| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 240/2017/0084/э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2018-04-17 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 35
Т.Лхамсүрэнд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор С.Мөнхтулга
Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Сүхбаатарын давж заалдах гомдлыг үндэслэн Т.Лхамсүрэнд холбогдох 201716000076 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Т.Лхамсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн орчим Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Мухар шивэртийн ам орох замд буюу баруун хойш 35 километрт Э.Оюунболдын эзэмшлийн 72-14 УНА улсын дугаартай тоёота прусс маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.1.а, 2.7.а-д заасныг тус тус зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч С.Ирээдүйн амь насыг хохироосон, Т.Түвшинсайханы бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Лхамсүрэнг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лхамсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.Лхамсүрэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Т.Лхамсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө орлого, эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Лхамсүрэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Т.Лхамсүрэн нь 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хохирогч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг Гурван сайхны 17-12 тоотод оршин суух, Дум овгийн Готовын Сүхбаатарт 3 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар хохирогч Г.Сүхбаатар нь сэтгэл санааны хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, 2002 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лхамсүрэнд оногдуулсан 4 жилийн хорих ялыг тэнсэж, шүүгдэгч Т.Лхамсүрэнг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лхамсүрэнгийн засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Хохирогч Г.Сүхбаатар давж заалдах гомдолдоо: “...Бидний өмөг түшиг, ууган хүүгээ алдаад үнэхээр хэцүү, яахаа ч мэдэхгүй, юугаа ч ойлгохгүй маш хэцүү байна. Хэргийн ул мөр тодоос тод байхад автын байцаагчийн галын шалтгааныг гүйцэт төгс тогтоогоогүй, бүрхэг дүгнэлт гаргаж, замын ослын шалтгааныг нарийн тогтоогоогүй байдлыг эсэргүүцэж байна. Үнэхээр анхан шатны шүүгч шүүх хурлаа яаруу, нухацтай биш, хар үгээр бол бидэнд тааруулж, гурилдаж хийсэнд гомдолтой байна. Хайртай хүүгийнхээ араас цөхөрч, толгой гудайж, гашуудаж байгаа биднийг шүүгдэгчийн ар гэр, цагдаа, шүүхийнхэн элэг барьж болмоор дорой буурай, хүмүүс байна гэж ойлгов уу. Энд зөвхөн цагдаа, шүүхийнхэн, прокурор нь хуулиа дээдэлж, хуулийг зөв хэрэгжүүлэхийг харж хүлээж байсан.
Иймээс хэргийг дахин мөрдөн байцаалтанд буцааж, хэргийн галын шалтгааныг төгс тодорхой тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Т.Лхамсүрэнгээс давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Би болон манай гэр бүлийнхэн талийгаач С.Ирээдүйн төлөө маш их харамсаж, гэм буруугаа чин сэтгэлээсээ хүлээн түүний эцэг, эхэд сэтгэл санааны болон учруулсан хохирлыг аль болохоор бүрэн барагдуулахыг хичээж төлсөн.
Би болгоомжгүй боловч гэмт хэрэг үйлдэж нэг найзынхаа амь насыг хохироосондоо одоо ч их харамсаж явдаг. Дахин ямар нэг хэрэг зөрчил гаргахгүй ажиллаж амьдарч чадна гэж өөртөө зорилго тавьсан. Иймд надад ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар хэргийг шийдвэрлэхдээ хохирогч Г.Сүхбаатарын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.
Шүүгдэгч Т.Лхамсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн орчим Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Мухар шивэртийн ам орох замд буюу баруун хойш 35 километрт Э.Оюунболдын эзэмшлийн 72-14 УНА улсын дугаартай тоёота прусс маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.1.а, 2.7.а-д заасныг тус тус зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч С.Ирээдүйн амь насыг хохироосон, Т.Түвшинсайханы бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сүхбаатар /хх-28/, хохирогч Т.Түвшинсайхан /хх-30/, иргэний нэхэмжлэгч Э.Оюунболд /хх-32/, гэрч Э.Оюунболд /хх-35/, Г.Дэлгэржаргал /хх-36/, Ө.Адъяасүрэн /хх-37/, Б.Дамчаадэмбэрэл /хх-38/, Э.Наранцэцэг /хх-39/, шүүгдэгч Т.Лхамсүрэн /хх-71-73/ нарын мэдүүлгүүд, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 31, 250 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-44, 49/, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт /хх-60/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-19/, цогцос болон хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-20-25/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Т.Лхамсүрэнгийн согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учраалсан, бусдын амь нас хохироосон үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Т.Лхамсүрэнд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар зүйлчилбэл дээрх гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй болж, эрх хасах нэмэгдэл ялын хэмжээ нэмэгдэж шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дордохоор байна.
Анхан шатны шүүх Т.Лхамсүрэнгийн үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн, түүнд хорих ялыг сонгон оногдуулж болгоомжгүй гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлыг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан гэж үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хяна харгалзахаар шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирчээ.
Анхан шатны шүүх нь гаргасан шийдвэртээ Т.Лхамсүрэнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг хэдийнээс тоолох талаар зохицуулсан Эрүүгийн хуулийн заалтыг баримтлан тусгаагүй, хэдэн оны Эрүүгийн хуулийг баримталсан талаар заахдаа оны гэсэн үгийг орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулахаар тогтов.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Хохирогч Г.Сүхбаатар давж заалдах гомдолд “хэргийг дахин мөрдөн байцаалтанд буцааж, хэрэгт гал гарсан шалтгааныг төгс тогтоох” гэсэн үндэслэлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэмж тогтоосноор гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх үндэслэлгүй гэж үзэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хохирогч Г.Сүхбаатарын “хэргийг дахин мөрдөн байцаалтанд буцааж, хэрэгт гал гарсан шалтгааныг төгс тогтоох” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулсугай.
А. 6, 7 дахь заалтуудыг нэгтгэж “Т.Лхамсүрэн нь 2000000 төгрөгийг хохирогч Г.Сүхбаатарт 3 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар хохирогч Г.Сүхбаатар нь сэтгэл санааны хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэг эрхтэй болохыг тус тус дурдаж” гэж ,
Б. Шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Т.Лхамсүрэнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай” гэж,
В. Шийтгэх тогтоолын 8 дахь заалтын 2002 гэсний дараа “оны” гэж тус тус өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ
Х.ГЭРЭЛМАА