Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 343

 

.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00900/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Хушаат 13-2 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Гирдаагийн Мөнхзул /регистрийн дугаар ТВ73091468, утас 95933399/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Онцгой байдлын ерөнхий газар /утас 99102108/-т холбогдох

 

 “ Гэм хорын хохирол 343,538,935 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбат, иргэдийн төлөөлөгч Д.Арванжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Мөнхзул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие 1973 оны 09 дүгээр сарын 14-нд Хөвсгөл аймагт төрсөн. Миний нөхөр Б.Найдан бид 1991 онд гэр бүл болж өдгөө 6 хүүхдийн эцэг эх болж сайхан амьдарч байсан.

Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Дархан-Уул аймаг дахь салбарт 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ханийг минь уг салбарын дарга болох Б.Энхбаяр ажлын байрны тодорхойлолтонд заагдаагүй хөдөлмөр хамгааллын зааварчилгаа танилцуулалгүй хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй А-92 маркийн түлш агаарт ууршиж аюултай нөхцөл байдал үүссэн газарт дуудсан байна. Түлшний агуулах хэсэгт байрлах 1000м3 багтаамж бүхий түлшний савнаас АИ92 маркийн бензиныг зөөврийн цахилгаан насосоор шатахуун тээвэрлэх машин руу шахах үед гал гарч уг газарт ажиллаж байсан Б.Найдан нь Дархан-Уул аймгийн түргэнээр бүх биеийн нийт гадаргуугийн 40 хувийг хамарсан гэж тогтоогдон анхны түргэн тусламж аван шууд Улаанбаатар хотын түлэнхийн сэхээний тасаг руу шилжихэд 70 хувийг хамарсан түлэгдэлтэй байсны улмаас 2014 оны 08 дугаар сарын 27-ны  өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Ханиа аврахын тулд өдөрт бараг 2 сая төгрөг хүртэлх эмчилгээ хийлгэж хамаг байгаагаа зориулсан.  Хань минь бурхан болсны хойно хаан нутаглуулах  бас нутаглуулж болох эсэх тухай маргаан удаан үргэлжилж бид сэтгэл санаа эдийн засгийн онц их хэмжээний хохирлыг амссан. Энэ бүх хугацааны туршид Онцгой байдлын ерөнхий газар, Дарханы салбарын дарга Б.Энхбаяр нар өөрийн үнэнч ажилтныхаа төлөө түүний ар гэрт өнчин үлдэж буй 5 насанд хүрээгүй хүүхдүүдэд өчүүхэн төдий ч санаачлага гаргаж санаа тавиагүйд бид бүхэн туйлын гомдолтой байна.

Иргэний хуулийн 52 дугаар бүлгийн 498 дүгээр зүйлийн 498.1-д заасны дагуу “..Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 498.2-т “ Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана “ гэж заасан. Иймд Онцгой байдлын газраас нэхэмжлэлийг гаргаж байна.Үүнд

Нас барагч Б.Найдангийн эмчилгээний зардалд зарцуулсан 13,948,830 төгрөгийг гаргуулах,

Нас барагч Б.Найдангийн оршуулгын зардалд зарцуулсан 16,390,105 төгрөгийг гаргуулах,

Б.Найдан нас барж хүнд гарз хохирол учирсан, насанд хүрээгүй 5 хүүхдийн маань ирээдүйд сурч боловсрох, 18 нас хүртэлх хугацааны зардалд 200,000,000 төгрөгийг гаргуулах

Сэтгэл санааны хохирол болоод өмгөөллийн хөлс, уг хэрэг Дарханаас Улаанбаатар хот руу шилжсэн учраас прокурор, мөрдөн байцаагч нар дуудах бүрт хэргийн материалтай танилцах гэж явсан зардал, ажил үүргээ гүйцэтгэж чадаагүйн  улмаас алдагдал орсон нөхөн төлбөр зэрэгт 100,000,000 төгрөгийг гаргуулах

60 сартай тэнцэх цалн олгох байсны 36 сартай тэнцэх цалин олгосны зөрүү 24 сартай тэнцэх цалин болох 13,200,000 төгрөг гаргуулах

Нийт 343,538,935 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Онцгой байдлын ерөнхий газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Онцгой байдлын ерөнхий газраас Б.Найданг үрийн агуулахын тоног төхөөрөмжийн механикийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил  үүрэг гүйцэтгүүлэх үүрэг даалгавар тушаалыг амаар болон бичгээр өгөөгүй тухайн үед Дархан-Уул аймаг дахь улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан иргэн Б.Энхбаярын бие даан гаргасан шийдвэр юм.

Нас барагч Дархан-Уул аймаг дах улсын нөөцийн салбарын Хонгор сумын буудайн элеватор, үрийн агуулахын тоног төхөөрөмжийн механик Б.Найдангийн эмчилгээний  зардалд зарцуулсан гэж нэхэмжилж буй 13,948,830 төгрөгийн тухайд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “ Даатгуулагчийн тусламж үйлчилгээний зардлыг эмнэлгийн байгуулагад сарын хуваарийг үндэслэн урьдчилан төлж гүйцэтгэлээр дараа сарын 25-ны дотор тооцон олгоно гэж заасан байдаг. Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу эмэнэлгийн байгууллагын нөөцөд байхгүйгээс даатгуулагчийг хэвтэж эмчлүүлэх хугацаанд нь эмчилгээнд нь шаардлагатай, өвчний түүхэнд бичигдсэн эм тариа, ороох боох материалыг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд тухайн эмнэлэгийн байгууллага даатгуулагчид эм тариа, ороох боох материалын үнийг бүрэн нөхөн олгох үүрэгтэй. Мөн тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.13-д “даатгуулагч Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан тохиолдолд зардлыг даатгалын сангаас төлнө” гэж заасны дагуу харъяа даатгалын байгууллагаар төлүүлэх нь зүйтэй.

Нас барагч Б.Найдангийн оршуулгын зардалд зарцуулсан 16,390,105 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.3-д заасан Оршуулгын тэтгэмж нь тэтгэмжийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэмжийн төрөлд багтдаг.

Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д “Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийн шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно.  гэж заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас уг зардлыг гүйцээн гаргуулах нь зүйтэй.

Б.Найдан насбарж хүнд гарз хохирол учирсан тул гэм хорын хохирол учирсны төлбөрт 200,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу холбогдох сангаас гаргуулж улмаар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндэд нь гэм хор учирсан даатгуулагчийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг  гэм хор учруулсан буруутай этгээдээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 201409000551 дугаартай эрүүгийн хэргийн холбогдогчоос нэхэмжлэх нь зүйтэй байна.

Сэтгэл санааны хохирол болоод өмгөөллийн хөлс алдагдал орсон нөхөн төлбөр болон бусад зардалд 100,000,000 төгрөг нэхэмжилснийг нотлох баримтгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нас барагч Хонгор сум дах буудайн элеватор, үрийн агуулахын тоног төхөөрөмжийн механик ажилтай байсан Б.Найдан нь ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуу төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарч хөдөлмөрийн гэрээний дагуу төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарч хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэдэг байсан ба 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-д “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого,  мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас насбарсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” гэж заасныг үндэслэн 17,397,460 төгрөгийн тусламж олгосон.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/220 дугаартай тушаалаар байгууллагын дотоод журмын дагуу 2,000,000 төгрөгийн тусламж олгосон.

Улсын нөөцийн газрын хамт олноос 2,720,000 төгрөгийн сэтгэл санааны тусламжийг тус тус олгосон.

Түүнчлэн хуулийн боломжийг ашиглан 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Миг даатгал” ХХК-тай байгуулсан №14/088 дугаартай даатгалын гэрээний 3 дах хэсгийн 3.3.4 “Даатгуулагч ажилтан нь энэхүү гэрээний 3.3.2, 3.3.3-д зааснаас бусад тохиолдолд гэнэтийн осолд өртсөн бол нөхөн төлбөрийг энэхүү гэрээний 3.3.1-д заасан үнэлгээний 50 хувиар тооцсон дүнгээс бодож олгоно гэж заасны дагуу ар гэрт нь 15,000,000 төгрөг даатгалын байгууллагаас олгосон. Мөн 9,000,000 төгрөгийг нэмж олгосон. Нийт даатгалын олговор 24,000,000 төгрөгийг олгосон зэрэг бүгд 45,967,460 төгрөгийг түүний ар гэрт олгосон байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Бадамханд нь хариуцагч Б.Энхбаяр, Онгой байдлын Ерөнхий газар нарт холбогдуулан 343,538,935 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Бадамханд нь нэхэмжлэгчийг Г.Мөнхзулаар солих тухай хүсэлт гаргасныг хангаж, тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаартай тогтоолоор “ нэхэмжлэгч Н.Бадамхандыг нэхэмжлэгч Г.Мөнхзулаар” сольсон.

Нэхэмжлэгч Г.Мөнхзул нь хариуцагч Б.Энхбаярт холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Онцгой байдлын ерөнхий газарт холбогдуулан 343,538,935 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

    Нэхэмжлэгч Г.Мөнхзул нь “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1,  498.2-т заасны дагуу хариуцагч Онцгой байдлын ерөнхий газраас  нийт 343,538,935 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Онцгой байдлын Ерөнхий газар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарт 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр түлшний агуулах хэсэгт байрлах 1000 м3 багтааж бүхий түлшний савнаас АИ92 маркийн бензинийг зөөврийн цахилгаан насосоор шатахуун тээвэрлэх машин руу шахах үед гал гарч, уг газарт ажиллаж байсан Батмөнх овогтой Найдан нь бүх биеийн нийт гадаргуугийн 40 хувийг хамарсан 3А, Б зэргийн түлэгдэлтийн улмаас нас барсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн мн/10 дугаартай “ хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор тогтоогдож байна.

 Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн мн/10 дугаартай “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолд:

 “...Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч С.Баяраа, П.Батжаргал, Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Бямбадорж нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 05/092/32 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд : “...аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн баримтанд осолдогч  Б.Найданд зааварчилгаа өгсөн нь тогтоогдохгүй байна, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 257 тоот тушаалаар батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцын ажлын байранд мөрдөх аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар”-ын 1 дүгээр зүйлийн 1.9-д заасан “Галын ба тэсрэх аюултай бүсэд ажиллаж байгаа засварчид оч үсрэгдэггүй материалаар хийгдсэн багаж хэрэгсэл ашиглах ба эрэг шургыг уртасгагч хөшүүрэг хэрэглэн чангалахыг хориглоно.” гэх заалтыг зөрчиж  тэсрэлтийн хамгаалалтгүй пускатель ашигласнаас гал гарах нөхцлийг бүрдүүлсэн байна...Хөдөлмөрийн аюулгүй байдал  эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д “ Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтанд хамрагдаагүй ажил олгогчийн эрх үүрэгт заасан тул аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон  аюулгүй ажиллагааны сургалтанд  хамрагдсан хүнээр ажил үүрэг гүйцэтгүүлэхийг ажил олгогчид хуулиар хариуцуулсан байна. Дээрх дурдсан болон  хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар  Онцгой байдлын Ерөнхий Дархан-Уул аймаг дахь нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан Энхбаяр нь Онцгой байдлын ерөнхий газраас М-ойл групптай байгуулсан “Улсын нөөцийн бараа материалыг  сэлгэн шинэчлэх” гэрээний дагуу 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр М-Ойл групп ХХК-д АИ92 авто бензиныг ачилт хийж хүлээлгэн өгөх ажлыг гүйцэтгэх явцад Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 257 тоот тушаалаар батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцын ажлын байранд мөрдөх аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар”-ын 1 дүгээр зүйлийн 1.9-д заасан “Галын ба тэсрэх аюултай бүсэд ажиллаж байгаа засварчид оч үсрэгдэггүй материалаар хийгдсэн багаж , хэрэгсэл ашиглах ба эрэг шургыг уртасгагч хөшүүрэг хэрэглэн чангалахыг хориглоно.”

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл

ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэх ... заалтуудыг зөрчсөний улмаас гал гарч, уг газарт ажиллаж байсан Батмөнх овогтой Найдан нь түлэгдэлтийн улмаас нас барсан түүнчлэн ослын улмаас 1000 мкв багтаамжтай түлшний босоо сав ашиглагдахгүй болж онц их хэмжээний хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

...Яллагдагч Б.Энхбаяр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүнд холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдан, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт орсон “Өршөөл үзүүлэх тухай хууль-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

 Хариуцагч тал нь “...Онцгой байдлын ерөнхий газраас Б.Найданг үрийн агуулахын тоног төхөөрөмжийн механикийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил  үүрэг гүйцэтгүүлэх үүрэг даалгавар тушаалыг амаар болон бичгээр өгөөгүй тухайн үед Дархан-Уул аймаг дахь улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан иргэн Б.Энхбаярын бие даан гаргасан шийдвэр юм.

Иймд дээрх хохирлыг Б.Энхбаяраас нэхэмжлэх эрхтэй, Онцгой байдлын ерөнхий газар хариуцахгүй...” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Г.Мөнхзулд 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 08 тоот  өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. /хх/

 

Иймд нэхэмжлэгч Г.Мөнхзул нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т  заасны дагуу хариуцагч Онцгой байдлын Ерөнхий газраас Б.Найдан нас барснаас учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

 Нэхэмжлэгч Г.Мөнхзулд Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/220 дугаар “ Б.Найдангийн ар гэрт тусламж үзүүлэх тухай” тушаалаар 2,000,000 төгрөг, тус байгууллагын даргын 2014 оны 07 дүгээр сарын 17-ны өдрийн А/238 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан үндэслэлээр Б.Найдангийн ар гэрт 36 сарын цалинтай тэнцэх нөхөн олговор 17,397,460 төгрөг, Миг даатгал ХХК-иас даатгалын олговор 24,000,000 төгрөг, Улсын нөөцийн газрын хамт олноос сэтгэлийн тусламж 2,720,000 төгрөгийг тус тус өгсөн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.Мөнхзул нь талийгаач Б.Найдангийн эмчилгээний зардалд 13,948,830 төгрөгийг, оршуулгын зардалд 16,390,105 төгрөг, насанд хүрээгүй 5 хүүхдийн арван найман нас хүртэлх хугацааны сургалтын төлбөр, бусад хэрэгцээг хангахад 200,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол болон өмгөөлөлийн хөлс, уг хэрэг Дарханаас Улаанбаатар хот руу шилжсэн учраас прокурор мөрдөн байцаагч нар дуудах бүрт хэргийн материалтай танилцах гэж явсан зардал, ажил үүргээ гүйцэтгэж чадаагүйн улмаас алдагдалд орсон нөхөн төлбөр зэрэгт 100,000,000 төгрөг, 60 сартай тэнцэх цалин олгох байсны 36 сартай тэнцэх цалин олгосны зөрүү 24 сартай тэнцэх хэмжээний цалин болох 13,200,000 төгрөг, нийт 343,538,935 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг авагдсан баримтаар талийгаач Б.Найдангийн эмчилгээний зардалд 8,999,185 төгрөг, оршуулгын зардалд 12,242,859 төгрөг, өмгөөлөлийн хөлсөнд 250,000 төгрөг, нийт 21,492,044 төгрөгийг зарцуулсан болох нь зарлагын баримтуудаар тогтоогдож байна.

 

Харин нэхэмжлэгч Г.Мөнхзул нь насанд хүрээгүй 5 хүүхдийн арван найман нас хүртэлх хугацааны сургалтын төлбөр, бусад хэрэгцээг хангахад 200,000,000 төгрөг, Сэтгэл санааны хохирол болон уг хэрэг Дарханаас Улаанбаатар хот руу шилжсэн учраас прокурор мөрдөн байцаагч нар дуудах бүрт хэргийн материалтай танилцах гэж явсан зардал, ажил үүргээ гүйцэтгэж чадаагүйн улмаас алдагдалд орсон нөхөн төлбөр зэрэгт 100,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасны дагуу 36 сарын сартай тэнцэх нөхөн олговор олгосон нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан 24 сартай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иймээс хариуцагч Онцгой байдлын Ерөнхий газар нь 21,492,044 төгрөгийг төлөхөөс Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/220 дугаар “ Б.Найдангийн ар гэрт тусламж үзүүлэх тухай” тушаалаар 2,000,000 төгрөг өгснийг хасаж, үлдэх 19,492,044 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 324,046,891 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Онцгой байдлын Ерөнхий газраас хохирол төлбөрт өгсөн гэх хамт олны сэтгэлийн тусламж 2,720,000 төгрөгийг, ар гэрт 36 сарын цалинтай тэнцэх нөхөн олговор 17,397,460 төгрөгийг, Миг даатгал ХХК-иас даатгалын олговор 24,000,000 төгрөгийг тус тус хохирол төлбөрт оруулан тооцох үндэслэлгүй болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний  хуулийн 498 дүгээр зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1-т заасныг баримтлан хариуцагч Онцгой байдлын Ерөнхий газраас 19,492,044 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Мөнхзулд олгож, нэхэмжлэлийн үлдэх 324,046,891 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагч Онцгой байдлын ерөнхийн газар нь улсын тэмдэгтийн хураамж 255,410 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 З.ТУНГАЛАГМАА

 

 

                                          ШҮҮГЧИД                                                 Ч.БАТЧИМЭГ

 

 

                                                                                                           Д.АЛТАНТУЯА