Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 1244

 

2018 оны 05 сарын 18 өдөр

                Дугаар 183/ШШ2018/01244

                    Улаанбаатар хот

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ТС ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: СТ ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 67.180.500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээнээс учирсан хохиролд 7.588.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Н, түүний өмгөөлөгч К.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, гэрч С.О, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: СТ ХХКнь ТС ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 20161026 дугаар “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-г байгуулж, хамтран ажилласан бөгөөд талуудын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Тооцоо нийлсэн актаар СТ ХХКнь 44.787.000 төгрөгийг ТС ХХК-д төлөхөөр болсон. Гэтэл СТ ХХКнь уг төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн тул үлдэгдэл төлбөр 44.787.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны алдангид 22.393.500 төгрөг, нийт 67.180.500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байгууллага авсан мөнгөндөө бараагаа нийлүүлсэн, талууд харилцан тохиролцож гэрээг дуусгавар болгож, тооцоо нийлсэн. СТ ХХК-д манай компаниас хохирол учруулаагүй. Хоёр тал тохиролцож, үлдэгдэл 44.787.000 төгрөгийн 30.000.000 төгрөгт элс баяжуулах суурь машиныг оролцуулах талаар тохиролцоогүй бөгөөд гэрээний үүргээ зөрчиж байна, бетон нийлүүлэхгүй байна гэж хариуцагч талаас манай компанид нэгч удаа албан бичиг ирүүлээгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20161026 дугаар “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 44.787.000 төгрөг байгаа талаар маргаагүй. Гэсэн хэдий боловч 30.000.000 төгрөгт нь тооцон, элс баяжуулах суурь машиныг бартерын нөхцлөөр солилцохоор тохиролцож, хүлээлгэн өгсөн. Харин ТС ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20161026 дугаар “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний үүргээ удаа дараалан зөрчин, барилгын ажлыг зогсоож байсныг манай компаниас 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичгээр удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд барилгын ажлыг хэвийн явуулахын тулд гэрээгээр тохирсон үнээс илүү өндөр үнээр бетон зуурмаг худалдан авч, хохирсон байгаа. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар ТС ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 7.588.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

ТС ХХК-ийн нэхэмжлэлтэй, СТ ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 67.180.500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрээнээс учирсан хохиролд 7.588.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

СТ ХХК, ТС ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20161026 дугаар “Бетон зуурмаг нийлүүлэх тухай”-ээр ТС ХХК нь “барилгын карказ угсралтын ажлын бетон зуурмагийг чанар стандартын дагуу зуурч, нийт 3900 м3  бетон зуурмагийг 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бэлтгэн нийлүүлэх, СТ ХХКнь 3900 м3 бетон зуурмагийн үнэ 630.468.000 төгрөгийн 523.600.000 төгрөгт орон сууц шилжүүлэх, үлдэх 106.868.000 төгрөгийн 80.000.000 төгрөгийг гэрээ байгуулснаас ажлын 2 хоногт шилжүүлэх, 26.868.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлэхээр тохиролцсон талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг байгуулсан гэж дүгнэв.

           

            1. Уг гэрээний дагуу худалдагч ТС ХХК нь 358.075.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлснээс худалдан авагч СТ ХХКнь 313.288.000 төгрөгийг төлж, 44.787.000 төгрөгийг төлөөгүй талаар талууд маргаагүй бөгөөд Тооцоо нийлсэн актаар нотлогджээ.

 

Хариуцагч тал “...тооцоо нийлсний дагуу үлдэгдэл бетон зуурмагийн үнэ  44.787.000 төгрөгөөс 30.000.000 төгрөгт нь элс баяжуулах суурь машиныг бартерын нөхцлөөр шилжүүлсэн” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй байна.

 

            Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар бетон зуурмаг нийлүүлсний үлдэгдэл төлбөр болох 44.787.000 төгрөгийг хариуцагч “Содтэнгэр түшээ” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч ТС ХХК-д олгох нь зүйтэй болно.

 

            Мөн гэрээний 5.3-д заасныг үндэслэн хариуцагч ТС ХХК-иас хугацаа хэтрүүлсэн 181 хоногийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 44.787.000 төгрөгийн 0.5 хувиар тооцож, 22.393.500 төгрөгийн алдангийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байна.

 

2. Хариуцагчийн “...гэрээнээс учирсан хохиролд 7.588.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

            Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар худалдагч ТС ХХК нь гэрээний дагуу бетон зуурмагийг нийлүүлээгүйгээс худалдан авагч СТ ХХКнь өөр байгууллагаас өндөр үнэтэй бетон зуурмаг худалдан авч, 7.588.000 төгрөгөөр хохирсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар энэ талаар холбогдох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч СТ ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 67.180.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТС ХХК-д олгож, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар нэхэмжлэгч ТС ХХК-иас гэрээнээс учирсан хохирол 7.588.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч СТ ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 67.180.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТС ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ТС ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 7.588.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч СТ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ТС ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 493.850 төгрөгийг, мөн хариуцагч СТ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 136.358 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч СТ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 493.850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Ж.СЭМЖИД