Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 940

 

                                                                                                            

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Дампилийн гудамж 17-4 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЕЭ 86070467, Сартуул овогт Чойсүрэнгийн Ганчимэгийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-42 өөрийн байранд байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замд холбогдох

 

Эрхэлж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал, нэмэгдлүүдийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс,  хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа, Ц.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Улаанбаатар төмөр замын барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангид 9 дэх жилджж ажиллаж байгаад 2015 онд хүүхэд асрах чөлөө аваад амьдралын шаардлагаар ажилдаа орох хүсэлтээ 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгч 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс тооцооны нягтлан бодогчоор ажилласан.Гэтэл 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Барилга ашиглалт, үйлчилгээний ангийн дарга дуудаж “чөлөө авсан хүний чөлөөний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон оронд нь өөр хүн авах болсон тул чиний хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байна” гэж хэлсэн.Би ажиллах хугацаандаа зөрчил дутагдал, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, 4 нас, 1 настай хоёр хүүхдээ тэжээж амьдрах хүсэлтэй байна.Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар дуусгавар болгосон бөгөөд уг тушаалд заасан үндэслэл болон бодит байдал дээр манаач Г.Батбаатар хүсэлтээ гаргаагүй байдаг.Миний хөдөлмөрийн гэрээнд хугацаа дуусах үндэслэлийг “манаач Г.Батбаатарыг ирэх хүртэл хугацаанд” гэж тогтоосон, гэтэл Г.Батбаатар ажилдаа орох хүсэлт өгөөгүй.Иймд миний хөдөлмөрийн гэрээг цуцлах хуулийн болоод бодит үндэслэл байхгүй.Иймд ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал, нэмэлтүүдтийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ч.Ганчимэг Улаанбаатар төмөр замын барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангид 9 жил ажиллаж байгаа ба энэ хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан.Ч.Ганчимэгийн шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа манаач Г.Батбаатарыг ирэх хүртэл хугацаанд Ч.Ганчимэгтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан.Гэтэл манаач Г.Батбаатар ажилдаа орохгүй гэсэн хүсэлтийг өгсөн байдаг.Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар анги Г.Батбаатарыг өргөдөл өгснөөр ажлын байрыг хадгалах үүргээсээ чөлөөлөгдөж Ч.Ганчимэгтэй байгуулсан гэрээ хугацаагүй үргэлжлэх хууль зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон. Г.Батбаатар ажилдаа орохгүй нөхцөл үүссэн байхад Ч.Ганчимэгийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож хохироосон.Ч.Ганчимэг Улаанбаатар төмөр замын барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоож,  2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны  цалин гаргуулна, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Зам шүүхэд гаргасан тайлбартаа:УБТЗ-ын барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн даргын 264 дүгээр тушаалаар Сайншанд хэсгийн манаач Г.Батбаатарыг захиргааны чөлөөтэй байх хугацаанд тооцооны нягтлан бодогч Ч.Ганчимэгийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Г.Батбаатарыг ирэх хүртэлх хугацаанд тооцооны нягтлан бодогчоор түр ажиллуулахаар гэрээ байгуулсан ба Ч.Ганчимэг зөвшөөрч хөдөлмөрийн гэрээ байгуулсан, Ч.Ганчимэгийг ажилдаа орох үед  манаач Г.Батбаатар нь 2016 оны 2 дугаар сарын 1-нээс 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд захиргааны чөлөөтэй байсан, 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Г.Батбаатар нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай хүсэлтээ ирүүлсэн.Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар анги нэг жилийн хугацаанд манаачгүй байсан, албан ёсны манаачийн ажил шаардлагатай болсон тул 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн даргын 32 тушаалаар Д.Мягмарыг Сайншанд татах хэсэгт манаачаар ажилд авсан.УБТЗ-ын Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн даргын 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 31 тоот тушаалаар манаач Г.Батбаатарын оронд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан Ч.Ганчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн цуцалсан.Ч.Ганчимэгтэй  байгуулсан 3 сарын гэрээний хугацаа 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс дуусгавар болсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул Ч.Ганчимэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажил олгогч барилга ашиглалтын үйлчилгээний 3 дугаар анги Ч.Ганчимэг нарын хооронд манаач Г.Батбаатарыг ирэх хүртэл хугацаагаар талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан.2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр манаач Г.Батбаатар ажилдаа ороогүй тул Ч.Ганчимэгийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан, Ч.Ганчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан.Ч.Ганчимэгт сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халаагүй.Манаач Г.Батбаатар ажилдаа ороогүй нь Ч.Ганчимэгийг ажилд авах үндэслэл болохгүй.Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар ажил олгогч нь хуульд нийцүүлэн журам баримтлан мөрдүүлэх тухай заасан, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.1-т ажил албан тушаалын жагсаалтыг батална гэсний дагуу Барилга ашиглалт, үлйчилгээний 3 дугаар анги 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр тооцооны нягтлан бодогчийн 3 орон тоо баталсан.Иймд Ч.Ганчимэгийг ажилд авах орон тоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Ганчимэг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгт холбогдуулан эрхэлж байсан Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн тооцооны нягтлан бодогчийн ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргасан байна.

 

Дараах үндэслэлээр Ч.Ганчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

     

    Нэхэмжлэгч Ч.Ганчимэг охин  Эгшиглэнтээ 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний 4401000036 тоот гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

 

 Тэрээр ажилдаа орох хүсэлтийг ажил олгогчид тавьсны дагуу түүнийг ажилд нь оруулсан байх бөгөөд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 264 дугаартай “Түр ажилд авах тухай” тушаалд “Сайншанд хэсгийн манаач Г.Батбаатарыг захиргааны чөлөөтэй байх хугацаанд тооцооны нягтлан бодогч Ч.Ганчимэгийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Г.Батбаатарыг ирэх хүртэл хугацаанд тооцооны нягтлан бодогчоор түр ажиллуулсугай” гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж заасны дагуу хариуцагч байгууллага Ч.Ганчимэгийг ажилд нь авч ажиллуулсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар тооцооны нягтлан бодогчийн ажил, үүрэг нь байнгын ажил байр гэдэгт талууд маргахгүй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар ажил олгогч нь байнгын ажлын байранд ажиллах Ч.Ганчимэгтэй тохиролцож тодорхой нөхцөл тохирч хугацаатай гэрээ байгуулсан байна.

 

Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн дарга нь Ч.Ганчимэгтэй 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээнд уг гэрээний хугацааг манаач Г.Батбаатарыг ирэх хүртэл хугацаанд гэж талууд тохиролцсон байна.

 

    Гэтэл Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн даргын 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” 31 дугаартай тушаалд “Сайншанд хэсгийн манаач Г.Батбаатар нь 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд захиргааны чөлөөтэй байсан ба цаашид хөдөлмөрийн гэрээ цуцлах хүсэлт тавьж гэрээ цуцлагдсан тул манаач Г.Батбаатарын оронд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаа Ч.Ганчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй болсон тул 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс дуусгавар болгосугай” гэжээ.

 

      Дээрх Ч.Ганчимэгийг түр ажилд авах тухай тушаалд заасан, мөн түүнтэй тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу манаач Г.Батбаатар ирээгүй байхад Ч.Ганчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь буруу байна.

 

   Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэсэн заалтыг хариуцагч байгууллага зөрчсөн байна.

 

 

Иймд Ч.Ганчимэгийг  Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн тооцооны нягтлан бодогчийн ажилд нь эргүүлэн тогтоох үндэстэй байна.

 

Мөн Нийгмийн хамгаалал, хөдөмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 1 дүгээр саруудын цалингийн нийлбэр 3 338 154 дундаж цалинг бодож, түүний ажилгүй байсан 45 хоногийн цалингийн олговорт 2 384 370  төгрөгийг Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, Ч.Ганчимэгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар Чойсүрэнгийн Ганчимэгийг Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Замын Нийгэмлэгийн Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн тооцооны нягтлан бодогчийн ажилд  эргүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам Нийгэмлэгээс 2 384 370  /хоёр  сая гурван зуун наян дөрвөн мянга гурван зуун далан/ төгрөгийг гаргуулан Ч.Ганчимэгт олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар Ч.Ганчимэгийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам Нийгэмлэгт даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Ч.Ганчимэг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам Нийгэмлэгээс 53 099 /тавин гурван мянга ерэн есөн/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН