Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 1190

 

Ч.Ганчимэгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/00940 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Ганчимэг,

Хариуцагч Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улаанбаатар төмөр замын барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангид 9 дэх жилдээ ажиллаж байгаад 2015 онд хүүхэд асрах чөлөө аваад амьдралын шаардлагаар ажилдаа орох хүсэлтээ 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргаж, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс тооцооны нягтлан бодогчоор ажилласан. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Барилга ашиглалт, үйлчилгээний ангийн дарга дуудаж “чөлөө авсан хүний чөлөөний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон оронд нь өөр хүн авах болсон тул чиний хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байна” гэж хэлсэн.

Миний бие ажиллах хугацаандаа зөрчил дутагдал, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, 4 нас, 1 настай хоёр хүүхдээ тэжээж амьдрах хүсэлтэй байна. Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар дуусгавар болгосон бөгөөд уг тушаалд заасан үндэслэл болон бодит байдалд манаач Г.Батбаатар хүсэлтээ гаргаагүй байдаг. Миний хөдөлмөрийн гэрээнд хугацаа дуусах үндэслэлийг “манаач Г.Батбаатарыг ирэх хүртэл хугацаанд” гэж тогтоосон, гэтэл Г.Батбаатар ажилдаа орох хүсэлт өгөөгүй. Иймд миний хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл байхгүй. Иймд ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал, нэмэлтүүдтийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүсэж байна.

Хөдөлмөрийн гэрээг манаач Г.Батбаатарыг ирэх хүртэл хугацаанд Ч.Ганчимэгтэй байгуулсан. Гэтэл манаач Г.Батбаатар ажилдаа орохгүй гэсэн хүсэлтийг өгсөн байдаг. Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар анги Г.Батбаатарыг өргөдөл өгснөөр ажлын байрыг хадгалах үүргээсээ чөлөөлөгдөж Ч.Ганчимэгтэй байгуулсан гэрээ хугацаагүй үргэлжлэх хууль зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон. Г.Батбаатар ажилдаа орохгүй нөхцөл үүссэн байхад Ч.Ганчимэгийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож хохироосон гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа, Ц.Бямбасүрэн нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: УБТЗ-ын барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн даргын 264 дүгээр тушаалаар Сайншанд хэсгийн манаач Г.Батбаатарыг захиргааны чөлөөтэй байх хугацаанд тооцооны нягтлан бодогч Ч.Ганчимэгийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Г.Батбаатарыг ирэх хүртэлх хугацаанд тооцооны нягтлан бодогчоор түр ажиллуулахаар гэрээ байгуулсан ба Ч.Ганчимэг зөвшөөрч хөдөлмөрийн гэрээ байгуулсан, Ч.Ганчимэгийг ажилдаа орох үед  манаач Г.Батбаатар нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд захиргааны чөлөөтэй байсан, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Г.Батбаатар нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай хүсэлтээ ирүүлсэн.

Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар анги нэг жилийн хугацаанд манаачгүй байсан, албан ёсны манаачийн ажил шаардлагатай болсон тул 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн даргын 32 дугаар тушаалаар Д.Мягмарыг Сайншанд татах хэсэгт манаачаар ажилд авсан. УБТЗ-ын Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 31 тоот тушаалаар манаач Г.Батбаатарын оронд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан Ч.Ганчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн цуцалсан.

Ч.Ганчимэгтэй  байгуулсан 3 сарын гэрээний хугацаа 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ч.Ганчимэгт сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халаагүй. Манаач Г.Батбаатар ажилдаа ороогүй нь Ч.Ганчимэгийг ажилд авах үндэслэл болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь хуульд нийцүүлэн журам баримтлан мөрдүүлэх тухай заасан, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.1-т ажил албан тушаалын жагсаалтыг батална гэсний дагуу Барилга ашиглалт, үлйчилгээний 3 дугаар анги 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тооцооны нягтлан бодогчийн 3 орон тоо баталсан. Иймд Ч.Ганчимэгийг ажилд авах орон тоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар Ч.Ганчимэгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Замын Нийгэмлэгийн Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2 384 370  төгрөгийг гаргуулан Ч.Ганчимэгт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар Ч.Ганчимэгийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам Нийгэмлэгт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Ч.Ганчимэг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам Нийгэмлэгээс 53 099 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Тус шүүхийн шийдвэр нь хууль зүйн болон бодит байдлын үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагатай нийцэхгүй байгаа бөгөөд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн мэтгэлцээний үед шүүхэд мэдүүлсэн хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг зэрэгт үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр, хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хохироосон бодит байдлаас зөрчилтэй гаргасанд гомдолтой байна.

УБТЗ-ын Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн даргын 264 дүгээр тушаалаар Сайншанд хэсгийн манаач Г.Батбаатарыг захиргааны чөлөөтэй байх хугацаанд тооцооны нягтлан бодогч Ч.Ганчимэгийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Г.Батбаатарыг ирэх хүртэл хугацаанд тооцооны нягтлан бодогчоор түр ажиллуулахаар гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг хугацаатай буюу хугацаагүй байгуулна гэж заасан байдаг. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээ нь гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Энэхүү хөдөлмөрийн гэрээ нь бичгээр хийсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Ч.Ганчимэг нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гэрээнд заасан хугацааг тохиролцож, дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, манаачийн орон тоонд ажиллахыг зөвшөөрч гарын үсэг зурсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж заасан. Ажилтан, ажил олгогчийн тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл шаардлага үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нөхцөлийг зохицуулсан заалт юм. Ч.Ганчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 31 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэл болгож, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахүй болсон бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж заасан.

Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар анги нь Ч.Ганчимэгийг ажлаас халаагүй, хөдөлмөрийн гэрээ цуцлаагүй, түүнтэй тохиролцсон хугацаа дуусч, цаашид сунгагдаагүй болох нөхцөл үүссэн тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Манаач Г.Батбаатар өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцлах хүсэлт гаргасан нь Ч.Ганчимэгийг ажилд авах үндэслэл болохгүй. Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар анги нь манаачгүй 1 жил болсон. Манаач Г.Батбаатарын үндсэн орон тоо дээр манаач авч ажиллуулаагүй байсан. Ингээд Г.Батбаатарыг өөрийн хүсэлтийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Манаач ажиллуулах зайлшгүй шаардлага гарсан тул 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Д.Мягмарыг авч ажиллуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт Г.Батбаатар ирээгүй байхад Ч.Ганчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь буруу байна гэж шийдвэрлэсэн. Гэтэл хөдөлмөрийн гэрээг ажилтны болон ажил олгогчийн санаачилгаар цуцалдаг. Ч.Ганчимэгтэй тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байхад Ч.Ганчимэг ажлаас халсан мэт ойлгож байгаа нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Ч.Ганчимэг нь хариуцагч Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ манаач Г.Батбаатар нь ажилдаа буцаж орох хүсэлт гаргаагүй, мөн бага насны хүүхэдтэй байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж маргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ч.Ганчимэг нь Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангид тооцооны нягтлан бодогчоор 2009 оноос ажиллаж ирсэн, 2015 онд хүүхэд асрах чөлөө авч, чөлөөгөө дуусгалгүйгээр 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс ажилдаа орсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй.

Мөн хэрэгт авагдсан охин А.Эгшиглэнтийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 33/-аар нэхэмжлэгч Ч.Ганчимэг нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үед 1 настай хүүхэдтэй байсан нь тогтоогдож байх бөгөөд 3 хүртэлх настай эхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар аж ахуйн нэгж татан буугдсан болон мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно.

Хуульд заасан уг үндэслэл бүрдсэн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Гэвч Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 264 дүгээр тушаал /хх 17/-аар нэхэмжлэгч Ч.Ганчимэгийг тооцооны нягтлан бодогчоор түр ажиллуулахаар томилон, мөн өдөр  хөдөлмөрийн гэрээ /хх 22/ байгуулахдаа “манаач Г.Батбаатарыг ирэх хүртэл хугацаагаар” гэсэн хугацаа зааж, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр тушаал /хх 19 /-аар хөдөлмөрийн гэрээг хугацаа дууссан үндэслэлээр цуцалсан байна.

Иймд хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгаагүй байхад ажилдаа эргэж орж ажилласан, 1 настай хүүхэдтэй ажилтныг ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулахдаа түр томилж, хөдөлмөрийн гэрээг “манаач Г.Батбаатарыг ирэх хүртэл хугацаанд” гэсэн хугацаагаар байгуулж,  улмаар Г.Батбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Миний бие цаашид ажиллах боломжгүй болсон тул хөдөлмөрийн гэрээг цуцалж өгнө үү” гэсэн хүсэлт /хх 18/ гаргаснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэж, ажлаас чөлөөлсөн нь хууль бус, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ.

Дээрх байдлаар хариуцагч ажилтны хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хязгаарласан байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй, анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Ганчимэгийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 45 хоногийн цалинтай тэнцэх олговорт 2 384 370 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан нь мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/00940 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                                    С.ЭНХТӨР

                                                                                             А.ОТГОНЦЭЦЭГ