Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/59

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Б.Батболор, шүүгч Х.Одбаяр нарын үрэлдэхүүнтэйгээр,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

улсын яллагч П.Энхболд,

иргэдийн төлөөлөгч А.Алимаа,

хохирогчийн өмгөөлөгч Д.Батбаяр,

шинжээч эмч Х.Эрдэмболор, С.Чулуунсүх /цахимаар/,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Г.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Ж.Г.Т-д холбогдох эрүүгийн ...... дугаартай хэрэг ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .........-ны өдөр .... төрсөн, ...настай, ...тэй, ...боловсролтой, ..., ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт, ... дүүргийн ... хороо ... тоотод оршин суудаг, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Ж.Г.Т- /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 06 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .............. тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч байсан  Д.О-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

Мөн 2018 оны 06 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .............. тоотод гэр бүлийн хамаарал бүхий Д.О-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

 

2018 оны 06 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .............. тоотод гэр бүлийн хамаарал бүхий Д.О-ийг ухаангүй байхад нь тэвэрч авч яван, машинд суулган зуслан руу таньдаг айлуудаар авч явж алахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2018 оны 06 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Д.О-ийн гэрт нь вино, шоколад өгөх гэж орсон. Ороход Ю.А- гэх залуутай / би урд харж байгаагүй/ пиво уугаад сууж байсан. Ороод чи хэн юм бэ гэж хэлээд А- бид 2 хоорондоо зодолдсон, Д.О-, С- 2 дундуур орж салгасан. Д.О- та 2 хоёулаа намайг цохиод байна гэж согтуу орилоод байсан. Надад хүн алах зорилго байгаагүй, унтаж хэвтсэн асуудал юу ч болоогүй. 2016 онд Д.О- бид 2 маргалдаж байсан. Тэгэхэд Баянгол дүүргийн хорооны цагдаад намайг өгч байсан. Энэ талаарх баримтыг шүүх хуралдаан дээр авч ирсэн. 2016 онд өгч байсан өргөдөл одоо өгч байгаа өргөдөл 2 яг адилхан. Баянгол дүүргийн хорооны ахлах дэслэгч Ганбаатар, Төгөлдөр хоёр анх ингэж мэдүүлбэл ял авна гэж зааж өгснөөс болж Д.О- ийм мэдүүлэг өгсөн байсан. Д.О-ийг алгадсан зүйл байхгүй. Энэ талаар ямар нэгэн гомдол байгаагүй. Д.О- тухайн үед согтуу байсан. Одоо бол намайг хамгийн муу болгосон ярьж байна. Би их гайхаж байна. Би удаа дараа мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Ю.А- согтуу байсан. Д.О- согтуу байсан. Гэрт нь архины шил, пиво хөглөрсөн байсан. Одоо болохоор өөрсдөө зүгээр болчихсон явж байна. Үүн дээр маш их гомдолтой байна. А- Д.О-ээс асуусан байсан. Энэ чинь хэн бэ гэхээр нь Д.О- манай хуучин найз залуу гэж хэлсэн Ю.А- цаашаа очоод согтуугаар ярьсан. Бид 2 хэрэлдсэн. Би А-тай маргалдаж байхад Д.О- А-г аваад, намайг С- авч салгасан. А- бид 2 хоорондоо зодолдож байхад салгаж байснаа та 2 хоёулаа намайг цохиод байна ш дээ гээд орилоод байсан. А- бид 2 хоорондоо зодолдоод байж байхад хаалга эвдэрсэн байсан.” гэв.

 

Хохирогч Д.О- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр миний бие эмэгтэйчүүдийн эмнэлэгт мэс засалд орж баруун талын өндгөвчөө авхуулахаар хэвтэх бичгээ хүлээн аваад ........... байрны 10 тоот гэртээ ирсэн. ...23 цаг 30 минутын үед хаалганы хонх дугарсан очоод хартал үл таних хүн “танай доод айлын хүн байна, доошоо ус алдаад байна хаалгаа” гэсэн. Тухайн үед миний охин С- үнэхээр усанд орж байсан болохоор, бас Г.Тий хоолой биш байсан болохоор хаалгаа онгойлгосон. ...хаалга хүчтэй угз татан Г.Т согтуу орж ирсэн. ...Т- чи минийх болохгүй юм чинь өөр хэнийх ч болохгүй. Би чамайг өнөөдөр гүйцээнэ, ална гээд миний толгой цээж рүү олон удаа хүчтэй цохиж эхэлсэн. Цохилтыг нь даахгүй газар унахад минь дээр гарч суугаад багалзуурдсан. Хэсэг ухаангүй байж байгаад С-гийн уйлж байхыг сонсоод сэргэсэн. Тэгээд С-г хөтлөөд өрөө рүү нь зугтаж ороод хаалгыг нь түгжсэн. Т- хаалгыг хүчтэй өшиглөж эвдэлж орж ирээд “Алнаа” гэж хашхираад намайг үсдэж доош угзарч газар унагасан. Газар унагаад араас дахин багалзуурдаж ухаан алдуулсан. ...Гэрт буцаж орж ирээд миний нүүр лүү атгасан гараараа хүчтэй дэлсэж зодож эхэлсэн. ...Би зодуурыг нь тэвчихээ байгаад “Чи намайг заавал алах гээд байгаа бол эр хүн шиг зан гаргаад зодож тамлалгүй судсыг минь ханаад алчих тэгэх үү. Би үнэхээр чиний зодуурыг даахгүй юм байна, өвтгөлгүй алчих гэж гуйсан. ...Т- улам агсарч “Алнаа чамайг” гэж хашхираад нүүр лүү минь хүчтэй дэлсэж цээж лүү цохиж унагаад” үхээч чи” гэж хашхираад цээж сав болон нуруун дээр минь олон удаа дэвсэлж өшиглөсөн. Хамар амнаас цус садарч байхад намайг дахин боож унагасан. ...Нэг сэрсэн чинь “С-гийн “ээжээ та амьд уу” гээд уйлж байгаа сонсогдсон нүдээ нээгээд хартал би унтлагын өрөөнд нүцгэн хэвтэж байсан. Т- миний дээр хөдөлж байсан. ...Т- чи бол ганцхан миний янхан гэж амандаа бувтнаад намайг хүчирхийлсэн. Би өвдөлтдөө болоод дахин ухаан алдаад нэг сэргэтэл машинд явж байсан. Т- миний дээр хөдөлж байхдаа “чи ганцхан миний янхан, би чамд хайртай, чамаас өөр олон хүүхэнтэй унтаж үзлээ чам шиг алтай нь алга. Үхэн үхтлээ чамайг шаана, та хоёрыг аваад орос руу гарч амьдрана” гэх мэтээр үглэж байсан. ...Г.Тд туйлын их гомдолтой байна. Нурууны маань 2 сэртэн яс хугарч, 3 үений зөөлөн эд бүлтэрч гарсан, хамар маань хугаралтай хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан хэвтрийн дэглэмд байна. Би ганц бие ээж хүн. Ганцхан миний төдийгүй охины минь амьдрал маш аюултай нөхцөлд байна. Энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээг нэн яаралтай авч өгөхийг хүсэж байна, ...А- гараад явсан тухайн үед гэрт байгаагүй, А- надад ямар нэгэн гэмтэл учруулаагүй,...би маш их гомдолтой тэр хүний зорилго нь намайг алах зорилготой байсан, ...тэр үед би гэрт ухаан алдсан байсан нэг мэдэхэд би машин дотор сэрсэн чинь нүүр ам цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 44-46, Зхх-ийн 169-171, 4хх-ийн 24 тал/,

 

Насанд хүрээгүй гэрч К.Р.С- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ...............................тоотод байх гэртээ ээж Д.О-, түүний 10 жилийн найз А- нарын хамтаар гэртээ байсан. Тэр үед би усанд орж байсан. Тэгээд уснаас гараад ирсэн чинь Т- ирчихсэн гал тогооны өрөөний хажуу талд хутга барьчихсан, тэр хутгаараа өөрийнхөө хоолойн хэсэг рүү хүргэх гээд байхад нь хажуугаас нь ээж болон түүний найз А- нар хутгыг авах гээд оролдож байсан. ...Т- ээжийн утсыг хажуугаас нь булааж аваад цонхон дээр “чи надтай гэрлэхгүй бол ална шүү гээд орилж байгаад ээжийн утсыг цонхоор хаячихсан. Тэрний дараагаар чи надтай суухгүй бол би энэ цонхоор үсэрч үхнэ гээд цонхон дээр гарч зогссон. Тэгтэл ээж Т-г буулгах гээд татсан чинь ээжийн нүүр лүү өөрийнхөө гараараа зөндөө удаа цохиж байсан. Тэгээд ээжийн хамраас их цус гарч байхад хоолойноос нь бариад хоолойг нь шахаад бас нуруун дээр нь гараад Т- ээжийг дэвсээд байсан. Би болиулах гээд зөндөө хичээгээд яаж ч чадаагүй. Тэндээс ээжтэй хамт миний өрөө рүү ороод хаалгаа түгжсэн чинь хаалгыг маш хүчтэй үхэр шиг цохиод хаалгыг эвдээд ороод ирсэн. Дахиад ээжийг барьж аваад араас нь 2 гараараа хүзүүнээс нь багалзуурдаад боосон чинь ээж минь ухаан алдаад уначихсан. ...Тэгсэн Т- ээжийг өргөөд ээжийн өрөө рүү оруулаад ээжийн хувцсыг тайлуулаад орон дээр хэвтүүлсэн. Тэгээд ээжийн дээр Т- хэвтэж байсан намайг хараад гайхсан байдалтай байсан. Түүний дараагаар бид хоёрыг хувцсаа бэлд Орос руу явна гээд ... Т- ээжийг тэврээд гарсан. ...Ээжийн нүүр хамар, нуруу, хөл гар гээд бүгдийг нь цохиж зодсон. Том сармагчин шиг ээжийн нуруун дээр үсрээд дэвсээд байсан. Хоолой хүзүүнээс нь эхлээд урдаас нь дараа нь ардаас нь боосон. Сүүлд бооход ээж ухаан алдаад унасан. Нүүр, гар, хөл нь хөхөрсөн харагдсан. Би их уйлсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 53-54-р тал/,

 

Гэрч Ю.А- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .............. тоот хаягт Д.О-, түүний охин С- бид гурвыг байж байхад хаалга дуугараад ус алдаад байна доод айлын хүн чинь байна гэхээр нь Д.О- тайлсан чинь Д.О-ийн урд цуг амьдарч байсан хүн нь байсан. Д.О- чи яах гэж ирсэн юм бэ гэхэд тэр хүн намайг чи хэн юм, хэн юм гээд байснаа гал тогооны өрөө рүү ороод хутга аваад өөрийнхөө хоолойнд ойртуулах гэхээр нь би тэр хүний үйлдлийг таслан зогсоох гэж хутгыг нь авсан. Тэгээд тэр хүнийг гаргах гэсэн чинь тайвшраад би Д.О-т ганцхан юм хэлчхээд гарлаа чи түр гарч байгаач гэхээр нь гараад миний даралт ихсээд байсан болохоор нь би эмийн сангаас эм авах гээд гарсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 59-60-р тал/,

 

 Гэрч С.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 11 цагийн орчим ...танай найз хүнд зодуулчихлаа гээд залгаад байна гэж хэлэхээр нь би хэн бэ гэж асуухад Д.О- гэнэ гэж хэлсэн. ...Тэгээд Байгаль бид хоёр 11 цаг 40 минутын орчимд шүүх эмнэлгийн гадаа Д.О-тэй уулзахад өөрөө ярьж болон явж чадахгүй, охиных нь гар цус болчихсон нэг нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь юу болсон бэ гэж асуухад Т- гэрт худлаа ярьж орж ирээд зодоод, зуслан руу авч яваад тэндээ бас зодсон тэгээд өглөө Т-г унтахаар нь гэрээс нь гараад замын машинд суугаад ирлээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 61-62-р тал/,

 

 Гэрч Д.У мөрдөн байцаалын шатанд мэдүүлэхдээ: “...Д.О- гэх эмэгтэйнх нь биеийн байдал муу байгаа бололтой зовиуртай харагдаад байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 70-71-р тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №7499 дугаартай “...Д.О-ийн бүсэлхийн 3,4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, хамар, баруун хацар, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний доод зовхи, хүзүү, цээж, баруун бугалга, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гарын алга, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, ...мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, ...эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1хх- ийн 75-р тал/,

 

Шинжээч эмч Ч.Эрдэмболор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шинжээч эмч Энхцолмон, Бадрал нарын хамт 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 934 дугаартай дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтээр: Нэгдүгээрт хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 7499 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёрдугаарт хүний биед 7515 дугаартай шинжээчийн дүгнэлт нь Д.О-ийн биед 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Мед трамба” эмнэлэгт хийлгэсэн хэвлийн хөндийд компьютер томографын шинжилгээний хариу тусгагдаагүй байх тул тухайн үзлэгээр дүгнэлтийг гаргасан.

Гурав, дөрөвдүгээрт: Ц.Д.О-ийн биед бүсэлхийн 3,4 дүгээр нугалмын,  зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, хамар, баруун хацар, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний доод зовхи, баруун чих, чихний ар хэсэг, хүзүү, цээж, баруун мөр, бугалга, тохой баруун сарвуу, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гарын алга, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд үүссэн.

Тавдугаарт: Дээрх гэмтэл тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

Зургадугаарт: Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Долдугаарт: Дээрх 3,4 дүгээр нугалмын, зүүн хөндлөн сэртэнгийн хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул тус журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Оюунбаясгалан эмч нь манай шүүх шинжилгээний газрын дүрс оношилгооны шинжээч эмч. Уг дүгнэлтийг гаргахад энэ гаргасан  Даваасүрэн, Болор эмч нарын дүгнэлт шинжилгээний дүгнэлт, “Мед таума” эмнэлгийн шинжилгээний хариу, компьютер томографик, бүсэлхийн имра зэрэг зургууд ирсэн. Шинжээч эмч нар тусгай мэдлэг дээрээ нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авдаг. Тийм учраас дүрс оношилгооны эмчээс зөвлөгөө авсан. Манайд Солонгос эмнэлгийн эмч нарын бичиг баримт ирээгүй байна. Ирүүлсэн бичгийн хэмжээнд Оюунбаясгалан эмчээс зөвлөгөө авч дүгнэлт гаргасан. Дүгнэлт гаргахад Солонгос эмчийн дүгнэлт байгаагүй. гэв

 

Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Д.О-тэй уулзахад ухаан санаа нь орон гаран, маш их цочирдсон хөл дээрээ явж чадахгүй, гар нь салганаад айхтар харагдаж байсан мөн нүүр нь хавдсан хөхөрсөн хоолой нь улайгаад цус хурчихсан байдалтай харагдсан" гэх мэдүүлэг/1хх-ийн 63-64-р тал/,

 

Гэрч Ч.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сард “.......... тоотод оршин суудаг эмэгтэй харуулын байранд орж ирээд хяналтын камерын бичлэгийг хуулбарлаж авах гэсэн юм гэж хэлсэн, нүүр царайг нь харсан чинь хөхөрч хавдсан байсан хүнд зодуулсан шинжтэй байсан тэгээд бичлэгийг хуулбарлаж авсан.” гэх мэдүүлэг /2хх-ийн 56-57 тал/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 710 дугаартай: “...Д.О-ийн биед учирсан бүсэлхийн 3,4-р нугалмын зүүн хөдлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна...” гэх дүгнэлт /Зхх-ийн 179-188 тал/

 

Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан хохирогч Д.О-ийн өргөдөл /1хх-18-21/, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 22-33/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-31-39/,  “Меd trauma” эмнэлгийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн эмч Ш.Эрдэнэзул, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн эмч Э.Мөнх-Од нарын шинжилгээ /1хх-ийн 76-77 тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний Газрын биологийн шинжээч М.Өнөржаргалын гаргасан №6456, 6455, 6454 дугаартай дүгнэлт /1хх-ийн 82, 84, 86-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №931 дугаартай дүгнэлт /1хх-ийн 91-93-р тал/, хохирогчийн өвчний түүх /1хх-97-102, 2хх-65-86, 105-109/, хохирлын баримт /1хх-123-129, 2хх-34-40, 104/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 908 дүгнэлт: Г.Т нь сэтгэцийн өвчингүй байна. /1хх-139/ иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-153/, ял шалгах хуудас /1хх-163/, Гэр бүлийн хүчирхийллийн байдлын үнэлгээний маягт /2хх-93-101/, шүүгдэгчийн хувийн байдлуудыг тодорхойлсон баримтууд /2хх-111-114/, Ашид билгүүн ХХК-ний хохирлын үнэлгээ /2хх-217/, Эд мөрийн баримтаар тооцож, хавтаст хэрэгт хавсаргах тухай /3хх-166/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4хх-ийн 26-36 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, ...Анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд... хянан хэлэлцлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 3 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Гэтэл энэ гэмт хэргийн зүйлчлэлээс бусдын биед гэмтэл, хохирол учруулснаас бусад зүйл ангийн гэмт хэргийг миний үйлчлүүлэгч үйлдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан яллах, цагаатгах нотлох баримтуудаар нотлогдоогүй, тогтоогдоогүй, зөвхөн хохирогч болон насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгээр энэхүү 2 зүйл, хэсгийн гэмт хэргийг эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөлийг хамаатуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн.

... Д.О-ийг ухаангүй байхад нь тэвэрч авч яван машинд суулган зуслан руу нь таньдаг айлуудаар авч явж, алахыг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан гэж яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний үйлчлүүлэгч энэхүү гэмт хэргийн шинжийг агуулсан аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй огт үйлдээгүй...

... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дэх хэсэгт заасан гэмтлийн зэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүний тухай ярихыг хүсэж байна. Энэхүү гэмт хэргийн гэмтлийн зэрэг, хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хүлээн зөвшөөрөх боломж муутай...

Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдээгүй, маргаан, зодоон зөвхөн Хан-Уул дүүрэгт байрлах Д.О-ийн гэр орон сууцад хоромхон хугацаанд болж өнгөрсөн тул хохирол гэмтэл энэ гэрт энэ цаг хугацаанд үүснэ. Тэгэхээр Г.Тгээс иргэн Д.О-ийн биед бие махбодын сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүндэвтэр хохирол үзүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй, гэмт хэргийн шинж байхгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээнэ. Д.О-тэй зуслангаар явсан үйлдэл нь бие махбодын сэтгэл санааны шаналал, зовиур үүсгээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

...Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1, 12.1 дэх зүйлийн гэмт хэргийг миний үйлчлүүлэгч үйлдээгүй тул хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дэх зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтыг хэрэгсэхгүй болгож зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж хохирлоос тодорхой мөнгөн дүнг хасаж шийдвэрлэж өгөхийг хүсье... гэж,

 

Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд: Гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэргийн нөхцөл байдал хүндрүүлэх нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй гэж ярьж байна. Хэрэгт авагдсан баримтаар хэргийн үйл баримт, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдсон. Хэрэгт авагдсан баримтаар хохирогч нь Т-тэй өмнө гэр бүлийн хамааралтай байсан. Шүүгдэгчийг гэр бүлийн хамааралтай байсан хүнээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэмт хэрэг үйлдсэн гэж оруулж ирсэн. Өмгөөлөгчийн ярьснаар сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж гэмтэл учруулсан, гэмт хэрэг холбогдсон гэж байна. Ийм зүйл ангиар яллаагүй. Зөвхөн гэр бүлийн хамаарал бүхий хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийг 3 зүйл ангиар ялласан. Хохирогчийн биед олон тооны гэмтлүүд үүссэн. Шинжээч эмч нарын удаа дараагийн дүгнэлтээр нотлогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүл мэндтэй холбоотой баримтыг хохирогчид өгсөн байна. Дахин дүгнэлт гаргуулъя, эргэлзээ тайлж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байсан. Үүний дагуу тухайн хохирогчоос баримтуудыг авч дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтүүд удаа дараа хүндэвтэр гэж гарсан. Дүгнэлтэд эргэлзээ байхгүй, бусад байдлаараа нотлогдсон. Хүчингийн гэмт хэрэг хохирогчийн охин С-гийн нүдэн дээр үйлдсэн. Сэдэлт санаа зорилго тогтоогдоогүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгч хэлж байна. Шүүгдэгч нь тухайн гэрт ямар байдлаар очсон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хүнээр түшүүлсэн, худлаа ярьж хүнээр хаалга тогшуулсан. Гэрт болсон үйл явдлыг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр харж болно. Энэ хугацаанд А- гараад явсан. Үүнийг хохирогч болон насанд хүрээгүй гэрч хэлж байгаа. Хохирогч болон насанд хүрээгүй гэрчийн нүдэн дээр дараагийн үйл явдал үргэлжилсэн. Хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байна. Хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээр хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч эр бэлгийн эс илрээгүй гэж байна. Энэ гэмт хэрэгт заавал эр бэлгийн эс илрэх шаардлагагүй, дүгнэлтэд тодорхой зүйл байгаа. Унтлагын өрөөнд байсан хохирогчийн даавуун дээр 1 дүгээр бүлгийн цус илэрсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч өөртөө ашигтай байдлаар сарын тэмдэг ирсэн байсан гэж байна. Тухайн үйл явцыг орон дээр бэлгийн ажил болсон гэдэг нь мэдүүлэг болон дүгнэлтээр харагдаж байна. Алахыг завдсан үйлдэлд тухайн хүний сэдэл санаа зорилго, Д.О-ээс салсан өшөө хонзонг тайлахын тулд гэрт худлаа ярьж орж ирсэн. Тухайн үйл явдал хэрэг гарахад алнаа гэж зодож байсан. Ухаангүй болсон хүнийг авч гарсан үйлдэл нь тухайн хүнийг алахыг завдсан гэж үзэж байна. Хохирогчийг ухаан орж сэрснээр зогссон. Хохирогч сэрээгүй, ухаангүй байсан бол дараагийн үйл явдал өрнөх байсан. Шүүхэд оруулж байгаа нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байна. Шүүгдэгч бүх үйл явдлыг үгүйсгэдэг. Энэ хэргийг үйлдээгүй гэдэг боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Гэмт хэрэг үйлдээгүй гэж үгүйсгэж байгаа нь гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэхгүй. Шүүгдэгч нь бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, өөрийн хүсэл зоригоо илэрхийлэх чадваргүй байдалд хүчээр бэлгийн харилцаанд орсон, догшин ширүүн авирлаж алахыг завдсан үйлдэл нь тогтоогдож байгаа .” гэж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж ...хүчээр бэлгийн харьцаанд орсон бол” хүчиндэх гэмт хэрэгт тооцохоор, түүнчлэн  12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндсэн” бол энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгож хууль тогтоогч хуульчилсан.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг хэрхэн ойлгох талаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нарийвчлан зохицуулжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ...энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн зүйлийн 3.2-д “...энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан ...этгээд нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан.

Мөн гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэж хуульчилсан ба гэр бүлийн хамаарал бүхий Д.О-ийг ухаангүй байхад нь тэвэрч авч яван, машинд суулган зуслан руу таньдаг айлуудаар авч явсан үйлдэл нь алахыг завдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

Тодруулбал, хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Г.Т, хохирогч Д.Оюунгэрэл нар 2016 оны 3 сараас 2018 оны 2 сарын хооронд эхнэр, нөхрийн харилцаатай хохирогчийн гэрт хамтран амьдарч байсан байх ба шүүгдэгч Г.Т  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биед нь халдан зоддог, дарамталдаг зэргээс болж БГД-ийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж байсан талаар хавтаст хэрэгт авагдсан байдаг. Г.Тээс салснаас хойш Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .............. тоотод гэртээ охины хамт амьдарч байхад нь Г.Т нь 2018 оны 06 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .............. тоотод хохирогч Д.О-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн, мөн түүнийг зодож эрүүл мэндэд нь бүсэлхийн 3,4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, хамар, баруун хацар, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний доод зовхи, хүзүү, цээж, баруун бугалга, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гарын алга, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн, хүндэвтэр гэмтлүүд учруулсан үйл баримт нотлогдож тогтоогдсон.

 

Шүүгдэгч Г.Т  нь “...Надад хүн алах зорилго байгаагүй, унтаж хэвтсэн асуудал юу ч болоогүй гэж мэдүүлж байх боловч энэ нь хохирогч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд удаа дараа тогтвортой мэдүүлсэн “...23 цаг 30 минутын үед хаалганы хонх дугарсан очоод хартал үл таних хүн “танай доод айлын хүн байна, доошоо ус алдаад байна хаалгаа” гэсэн. Тухайн үед миний охин С- үнэхээр усанд орж байсан болохоор, бас Г.Тий хоолой биш байсан болохоор хаалгаа онгойлгосон. ...хаалга хүчтэй угз татан Г.Т согтуу орж ирсэн. ...Т- чи минийх болохгүй юм чинь өөр хэнийх ч болохгүй. Би чамайг өнөөдөр гүйцээнэ, ална гээд миний толгой цээж рүү олон удаа хүчтэй цохиж эхэлсэн. Цохилтыг нь даахгүй газар унахад минь дээр гарч суугаад багалзуурдсан. Хэсэг ухаангүй байж байгаад С-гийн уйлж байхыг сонсоод сэргэсэн. Тэгээд С-г хөтлөөд өрөө рүү нь зугтаж ороод хаалгыг нь түгжсэн. Т- хаалгыг хүчтэй өшиглөж эвдэлж орж ирээд “Алнаа” гэж хашхираад намайг үсдэж доош угзарч газар унагасан. Газар унагаад араас дахин багалзуурдаж ухаан алдуулсан. ...Гэрт буцаж орж ирээд миний нүүр лүү атгасан гараараа хүчтэй дэлсэж зодож эхэлсэн. ...Би зодуурыг нь тэвчихээ байгаад “Чи намайг заавал алах гээд байгаа бол эр хүн шиг зан гаргаад зодож тамлалгүй судсыг минь ханаад алчих тэгэх үү. Би үнэхээр чиний зодуурыг даахгүй юм байна, өвтгөлгүй алчих гэж гуйсан. ...Т- улам агсарч “Алнаа чамайг” гэж хашхираад нүүр лүү минь хүчтэй дэлсэж цээж лүү цохиж унагаад” үхээч чи” гэж хашхираад цээж сав болон нуруун дээр минь олон удаа дэвсэлж өшиглөсөн. Хамар амнаас цус садарч байхад намайг дахин боож унагасан. ...Нэг сэрсэн чинь “С-гийн “ээжээ та амьд уу” гээд уйлж байгаа сонсогдсон нүдээ нээгээд хартал би унтлагын өрөөнд нүцгэн хэвтэж байсан. Т- миний дээр хөдөлж байсан. ...Т- чи бол ганцхан миний янхан гэж амандаа бувтнаад намайг хүчирхийлсэн. Би өвдөлтдөө болоод дахин ухаан алдаад нэг сэргэтэл машинд явж байсан. Т- миний дээр хөдөлж байхдаа “чи ганцхан миний янхан, би чамд хайртай, чамаас өөр олон хүүхэнтэй унтаж үзлээ чам шиг алтай нь алга. Үхэн үхтлээ чамайг шаана, та хоёрыг аваад орос руу гарч амьдрана” гэх мэтээр үглэж байсан....” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.  

 

Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 7499 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.О-ийн бүсэлхийн 3,4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, хамар, баруун хацар, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний доод зовхи, хүзүү, цээж, баруун бугалга, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гарын алга, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, ...мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, ...эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /1хх- ийн 75-р тал/ болох нь нотлогджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан тул шүүгдэгч Г.Тгийн хохирогч Д.О-ийн эрүүл мэндэд халдан биед нь хүндэвтэр гэмтэл учруулж, хүч хэрэглэн хүчиндсэн, хохирогчийг ухаангүй байхад нь тэвэрч авч яван, машинд суулган зуслан руу таньдаг айлуудаар авч явж алахыг завдсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий хүнийг хүчиндсэн” мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ гэмт хэргүүдийн шинжийг тус тусдаа хангасан байна. 

 

Иймд шүүгдэгч Г.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь түүний үйлдэлд тохирно гэж шүүх дүгнэж, шүүгдэгчийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн,  мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хүнийг алахыг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.Т нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 6 жилийн хорих ял,

Эрүүгийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ял нийт 12 жилийн хорих ял оногдуулж нээлтэй дэглэмтэй хорих саналыг гаргасан.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 12-нд шилжих шөнө болсон, тодруулбал хэрэг гарах үед 2015 оны Эрүүгийн хуульд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлт ороогүй байжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлохоор, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр тус тус заасан.

 

Гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулиар шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь ...6 сараас 3 жилийн хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан гэмт хэрэгт 12-20 жил эсхүл бүх насаар нь хорих ялын санкцтай байсан бол 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр буюу одоо мөрдөгдөж байгаа хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг нь 5-12 жил хүртэл хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл ...6 сараас 3 жил хүртэл хорих ял шийтгэхээр заасан байна. 

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн үйлдсэн 3 гэмт хэргийн ангилал өөрчлөгдөөгүй боловч тухайн гэмт хэргүүдэд оногдуулах ял хувьд өөрчлөлт орсон буюу одоо мөрдөгдөж буюу хуулиар хүчиндэх гэмт хэргийн хувьд хорих ялын дээд доод хэмжээ нэмэгдэж хүндэрсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн хувьд торгох ял сонгох санкцаар нэмэгдэж хөнгөрчээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Г.Тд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн гомдолтой гэсэн зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Г.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 6 жилийн хорих ял,

Эрүүгийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 6 жилийн хорих ялд,

Эрүүгийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 5 жил хорих ял,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.Тгийн биечлэн эдлэх хорих ялыг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар тогтоолоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримталж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж, хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч Г.Тгийн эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн А.Алимаа нь шүүгдэгч Г.Тг хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд, хүчиндсэн, хүнийг алах гэмт хэрэгт гэм буруугүй гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Т нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байх тул иргэдийн төлөөлөгч ямар нотлох баримтыг үндэслэн гэм буруугүй гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа нь тодорхойгүй тул гэм буруугүй гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

 

Хохирогч Д.О- нь  нийт 9.919.202 төгрөг хохиролд тооцож нэхэмжилснээс хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан 6.786.184 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн ба мөрдөн шалгах болон хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Г.Т нь гэм хорын хохирлын 1.000.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан гэснийг хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт үгүйсгээгүй болно.

Иймд шүүгдэгч Г.Тгээс 5.786.184 төгрөгийг гаргуулж хохирогч Д.О-т олгох нь зүйтэй байна

 

Хохирогч Д.О-ээс гаргасан нэхэмжлэлээс үлдэх шаардлагад хамаарах нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж, энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаар өмгөөлөгч мэдүүлж байх тул мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт байх тул хэргийн хамт хадгалахаар,

“Med trauma” эмнэлгийн компьютер томографын шинжилгээний зураг 2 ширхэг, 1 ширхэг СиДи, дүгнэлт 1 хуудас, Гранд мед эмнэлгийн томографын шинжилгээний зураг 12 ширхэг, 2 ширхэг СиДи зэргийг хохирогч Д.О-т буцаан олгож шийдвэрлэлээ.

 

 

Шүүгдэгч Г.Т нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар //1хх-163/ тогтоогдсон байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг 36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Г.Т-г Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

- Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн,

- Хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Ж.Г.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т зааснаар 5 /тав/ жил хорих ял

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 6 /зургаа/ жил хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1/нэг/ жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тд эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Г.Тгээс 5.786.184 /таван сая долоон зуун наян зургаан мянга нэг зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.О-т олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.О- нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт байх тул хэргийн хамт хадгалахаар,

Med trauma эмнэлгийн компьютер томографын шинжилгээний зураг 2 ширхэг, 1 ширхэг СиДи, дүгнэлт 1 хуудас, Гранд мед эмнэлгийн томографын шинжилгээний зураг 12 ширхэг, 2 ширхэг СиДи зэргийг хохирогч Д.О-т буцаан олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Г.Тд урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай..

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ

 

                     ШҮҮГЧИД                                       Б.БАТБОЛОР

 

    Х.ОДБАЯР