийн 35.1.6, 39.6-д заасантай нийцээгүй, хууль бус захиргааны акт байна. 

Үүний улмаас тухайн албан тушаалын ажлын байрны сонгон шалгаруулалтад хуульд заасан журмын дагуу орж, өндөр оноо авч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс дээрх албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлж, санал болгосон нэхэмжлэгч П.Даваасүрэнгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

С.Оюун-Эрдэнэ нь Завхан аймгийн Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Хурлын даргын санал болгосноор Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байх үедээ буюу ийнхүү томилогдсоноос хойш 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалын ажлын байранд зарлагдсан сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, харин Завхан аймгийн Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоонд зарлагдсан 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн сонгон шалгаруулалтад оролцоогүй байна.

Энэ үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй, харин нэхэмжлэгч нь “...хууль бусаар томилсон...”,  гуравдагч этгээд “... ажиллаж байх хугацаандаа сонгон шалгаруулалтад орсон...” гэж маргажээ.

Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн сонгон шалгаруулалтад орж тэнцсэнээс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орохыг Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, “Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 40 дүгээр зүйлд тодорхой зааснаас үзвэл С.Оюун-Эрдэнэ нь Орхон аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалын ажлын байранд зарлагдсан сонгон шалгаруулалтад орж тэнцсэн нь түүнийг маргаж буй албан тушаалд томилох үндэслэл болохгүй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэж, Завхан аймгийн Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч П.Даваасүрэн нь сонгон шалгаруулалтын үр дүнгээр төрийн албан тушаалд томилохгүй байгаа талаарх гомдлоо Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд гаргаж,  гомдлыг  урьдчилан шийдвэрлүүлжээ. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-т зааснаар Хурлын дарга нь тухайн Хурлыг гадаад, дотоодод төлөөлөх бүрэн эрхтэй.

Мөн Завхан аймгийн Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байранд  “...нууц маягаар сонгон шалгаруулалтын захиалга өгсөн...”  гэх асуудал нь энэ маргаанд хамааралгүй болно.

Иймээс “...урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн..”, Хурлын дарга ...Хурлын Тэргүүлэгчдийг төлөөлөх бүрэн эрхгүй, ..., захиалга өгсөн албан бичгийн талаар шүүх шалгаагүй...” гэх гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гуравдагч этгээд С.Оюун-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2016/0465 дугаар  магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Л.АТАРЦЭЦЭГ