Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2017/00659

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

      Нэхэмжлэгч: Г.Л- -ийн нэхэмжлэлтэй

 

      Хариуцагч: Т ХХК-д холбогдох

 

      Урьд эрхлэж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт  нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г,Лхагвадорж, өмгөөлөгч Ж.Оюунболд, хариуцагчийн төлөөлөгч Б.Амарсанаа,  Ж.Болорчимэг, Л.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

        Нэхэмжлэгч Г.Л- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Тны гүйцэтгэх захирлын 2014 оны 4 сарын 16-ний өдөр Б/635 тоот тушаалаар  Сансар тооцооны төвийн захирлаар томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2014 оны 7 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, ажиллаж байх хугацаандаа өөрийн гүйцэтгэх үүрэгт ажлыг хийж, ямар нэгэн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн зүйл байхгүй байтал 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Тны гүйцэтгэх захирлын Б/1376 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгон, цуцалж ажлаас чөлөөлсөн. Энэ хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Гэтэл надад огт мэдэгдэлгүйгээр ямар ч үндэслэлгүй баримтаар ажлаас халах тушаал гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны /2016 оны 11 сарын 07-ны өдрөөс 2017 оны 03 сарын 29-ний өдөр/ цалинтай тэнцэх олговорыг гаргуулж өгнө үү гэв.

 

           Хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Б.Амарсанаа, Ж.Болорчимэг, Л.Батболд, нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Тны Хяналт шалгалтын газрын ээлжит иж бүрэн шалгалт Тны Сансар тооцооны төвд 2016 оны 09 сарын 20-ны өдрөөс 2016 оны 10 сарын 18-ны  өдөр хүртэл хийгдсэн бөгөөд уг шалгалтаар тус тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Г.Л-той холбоотой дараах ноцтой зөрчлүүд илэрсэн. Г.Л- нь Тооцооны төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтод заагдсан “Салбар. нэгжийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах. өдөр тутмын ажилд хяналт тавих, ажлыг хуваарилах, зохион байгуулах, үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийг үнэлж, эргэх холбоотой ажиллах” гэсэн үндсэн үүргийг биелүүлж, өдрийн гүйлгээний баримтыг хянаж ажиллаагүйгээс ахлах теллер Э.Шинэбаяр нь “Сансар” болон “Нарантуул” тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа 2013 оны 10 сарын 12-ны өдрөөс 2016 оны 07 сарын 22-ны өдрийн хооронд 22 харилцагчийн тэтгэврийн, цалингийн, энгийн, оюутны харилцах данс, хугацаагүй хадгаламж, ХХС-ийн хөтөлбөрийн данс, халамжийн  дансыг удаан хугацаагаар лавлах, гүйлгээ гараагүй удсан дансныг мэдэж авсны үндсэн дээр 30 удаагийн үйлдлээр нийт 4,541,410 төгрөгийг хувьдаа авч ашигласан ноцтой зөрчил илэрсэн байна.

 

Сансар тооцооны төвд хамааралтай 2013 оны 10 сарын 12-ны өдрөөс 2015 оны 09 сарын 13-ны хооронд 13 харилцагчийн данснаас 15 удаагийн үйлдлээр 2,067,460 төгрөгийн ашиглалыг харилцагчийн зөвшөөрөлгүйгээр өдрийн гүйлгээний бэлэн мөнгөний зарлагын баримтанд харилцагчийн гарын үсэггүй, харилцагчийн гарын үсгийг дуурайн зурах замаар хувьдаа завшин ашиглан хийсэн ноцтой зөрчил гаргасан байхад илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээ авч ажиллаагүйгээс тус ашиглалын үйлдэл даамжирч шилжин ажилласан Нарантуул тооцооны төвд мөн 15 удаагийн үйлдлээр 2,473,950 төгрөгийн ашиглалтын үйлдэл гарах нөхцөл бололцоог бий болгосон. Дээрх 6 харилцагчийн данснаас авсан 879,470 төгрөгийн ашиглангийн үйлдэл нь Г.Л-ийг Сансар тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаанд үйлдэгдсэн.  

 

Мөн Теллерийн системийн багц журмын 6.1.14. 6.1.14.3 6.1.14.4 гэсэн заалт заавар журамыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх” үүргийг хангалттай түвшинд хэрэгжүүлээгүйгээс шалгалт хамрах хугацаанд балансын алдагдал 213,614.9 мянган төгрөгөөр өссөн. 2016 оны 03-р улирлын эцсийн байдлаар 492,531.300 төгрөгийн балансын алдагдалтай ажилласан. Зээлийн үйл ажиллагааны журмын 16.1.1 дэх заалтыг зөрчиж, 7 зээлдэгчид 12,224,236 төгрөгийн тэтгэврийн зээлийн гэрээг хянаж гарын үсэг, тэмдгээр баталгаажуулаагүй зөрчлийг гаргасан. Зээлийн үйл ажиллагааны журмын 5.3.2 “Зээлийн төлбөр төлүүлэх дараалал ”-ын 5.3.2.а заалтыг зөрчиж зээлийн урьдчилсан төлөлт хийхдээ тухайн өдрийг хүртэлх ашигласан хугацаанд хуримтлагдсан хүүний төлөлтийг хийхгүйгээр шалгалт хамрах хугацаанд нийт 122 удаа 819,130,229 төгрөгийн зээлийн төлбөр шууд үндсэн зээлийн үлдэгдлийг төлүүлсэн зөрчлөөс 2016 оны 08 сарын 31-ний өдрийн байдлаар нийт 908,816 төгрөгийн зээлийн хүүний орлогыг алдсан. Үйлчилгээний ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд шат дараалсан хяналтыг хэрэгжүүлээгүйгээс тус тооцооны төвийн ажилтан Ц.Өнөржаргал нь 2015-2016 оны хооронд өөрийн компыотероос харилцагчийг өөрийн биеэр ирээгүй байхад интернет банкны эрхээр нэвтрэн  Н.Хандаагийн 10** тоот хадгаламжийг барьцаалан хадгаламж барьцаалсан зээл авч өөрийн болон нөхөр О.Мөнхсайханы дансруу 13 удаа нийт 3,641,000 төгрөгийг шилжүүлж ашигласан зөрчил удаа дараа гарсан байхад илрүүлэх таслан зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй. Өнөөдрийн байдлаар ашиглангийн үйлдэл гаргасан Э.Шинэбаярын нэр дээр 1,052,287 төгрөгийн авлага үүссэн, төлөгдөөгүй байна. Г.Л-ийн гаргасан зөрчил нь банкны Хяналт шалгалтын газрын шалгалтаар бүрэн тогтоогдсон тул Тны Гүйцэтгэх захирлын 2016 оны 11  сарын 07-ны өдрийн Б/1376 тоот тушаалаар Г.Л-той байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Г.Л- нь шалгалтын тайлантай танилцаж, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

   Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

                ҮНДЭСЛЭХ НЬ:        

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.Л- хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Г.Л-ийн гаргасан зөрчил банкны Хяналт шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон бөгөөд хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргажээ.

Ажилтан Г.Л-ийг  Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 04 сарын 16-ний өдрийн Б/635 дугаартай тушаалаар Сансар тооцооны төвийн захирлаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж /хх-ийн 5-11 талд/ байжээ.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Тны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.13, 9.2.20 дах  заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.26, 5.28 дахь заалтууд, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалт, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 68 тоот хурлын шийдвэрийг үндэслэн Хяналт шалгалтын газраас Баянзүрх дүүрэг салбарын харьяа Сансар тооцооны төвд хийсэн шалгалтаар Сансар тооцооны төвийн захирал Г.Л- нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ  2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, Теллерийн системийн багц журмын 6 дугаар зүйлийн 6.1.14 дэх заалт, Тны зээлийн үйл ажиллагааны  журмын 5.3.2, 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн өөрийн шууд удирдлага дахь ажилтнуудын өдөр тутмын ажилд шат дараалсан хяналтыг тавьж ажиллаагүйгээс ашиглан хийсэн ноцтой зөрчил гарсан байхад илрүүлэх, таслан зогсоох, арга хэмжээ авч ажиллаагүй, зээлийн урьдчилсан төлөлт хийхдээ ашигласан хугацаандаа  хуримтлагдсан хүүний төлөлтийг хийхгүйгээр шууд үндсэн зээлийг үлдэгдлийг төлүүлснээр зээлийн хүүгийн орлогыг алдсан, 7 зээлдэгчийн тэтгэврийн зээлийн гэрээг хянаж гарын үсэг, тэмдэгээр баталгаажуулаагүй, дипозитын төлөвлөгөөг нэг улирал тасалдуулсан, хууль тогтоомжууд болон түүнд нийцүүлж гаргасан  Тны эрх зүйн актуудыг мөрдөж ажиллаагүй үндэслэлээр Тны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 07-ны өдрийн Б/1376 дугаар тушаалаар Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн байна.      

         Ажилтан Г.Л- нь өдрийн гүйлгээний баримтыг хянаж ажиллаагүйгээс ахлах теллер Э.Шинэбаяр нь “Сансар” болон “Нарантуул” тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа 2013 оны 10 сарын 12-ны өдрөөс 2016 оны 07 сарын 22-ны өдрийн хооронд 22 харилцагчийн тэтгэврийн, цалингийн, энгийн, оюутны харилцах данс, хугацаагүй хадгаламж, ХХС-ийн хөтөлбөрийн данс, халамжийн гүйлгээ гараагүй удсан данснаас 30 удаагийн үйлдлээр нийт 4,541,410 төгрөгийг хувьдаа авч ашигласан ноцтой зөрчил илэрсэн. Э.Шинэбаярын нэр дээр 1,052,287 төгрөгийн авлага үүссэн, төлөгдөөгүй болох нь Тны Сансар тооцооны төвд 2016 оны 09 сарын 20-ны өдрөөс 2016 оны 10 сарын 18-ны хугацаанд хийгдсэн Тны Хяналт шалгалтын газрын ээлжит иж бүрэн шалгалтын тайлан /хх-ийн 58-71 талд/, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

          Тны Сансар тооцооны төвд 2013 оны 5 сарын 25-ны өдрөөс 2013 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл, 2014 оны 01 сарын 22-ны өдрөөс 2014 оны 03 сарын 07-ны өдөр хүртэл, 2015 оны 02 сарын 03-ны өдрөөс 2015 оны 02 сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Тны Хяналт шалгалтын газрын ээлжит иж бүрэн 3 удаагийн шалгалтаар дээрх зөрчил дутагдал илрээгүй /хх-ийн 116-146 талд/ байхад зөвхөн Салбарын захирлыг буруутгасан нь үндэсгүй байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан зохицуулалтай нийцээгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь ажилтан Г.Л- Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.3.Банкны дотоодод мөрдөж буй эрхзүйн актуудыг удаа дараа зөрчих, 7.4.10.Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажлыг удаа дараа биелүүлээгүй, 7.4.18.Банкны нэр хүнд имиджийг гутаах зан авир, үйлдэл гаргаж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж мэтгэлцэж байгаа боловч нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул Тны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 07-ны өдрийн Б/1376 дугаар тушаал үндэслэлгүй байна.

 Иймд Г.Л-ийг урьд эрхэлж байсан Баянзүрх дүүрэг салбарын харьяа Сансар тооцооны төвийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 11 сарын 07-ны өдрөөс 2017 оны 03 сарын 29-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /сард 1,666,000 төгрөгийг :21,5 =өдөрт 77,488 төгрөг х103 хоногийн олговор/ 7,981,264 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэстэй.

Нэхэмжлэгч Г.Л-ийн Нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын бичилтээр сарын дундаж цалин хөлсийг /хх-ийн 95 талд/ тооцож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

   ТОГТООХ нь:  

          

        1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг баримтлан Г.Л-ийг Баянзүрх дүүрэг салбарын харьяа Сансар тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,981,264 /долоон сая есөн зуун наян нэгэн мянга хоёр зуун жаран дөрөв/ төгрөгийг Т ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Г.Л-ид олгосугай.

 

  2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Т ХХК-д даалгасугай.

 

  3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 142,650 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгосугай.

 

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ