Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01327

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 67 дугаар шийдвэр

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 21 дүгээр магадлалтай

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Э” ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 439 586 390 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Нарангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “Э” ХХК-тай байгуулсан 81/16 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 82/16 тоот барьцааны гэрээг 81/16 тоот гэрээний үүрэг дуусгавар болох хүртэл хугацаагаар байгуулсан. 81/16 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу зээлээр авсан барааны төлбөрийг барааг худалдан авснаас хойш 90 хоногийн дотор компанийн дансанд шилжүүлэх эсвэл бэлнээр төлж барагдуулах байсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Иймд 81/16 тоот гэрээний 3.3, 5.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 256.748.400 /хоёр зуун тавин зургаан сая долоон зуун дөчин найман мянга дөрвөн зуу/ төгрөг, түүний хугацаа хэтрүүлсэн алданги 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл нийт 322 хоногийг тооцоход 413 364 924 болсныг Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүргэж зогсооход 128 374 200 /нэг зуун хорин найман мянга гурван зуун далан дөрвөн мянга хоёр зуун/ төгрөг, мөн гэрээний 5.2 дахь хэсэгт заасны дагуу сарын 2 хувийн хүү дээрх хугацаанаас тооцоход 54 463 790 төгрөг болж байна. 81/16 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 82/16 тоот барьцааны гэрээ байгуулсан. Энэхүү барьцааны гэрээний зүйл болох Ү-1317001756 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө, 18585567819985 дугаартай 4449 м.кв талбайтай газар зэрэг барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Мөн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 256 748 400 төгрөг, алданги 128 374 200 төгрөг, хүү 54 463 790 төгрөг, нийт 439 586 390 /дөрвөн зуун гучин есөн сая таван зуун наян зургаан мянга гурван зуун ерэн/ төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай “Э” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлалтай газрын ховор элементийн талбайд явуулах хайгуулын ажилд шаардагдах дизель түлшийг “М” ХХК-иас зээлээр худалдан авч хэрэглэсэн. “Э” ХХК-ийн захирал миний бие нь жирэмсэлснээр манай компанийн үйл ажиллагаа одоог хүртэл тасалдахад хүрсэн. Учир нь: Жирэмсний болоод хүүхэд асрах хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар миний бие нь ажил төрөл эрхлэн явуулах боломжгүй болж Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлөгдөх зайлшгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Ийнхүү гэрээ байгуулагдах үеийн нөхцөл урьдчилан харах боломжгүй нөхцөл байдлаар солигдон өөрчлөгдсөн. Намайг төлөөлөх болон орлон үүрэг гүйцэтгэх хүн байхгүй хийгээд эрүүл мэндийн шалтгаанаар манай компанийн аливаа үйл ажиллагаа тэг зогсолт хийж үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх боломжгүй болсон тухай буюу өөрчлөгдсөн нөхцөл байдлыг нэхэмжлэгч талд мэдэгдсэн. Одоогоор хүүхдээ ганцаар асарч, сарын 50 000 төгрөгийн тэтгэмжийн орлоготой, ээжээрээ асруулж байна. Иймд Иргэний хуулийн 222.2 дахь заалтыг үндэслэн дизель түлшний үндсэн төлбөр 256 748 400 төгрөгийг 90 хоногийн хүү 15 404 904 төгрөгийн хамт нийт 272 153 304 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр  67 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 439.586.390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх зааснаар Сэлэнгэ гурван булаг ХХК-ний эзэмшлийн №000401464 дугаартай, Ү-1317001756 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутагт орших хаягт байршилтай 490 м2 талбайтай Агуулах, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сэлэнгэ гурван булаг ХХК-ийн эзэмшлийн №000310571 дугаартай, Ү-1317003995 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутагт орших хаягт байршилтай 296 м2 талбайтай дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сэлэнгэ гурван булаг ХХК-ийн эзэмшлийн №000401197 дугаартай, Ү-1317003996 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутагт орших хаягт байршилтай 315.8 м2 талбайтай Агуулах, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сэлэнгэ гурван булаг ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 5 дугаар хэсэг байршилтай 185855677819985 нэгж талбарын дугаартай, 0206110 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4449 м2 талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газар зэрэг барьцаа хөрөнгөнөөс албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.355.882 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2.355.882 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 21 дүгээр магадлалаар:  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэрийн сум дундын шүүхийн 2018 оны 02 сарын 09-ний өдрийн 57 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 439.586.390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож” гэснийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-т зааснаар хариуцагч “Э” ХХК-иас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 439.586.390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамж 995.115 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Нарангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 21 дугаартай магадлал нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг үндэслэлтэй гэж үзэн хянахдаа шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйл (Анз), 262 дугаар зүйл (Зээлээр худалдах, худалдан авах гэрээ), 263 дугаар зүйл (Зээлээр худалдан авах гэрээний хэлбэр), 243 дугаар зүйл (Худалдах, худалдан авах гэрээ)-ийг тус тус удирдлага болгон нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүрэн ханган шийдвэрлэсэн юм.

Ийнхүү шийдвэрлэхдээ дараах байдлаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн. Үүнд шатахуун зээлээр худалдан авагчийн хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдлыг үнэлсэнгүй.

Иргэний хуулийн 222 дугаар зүйл-(Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэх)-д заасан гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа яагаад хэтэрсэн, Иргэний хуулийн 222.2 дахь заалтад дурдсан “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэх заалтыг энэ нөхцөл байдалд хэрэглэх эсэхэд шат шатны шүүх хариу өгөөгүй бөгөөд түүнчлэн үүрэг гүйцэтгэгч талын гаргасан тайлбарыг няцаагаагүй.

Мөн хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал болох эрүүл мэндийн шалтгааныг хууль зүйн актуудад доор дурдсан байдлаар хариуцлагаас чөлөөлөгдөх хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож буйг төсөөтэй хэрэглэх эсэхэд мөн шат шатны шүүх тайлбар, няцаалт хийсэнгүй.

... Мөн жирэмсэн болон амаржсан нөхцөл байдал нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 2.2 дахь заалтаар тогтоогдож буй нөхцөл байдал буюу нийгмийн халамжийн зорилтот бүлэгт хамаарах хуулийн заалтыг хэрхэн тайлбарлан хэрэглэх тухай асуудлыг мөн орхигдуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1 дэх заалтад хамаарч буюу хүүхэд асрах чөлөөтэй хугацаанд үүрэг ногдох эсэх, чөлөөлөгдөх эсэх зэрэг тухайн үеийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлэн хүүхдийн заяагдмал эрхийг хамгаалах асуудлыг мөн орхигдуулсан. Ийнхүү шат, шатны шүүх жирэмсний хугацаанд хэвтрийн дэглэм сахих заалттай 40 гараад ганц хүүхэдтэй болсон өрх толгойлсон, халамжийн зорилтот бүлэгт 2020 он хүртэл хамаарах ганц бие эхийн гэрээний үүрэг гүйцэтгэх шалтгаан нөхцөлийг үнэлэхгүйгээр хэвтэрт байна уу, хөхүүл байна уу хамаагүй гэрээ хийсэн л бол үүрэг, хариуцлага шалтгаан нөхцөлөөс үл хамаарч хугацаагүйгээр ногдох ёстой гэж шийдвэрлэсэн нь хуулийн хэрэглээний буруу жишиг хийгээд хуулийн энэрэнгүй байх зарчим алдагдсан жишээ юм.

Үүрэг гүйцэтгэх хугацааг тооцох нөхцөл байдлыг үнэлээгүй нь гэрээний хугацаат үүрэгтэй холбоотой хариуцлага болох хүү, алдангийг хэрэглэх хуулийн хэрэглээг мөн буруу болгоход хүргэсэн байна. Анз буюу алданги нь үүргээ хугацаандаа төлөөгүй үед хүлээх санхүүгийн хариуцлага билээ. Иймд санхүүгийн хариуцлага хүлээх үүргийн хугацаа хэд хоног болохыг эхэлж тогтоож байж тухайн хариуцлагын хэмжээг ярих нь зүй билээ.

Мөн алданги буюу анз нь хүүтэй хамт бодогдож байгаа тохиолдолд алдангийн дээд хэмжээг тооцохдоо Иргэний хуулийн 452.2 дахь заалт ба 453.1 дэх заалтыг тус тус журамлаж алдангийн дээд хэмжээг тогтоох нь зүй ёсны билээ. Учир нь шатахуун зээл олгосон хүүгийн хэмжээ болох сарын 2% нь бэлэн мөнгөөр зээлдүүлэх зээлийн гэрээний үнэ цэнэтэй тэнцүү байгааг мөн авч үзэх учиртай юм. Энэ нь аливаа бараа мөнгөнөөс илүү үнэ цэнээр үнэлэгддэггүй бодит зарчимд нийцэж хариуцлагын хэм хэмжээ бодитой хийгээд үндэслэлтэй тогтоогдох үндэслэл билээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож шатахууны үндсэн төлбөр, эрүүл мэндийн шалтгаан үүсэх хүртэлх үеийн 3 сарын хүүгийн төлбөрийн хамт 272,2 сая төгрөгийг төлж, бодит нөхцөл байдлаас давсан хүү алдангийн 167,4 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах миний хүсэлтийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “М” ХХК нь “Э” ХХК-д холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 439 586 390 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийг шаардлагаас 272 153 304 төгрөгийг зөвшөөрч, бусдыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэн, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

Зохигчид 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 81/16 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээгээр худалдагч “М” ХХК Улаанбаатар хот дахь ГТБ-ний агуулахаас зээлээр, гэрээнд заасан хугацаа, нөхцөлөөр Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авагч нь барааг зээлээр авч, түүний төлбөр тооцоог гэрээгээр тохирсон хугацаанд төлөх үүрэг тус тус хүлээж, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангахаар Барьцааны гэрээ байгуулсан байна.

Худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авагч 256 748 400 төгрөгийн үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авсан, энэ талаар  маргаагүй боловч төлбөрийг төлөөгүй үйл баримт тогтоогджээ.

Зохигчид барааны үнийг хожим төлөхөөр буюу барааг худалдан авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсоныг үндэслэн гэрээний нэрийг “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ” гэж нэрлэсэн байх бөгөөд тус гэрээ нь Иргэний хуулийн 162, 163 дугаар зүйлд заасан “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний эрх зүйн харилцааны шинжийг агуулаагүй, гэрээний 3.1.-д “зээлээр авсан барааны үнэд хүү тооцохгүй” гэж тусгайлан зохицуулсан байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан “худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг буруу тайлбарласнаас зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, улмаар шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй,  нотлох баримтыг үнэлэх журам зөрчсөн байх тул зөрчлийг засч, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2., 3.3., 5.1., 5.2.-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын нийлүүлсэн барааны үнэ 256 748 400 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 50%-иас хэтэрсэн тул 50%-иар тооцож 128 374 200 төгрөг, гэрээний 5.2.-т заасны дагуу төлбөр төлөлт удааширсан тул сарын 2%-ийн хүү тооцож 54 463 790 төгрөг, нийт 439 586 390 төгрөг гэжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д “хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.4.-т “анз нь торгууль, алданги гэсэн хоёр төрөлтэй” гэж тодорхойлжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний Тавдугаар зүйлд заасан Гэрээний хариуцлага гэх зохицуулалтын 5.1., 5.2.-т худалдан авагч төлбөрийг хугацаанд төлөлгүй хожимдуулсан бол хоног тутам 0.5%-ийн алданги тооцох, төлбөр төлөлт удааширсан тохиолдолд сарын 2%-ийн хүү тооцож, худалдагч талд төлөхөөр тохиролцжээ.

Гэрээний дээрх заалт нь нэг зөрчилд хоёр хариуцлага давхардуулан тооцохоор, түүнчлэн анзад “хүү” гэсэн төрөл байхгүй тул хариуцагчаас гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй үндэслэлээр хүү нэхэмжилсэн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчээс хүүд нэхэмжилсэн 54 463 790 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. 

Хариуцагч нь “...гэрээ байгуулах үеийн нөхцөл урьдчилан харах боломжгүй нөхцөл байдлаар солигдсон, эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөрийг хугацаанд нь төлөөгүй байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...”  гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан боловч хэрэгт энэ тухай баримт авагдаагүй, анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д зааснаар анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг хяналтын журмаар хэргийг хянахдаа үнэлэхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 21 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 67 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...439 586 390 төгрөгийг...” гэснийг “...385 122 600 төгрөгийг...” гэж өөрчлөн, “...олгосугай.” гэснийг “...олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 54 463 790 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

4 дэх заалтын “хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 355 882 төгрөгийг ...” гэснийг “хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид  2 083 563 төгрөгийг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                           Х.ЭРДЭНЭСУВД