| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0089/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/11 |
| Огноо | 2021-01-05 |
| Зүйл хэсэг | 21.1.2., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/11
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, Ц.Энхтуяа,
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1815004000038 дугаартай, 163/2019/0089/Э индекстэй эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, цэргийн байнгын тэтгэвэрт байгаа, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт О аймгийн ... од оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Э.Э.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э ыг хууль сахиулагчаар ажиллаж байхдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримт хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 1815004000038 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э нь Булган аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, О сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа иргэн С.Э аас гаргасан хулгайлах гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгахдаа 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр С.Э , У.Ц нараас гэрчийн мэдүүлэг хуурамчаар үйлдэж, улмаар хэргийн талаарх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж шийдвэрлүүлсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/391 дугаартай тушаалаар цагдаагийн ахмад Э.Э ыг Булган аймаг дахь Цагдаагийн газарт О сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилсон мэдэгдэл болон түүнийг танилцуулсан тухай тэмдэгдэл /хх1-134 тал/, иргэн С.Э ын “2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Г” гэх газар 2018 оны 07дугаар сарын 20-ны өдөр 19-21 цагийн хооронд малдаа яваад ирэх хооронд мөнгөн эмээл, хазаар зэрэг алдагдсан” гэх гомдол, мэдээллийг утсаар хүлээн авч 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр О сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.Э д шилжүүлсэн тухай Булган аймаг дахь Цагдаагийн газрын гомдол мэдээллийн бүртгэлийн хуулбар /хх1-243 тал/, иргэн С.Э ын “12 завхай мөнгөн эмээл, мөнгөн хазаар алдагдсан“ гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 5/56 дугаартай тогтоолын хуулбар /хх-200 тал/ болон Булган аймгийн Прокурорын газраас иргэн С.Э ад хүргүүлсэн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 5/150 дугаартай мэдэгдэх хуудас /хх1-192 тал/, гомдол мэдээллийг шалгах хугацааг 37 хоногоор хэтрүүлсэн зөрчлийг арилгуулах тухай прокурорын шаардлага /хх2-50 тал/, иргэн С.Э ын прокурорын мэдэгдэх хуудас хүлээж аваад Булган аймгийн Прокурорын газарт гаргасан “...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Прокурорын газраас мэдэгдэл ирсэн. Тэр мэдэгдэлд ...Э ын 12 завхай цагаантай эмээл, хазаарыг өөрийн хамаатан болох У.Ц авч яваад буцааж өгсөн гэсэн байна, ...миний талд хамаатан болох Ц гэж хүн огт байхгүй, танихгүй. Иймд би эмээл хазаараа олоогүй байгаа тул шалгаж шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх1-11 тал/, иргэн С.Э ын гэрчээр өгсөн: “...2018 оны 07 сарын 20-ны өдөр орой 19, 20 цагийн үед би малдаа яваад орой 22 цагийн үед гэртээ ирсэн юм. Манайх “Булган аймгийн ... ийн нутагт хөдөө “Г” гэдэг газарт байсан юм. Тухайн үед манай эхнэр хүүхэд Эрдэнэт хот руу явчихсан байсан. Ингээд бороо намдаад 22 цагийн үед гэртээ ирсэн чинь гэрт байсан эмээл, хазаартайгаа алга болчихсон байсан. Эмээл, хазаар маань манай гэрийн баруун талд ил байдаг. Манай гэр цоожгүй онгорхой, би малдаа яваад удахгүй юм чинь гэж бодоод гэрээ түгжээгүй юм. Тэгээд би эхнэртэйгээ утсаар яриад “эмээл, хазаар алга болсон байна цагдаад мэдэгд” гэж хэлсэн. Тэгэхэд манай эхнэр цагдаад хэлсэн байсан ба Булганы цагдаагаас над руу утсаар яриад дуудлага хүлээж авсан, бүртгэж авсан, тэгээд сумын хэсгийн төлөөлөгчид чинь хэллээ гэж байсан. Тэр шөнөдөө манай сумын хэсгийн төлөөлөгч Э гэдэг хүн надтай утсаар яриад “за ямар хэрэг болсон, би маргааш очно” гэж хэлж байсан. Түүнээс хойш одоог хүртэл нэг ч удаа нүүр тулж уулзаагүй. Харин наадмаар О сумын наадам дээр нэг удаа тааралдаад “би Э гэдэг хүн байна, манай гэрээс эмээл, хазаар алга болсон, би тантай утсаар ярьсан” гэж хэлсэн. Тэр үед надад “дараа болъё, би даага уралдуулаад айрагдчихлаа” гэж байсан. Түүнээс хойш 2018 оны 08 дугаар сард хэсгийн төлөөлөгчтэй утсаар ярихад би танайхаар очиж амжихгүй байна, ажилтай яваад байна гэж байсан. Одоо болтол манайд ирээгүй. Үүнээс хойш 2018 оны 10 дугаар сарын эхээр надад Прокурорын газраас бичиг ирсэн. Тэр бичиг дээр нь Э нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр эмээл хазаараа алдсан, өөрийн хамаатан болох Ц гэдэг хүн нь адуу тууж яваад Э ынхаар ороход өөрөө эзгүй, утас нь холбогдохгүй байхаар нь 12 цагаантай эмээл, хазаарыг нь аваад явсан. 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр эмээл, хазаар аваад явсан талаараа мэдэгдсэн байна гэсэн утгатай хяналтын прокурор Сувдаа гэдэг хүний гарын үсэгтэй бичиг байсан. Ингээд би аймгийн Прокурорын газарт очоод Сувдаа гэдэг хүнтэй уулзаад “би одоо болтол эмээл хазаараа олоогүй байгаа, Ц гэдэг хүн танихгүй, мэдэхгүй” гэдгээ хэлсэн. Тэгэхэд намайг гомдол гаргаж болно гэж байсан. Тэгэхээр нь би прокурорт гомдол гаргасан. Ингээд намайг прокуророос дуудаад тайлбар авсан, би хэсгийн төлөөлөгчтэй уулзаагүй гэдгээ хэлсэн. Прокурор нь надад таны ийм мэдүүлэг байна гэж үзүүлж байсан, тэр мэдүүлэг дээр нь Э гэж бичсэн байгаа боловч миний гарын үсэг биш байсан, угаасаа би хэсгийн төлөөлөгчтэй биечлэн уулзаагүй, мэдүүлэг өгөөгүй байсан. Одоо болтол эмээл хазаараа олоогүй байгаа. Миний ойлгосноор цагдаагаас хуурамч бичиг бүрдүүлж прокурорт өгсөн байна гэж ойлгосон ...гэх мэдүүлэг /хх1-16-17/, иргэн У.Ц ын гэрчээр өгсөн: “...Би 2018 оны зун 7 сард улсын баяр наадмын үеэр яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна 13, 14-ний үед л байх. Булган аймгийн О суманд байх “М” гэх газарт очих гээд Б овогтой Г , Б овогтой Б , У , Х , С нарын хамт явсан. О сумтай ойрхон, хөдөө майхнаа босгож орхиод О сум орж хоол идэхээр явцгаасан. Тэгээд сумын төвийн зүүн хэсэгт байх цайны газарт орж хоолоо захиалчихаад цайны газрын урд талд байх жорлонд бие засаж байхад У машин асааж, машиныг урагш хөдөлгөөд цайны газрыг мөргөсөн. ...Тэгээд сумын Ш гэсэн байх нэрийг нь мэдэхгүй, Ш гэж байсан нэг цагдаа ирээд бид нарыг О сумын цагдаагийн хэсэг рүү авч яваад тэр өдрөө байцаалт аваагүй маргааш нь ...мөргөсөн У г, машины эзэн Г ийн хамт дуудаж уулзсан. Тэгээд мөргөсөн байшингийн хохирлыг барагдуулахаар болсон нийт 1 сая гаран төгрөгний хохирол учирсан гэхээр нь би өөртөө байсан 900,000 төгрөгөө өгөөд хохиролгүй болгосон. У , Г нарыг Ш гэх цагдаа торгосон. ...Тухайн үед Э гэх хүн мэдүүлэг аваагүй. Ш гэх цагдаа тухайн зөрчлийг шийдсэн. Э гэх хүн нь сүүлд ирээд зөрчлийн материалыг уншиж танилцсан байх би энэ талаар сайн мэдэхгүй байна. Би Э гэх хүнд мэдүүлэг өгөөгүй. ...” гэх мэдүүлэг /хх1-55 тал/,
О сумын цагдаагийн хэсгийн цагдаа Б.Ш ын гэрчээр өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сараас эхлэн Булган аймгийн Цагдаагийн газрын 80 жилийн ойн арга хэмжээний концертын бэлтгэлд оролцохоор болоод ажлаас чөлөөлөгдөж аймгийн төвийн цагдаагийн амралтын газарт байрлан бэлтгэж байсан. 2018 оны 07 дугаар сард наадмын урт амралтын үеэр би О сумандаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд ажиллаж байх үед нэлээн орой 23 цаг өнгөрч байхад хоолны газрын хаалгыг машинаар хүн мөргөчихлөө гэх дуудлага ирсэн учраас дуудлагын дагуу очиход У гэх охин машинаар хоолны газрын хаалгыг мөргөчихсөн байсан учраас хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э д мэдэгдсэн. Тэр үед манай сумын хэсгийн төлөөлөгч хөдөөгүүр ажилтай явж байсан. ...Зөрчилд холбогдсон У болон түүний найз нарыг цагдаагийн хэсгийн байранд дагуулан ирээд юу болсон талаар нь лавлаж асуусан. Маргааш нь хэсгийн төлөөлөгчийг ирэхээр нь нөгөө хүүхдүүдийг уулзуулсан. ...2018 оны 07 дугаар сард С.Э ын гэрээс эмээл, хазаар алга болох үед би сумандаа байгаагүй учраас тухайн гомдол мэдээллийг шалгах ажиллагаанд огт оролцоогүй” гэх мэдүүлэг /хх1-76 тал/, эд мөрийн баримтаар хурааж хх1-46-49 дүгээр талд хавсаргасан шүүгдэгч Э.Э ын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж прокурорт хүргүүлсэн материалд хуурамчаар үйлдсэн гэрч С.Э ын “...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн О сумын Гэсгүй ...ад гэрийнхээ хаалгыг онгорхой орхиод хонь малдаа яваад буцаад ирэхэд гэрийн хоймор талд байсан 12 завхай мөнгөн эмээл, таван тогоруутай мөгөн хазаар хоёр байхгүй байхаар нь цагдаагийн 102 дугаар луу залгаж мэдэгдсэн юмаа. Манай гэрийн хаалга онгорхой, гэр доторх эд зүйлс бүрэн бүтэн, ямар нэгэн хөдөлгөсөн зүйл мэдэгдээгүй. Тухайн үед манай эхнэр, хүү охин хоёр О аймагт байсан ба 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 08 цагт манай хамаатан болох У.Ц над руу утсаар залгаж “ахаа дүү нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед Архангай аймгаас Улаанбаатар хот руу мал тууж явах замдаа танайхаар ортол хаалга чинь онгорхой хүнгүй байсан ба гэрийн хойморт 12 завхай мөнгөн эмээл, мөнгөн хазаар хоёр байхаар нь тууварт мал тууж байсан мориндоо эмээлийг тохож авч явсан. Тань руу утсаар хэлэх гэсэн боловч таны утас огт холбогдохгүй байсан юм гээд мөн өдрийн орой 18 цагийн үед Улаанбаатар хотоос миний 12 завхай мөнгөн эмээл, хазаарыг авчирч өгсөн. Тухайн үед алга байхаар нь цагдаад мэдэгдсэн болно. Одоо цагдаагаар ямар нэгэн шалгуулах асуудал байхгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх мэдүүлэг, гэрч У.Ц ын “...Би 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сумаас 50 гаруй тооны адууг худалдаж аваад Улаанбаатар хотын мах комбинатад борлуулахаар гарсан. 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн орой 20 цагийн үед Булган аймгийн О сумын Гэсгүй ...ад хамаатны ах болох С. Э ын гэрт ирэхэд гэрийнх нь хаалга онгорхой цоожгүй, хүн байхгүй байсан ба гар утас руу нь залгатал холбогдохгүй байхаар нь гэрийн хойморт байсан 12 завхай мөнгөн эмээл, мөнгөн хазаар хоёрыг авч Архангай аймгийн Өлзийтөөс худалдан авсан адуунуудыг тууж явсан морины тохошийг авч 12 завхай мөнгөн эмээлийг тохож, мөнгөн хазаарыг тууж явсан хүрэн мориндоо хийж малаа тууж явсан болно. Тухайн үед моринд тохож явсан тохош нь муудаж, бие нухаад мал туухад хэцүү болохоор нь хамаатны ах С.Э ын эмээл, хазаарыг аваад явсан болно. С.Э ахтай уулзах гэхэд байхгүй, мөн утсаар мэдэгдэх гэсэн хэдий ч холбогдохгүй байсан учир дараа нь хэлье гээд л аваад явсан юм. 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 08 цагт С.Э ын ******** гэх утас нь холбогдсон тул хэлсэн чинь ах нь байхгүй болохоор нь сандраад цагдаад мэдэгдсэн гэж хэлж байсан. Орой 18 цагт 12 завхай эмээл, мөнгөн хазаар хоёрыг өгөөд би Улаанбаатар хот руу харьсан. С.Э ахад болсон асуудлын талаар хэлэхэд цагдаад ойлгуулаад хэлье гэж байсан.” гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.Э ын иргэн С.Э ын хулгайн гэмт хэргийн талаарх Г236 дугаартай гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж прокурорт хүргүүлсэн материалын хуулбарууд /хх1-190-202 тал/,
Прокурорын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 4/19 дугаартай “Дахин шинжилгээ хийлгэх” тухай тогтоолын дагуу хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн:
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүх хуралдаанд гэрчээр оролцсон С.Э нь нотлох баримтын дагуу 36500 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч Э.Э нь зардлыг хүлээн зөвшөөрч 39000 төгрөгийг төлж баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Э ын 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэрчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн, уг нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр прокурорт гаргаж өгсөн идэвхтэй үйлдэл тус тус нотлогдсон, шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэнээр хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Хэрэгт цугларсан төрийн албан хаагчийн анкет /хх-28-29 тал/, шүүгдэгч Э.Э ын ажлын байрны тодорхойлолт /хх-31-33 тал/, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/391 дугаартай тушаал /хх-134 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э нь энэ хэргийг Булган аймаг дахь Цагдаагийн газрын О сум дахь хэсгийн төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа үйлдсэн нь тусгай субъекттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Э.Э ыг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Э нь цагдаагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон эзэнгүй гэмт хэргийг илрүүлэх талаар идэвх санаачлагатай ажиллаж байсан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх болон эрүүл мэндийн хувьд улаан хоолойн хорт хавдартай, энэ өвчний улмаас олон удаа норкозтой хагалгаанд орж эмчийн хяналтад байгаа, одоо цэргийн байнгын тэтгэвэрт гарсан зэрэг 2хх-79-80, хавтаст хэргийн 24-27, 110, 244245 дугаар талуудад авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтуудаар түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүний хувийн болон хөрөнгө орлогын байдлыг харгалзан торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар У.Ц , С.Э нарын 4 хуудас мэдүүлгийг хэргийн 46-49 дүгээр талд хавсарган ирүүлснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД