Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2019/ДШМ/873

 

Г.Тд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Оюунгэрэл,

яллагдагч Г.Т, түүний өмгөөлөгч Г.Ганболд,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 1150 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Очбадарын бичсэн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 31 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Г.Тд холбогдох 1810014500559 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн Г.Т, 1985 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний орчуулагч, багш мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн Ардчилсан залуучуудын холбооны дэд дарга ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 50 мянгатын 13-12 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

Г.Т нь 2018 оны 6 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю Скай” хотхоны 44в байрны 10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий Д.Оийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2018 оны 6 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю Скай” хотхоны 44в байрны 10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий Д.Оийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Яллагдагч Г.Тд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзлээ. Учир нь, 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 303 тоот захирамжид дурдсан ажиллагаануудыг хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул дахин хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно. Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх буюу дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хязгаарласан гэсэн нь үндэслэлтэй байна. Иймд өмгөөлөгч Д.Батбаярын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14, 6.15-д заасан мөрдөн шалгах ажиллагааг нэмж явуулах хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй. ...” гэсэн үндэслэлээр яллагдагч Г.Тд холбогдох 1810014500559 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор Б.Очбадар бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. 1. Анхан шатны шүүхийн 1150 дугаартай шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, талуудаас гаргасан хүсэлт, тайлбарт дүгнэлт өгөөгүй, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 303 дугаар захирамжид дурдсан ямар ажиллагааг хийгээгүй талаар тодорхой заагаагүй байна.

2. Анхан шатны шүүхийн 303 дугаартай шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүрэн хийж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Яллагдагч Г.Т нь 2018 оны 6 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блю скай” хотхоны 44в байрны 10 тоотод байх гэр бүлийн хамаарал бүхий Д.Оийнд ирэхэд тэрээр үл таних эрэгтэй хүнтэй хамт байсанд хардан уурсаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн , зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан. Мөн өдөр гэр бүлийн хамаарал бүхий Д.Оийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр хүчиндсэн үйлдэлд хохирогч Д.Оийг санаатай алах гэмт хэргийн шинжгүй болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, камерийн бичлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

З. Хохирогч Д.Оийн өмгөөлөгч Д.Батбаяраас дүүргийн ерөнхий прокурорт хандан гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэн, түүнд 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр утсаар мэдэгдсэн боловч гомдлын хариуг биеэр ирж аваагүй тул Г.Тд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өмгөөлөгч Д.Батбаярын эрхийг хязгаарласан бус өөрөө гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй /урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа/ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 1150 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт бичгийн нотлох баримтууд хангалттай авагдсан. Прокуророос зүйлчилсэн зүйлчлэлд хамаарал бүхий, нотлогдвол зохих бүх ажиллагаануудыг хийсэн гэж дүгнэхээр нотлох баримтууд хэрэгт авагдсан. Яллагдагчийн өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорт удаа дараа хүсэлтүүд гаргасан хүсэлтийг нь тухай бүр, цаг хугацаанд нь шийдвэрлэж, хариуг өгч, мэдэгдэх хуудсаар тайлбарлаж, тогтоолд дурдаж байсан. Мөн Улсын Ерөнхий Прокурорын газраас хэргийг хянаж хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд хэргийг шийдвэрлэхэд эргэлзээгүй бөгөөд прокуророос гаргасан шийдвэрийн дагуу хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэл бүхий байна гэж дүгнэсэн. Шүүгчийн захирамжид өмнөх захирамжид дурдаж буцаасан ажиллагааг хийгээгүй, өмгөөлөгчийн эрхийг хангаагүй гэх үндэслэлээр хэргийг буцаасан. Урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргасан талуудын хүсэлт, прокурорын тайлбар, дүгнэлтэд шүүх дүгнэлт хийгээгүй. Энэ талаар тайлбарлаж захирамжид дурдаагүй. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 303 дугаар захирамжид дурдсан ямар заалт хэрэгжээгүй талаар тодорхой тусгаагүй. Хэрэг прокурорт буцсанаас хойш хийгдсэн ажиллагаануудыг яагаад үгүйсгэж байгаа тодорхой заагаагүй учраас шүүгчийн захирамжийг тодорхойгүй гарсан гэж үзсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл, бусад нотлох баримтуудаас харахад прокуророос шийдвэр гарсан тухай өмгөөлөгчид мэдэгдсэн, утсаар ярьсан. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой дурдсан. Гагцхүү өөрөө ирж аваагүй, дараагийн шатанд өөрийнхөө эрхийг хэрэгжүүлэх талаар анхаараагүй. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн удаа дараагийн шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдийг шүүх хуралдаанаар хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгч, шүүхээс шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзээд дээд шатны прокуророос эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Г.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангасан бөгөөд Ерөнхий шүүгчид хандахад “та шүүхийн хэлэлцүүлэгт 12 төрлийн зүйл гаргаж байгаа бол мөрдөн байцаалтад хэрэг буцаж очсоны дараагаар хүсэлтүүдээ гаргаж өгч асуудлаа шийдвэрлүүлээрэй” гэсэн. Миний хүсэлтийг хангасан асуудал байхгүй. Прокурор томилолтоор оролцож байгаа учраас хэргийн бодит байдлыг үнэн бодитоор үнэлэхгүй байна. Би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтүүдийг гаргасан боловч тухайн хүсэлтүүд хангагдаж биелэгдээгүй. Хоёр удаагийн шүүх хуралдаан болсон ба Ерөнхий шүүгч И.Ганбатын даргалсан хоёр дахь удаагийн шүүх хуралдаан дээр дүгнэгдсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид миний гаргасан хүсэлтүүдийг оруулахаар нэмэлт өөрчлөлт оруулан хангаж өгнө үү. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан нь үндэслэлтэй. Миний хүсэлтүүдийг мөрдөн байцаагч болон прокурор хязгаарлан шийдвэрлэхгүй байна. Хэргийн бодит үнэн тогтоогдохгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүндэвтэр гэмтэл нь тогтоогдоогүй. “Мед травма” эмнэлгийн толгойн болон хэвлийн хөндийн компьютер томография шинжилгээнүүдийг “Гранд Мед” эмнэлгийн эмч, доктор Оюунбаясгалан, Насанбаяр нарын хийсэн бүтэн нурууны MRI шинжилгээ, хохирогчийн Сөүлийн Үндэсний Их сургуулийн Олон улсын эмчилгээний төвийн мэдрэлийн тасгийн эмч доктор Ян Сэ Кимийн MRI шинжилгээний дүгнэлтээр Л3, Л4 нугламуудад учирсан гэмтлийн талаар огт дурдаагүй. Нурууны хугарал, шөрмөс, үе мөчний холбоосны урагдал, тасралтын гэмтэлгүй байна гэж тодорхойлсон ба осол байж болзошгүй гэжээ. Урьд хийсэн 2 шинжилгээ нь хоорондоо зөрүүтэй байгаа учраас эдгээр зөрүүтэй дүгнэлтүүд дээр дахин шинжээч томилох хүсэлт гаргасныг хүлээж аваагүй. Үүнийг шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулан хийлгэхээр зааж өгнө үү. Гоодойн аманд байсан айлд хохирогч 2 цагдаагийн ажилтан, хэн нь мэдэгдэхгүй хүмүүсийг авч ирж, өөрөө дайран орж, орны даавууг биедээ хийж, авч гарсан ба энэ талаар хавтас хэрэгт байхгүй. Харин тухайн айлын мэдүүлэг дээр байгаа учраас энэ талаар шүүх хуралдаан дээр ямар учиртайг асуухад, Алтанцэцэг прокурор энэ талаар мэдэхгүй байсан ба ийм зүйл болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Г.Тгийн дүүгийн ээжийн гэрт очсон асуудал юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад огт тогтоогоогүй. Хэрвээ хүндрүүлэх шинжтэй гэж үзэх гэж байгаа бол мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоох ёстой байсан ба энэ ажиллагаа хийгдээгүй. Хүндэвтэр гэмтэл учирсан байж болзошгүй гэж төсөөлж үзвэл Амарзаяа, Т нар хохирогчийн гэрт хардалтын байдалтайгаар зодолдож, түүнийг хохирогч зогсоох зорилготойгоор салгаж байхдаа тэдний гарт цохигдож байсан асуудал хавтас хэргээс харагддаг. Амарзаяагийн асуудалд Т гомдол гаргасныг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Анхан шатны шүүх шүүгчийн захирамжаар Г.Тд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эрдэмболор, Энхцолмон, Ц.Бадрал нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан. “Гранд мед” эмнэлгийн эмч Оюунбаясгалангийн MRI дүгнэлтийг ишлэл болгон хийсэн ба гэмтэл байхгүй гэсэн байдаг. Гэтэл хавтас хэрэгт Оюунбаясгалангийн MRI дүгнэлт байхгүй байхад эдгээр баримтыг хаанаас олж хийсэн тодорхойгүй байна. Ахлах мөрдөн байцаагч эдгээр шинжилгээний дүгнэлт бусад баримтуудыг хадгалж, хавтас хэрэгт байх ёстой байтал хохирогчид буцааж өгсөн. Үүнд хөндлөнгийн нөлөөл орж, засварлах, устсан байх магадлалтай ба хохирогчид илүү үйлчлээд байгаа асуудал харагддаг. ...” гэв.

Яллагдагч Г.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед бид хоёр бэлгийн харьцаанд ороогүй. Д.Оийн сарын тэмдэг нь ирсэн байсан. Үүнийг тухайн үед хамт байсан хүмүүс гэрчилнэ. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр эр бэлгийн эс илрээгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:                     

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

            Г.Тд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 1150 дугаартай шүүгчийн захирамж нь хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзэв.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Г.Тд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоогоогүй байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 303 дугаартай шүүгчийн захирамжид дурдагдсан бүхий л үндэслэлээр хэргийг шалгах нь зүйтэй байна. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заажээ.

            Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааны цогц утгаар илэрхийлэгддэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг гагцхүү хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотолдоггүй бөгөөд шүүх хуралдааны явцад уг байдлыг нотлодог юм.

            Ингэхдээ шүүхээс шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодиттой шинжлэн судлаж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хооронд нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг.

            Дээрх байдлыг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодиттой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

            Яллагдагч Г.Тд холбогдох хэргийн талаар шүүхээс бүрэн, бодиттой дүгнэлт хийх боломжгүй бөгөөд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

            Дээд шатны прокурорын эсэргүүцэлд “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 303 дугаар захирамжид дурдсан ямарч ажиллагааг хийгээгүй талаар тодорхой заагаагүй байна. ...” гэж байгааг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

            Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 303 дугаартай шүүгчийн захирамжийн заалтыг хуульд заасан журмын дагуу хийгээгүй нь дахин хэргийг шүүхэд ирүүлж байгаа нь эрх бүхий албан тушаалтны ажлын хариуцлагагүй байдалтай холбоотой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасныг прокурор цаашид анхаарвал зохино.

            Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэхээс гадна, дараах зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэмж хийх шаардлагатай.

            Яллагдагч Г.Тгийн хохирогчид халдсан, эд хөрөнгийг устгаж гэмтээсэн байж болзошгүй нөхцөл байдлыг шалгахдаа Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор Яллагдагчид холбогдох хэрэгт нэмэлт өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг буруу зүйлчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнээс гадна эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолын “ТОГТООХ” хэсэгт өөрчлөлт оруулалгүй, “Тодорхойлох” өөрчлөлт оруулсан нь ойлгомжгүй байна.

            Түүнчлэн хохирогч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэд хэдэн хүнээс тусламж гуйсан талаар мэдүүлгийг өгчээ.

            Яллагдагч Г.Тгийн үйлдэлд хохирогчийг хүүхдийнх нь хамт гэрээс нь авч гарч, хэд хэдэн газар луу хүч хэрэглэн авч явах үед хохирогчид тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй этгээдүүд байгаа эсэхийг шалгах нь зүйтэй.

            Уг ажиллагааг хийж гүйцэтгэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцэх юм.

            Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 1150 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Очбадарын бичсэн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 31 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОЧ

                                    ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-Э