Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01781

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01244 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1600 дугаар магадлалтай,

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“С” ХХК-д холбогдох,

67.180.500 төгрөг гаргуулах тухай үндсэн,

7.588.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Султанбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан. Талууд 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тооцоо нийлэхэд “С” ХХК нь 44.787.000 төгрөг төлөхөөр зөвшөөрч акт үйлдсэн боловч төлөөгүй. Иймд 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны алданги 22.393.500 төгрөгийн хамт нийт 67.180.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                              

Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 44.787.000 төгрөг байгаа талаар маргаагүй. Харин уг төлбөрийн 30.000.000 төгрөгт нь тооцон элс баяжуулах суурь машиныг бартерын нөхцлөөр солилцохоор тохиролцож, хүлээлгэн өгсөн гэжээ.

Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Т” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний үүргээ удаа дараа зөрчин, барилгын ажлыг зогсоож байсныг манай компаниас 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичгээр удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн. Барилгын ажлаа хэвийн явуулахын тулд гэрээгээр тохирсон үнээс илүү өндөр үнээр бетон зуурмаг худалдан авч, хохирсон байгаа. Иймд “Т” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 7.588.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Т” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай байгууллага авсан мөнгөндөө бараагаа нийлүүлсэн, талууд харилцан тохиролцож гэрээг дуусгавар болгож, тооцоо нийлсэн. “С” ХХК-д манай компаниас хохирол учруулаагүй. Үлдэгдэл 44.787.000 төгрөгийн 30.000.000 төгрөгт элс баяжуулах суурь машиныг оролцуулах талаар тохиролцоогүй бөгөөд гэрээний үүрэг зөрчсөн талаар хариуцагчаас нэг ч удаа албан бичиг ирүүлээгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01244 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 67.180.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 7.588.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “С” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 493.850 төгрөгийг, мөн хариуцагч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 136.358 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 493.850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1600 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01244 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 44.787.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22.393.500 төгрөг, хариуцагчийн 7.588.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дах заалтад “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 493.850 төгрөг гаргуулан” гэснийг “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 381.885 төгрөг гаргуулан” гэж, тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтын дугаарлалтыг 2, 3 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 493.850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.07.09-ний дугаар 1600 магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

2017.08.16-ны өдрийн тооцоо нийлсэн акт гэх  компаний захирал гарын үсэг зурж, тамга дараагүй нягтлан бодогчдын гаргаж өгсөн анхан шатны төлбөрийн баримтуудын жагсаалтад тулгуурлан анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан нь буруу байсныг давж заалдах шатны шүүх залруулсангүй энэ тооцоо нийлсэн актаас хойш 2017.12.26-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн арилжааны гэрээгээр Баянзүрх дүүргийн 26-р хороо \13312\ Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 332-р байр 206 тоот хаягт байрлах 73.71 м.кв талбайтай 000531152 гэрчилгээний дугаартай Ү-2204084222 Улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцын зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг Б-талын өмчлөлд Б-талын өмчлөлийн мөн хаягт байрлах 205 тоот хаягт байрлах 64.29м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг харилцан солилцсон бөгөөд дээрх үл хөдлөх хөрөнгө арилжаалах 2017.12.26-ны өдрийн “Сод тэнгэр түшээ” ХХК болон “Товгор сайр” ХХК-ний захирал Л.Гантөмөр нар хооронд хийгдсэн энхүү тэрээ нь бетон зуурмаг нийлүүлэх 2016.10.26-ны өдөр хийсэн гэрээний халхавч бөгөөд энэхүү гэрээнд гэрээний талууд дээрх орон сууцыг м.кв үнийг 2.800.000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд арилжааны гэрээний 2 байрны ашигтай талбайн зөрөө 9.42м.кв буюу гэрээний үнээр буюу 2.800.000 төгрөгөөр тооцвол 26.376.000 төгрөгийн хэлцэл хийгдсэн нь 2017.08.16-ны эцсийн тооцоо нийлсэн акт гэж үзэн шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон баримтаас хойших нэхэмжлэгч хариуцагч нарын хийсэн хэлцлийг анхаарч үзсэнгүй. Энэ тооцоог 2017.08.16-ний өдрийн тооцоо нийлсэн актаас хасаж тооцвол 17.811.000 төгрөг болох юм. Цагдаагийн байгууллагад “Товгор сайр" ХХК-ны захирал Л.Гантөмөрийн гаргасан мэдүүлэг болон 2017.12.26-ны өдрийн “Сод тэнгэр түшээ” ХХК-ний гэрээнд заагдсан үл хөдлөх хөрөнгийн гэрээ, гэрчилгээ, буюу олон чухал ач холбогдолтой материал эх хувиараа уг хавтаст хэрэгт орсон байв. Бид уг материалыг ИХШХШ тухай хуулийн 38.1-д заасан үүргийнхээ дагуу авах хүсэлтийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст удаа дараа гаргаж байгаа боловч хэрэгт хянаж буй шүүхээсээ ИХШХТ хуулийн 38.6-р асуудлаа шийдвэрлүүл гэсэн тул 3 удаа шүүхэд хүсэлт гаргахад эс зөвшөөрснөөс 2017.08.16-ны өдрийн тооцоо нийлсэн акт гэх эрх зүйн чадамжгүй бичиг баримтад тулгуурлаж анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан нь учир дутагдалтай байна.

Иймд хэргийн оролцогчийн мэтгэлцэх, нотлох баримт цуглуулах эрхийг ханган уг хэргийг анхан шатны шүүхээр хэргийг дахин хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах” талаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Содтүшээ тэнгэр” ХХК-с бетон зуурмагийн үнэ, алдангид нийт 67.180.500 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, улмаар хохиролд 7.588.000 төгрөг шаардаж, сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчийн хооронд 2016 оны 10 дугаар сарын 26-ний өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь 3900 м.куб бетон зуурмагийг хавсралтад заасны дагуу нийлүүлэх, хариуцагч 630.468.000 төлөх үүнээс 523.600.000 төгрөгт тооцон 187 мкв талбай бүхий орон сууц өгөх, гэрээ хийгдсэний дараа 80.000.000 төгрөг, үлдэх 26.868.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр тус тус төлөхөөр харилцан тохирчээ /хэргийн 7-8 дугаар тал/.

Талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, энэ талаар маргаагүй байна.

Харин хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгч 358.075.000 төгрөгийн зуурмаг нийлүүлсэн, үүнээс хариуцагч 44.787.000 төгрөг төлөөгүй болох нь тэдгээрийн хооронд 2017 оны 8 дугаар сарын 16-ний өдөр хийгдсэн тооцоо нийлсэн актаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлээс 44.787.000 төгрөгийн шаардлагыг хангасан нь зөв боловч алдангийн талаар хийсэн дүгнэлт хуульд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч гэрээнд заасан хэмжээний бетон зуурмагийг хугацаанд нь нийлүүлээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ тохиолдолд тэрээр Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз авах эрхээ алдана.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс алдангийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих Иргэний хуулийг холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн ба хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.  

Хариуцагч нэхэмжлэлийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэй танилцаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тайлбар, хүсэлт гаргах зэргээр оролцсон ба нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан тооцоо нийлэх актыг үгүйсгэж чадаагүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх талуудын хүсэлтээр гэрч асуух, нотлох баримт бүрдүүлэх зэрэг ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан бөгөөд хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан “...иргэн Тулгаболдоос Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс гаргасан гомдлыг татан авч хэрэгт хавсаргах...” тухай хүсэлтийг шүүх  тодорхой бус гэсэн үндэслэлээр хангахгүй орхисныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчид 204, 206 тоот орон сууцыг төлбөрт тооцон шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд тооцоо нийлсэн актад 205 тоот орон сууцыг 206.388.000 төгрөгөөр тооцон төлбөрөөс хассан байх тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1600 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 289.830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ