Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/106

 

2021       02            09                           2021/ШЦТ/106                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2020/0317/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-д холбогдох эрүүгийн 1702000320059 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөн байцаагч албан тушаалтай, цагдаагийн хошууч цолтой байсан, одоо НОРДЭ ХХК-д харуул хамгаалалтын албаны даргаар ажилладаг, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Нарны хороолол 17 дугаар байрны 1602 тоотод оршин суудаг, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 537 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Г.Г /РД: /  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Г нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж, эрүүгийн 201625021234 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байхдаа хахууль өгөгч Г.Баттөр, П.Болортуяа нарын "хэргийг хурдан шуурхай шалгуулж, хохирлын мөнгийг түргэн төлүүлэх" ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд иргэн О.Эрдэнэбаяраар дамжуулан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байран дотор 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Г.Баттөрөөс 500.000 төгрөгийг, 2016 оны 8 дугаар сард Г.Баттөр, П.Болортуяа нараас 2.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Тухайн хэрэгт мөрдөн байцаалтын үйл ажиллагааг явуулахдаа өөрийн болон бусдын ашиг сонирхлын үүднээс харьцаагүй. Хүмүүсээс ямар нэгэн мөнгө төгрөг авсан зүйл байхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс:

Эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн "Нийт 559 хуудас материалтай танилцахад тус хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт шалгаж байсан. Ахлах мөрдөн байцаагч Г.Г 2 удаа ...яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн. Хяналтын прокурор С.Мөнхгэрэл 3 удаа нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 зааснаар хэрэгсэхгүй болгосон байна. ...2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаагч  Г.Г “Хэргийг прокурорт шилжүүлэх" санал гаргаж байсан байна гэх тэмдэглэл /1хх-ийн 10 тал/,

"Скайтел" ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04/7246 дугаартай “Танай албан хүсэлтийн дагуу шалгаж, 911300026 /2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш Г.Г КЮ74122711 УБ хот, Сүхбаатар, 3-р хороо, 5 дугаар хороолол, 17 байр, 38 тоот... дугаарын эзэмшигчийн мэдээлэл ...хүргүүлж байна /1хх-ийн 149 тал/ гэх албан бичиг,

Удирдлагын Академийн Сургалтын албаны 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 09/25 дугаартай "Танай ...хүсэлтийн дагуу шалгаж үзэхэд КЮ74122711 регистрийн дугаартай Г.Г нь 2016-2017 оны хичээлийн жилийн 1-р улирлаас буюу 2016 оны 9 дүгээр сарын 01-нээс тус академийн Төрийн алба, удирдлагын сургуульд суралцаж байгаа болно. ... Г.Г тус академид суралцахаар элсэн орохдоо буюу 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр сургалтын төлбөр болох 2.499.000 /хоёр сая дөрвөн зуун ерэн есөн мянга/ төгрөгийг Худалдаа хөгжлийн банк дахь тус академийн дансанд бэлнээр тушаасан болох нь төлбөрийн баримтаас харагдаж байгаа болно... гэх албан тоот /1хх-ийн 208 тал/,

Гэрч О.Эрдэнэбаярын 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр өгсөн: “...Ахлах мөрдөн байцаагч Г.Гд би өөрийн гараар нийт 2.500.000 төгрөг өгсөн. Хамгийн эхлээд 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр буюу хүүхдийн баяр болох гэж байхад Г.Г байцаагч баяр ёслол болох гээд байна тав арван цаасны боломж байна уу гэж надаас асуухаар нь за би эргээд ярья гэж хэлсэн. Ингээд Г.Баттөр ахтай уулзаад Г.Г байцаагч мөнгө нэхээд байна ш дээ гэсэн чинь хэдийг гэхээр нь мэдэхгүй ээ, мөнгөний тоо зааж хэлээгүй гэсэн чинь Г.Баттөр ах 500.000 төгрөг надад өгөөд наад мөнгөө аваачаад өгчих гэхээр нь би Г.Г байцаагчийн ажил дээр очиж өрөөнд нь ороод май хөгшөөн гээд ширээн дээр нь 500.000 төгрөг тавиад гарсан... Үүнээс хойш дахиад арав орчим хоногийн дараа Г.Г над руу утсаар яриад амралт эхлэх гээд байна, эхнэрийн биед эмчилгээ хийлгэх шаардлагатай байна, 2.000.000/ хоёр сая төгрөг/ өгөх боломж байна уу гэхээр нь асуугаад хариу хэлье гэсэн. Тэгээд би хариу хэлэхгүй байсан чинь над руу хоёр гурван удаа утсаар ярьж "юу болж байна, яасан бэ" гээд асуугаад байсан. Би ингээд Баттөр, Болортуяа хоёрт нөгөө байцаагч чинь 2.000.000 төгрөг нэхээд байна ш дээ гэсэн чинь Баттөр ах уурлаад надад лав мөнгө байхгүй шүү гэж хэлсэн. Тэгсэн П.Болортуяа танд өгөх ёстой 360.000.000 төгрөгөөс би 2.000.000 төгрөг өгчихье та авах мөнгөнөөсөө хасна биздээ гэсэн чинь Баттөр ах тэгнэ, тэгнэ гээд Болортуяа бид хоёр Засгийн газрын ордны хойд талын цэцгийн худалдааны төвтэй ХААН банкнаас П.Болортуяа мөнгө аваад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж Г.Г байцаагчийн өрөө рүү бид хоёр хамт орж дугтуйтай 2.000.000 төгрөгийг би цаасанд хавчуулаад ширээн дээр нь тавьсан. Г.Г байцаагч "за, за баярлалаа" гэсэн, П.Болортуяа бид хоёр өрөөнөөс нь гараад явсан. Г.Г байцаагчийн мөнгө нэхээд над руу бичиж байсан мессеж нь миний гар утсан дээр байна лээ..." гэх мэдүүлэг /2хх-ийн 76 тал/,

Мөн түүний 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн "...2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Г.Г байцаагчтай уулзахад хүүхдийн баяр болох гээд байна. Хэдэн төгрөг зохицуулаад өгөх арга, чарга байна уу гэхээр нь Им Жун Ү-ээс асууя гэж хэлсэн. Им Жун Ү байхгүй байсан тул Баттөр ахад хэлэхэд одоо яадаг юм байгаа билээ гээд гэртээ хүрээд ир гэхээр нь яваад очтол надад 500.000 төгрөг өгөөд наад мөнгөө өгчих гэхээр нь би 500.000 төгрөг аваад Г.Ггийн ажил дээр очиж өрөөнд нь оруулж өгсөн. ...1 cap орчмын дараа байх Г.Г байцаагч амралт эхлэх гээд байна гээд, эхнэрийн эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна 2.000.000 төгрөг зохицуулаад өгөх боломж байна уу гэж надад хэлсэн. Би энэ талаар Болортуяа, Баттөр, Им Жун Ү нарт хэлэхэд Баттөр ах би бол өгч чадахгүй, надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Болортуяа би өгчихье, дараа тооцооноосоо хасуулья гэж Баттөр ахад хэлсэн. Тэгсэн Баттөр ах за тэгье, тэгье гээд хоорондоо тохиролцоод Болортуяа бид хоёр Засгийн газрын ордны хойд талын "Хаан" банкны салбараас 2.000.000 төгрөг аваад Г.Г байцаагчийн өрөөнд Болортуяа бид хоёр ороод Г.Г-д өгөх ёстой бичиг баримтын завсар уг мөнгөө хийгээд би ширээн дээр нь тавиад нөгөө мөнгө чинь энд байгаа шүү гэж хэлээд гарсан. Г.Г байцаагч мөнгө нэхээд, тэгээд Болортуяа өгье гээд мөнгө өгсөн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 78-79 тал/,

Гэрч З.Дашдаваагийн өгсөн: "...Би Г.Баттөр гэж хүнийг сайн танина. ...Г.Баттөр ах Сүхбаатар дүүргээр нэг ажил хөөцөлдөөд байна. Намайг таньж мэдэх хүн байна уу асуугаад өгөөч гэхээр нь Мөрдөн байцаах тасгийн дарга Батдэлгэртэй нь утсаар ярьж надтай хамт ажиллаж байсан ах хүү очно шүү, тусалж дэмжээд ажил төрлийг нь нааштай талаас нь шийдээд өгөөч гэж хэлсэн санагдаж байна. ...Эрдэнэбаяртай ойр дотно биш, Г.Баттөр ахыг хааяа дагаад явж байгаа харагддаг...” гэх мэдүүлэг /2хх-ийн 91-92 тал/,

Гэрч Б.Батдэлгэрийн "...Им Жун Ү гэх БНСУ-ын иргэн нь Бүти ХХК-ийн захирал
Батжаргал гэж хүнд компани, газраа залилан мэхлүүлсэн гэх хэргийг ахлах мөрдөн байцаагч Г.Г нь шалгаж байсан. Тус хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлж байсан. Г.Г ээлжийн амралтаа авсан санагдаж байна. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэрэг нь прокуророос нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан тул ахлах мөрдөн байцаагч Батсайхан уг хэргийг хүлээн авч шалгасан. ...Г.Баттөр гэж хүнийг би цагдаагийн байгууллагад ажиллаж байсан талаар мэдэхгүй... Им Жун Ү нь хохирсон гэх хэргийн талаар манай албан өрөөнд ирж миний санаж байгаагаар надтай 2 удаа уулзаж байсан санагдаж байна... Амаар бол Им Жун Ү гэх БНСУ-ын иргэн хохирсон хэрэг шалгагдаж байгаа юм байна. Үнэн зөвөөр нь шуурхай шалгаж өгөөрэй гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 105-106 тал/,

П.Болортуяагийн "Хаан" банкны 5011307820 дугаарын данснаас Г.Баттөрийн
5027722486 дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 45- 46 тал/,

2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/24 дугаартай Цагдаагийн Ерөнхий
газрын даргын “Цагдаагийн хошууч Гончигийн Г.Гг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөн байцаагчийн ажлаас энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 01 дүгээр сарын 18-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар томилсугай" гэсэн тушаал /2хх-ийн 171 тал/,

Яллагдагч П.Болортуяагийн "...Эрдэнэбаяр 2.000.000 төгрөгийг Г.Г-д өгөх юм гэсэн, тэгэхлээр нь юун учиртай мөнгө юм бэ, надад илүүдээ гарсан мөнгө байхгүй, Г.Г-д мөнгө өгөх ямар шаардлага байгаа юм гэхэд Баттөр ахын тооцооноос сүүлд нь хасах юм гэж хэлэхээр нь Баттөр ахаас тийм үү гэж асуухад тийм гэж хэлсэн. Тэгээд тэр 2.000.000 төгрөгийг аваад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү Эрдэнэбаяр бид хоёр хамт яваад Г.Г-н өрөөний наана нь би үлдээд Эрдэнэбаяр цааш явж ороод өгсөн байх...тэгээд ч тэр үед Г.Г манай хэргийг шалгахаа больсон байсан" гэх мэдүүлэг /2хх-ийн 235 тал/,

Яллагдагч Г.Баттөрийн "... О.Эрдэнэбаяр гэдэг залуу ...Г.Г байцаагчид 500.000 төгрөг хэрэгтэй байна, надад өгөх мөнгө байхгүй байна...та надад зээлээч  гэхэд нь өгсөн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 250 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Яллагдагч Г.Г-н холбогдсон эрүүгийн хэрэг нь 2016 оны 5 болон 8 дугаар саруудад үйлдэгдсэн гэж Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнх-Эрдэнэ үзэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль хэрэглээний хувьд шүүгдэгч Г.Г-н эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн байна гэж шүүх үзлээ.

Учир нь шүүгдэгч Г.Г нь урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №537 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцогдож ял шийтгүүлж байсан бөгөөд түүний 2016 онд бусдаас  хахууль өгөхийг шаардсан, авсан гэх 2 үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл: Хээл хахууль авах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр буюу ...давтан эсхүл урьд хээл хахуулийн хэрэгт ял шийтгүүлсэн этгээд...гэдгээр 268.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх боломжтой байсан байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эд хөрөнгийг хурааж 5-аас дээш 10 жил хүртэл хугацаагаар хорих ялын санкцтай бөгөөд энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хувьд хоёр жилээс найман жил байхаар заасан ялын санкцаас хүнд байх бөгөөд прокурорын зүгээс хууль  хэрэглээний  тал дээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн зүйл анги нь шүүгдэгчид ашигтай, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэжээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Г.Г нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байх үедээ шалгаж байсан эрүүгийн 201625021234 дугаартай хэрэгт хахууль өгөгч Г.Баттөр, П.Болортуяа нарын "хэргийг хурдан шуурхай шалгуулж, хохирлын мөнгийг түргэн төлүүлэх" ашиг сонирхлын үүднээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд иргэн О.Эрдэнэбаяраар дамжуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байран дотор 2016.05.31-ний өдөр Г.Баттөрөөс 500.000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сард Г.Баттөр, П.Болортуяа нараас 2.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан, авсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс Г.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл нь:

Нэгдүгээрт: шүүгдэгч Г.Г-н ...хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаа болон хахууль өгч авах үед яллагдагч П.Болортуяа цуг байсан гэх үйлдлийн талаар яллагдагч нараас өгч буй мэдүүлгүүд:

-яллагдагч О. Эрдэнэбаяр нь 2017.08.08-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ....2016.06.01-ний өдөр буюу хүүхдийн баяр болох гэж байхад..би               Г.Г байцаагчийн ажил дээр нь очоод өрөөнд нь ороод май хөгшөөн гээд ширээн дээр нь 500 000 төгрөг тавиад гарсан. Үүнээс хойш арав орчим хоногийн дараа Г.Г над руу утсаар яриад амралт эхлэх гэж байна, эхнэрийн биед эмчилгээ хийлгэх шаардлагатай байна 2 сая төгрөг өгөх боломж байна уу гэж хэлэхээр нь асуугаад хариу хэлье гэсэн..ХААН банкнаас П. Болортуяа мөнгө аваад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр Г.Г байцаагчийн өрөө лүү бид хоёр хамт орж дугтуйтай 2 сая төгрөгийг би цаасанд хавчуулаад ширээн дээр нь тавьсан.../2хх-ийн 76-77 дугаар хуудас/,

- яллагдагч О. Эрдэнэбаяр нь 2017.08.26-ны өдөр гэрчээр дахин өгсөн мэдүүлэгтээ... 2016.05.31-ний өдөр...би 500 000 төгрөг аваад Г.Г-н ажил дээр очиж өрөөнд нь оруулж өгсөн. Үүний дараа 1 сар орчмын дараа байх ...Г. Г.Г        2 сая төгрөг зохицуулаад өгөх боломж байна уу гэсэн...П. Болортуяа бид хоёр ороод Г. Г.Г-д өгөх ёстой бичиг баримтын завсар уг мөнгөө хийгээд би ширээн дээр нь тавиад нөгөө мөнгө чинь энд байгаа шүү гэж хэлээд гарсан.../2хх-ийн 78-79 дүгээр хуудас/

- яллагдагч О. Эрдэнэбаяр нь 2018.04.19-ний өдөр гэрчээр дахин мэдүүлэхдээ...2016 оны 5 сарын сүүл үе байсан бөгөөд....500 000 төгрөгийг...өгсөн. Тухайн үед П. Болортуяа Монголд байхгүй БНСУ-д байсан... Г.Г нь 2016 оны 8 дугаар сард ээлжийн амралтаа авах гэж байгаа эхнэрээ эмчилгээ шинжилгээнд үзүүлнэ 2 сая төгрөг зохицуулаад өгөөч гэж хэд хоног гуйсан...П. Болортуяа бид хоёр явж очоод өрөө рүү нь хамт ороод Г.Г байцаагчид өгөхдөө бичиг баримтууд өгч байгаа дүр үзүүлээд баахан цаасан дунд 2 сая төгрөгийг хийсэн байсан. ...Тэгэхэд Г.Г-д мөнгө энд байгаа гэдгийг би толгойгоороо дохиж заахад П. Болортуяаг гарч бай гэж Г.Г байцаагч хэлсэн Болортуяа өрөөнөөс нь гарсан... Г.Г баярлалаа хөгшөөн гэх утгатай зүйл яриад би өрөөнөөс нь гарч явсан.../2хх-ийн 223-226 дугаар хуудас/

- Яллагдагч П.Болортуяа нь 2018.04.03-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ ....тэр 2.000.000 төгрөгийг аваад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн             1 дүгээр хэлтэс рүү Эрдэнэбаяр бид хоёр хамт яваад Г.Г-н өрөөний наана нь би үлдээд Эрдэнэбаяр цааш явж ороод өгсөн байх...гэх мэдүүлэг /2хх-ийн 234-235 дугаар хуудас/,

- Яллагдагч П.Болортуяа нь 2018.04.09-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгтээ...Би тэр 2 000 000 төгрөгийг ахлах мөрдөн байцаагч Г.Г-д манай хэрэгтэй холбоотойгоор ямар нэгэн үйлдэл, эс үйлдэл хийлгэхээр мөнгө өгөөгүй. Тэгээд ч тэр үед манай хэргийг Г.Г байцаагч шалгахаа больсон байсан... гэх мэдүүлэг /2хх-ийн 237 дугаар хуудас/ зэргээр гэмт хэрэг гарсан гэж үзэж байгаа цаг хугацаа нь 500 000 төгрөгийн хахууль авсан гэх эхний үйлдлийн хувьд                        2016 оны 5 сарын 31, 2016 оны 06 сарын 01, 2016 оны 5 сарын сүүлч гэх мэтээр,       2 сая төгрөгийн хахууль авсан гэх үйлдлийн тухайд 500 000 төгрөгийн хахууль авсан өгсөн гэх эхний үйлдлээс хойш 10 орчим хоногийн дараа, эсхүл 1 сар орчмын дараа, 8 дугаар сард гэхчлэн эрс зөрүүтэй мэдүүлгүүдийг өгч иржээ.

Түүнчлэн шүүгдэгч Г.Г 2 сая төгрөгийн хахууль авсан гэх үйлдлийн тухайд яллагдагч П. Болортуяа нь О. Эрдэнэбаяртай өрөөнд нь цуг орж уг хахуулийн мөнгийг хоёулаа хамт Г.Г-д өгсөн, О. Эрдэнэбаяр нь дангаараа хахуулийн мөнгийг өгсөн, хахуулийн мөнгийг О. Эрдэнэбаяр өгнө гэж орсон, хахуулийн мөнгийг өгөх үед П. Болортуяаг өрөөнөөс гаргасан гэх зэргээр хэргийн үйл байдлын тухайд маш эргэлзээтэй, зөрүүтэй мэдүүлгүүд олноор авагдсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан: Гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ үйлдсэн болох цаг хугацааг мөрдөн байцаалтаар нотолж чадаагүй байна гэж шүүхээс дүгнэлт хийхэд хүргэлээ.

Хоёрдугаарт: улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгох үндэслэл болсон нотлох баримт буюу гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл нь шүүгдэгч Г.Г-г бусдаас хахууль авахыг шаардсан, авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайг нотлох нотолгоо биш байна.

Учир нь мөрдөгчөөс 2017.08.10-ны өдөр яллагдагч О. Эрдэнэбаярын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 132 дугаар хуудас/-д О.Эрдэнэбаяр “хөгшин рүүгээ тоо явуулаач, хэд хэрэгтэй байна” гэсний хариуд Г.Г  “чи өөрөө мэдчихээ хөгшөөн” гэсэн мессежийг явуулсан байх бөгөөд энэ үйлдэл нь шүүгдэгч Г.Г-г бусдаас хахууль өгөхийг шаардсан, авсан гэм бурууг тогтоох шууд нотлох баримт болохгүй бөгөөд энэхүү хахууль шаардсан, авсан үйлдлийн нотлох баримт гэж улсын яллагчаас үзсэн мессежний утга агуулга тодорхой биш байна.

Дээр дурдсан яллагдагч Г.Баттөр, П.Болортуяа нарын мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Г.Г нь 2 удаагийн үйлдлээр бусдаас нийт 2.500.000 төгрөгийн хээл хахууль авсан тухай үйл баримтыг зөвхөн энэ хэрэгт яллагдагчаар татагдсан О.Эрдэнэбаяр нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө мэдүүлдэг бөгөөд О.Эрдэнэбаярын энэ мэдүүлэг нь бусад гэрчүүдийн мэдүүлэг болон өөр нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй буюу шүүгдэгч Г.Г-д хахуулийн мөнгө өгч байхыг нүдээр үзсэн, харсан өөр гэрч байхгүй, тэдний хээл хахуулийн мөнгийг харилцан өгч авч байгааг харуулсан дуу, дүрсний бичлэг энэ хэрэгт байхгүй байна.

Мөн Г.Г нь хахууль өгөхийг шаардсан талаар О.Эрдэнэбаяр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...хүүхдийн баяр болох гэж байхад Г.Г байцаагч баяр ёслол болох гэж байна тав арван цаасны боломж байна уу гэж надаас асуухаар нь би за эргээд ярья гэж хэлсэн....үүнээс хойш дахиад 10 орчим хоногийн дараа Г.Г над руу утсаар яриад амралт эхлэх гээд байна, эхнэрийн биед эмчилгээ хийлгэх шаардлагатай байна, 2 сая төгрөг өгөх боломж байна уу гэхээр нь асуугаад хариу хэлье гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн хэдий ч  гэрчийн энэ мэдүүлгийг нотолсон, хахууль өгөхийг шаардсан гэх үйлдлийг нотлох өөр баримт, өөр эх сурвалж хэрэгт байхгүй байна.

Тиймээс шууд бус дамжмал байдлаар “Г.Г-д мөнгө хэрэгтэй байна гэсэн, мөнгө өгөхөөр О.Эрдэнэбаяр орсон, өгнө гэсэн, болчлоо гээд гарч ирсэн ” гэх зэрэг зарим яллагдагч, гэрчийн мөрдөн байцаалтанд өгсөн тогтворгүй мэдүүлгүүд нь дангаараа шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээгүй нотлох баримт биш юм.

Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар улсын яллагчийн зүгээс Г.Г-г Удирдлагын академийн сургалтын төлбөр болох 2.499.000 төгрөг төлснийг уг хэрэгт хамааруулан, хахуульд авсан мөнгөөр уг сургалтын төлбөрийг төлсөн гэх байдлаар нотолж байгаа нь үндэслэл муутай байна.

Шүүгдэгч Г.Г нь мөрдөн шалгах ажиллагааны эхний үе шатнаас эхлэн бусдаас хахууль аваагүй гэдгээ мэдүүлдэг бөгөөд Г.Г-н шалгаж байсан эрүүгийн 201625021234 дугаартай хэргийн хохирогч БНСУ-ын иргэн Им Жун Ү гэгчтэй нэгдмэл сонирхол бүхий хүмүүс болох О.Эрдэнэбаяр, П.Болортуяа, Г.Баттөр нар нь ямар ашиг сонирхлын үүднээс Г.Г-д хахууль өгөх болсон, хахууль авсан гэж үзэж байгаа бол шүүгдэгч Г.Г нь үүний хариуд ямар үйлдэл, эс үйлдэхүй хийсэн зэргийг мөрдөн байцаалтын шатанд сайтар шалгаж тогтоогоогүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Г.Г-д холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцсэн боловч шүүгдэгч Г.Г-г бусдаас хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байхаас гадна шүүгдэгчийн бусдаас хахууль өгөхийг шаардсан, авсан гэх үйл баримт нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтуудаар хангалттай хэмжээнд нотлогдож тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж түүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 8, 36.6, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс хүчингүй болгосугай.

3. Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ цагаатгах тогтоолыг шүүгдэгч,  түүний өмгөөлөгч болон улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

4. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон шийдвэрийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.БОЛДБААТАР