| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2018/0546/З |
| Дугаар | 815 |
| Огноо | 2018-12-13 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 815
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Л
Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/115 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулахдаа:
“....Миний бие 2007 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажилласан. 2009, 2015 онд орон тоо, бүтцийн өөрчлөлт нэрээр албан тушаал бууруулсан. 2015 онд хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч ажилдаа орох гэсэн боловч ажилд авахгүй байсны улмаас тус шүүхэд хандаж шүүхийн шийдвэрүүдээр 2010, 2013, 2015 онуудад ажилдаа эргэн томилогдож байсан. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/115 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлж, С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст шилжүүллээ. Уг тушаалын үндэслэл нь сэлгэн ажиллуулах, орон тоо, бүтцийн өөрчлөлт. Уг тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 22.2 дахь заалтыг хэрэглэх үндсэн нөхцөл болсон “зөвшөөрсний дагуу” гэдэг нөхцөлийг бий болоогүй буюу албан тушаал буурч дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллахыг надад урьдчилан танилцуулаагүй, надтай харилцан зөвшилцөж, тохиролцоогүй. Өөрөөр хэлбэл би сэлгэн ажиллахыг зөвшөөрөөгүй.
Мөн хуулийн 27.2.4 дэх заалт бол төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг хамгаалж, нэмэгдэл баталгааг хангасан заалт. Энэ заалтаар цалин хөлсөө бууруулахгүйгээр өөр албан тушаалд шилжих эрхийг олгосон. Миний бие энэ заалтад дурдсан нэмэгдэл баталгааг эдлэхийн тулд ерөнхий газар дотроо өөр ажил, албан тушаалд цалин хөлсөө бууруулахгүйгээр шилжин ажиллах хүсэлтээ удаа дараа амаар болон бичгээр гаргасан. Гэвч надаас туршлага, ур чадвараар муу олон хүнийг шинээр ажил, албан тушаалд томилсон мөртлөө хуулиар олгогдсон нэмэгдэл баталгааг надад эдлүүлсэнгүй.
“Нийгмийн даатгалын ерөнхий газрын тайлбарт миний талаар гаргасан шийдвэрүүдээ тоочоод эдгээрийг миний хүсэлтийн дагуу эрх ашгийг нь бүрэн хангаж гаргаж ирсэн гэжээ. Эсрэгээрээ эдгээр шийдвэрүүдийг бүгдийг шүүхийн шийдвэрүүдийг үндэслэж, эрх ашгийг минь хөндсөн, зөрчсөн үйлдлүүдээ залруулж гаргасан. Шүүхийн шийдвэрийн дагуу эрхийг минь сэргээсэн үйлдлээ өөрийн санаачлагаар эрх ашгийг минь хамгаалсан, хангасан мэтээр ойлгож болохгүй.
С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс рүү шилжихийг “зөвшөөрсөн” гээд 2018 оны 03 дугаар сарын 05-ны “Биечлэн уулзах сонсох ажиллагааны тэмдэглэл”-ийг нотлох баримт болгожээ. Уг тэмдэглэлийг миний хэлсэн үгийг хасч, найруулж, өөрсдөдөө ашигтай байдлаар үйлджээ. Энэ өдөр болсон сонсох ажиллагааг дуу хураагуурт бичиж байсан. Мөн би бүтэцтэй холбоотойгоор өөрийн санал, хүсэлтээ 2 удаа бичгээр удирдлагад гаргасан. Иймд сонсох ажиллагааны дуу бичлэг, өргөдөл, хүсэлтийг минь үндэслэн миний хэлсэн үг санал, хүсэлтийг тогтоох нь зөв юм.
2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/115 тоот тушаалын өөр нэг үндэслэл нь төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 буюу байгууллага өөрчлөн байгуулагдсан тохиолдолд хэрэглэх заалт. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын орон тоо, бүтэц өөрчлөгдсөн гэх боловч ямар бүтэц орон тоотой болсон нь тодорхойгүй. Хэдий тодорхойгүй байсан боловч мэргэжил, мэргэшлийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газар дотроо шилжин ажиллах хүсэлтэй байгаагаа амаар бичгээр гаргасан.
Гэтэл орон тооны хэтрэлттэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ямар ажил, албан тушаалд хэзээнээс ажиллах нь тодорхойгүйгээр, ямар цалин хөлстэй ажиллах нь тодорхойгүйгээр шилжүүлсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байсан албан тушаалын ангилалыг бууруулахгүйгээр өөр ажилд шилжүүлж байж цалин хөлс буурахгүй байна.
Гэтэл дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь ТЗ-7 буюу миний албан тушаалын ангилалтай адил, бусад албан тушаалтнууд нь ТЗ-6, түүнээс доогуур. ТЗ-6 ангиллын ажил эрхэлж байгаа хүн ТЗ-7 цалин хөлсөөр ажиллавал Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1 дэх заалтыг зөрчинө. Орон тоо хэтрэлттэй байхад нэмж ажилтан авах, ТЗ-6 албан тушаалын ажил хийдэг хүнийг ТЗ-7 албан тушаалын цалингаар цалинжуулахыг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад тулгаж байгаа нь хууль зөрчсөн, хэлтсийн даргын эрхэд халдсан үйлдэл.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “цалин хөлсөө бууруулахгүйгээр өөр ажил албан тушаалд шилжих” баталгааг хуульчилсан. Хуулиудын хүрээнд энэ баталгааг хангах, энэ баталгааг эдлэх боломж нөхцөл нь Нийгмийн даатгалын ерөнхий газар дотроо цалин хөлсөө бууруулахгүйгээр өөр ажил албан тушаалд шилжих гэж ойлгож байна. Нэмэгдэл баталгааны заалтыг үндэслэж, албан тушаал бууруулж байгаа нь хууль бусаас гадна логикгүй байна. Эрх зүйн байдлыг дордуулж хуулийг хэрэглэсэн...” гэжээ.
Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын улсын байцаагч Чийн Лг албан ажлын шаардлагаар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс рүү шилжүүлсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1/388 дугаартай албан бичгээр Чийн Лд “Биечлэн уулзах сонсох ажиллагаа явуулах тухай” мэдэгдлийг оршин суугаа гэрийн хаягаар хүргүүлж, улмаар 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 10.00 цагт тус байгууллагын 405 тоот өрөөнд тухайн ажиллагаа хийгдсэн.
Энэхүү “Биечлэн уулзах сонсох ажиллагаа”-нд өөр албан тушаалд сэлгэн ажиллах хүсэлттэй байгаа тухайгаа Чийн Л нь тодорхой илэрхийлж “зөвшөөрсөн” болно.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 27 дугаар зүйлийн 27.2.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Засгийн газрын 2017 оны “Агентлаг байгуулах тухай” 344 дүгээр тогтоол, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 94 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын салбарын ажилтнуудыг сэлгэн болон шилжүүлэн ажиллуулах журам’’-ын “Тав”-ын 5.1, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны “Бүтэц, орон тоо батлах тухай” А/22 дугаар тушаалыг баримтлан Чийн Лг шилжүүлэн ажиллуулсан агентлагийн даргын шийдвэр хууль зөрчөөгүй байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/131 дугаартай тушаалаар батлагдсан Хяналт шалгалтын газрын орон тоо нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/20 дугаартай тушаалын дагуу Хяналт, шалгалтын ахлах мэргэжилтэн 1, Хяналт, шалгалт хариуцсан улсын байцаагч 2-оор тус тус хасагдсан.
Мөн Хяналт, шалгалтын улсын байцаагчаар ажиллаж байсан 12 албан хаагчийг нэрсийн байдлаар авч үзвэл Г.Гийг- Дотоод аудит, мониторонгийн газар, Б.Хг-Ч******* дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, Ч.Лг-С******* дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст тус тус шилжүүлэн ажиллуулсан байна. Тухайн албан хаагчдаас Ч.Лгээс бусад нь удирдлагын шийдвэр, өөрийн үр дүнгийн гэрээгээ хүлээн зөвшөөрч, ажлын байрандаа хэвийн ажиллаж байна.
2017 оны үр дүнгийн гэрээний дүнгээс үзэхэд Хяналт, шалгалт хариуцсан улсын байцаагч Ч.Л 79 буюу бусад Улсын байцаагч нараасаа тааруу үзүүлэлтээр дүгнэгджээ.
Иймд Засгийн газрын 2017 оны “Агентлаг байгуулах тухай” 344 дүгээр тогтоолыг үндэслэн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.3.5 дахь хэсэгт олгосон эрхийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны “Бүтэц, орон тоо батлах тухай” A/22 тушаал, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, “Нийгмийн даатгалын салбарын ажилтнуудыг сэлгэн болон шилжүүлэн ажиллуулах журам”-ын “Хоёр”-ын 2.1 дэх заалтуудыг тус тус баримтлан Ч.Лг шилжүүлэн ажиллуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хяналт, шалгалтын газарт орон тоо байхгүй тул “урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох” гэсэн хүсэлтийг хангах боломжгүй.
Мөн Ч.Лгийн "... эсвэл хуулийн мэргэжилтний албан тушаалд цалин хөлс, албан тушаалын ангилал, зэрэг дэвийг бууруулахгүйгээр шилжүүлэн томилохыг даалгах” хүсэлтийн тухайд нэгдүгээрт, шинэ бүтцээр Тамгын газрын Хуулийн хэлтсийг 3 орон тоотойгоор баталсан бөгөөд Хуулийн хэлтсийн даргаар Б.М, Хуулийн мэргэжилтнээр Л.С, Э.Ө нар нь ажиллаж байна. Хоёрдугаарт, Хуулийн мэргэжилтний албан тушаал нь ТЗ-6 ангилалд хамаардаг тул дээрх хүсэлтийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй юм.
Засгийн газрын 2017 оны “Агентлаг байгуулах тухай” 344 дүгээр тогтоол, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 тушаалаар бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Б/115 тушаалаар С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллуулахаар томилсон байтал ажлаа хийгээгүй, хаясан байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий газарт сул орон тоо байхгүй...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Л нь шүүхэд анх “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай адилтгах албан тушаалд цалин хөлсийг бууруулахгүйгээр шилжүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа өөрчилж , эцсийн байдлаар 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/115 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.
1.Хэрэг маргааны талаар товч:
Засгийн газрын “Агентлаг байгуулах тухай” 344 дүгээр тогтоолоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын орон тооны дээд хязгаарыг 82 гэж тогтоосонтой холбоотойгоор тус газрын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын хяналт, шалгалтын улсын байцаагч Ч.Лг албан ажлын шаардлагаар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст сэлгэн ажиллуулахаар шилжүүлжээ.
Нэхэмжлэгчээс маргаан бүхий тушаалыг “...албан тушаал буурч дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллах талаар надтай харилцан ярилцаж, тохиролцоогүй. Өөрөөр хэлбэл би сэлгэн ажиллахыг зөвшөөрөөгүй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтад дурдсан нэмэгдэл баталгааг эдлэхийн тулд ерөнхий газар дотроо өөр ажил, албан тушаалд цалин хөлсөө бууруулахгүйгээр шилжин ажиллах хүсэлтээ амаар болон бичгээр гаргасан...Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь ТЗ-7 буюу миний албан тушаалын ангилалтай адил. ТЗ-6 ангиллын ажил эрхэлж байгаа хүн ТЗ-7 ангиллын цалин хөлсөөр ажиллавал Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1 дэх заалтыг зөрчинө...” гэж маргажээ.
Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас “...Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт тус байгууллагын 405 тоот өрөөнд “Биечлэн уулзах сонсох ажиллагаа хийгдэж, уг ажиллагаанд өөр албан тушаалд сэлгэн ажиллах хүсэлтэй байгаа тухайгаа Ч.Л нь тодорхой илэрхийлж зөвшөөрсөн...” гэж, харин хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллаж байсан 12 албан хаагчаас Г.Гийг Дотоод аудит, мониторингийн газар, Б.Хг Ч******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Ч.Лг С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус шилжүүлэн ажиллуулсан. Ч.Лгээс бусад нь удирдлагын шийдвэр, өөрийн үр дүнгийн гэрээгээ хүлээн зөвшөөрч, ажлын байрандаа хэвийн ажиллаж байна. 2017 оны үр дүнгийн гэрээгээр Ч.Л нь 79 буюу бусад улсын байцаагч нараасаа тааруу дүгнэгдсэн тул Ч.Лг сэлгэн ажиллуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Нийгмийн даатгалын ерөнхий газарт сул орон тоо байхгүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тус тус тайлбарлан үгүйсгэжээ.
2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Ч.Лг сэлгэн ажиллуулах тухай” Б/115 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох” шаардлагын тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бөгөөд хариуцагч нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэрийг зөвхөн хуульд заасан үндэслэл хангагдсан тохиолдолд гаргахаар хуульд тусгагджээ.
Гэтэл хариуцагчаас маргаан бүхий Б/115 дугаар тушаалыг гаргахдаа өөрийн баталсан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Бүтэц орон тоо батлах тухай” А/22 дугаар тушаал , Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 болон 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэсэн боловч уг акт нь эдгээр хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.
Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гэж заасан байх бөгөөд уг хуулийн зүйл заалтыг Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 6-д “Хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан “... зөвшөөрсөн ...” гэдгийг албан тушаалтны шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүй, төрийн албан хаагчийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгох бөгөөд зөвшөөрөл нь бичгийн хэлбэртэй байна. “...сэлгэн ажиллуулж...” гэдгийг албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээг бууруулахгүйгээр ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасантай адил төрлийн чиг үүрэг бүхий албан тушаалд шилжүүлж томилох гэж ойлгоно”-хоор тайлбарлажээ.
Харин хэрэгт нотлох баримтаар авагдсан 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн "Биечлэн сонсох ажиллагаатай” холбоотой дуу бичлэгт нэхэмжлэгч Ч.Л нь “...мэргэжил мэдлэгийнхээ дагуу ерөнхий газар дотроо өөр ажил, албан тушаалд ажиллах сонирхолтой...” гэж хүсэл зоригоо илэрхийлсээр атал түүнийг “С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст сэлгэн ажиллах саналыг зөвшөөрсөн”-өөр шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, дээрх хуулийн зүйл заалтад заасан нөхцлийг хэрэгжүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.Л нь Нийгмийн даатгалын ерөнхий газар дотроо өөр ажил албан тушаалд ажиллах хүсэлтээ илэрхийлсэн боловч түүний энэхүү саналыг харгалзахгүйгээр С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст сэлгэн ажиллуулахаар гаргасан тушаал нь хуульд үндэслэгдээгүйгээс гадна “албан ажлын шаардлагаар” гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдсонгүй.
Түүнчлэн маргаан бүхий актад нэхэмжлэгчийн цалин хэмжээг бууруулахгүйгээр ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасантай адил төрлийн чиг үүрэг бүхий албан тушаалд шилжүүлж томилох талаар огт тусгаагүй болно.
2.1. Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/131 дүгээр “Орон тоо, албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай” тушаалаар тус газрын Хяналт шалгалтын газрын орон тоог нийт 12, дарга-1, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн 2, хяналт шалгалтын улсын байцаагч 8, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн 1, байхаар тогтоон хэрэгжиж байсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/25 дугаар тушаалаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын чиг үүрэгт өөрчлөлт орж, Нийгмийн даатгалын ерөнхий газар байгуулагдан бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар “Бүтэц орон тоо батлах тухай” тушаалаар Хяналт шалгалтын газрын орон тоог нийт 9, дарга-1, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн 1, хяналт шалгалтын улсын байцаагч 7, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэнгүй байхаар шинэчлэн тогтоосон байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т “төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдсөн үед албан тушаалын орон тоо “хэвээр хадгалагдсан”, “цөөрсөн”, “хасагдсан” тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хэрхэн хангах асуудлыг зохицуулжээ.
Энэ тохиолдолд хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар тус газрын Хяналт шалгалтын мэргэжилтэн нэр бүхий 7 албан хаагчийг нэхэмжлэгч Ч.Лгийн хамтаар тэдгээрийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа төрийн албан хаагчийг шалгаруулж авахаар байхад шалгаруулалт явуулалгүйгээр, нэхэмжлэгчийг шууд ажлаас нь чөлөөлж буй нь хууль бус болжээ.
Мөн уг тушаалаар нэхэмжлэгч Ч.Лг үүрэгт ажлаас нь чөлөөлж, С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэдэлд шилжүүлэхдээ түүний албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон албан тушаал /ажлын байр/, зохих журмын дагуу олгогдох цалин хөлс зэргийг орхигдуулсан байхын сацуу Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “....төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих...” гэж заасантай нийцүүлээгүй байна.
Түүнчлэн маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.2.5-т ”захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах”, 40.4-д “захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэснийг хангаагүй байна.
2.2. Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/131 дүгээр тушаалаар батлагдсан Хяналт шалгалтын газрын орон тоонд ажиллаж байсан албан хаагчдын нэрсийн жагсаалтаас үзвэл нэхэмжлэгч Ч.Л нь хяналт, шалгалтын улсын байцаагчаар, Б.Б нь хяналт, шалгалт хариуцсан ахлах мэргэжилтнээр, Л.Ариунтунгалаг нь хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байжээ.
Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаал батлагдсанаар хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн орон тоо 8-7 болж, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо 2-1 болон цөөрч, хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний орон тоо үгүй болсонтой холбогдуулан 2017 оны үр дүнгийн гэрээгээр 79 оноогоор дүгнэгдсэн нэхэмжлэгч Хяналт, шалгалтын улсын байцаагчаар ажиллаж байсан Ч.Лг С******* дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, 92 оноогоор дүгнэгдсэн Г.Гийг Дотоод аудит, мониторонгийн газар, 88 оноогоор дүгнэгдсэн Б.Хг Ч******* дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст тус тус сэлгэн ажиллуулахаар шилжүүлж, 75 оноогоор дүгнэгдсэн Б.Бийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын ахлах мэргэжилтнээс хяналтын улсын байцаагч руу шилжүүлж, харин 88 оноотой үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Л.Аыг Хяналтын улсын байцаагч болгон дэвшүүлэн томилжээ.
Энэ талаар хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүхийн хэлэлцүүлэгт “...бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан таны үр дүнгийн гэрээний 79 оноог үндэслэн үзээд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэх эрх нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад байгаа, таны албан тушаалын сул орон тоо байхгүй учир С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс шилжүүлсэн...” гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг шинээр батлагдсан бүтэц орон тоотой ажлын байрны тодорхойлолтод заасан шалгууртай агуулгын хувьд ижил, чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн байхад Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын улсын байцаагчийн 7 орон тоонд өмнө өөр албан тушаал эрхэлж байсан Б.Б , Л.Аыг томилох бус өмнө уг албан тушаалд ажиллаж байсан нэхэмжлэгч Ч.Лг тэргүүн ээлжинд томилох боломжтой байжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн баталгааг хангуулаагүй гэж үзэхээр байна.
Дээрх байдлуудаас нэгтгэн үзвэл хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/115 тоот тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус шийдвэр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, уг маргаан бүхий актыг хүчингүй болгож, Ч.Лг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
3.“Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах болон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлагын тухайд:
“Нэхэмжлэгч Ч.Лг Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/115 тоот тушаалаар түүний урьд эрхэлж байсан албан тушаалаас үндэслэлгүйгээр сэлгэн ажиллуулахаар шилжүүлсэн, тэрээр 2018 оны 05 дугаар 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл уг албан тушаалыг эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу түүний түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан хугацааны олговор 4.863.155 /дөрвөн сая найман зуун жаран гурван мянга, нэг зуун тавин таван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар дээрх цалин олговороос ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Ч.Лгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.\
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 22 дугаар зүйлийн 22.2, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Лг өмнө эрхэлж байсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Ч.Лд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 7 сар 17 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.863.155 /дөрвөн сая найман зуун жаран гурван мянга, нэг зуун тавин таван/ төгрөгийг хариуцагч Нийгмийн даатгалыг ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгч Ч.Лд олгон, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР