Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2018/01801

 

Н.Б, Б.Л, Ц.Бнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/00613 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1304 дүгээр магадлалтай,

Н.Б, Б.Л, Ц.Бнарын нэхэмжлэлтэй,

“К” ХХК болон “Г” ХХК-д холбогдох,

барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамбын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Шинэзориг, хариуцагч К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамба, Н.Ган-Эрдэнэ, Б.Билгүүн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Б, Б.Л, Ц.Бнар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б 2013 оны 08 дугаар сард Б.Бямбанарантай танилцаж улмаар түүний гуйсны дагуу миний бие өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Гандигийн гудамж 24 дүгээр байрны 2 тоотод байрлах хоёр өрөө орон сууцыг, манай нөхрийн дүү Ц.Барсбаатар, Б.Л нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 45А байрны 26 тоотод байрлах хоёр өрөө орон сууцыг тус тус зээлийн барьцаанд тавьж Н.Б, Ц.Барсбаатар, Б.Л бид өөрсдөө тус банкинд очиж, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 200.000.000 төгрөгийн №398 тоот барьцааны гэрээнд гарын үсгээ зурсан. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Н.Б надад 2016 оны 10 дугаар сард ... үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан таны өмчлөлийн орон сууцыг битүүмжилж, хураасан ... гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Ингээд Н.Б, Б.Л Ц.Ббид Б.Бямбанаранг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №114 тоот барьцааны гэрээнд өмчлөгч бидний гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч баримт бичиг үйлдэж, түүнийгээ ашиглан зээл авч, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байж болзошгүй гэж үзэн Грийн глобус ХХК-ийн захирал Б.Бямбанарангийн дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бямбанаран нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №114 тоот барьцааны гэрээнд орон сууцны өмчлөгч Н.Б, Ц.Барсбаатар, Б.Л бидний гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч баримт бичиг үйлдэн, түүнийгээ ашиглаж ноцтой хохирол учруулан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож, тогтоогдсон байх хэдий ч прокуророос Б.Бямбанаран нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон.

Иймд хууль зөрчсөн, өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийсэн К ХХК болон Грийн глобус ХХК-ийн захирал Б.Бямбанаран нарын байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №114 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, өмчлөгч Н.Б, Б.Л, Ц.Ббидний зээлийн барьцаанд битүүмжлэгдэн хураагдсан дээрх орон сууцыг Кны 300 000 000 төгрөгийн зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Н.Б, Ц.Барсбаатар, Б.Л нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөтэй холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

Хариуцагч “К” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: К ХХК нь Грийн глобус ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр №398 тоот зээл барьцааны гэрээ байгуулан 200.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр №114 тоот зээл барьцааны гэрээ байгуулан 300.000.000 төгрөгийн зээлийг тус тус олгосон. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №183/ШШ2016/00151 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч Грийн глобус ХХК-иас 589.488.845 төгрөгийг Кинд төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгаж шийдвэрлэсэн. Шүүхээс барьцаа гэрээг хүчин төгөлдөр гэж үзэн шийдвэр гаргасан байхад иргэн Н.Б, Б.Л, Ц.Бнарын зүгээс гаргасан барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх нь хуульд нийцэхгүй байна. Энэ нь 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 398 дугаартай барьцааны гэрээгээр 200.000.000 төгрөгийг авсныг өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 114 тоот зээлийн болон барьцааны гэрээг мөн адил хүлээн зөвшөөрдөг. Ийм учраас К ХХК-д холбогдуулж байгаа энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, дээрх гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр байгаа. Өөрсдийнх нь олгосон итгэмжлэлийн дагуу хийгдсэн гэрээ хэлцэл гэж үзэж байгаа гэжээ.

Хариуцагч “Г” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2013 оны 8 дугаар сард Н.Б нь Туушин Инвест ХХК-ийн захирал Б.Баярмаагаар зуучлуулан манай компанийн жижиг дунд үйлдвэрлэл дэмжих сангаас авч байгаа 500.000.000 төгрөгийн зээлээс барьцаа гаргаж 50.000.000 төгрөгийг авч хэрэглээд хүүтэй нь буцаан өгнө гэж тохирсон. Ингээд 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 200.000.000 төгрөгийн зээл батлагдан гарч гэрээ байгуулахад /Банктай/ нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулж 50.000.000 төгрөг авсан. Үүнээс 10.000.000 төгрөгийг буцаан авсан. Одоо 40.000.000 төгрөгөө хүүтэй нь өгөөгүй байгаа. Н.Б нараас 40.000.000 төгрөгийг ашигласан хугацааны хүүтэй нь авах бөгөөд бусад барьцаа гаргагч нараас мөн адил авсан мөнгөө хүүтэй нь авч банкны өр төлбөрийг барагдуулж барьцаа хөрөнгийг суллаж өгөх болно гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/00613 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч К ХХК болон Грийн глобус ХХК-д холбогдох К ХХК, Грийн глобус ХХК-иудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 114 тоот Барьцааны гэрээний 2.1-ийн улсын бүртгэлийн Ү-2206025024 дугаар бүртгэгдсэн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма гандигийн гудамж 24 дүгээр байрны 2 тоот 58.18 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2205049466 дугаартай бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 45 дугаар байрны 26 тоот, 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууц гэх хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.657.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ХХК болон Грийн глобус ХХК-иас 1.657.950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Н.Б, Ц.Барсбаатар, Б.Л нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1304 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/00613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч К ХХК-ийн төлсөн 1.657.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамба хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 28 өдрийн 128/ШШ2018/00613 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 06 өдрийн дугаар 1304 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

К нь “Грийн Глобус” ХХК-тай 2013 оны 12 сарын 12-ны өдрийн №398 тоот зээл, барьцааны гэрээгээр 200,000,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, сарын 0,58 хувийн хүүтэй, 2014 оны 10 сарын 23-ны өдрийн №114 тоот зээл, барьцааны гэрээгээр 300,000,000 төгрөгийн зээлийг 38 сарын хугацаатай, сарын 0,58 хувийн хүүтэй олгосон бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. 2013 оны №398 тоот зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 сарын 12-ны өдөр, №114 тоот зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 сарын 23-ны өдөр тус тус дуусахаар байсан боловч “Г” ХХК нь зээлийн гэрээний үүргүүдээ биелүүлэхгүй байсан тул дээрх хоёр гэрээг 2016 оны 06 сарын 06-ны өдөр зээлдүүлэгч Кны зүгээс нэг талын санаачлагаар цуцалсан. Ийнхүү дээрх гэрээнүүдийг цуцалж үндсэн зээл 496,290,238.73 төгрөг, зээлийн хүү 77,665,505.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,533,101.13 төгрөг, нийт 589,488,845.5 төгрөгийг барьцаа хөрөнгө болон бусад хамааралтай хөрөнгүүдээс шаардаж шүүхэд 2016 оны 06 сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаас банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул 2016 оны 06 сарын 28-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ш шийдвэрүүгчийн 00151 дүгээр “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гарсан. Уг захирамжаар “Грийн Глобус” ХХК нь зээлийн төлбөрт 589,488,845 төгрөг төлөх, үүргээ гуйцэтгээгуй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх” талаар шийдвэрлэсэн. Шүүхээс урьд гарсан хүчин төгөлдөр шүүгчийн захирамж болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн ямар зохицуулалтыг баримталж, ямар үндэслэлээр үгүйсгэж байгаагаа тайлбарлаагүй, иргэн, хуулийн этгээд тухайн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил заавал биелүүлэх үүргийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгааг мөн үндэслэлтэй тайлбарлаагүйд гомдолтой байна. Анхан шатны шүүхээс итгэмжлэл нь ямар хүрээнд олгогдсон болохыг тогтоож, үнэлэлт дүгнэлт хийгээгүй, үүнтэй холбоотой баримтыг дутуу бүрдүүлснээс давж заалдах шатны шүүх итгэмжлэлийн талаар үндэслэл бүхий тайлбарыг хийж чадаагүй байна. Чухамдаа итгэмжлэлд зөвхөн 2013 оны №398 тоот гэрээний хувьд олгогдоогүй, бүх гэрээнд ашиглах боломжтой байдлаар олгогдсоноор “Грийн Глобус” ХХК-ийн захирлын хувьд итгэмжлэлээр олгогдсон эрхийн хүрээнд гэрээнд гарын үсэг зурсан хүсэл зоригийн илэрхийлэл харагддаг. Уг нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал байна.

Нэхэмжлэгч нар өөрт учирсан хохирлоо “Грийн Глобус” ХХК-д холбогдуулж гаргах ёстой буюу тус маргааны хариуцагч К /маргаан бүхий гэрээ/ биш юм. Иймээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/ 00613 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 30-ны өдрийн 1304 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Н.Б, Б.Л, Ц.Бнар нь хариуцагч “К” ХХК,  “Г” ХХК-д холбогдуулан барьцааны гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө хариуцагч “К” ХХК “...шүүх барьцаа хөрөнгийг хүчин төгөлдөр гэж үзэж шийдвэр гаргасан...” гэсэн, “Г” ХХК “...итгэмжлэлээр 200.000.000 төгрөг, дараа нь 300.000.000 төгрөг авсан..” гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.

Н.Б нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны 2 тоотын 2 өрөө орон сууцны, Ц.Барсбаатар, Б.Л нар нь Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 45А байрны 26 тоотын 2 өрөө орон сууцны өмчлөгч байна.

Дээрх орон сууцнуудыг барьцаалсан дараах гэрээнүүд хэрэгт авагджээ. Үүнд:

1.“Г” ХХК нь “К” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 12-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 200.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 12-ний өдөр хүртэл хугацаагаар сарын 0.58 хувийн хүүтэй зээлэхдээ дээрх орон сууцыг барьцаалсан, нэхэмжлэгч  энэ талаар маргаагүй байна.

2.“Г” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалан “К” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж 300.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 12-ний өдөр хүртэл хугацаагаар жилийн 7 хувийн хүүтэйгээр зээлжээ /хэргийн 42-60 дугаар тал/.

Нэхэмжлэгч нар уг барьцааны гэрээний өөрсдийнх өмчлөлийн орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэж шаардлага гаргахдаа үндэслэлийг өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй гэж тодорхойлжээ.

Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан.

Маргааны зүйл болсон барьцааны гэрээнд зурсан гарын үсэг нэхэмжлэгч нарынх биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хариуцагч нар үгүйсгэж чадаагүй байна /хэргийн 5-7 дугаар тал/.

Аливаа этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох эрмэлзлэлийг хүсэл зориг гэж тодорхойлдог ба ийнхүү хийгдсэн хэлцэл зөвхөн хуульд зааснаар эсхүл харилцан тохиролцсоноор нөгөө этгээдэд эрх, үүрэг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн хүсэл зоригийг нөгөө тал ойлгож, ухамсарласан тохиолдолд хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэж үздэг.  

2014 оны 10 дугаар сарын 23-ний өдөр барьцааны гэрээ байгуулах үед нэхэмжлэгч нар орон сууцаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалах хүсэл зориг байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч нар өөрсдийн өмчлөлийн орон сууцаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалахыг зөвшөөрөөгүй, барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, энэ тохиолдолд барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлээс татгалзаж  буй үндэслэлээ нотолж чадаагүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангахдаа хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8., 61 дүгээр зүйлийн 61.1.-т нийцжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 151 дүгээр захирамжаар хариуцагч “Г” ХХК нь зээлийн төлбөрт 589.488.845 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Кны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ /хэргийн 39 дүгээр тал/.

Уг захирамжаар маргааны зүйл болсон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийгээгүй байх тул “...хүчин төгөлдөр захирамжийн эсрэг шийдвэр гаргасан” талаарх гомдол үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч К ХХК-ийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/00613 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1304 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамбаагийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 1.657.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ