Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 21

 

 

                            “МТ Петролиум” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2018/00005/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                              Б.Батзориг

                             Шүүгчид                                         Л.Амарсанаа

                                                                                    Г.Давааренчин

                            

                          Оролцогчид

                                Нэхэмжлэгчийн төлөөлөгч           Г.Ганболд

                                Нэхэмжлэгчийн төлөөлөгч          Г.Энхжавхлан

                                         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум  дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 67 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор “МТ Петролиум” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Энсонголия Холдинг” ХХК-д холбогдох “439.586.390 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэхэмжлэгч “МТ Петролиум” ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганболд анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Манай компани “Энсонголия Холдинг” ХХК-тай байгуулсан 81/16 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 82/16 тоот барьцааны гэрээг 81/16 тоот гэрээний үүрэг дуусгавар болох хүртэл хугацаагаар байгуулсан. 81/16 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу зээлээр авсан барааны төлбөрийг барааг худалдан авснаас хойш 90 хоногийн дотор компанийн дансанд шилжүүлэх эсвэл бэлнээр төлж барагдуулах байсан боловч өнөөдрийг  хүртэл  төлж барагдуулаагүй. Иймд 81/16 тоот гэрээний 3.3, 5.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 256.748.400 /хоёр зуун тавин зургаан сая долоон зуун дөчин найман мянга дөрвөн зуу/ төгрөг, түүний хугацаа хэтрүүлсэн алданги 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл нийт 322 хоногийг тооцоход 413.364.924 болсныг Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүргэж зогсооход 128.374.200 /нэг зуун хорин найман мянга гурван зуун далан дөрвөн мянга хоёр зуун/ төгрөг, мөн гэрээний 5.2 дахь хэсэгт заасны дагуу сарын 2 хувийн хүү дээрх хугацаанаас тооцоход 54.463.790 төгрөг болж байна. 81/16 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 82/16 тоот барьцааны гэрээ байгуулсан. Энэхүү барьцааны гэрээний зүйл болох Ү-1317001756 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө, 18585567819985 дугаартай 4449 м.кв талбайтай газар зэрэг барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Мөн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 256.748.400 төгрөг, алданги 128.374.200 төгрөг, хүү 54.463.790 төгрөг, нийт 439.586.390 /дөрвөн зуун гучин есөн сая таван зуун наян зургаан мянга гурван зуун ерэн/ төгрөгийг Энсонголия Холдинг ХХК-иас гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Энсонголия Холдинг” ХХК анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Манай “Энсонголия Холдинг” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлалтай газрын ховор элементийн талбайд явуулах хайгуулын ажилд шаардагдах дизель түлшийг “МТ Петролиум” ХХК-иас зээлээр худалдан авч хэрэглэсэн. “Энсонголия Холдинг” ХХК-ийн захирал миний бие нь жирэмсэлснээр манай компанийн үйл ажиллагаа одоог хүртэл тасалдахад хүрсэн. Учир нь: Жирэмсний болоод хүүхэд асрах хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар миний бие нь ажил төрөл эрхлэн явуулах боломжгүй болж Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлөгдөх зайлшгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Ийнхүү гэрээ байгуулагдах үеийн нөхцөл урьдчилан харах боломжгүй нөхцөл байдлаар солигдон өөрчлөгдсөн. Намайг төлөөлөх болон орлон үүрэг гүйцэтгэх хүн байхгүй хийгээд эрүүл мэндийн шалтгаанаар манай компанийн аливаа үйл ажиллагаа тэг зогсолт хийж үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх боломжгүй болсон тухай буюу өөрчлөгдсөн нөхцөл байдлыг нэхэмжлэгч талд мэдэгдсэн. Одоогоор хүүхдээ ганцаар асарч, сарын 50.000 төгрөгний тэтгэмжийн орлоготой, ээжээрээ асруулж байна. Иймд Иргэний хуулийн 222.2 дахь заалтыг үндэслэн дизель түлшний үндсэн төлбөр 256.748.400 төгрөгийг 90 хоногийн хүү 15.404.904 төгрөгийн хамт нийт 272.153.304 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр  хянан хэлэлцээд 67 дугаартай шийдвэрээр:

      - Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Энсонголия Холдинг” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 439.586.390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МТ Петролиум” ХХК-д олгож

          - Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх зааснаар “Сэлэнгэ гурван булаг” ХХК-ний эзэмшлийн №000401464 дугаартай, Ү-1317001756 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутагт орших хаягт байршилтай 490 м2 талбайтай Агуулах, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “Сэлэнгэ гурван булаг” ХХК-ийн эзэмшлийн №000310571 дугаартай, Ү-1317003995 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутагт орших хаягт байршилтай 296 м2 талбайтай дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “Сэлэнгэ гурван булаг” ХХК-ийн эзэмшлийн №000401197 дугаартай, Ү-1317003996 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутагт орших хаягт байршилтай 315.8 м2 талбайтай Агуулах, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “Сэлэнгэ гурван булаг” ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 5 дугаар хэсэг байршилтай 185855677819985 нэгж талбарын дугаартай, 0206110 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4449 м2 талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газар зэрэг барьцаа хөрөнгөнөөс албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Миний бие нь шүүхэд хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд өвчтэй болоод өмгөөлөгчгүй учраас оролцож амжаагүй болно. Шүүх өмгөөлөгч авах хүсэлтийг шийдвэрлэсэн 7 хоногийн хугацаанд өмгөөлөгчийн хууль зүйн үйлчилгээний хөлсний урьдчилгаа мөнгийг шийдэж чадаагүй учраас өмгөөлөгч авч амжаагүй юм. Хүүхэд асрах чөлөөний хугацаанд миний бие болоод “Энсонголия Холдинг” ХХК нь хүүхэд асарсан тэтгэмжээс өөр орлогогүй байна. Учир нь “Энсонголия Холдинг” ХХК нь нэг гишүүнтэй компани ба ХҮ-020332 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд газрын ховор элементийн хайгуулын ажил гүйцэтгэж, хайгуулын ажлын үр дүнг гадаад буюу БНХАУ-ын хөрөнгө оруулагчдад санал болгох бизнес төлөвлөгөөний дагуу ажиллаж байсан боловч миний бие жирэмсэлснээр бүх үйл ажиллагаа тасалдаад байгаа юм.

Миний бие нь хожуу үеийн анхны жирэмслэлт буюу өндөр эрсдэлтэй жирэмсэн гэх заалтаар 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хэвтрийн заалт бүхий эмчилгээний дэглэм сахиж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүрхний эмчийн байнгын хяналт дор эмчлэгдэж төрсөн юм. 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс хойш өөрөө нөхөн сэргээх эмчилгээ, хүү маань хүчил төрөгчийн архаг дутмагшлын байнгын эмчилгээг хийлгэж байгаа юм. Дээр дурдсан нөхцөл байдлыг хавтаст хэргийн 48, 49, 59 дэх талуудад авагдсан баримтууд нотолно. Эдгээр баримтуудыг үл хэрэгсэж тайлбараа нотлох баримтгүй гэж үндэслэх хэсэгтээ дурджээ. Гэтэл эдгээр баримт нь тайлбарыг нотлохын сацуу тайлбарт дурдаж буй нөхцөл байдал нь нотлох шаардлагагүй, нийтээрээ хүлээн зөвшөөрдөг илэрхий үнэн билээ. Ийнхүү шүүх Үндсэн хуулинд заасан хүний заяагдмал эрх, мөн эрхийг эдлэх зайлшгүй бөгөөд гарцаагүй нөхцөл байдлыг үнэлэхгүйгээр асуудлыг шийдсэнд гомдолтой байна. Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243.1, 232.6 дахь хэсгийг тус тус удирдлага болгон “Энсонголия холдинг” ХХК-иас 439,6 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн хангаж шийджээ. Энэ шийдвэрт худалдах, худалдан авах гэрээний нөхцөлд хүү, алданги 2-ыг давхардуулан авах хууль зүйн үндэслэлийг дурдаагүй бөгөөд мөн хүү тооцсон тохиолдолд алданги 20%-иас хэтрэхгүй байх холбогдох хуулийн заалтыг мөн орхигдуулсан зэргээр хууль зүйн үндэслэлийг эргэлзээгүй үнэн зөв тодорхойлж тогтоосонгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж дизель түлшний үндсэн төлбөрийг 3 сарын хүүгийн хамт нийт 272,2 сая төгрөг төлөх миний хүсэлтийг ханган хүү, торгуулийн 167,4 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид  “Энсонголия Холдинг” ХХК–тай гэрээ байгуулсан болохоос иргэн Ц.Нарангэрэлтэй гэрээ байгуулаагүй гэж ойлгож байна. Тухайн хүний эрүүл мэндийн байдал нь тухайн компанийн үйл ажиллагаатай хамааралтай бус гэж үзэж байгаа тул гэрээг биелүүлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй юм.

Хариуцагч нь шүүхээс өмгөөлөгч авах эрхийг хангаагүй гэдэг нь үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч авах эрхийг тайлбарлан өгч түүний хүсэлтээр шүүх хуралдаан хүртэл хойшлогдож байсан мөн гэрээнд заасан хүү алданги төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагыг нэхэмжлэгч талаас тавьсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “МТ Петролиум” ХХК нь хариуцагч “Энсонголия Холдинг” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг  439.586.390 төгрөг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

Хэргийг судлан үзвэл: Зохигчдын хооронд 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулснаар  талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан Зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

 

Худалдагч тал  болох “МТ Петролиум” ХХК нь гэрээнд заасны дагуу худалдан авагч тал болох “Энсонголия Холдинг” ХХК-нд  2016 оны 06 сарын 06-ны өдөр 71.850.000 төгрөгийн, 6 сарын 10-ны өдөр 79.425.00 төгрөгийн, 07 сарын 27-ны өдөр 46.905.000 төгрөгийн, 08 сарын 04-ны өдөр 58.644.900 төгрөгийн нийт 256.824.900 төгрөгийн шатахууныг нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг барааг худалдан авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор төлөх,  хэрвээ дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алдангийг худалдагчид төлөх, хугацаанаас төлбөр төлөлт удааширсан тохиолдолд худалдан авагч тал худалдагч талд сарын 2%-ийн хүү тооцон худалдагч талд төлөхөөр тохиролцсон байх  бөгөөд худалдан авагч “Энсонголия Холдинг” ХХК нь  зээлээр худалдан авсан шатахууны үнийг компанийн үйл ажиллагаа доголдсон гэсэн үндэслэлээр  өнөөдрийг хүртэл төлөөгүй байх тул нэхэмжлэгч “МТ Петролиум” ХХК–ийн гэрээний үүргээ биелүүлэх тухай хариуцагч “Энсонголия Холдинг” ХХК-нд холбогдуулан шатахууны үнэ 256.748.400 төгрөг, хүү 54.463.790 төгрөг, алданги 128.374.200 төгрөг нийт 439.586.390 төгрөг төлүүлэхээр гаргасан  нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

 

 Хариуцагч “Энсонголия Холдинг” ХХК-ийн захирал Ц.Нарангэрэл давж заалдах гомдлын үндэслэлээ эрүүл мэндийн шалтгаанаар компанийн үйл ажиллагааг эрхлэх боломжгүй болсон гарцаагүй нөхцөл байдлыг шүүх үнэлэхгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн,  худалдах, худалдан авах гэрээний нөхцөлд хүү, алданги хоёрыг давхардуулан авах хууль зүйн үндэслэлийг дурдаагүй, хүү тооцсон тохиолдолд алданги 20%-иас хэтрэхгүй байх холбогдох хуулийн заалтыг хэрэглээгүй гэж тайлбарласан байна.

Зээлээр худалдах худалдан авах гэрээ нь худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд Иргэний хуулийн 263 дугаар зүйлд зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж дараах нөхцөл болох бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ эсхүл үүнийг тодорхойлох журам зэргийг заавал тусгахаар заасан.

 

Тухайн гэрээгээр тохирсон хүү нь барааны үнийг дараа буюу хэсэгчлэн төлж байгаагийнхаа хариуд төлбөртөө хүү тооцож байгаа хэлбэр бөгөөд  үүнийг барааны үнэ нэмэх нь хүү гэж ойлгох ба хүү төлөхийг талууд гэрээ байгуулахдаа тохирсон энэхүү хүү нь хариуцлагаа бус гэрээний үндсэн үүрэгт тооцогдож заавал биелэгдэх гэрээний гол нөхцөл гэж үзэх тул худалдан авсан шатахууны үнэ, хүү төлөх нь хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэг учраас хариуцагчийн нэхэмжлэгч  гэрээний хариуцлагад хүү, алданги хоёрыг давхардуулан тооцсон гэсэн гомдол үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4-т зааснаар анзын гэрээг бичгээр хийх, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу талууд анзын гэрээг бичгээр хийсэн бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангийг түүний гүйцэтгээгүй үүрэг  худалдан авсан шатахууны үнэ 256.748.400 төгрөгийн 50 хувиар тооцон алданги 128.374.200 төгрөг гаргуулахаар  шаардлага гаргасан нь хууль зөрчөөгүй.

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй,  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин анхан шатны шүүх зохигчдын хооронд үүсэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 421 дугаартай  шүүгчийн захирамжаар хариуцагч “Энсонголия Холдинг” ХХК-ийг давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамж төлөхөөс давж заалдах шатны шүүхийн Магадлал гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан бөгөөд түүний давж заалдах гомдол  хангагдаагүй тул  хариуцагчаас нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг  дахь  сум дундын Иргэний хэрийн сум дундын шүүхийн 2018 оны 02 сарын 09-ний өдрийн 57 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 

1 дэх заалтын

         Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Энсонголия Холдинг” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 439.586.390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МТ Петролиум” ХХК-д олгож” гэснийг

          “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-т зааснаар хариуцагч “Энсонголия Холдинг” ХХК-иас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 439.586.390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МТ Петролиум” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Энсонголия Холдинг” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамж 995.115 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай. 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

         

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                           Л.АМАРСАНАА

                                                                              Г.ДАВААРЕНЧИН