Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 00408

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2017/00408

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, амины орон сууц, 3 тоотод байрлах “Бодь Тэнгэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба

Хариуцагч Далай ван аудит ХХК-д холбогдох “Үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Бодь Тэнгэр” ХХК-ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 551 дугаар шийдвэрээр Бодь тэнгэр ХХК-иас 395.604,885 төгрөг гаргуулж, МТЛЦ ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Бодь тэнгэр ХХК-иас 200.000.000 төгрөгийг төлж барагдуулаад байна. Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Бодь тэнгэр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаагийн хаягаар шуудан явуулсан байх бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 14-ний өглөө 09 цагт Монгол шуудан, Улаанбаатар хотын 20 дугаар салбарт иржээ, уг ирсэн шууданг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өглөө 09 цаг 10 минутанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дугтуйтай шууданг хүлээн авсан болно. Уг шууданг задлан үзэхэд Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанаас Бодь тэнгэр ХХК-ийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум, Говил баг хуучнаар материал хангамжийн баазын хашаанд байрлах, ажлын байр, агуулга бүхий 7082,4 м2 талбайтай объект, газрын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу Далай ван аудит ХХК-ийн Орхон аймаг дахь салбарыг шинжээчээр томилон үнэлгээ хийлгэхэд 2.740.169.800 төгрөгөөр үнэлсэн байна гэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэх хуудас эх хувиар, үнэлгээний тайлан хуулбарласан хувиар хийсэн байсан. Уг шуудангаар 2016 оны 5 дугаар сар 16-ны өдөр Бодь тэнгэр ХХК-ийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум, Говил баг хуучнаар материал хангамжийн баазын хашаанд байрлах, ажлын байр, агуулга бүхий 7082,4 м2 талбайтай объект, газрын хамт 2.740.169.800 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдлээ. “Бодь тэнгэр” ХХК-ийн зүгээс уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй бөгөөд Орхон аймаг Баян-Өндөр сум, Говил баг хуучнаар материал хангамжийн баазын хашаанд байрлах, ажлын байр, агуулга бүхий 7082,4 м2 талбайтай объект, газрын хамт 2.740.169.800 төгрөгнөөс өндөр зах зээл үнэлгээтэй байхад зах зээлийн үнэлгээнээс хямд үнэлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Төлбөр төлөгч Бодь тэнгэр ХХК-ийн зүгээс үнэлгээний тайлан, түүний үнэлгээтэй 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шуудан хүлээн авч танилцсан, мөн үнэлгээг хийлгэхэд байлцаагүй тул мэдсэн өдрөөсөө хойш долоо хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Иймд “Бодь тэнгэр” ХХК-ийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум, Говил баг хуучнаар материал хангамжийн баазын хашаанд байрлах, ажлын байр, агуулга бүхий 7082,4 м2 талбайтай объект, газрын хамт 2.740.169.800 төгрөгөөр үнэлсэн 2016 оны 04 дүгээр сарын 30- ны өдрийн Далай ван аудит ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 551 дугаартай шийдвэрвээр “Бодьтэнгэр” ХХК-иас 397688,9 мянган төгрөг гаргуулж “МТЛЦ” олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч дээрх төлбөрөөс 2013 онд 200000,0 мянган төгрөг төлж гүйцэтгэх баримт бичиг нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас тус албанд шилжиж ирсэн бөгөөд Бодьтэнгэр ХХК-ий өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг хуучнаар материал хангамжийн баазын хашаанд байрлах ажлын байр, агуулахын зориулалттай обьектыг битүүмжлэх, хураах, үнийн санал авах, шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагаануудыг явуулсан. Шинжээчээр “Далай ван аудит” ХХК-ийг томилж үнэлгээ хийлгэсэн ба 2740169,8 мянган төгрөгөөр үнэлсэн. Тус алба мэргэжлийн шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд үнэлгээндхөндлөнгөөс оролцох боломжгүй тул төлбөр төлөгчийн гаргасан гомдлын шаардлагыг манай алба хариуцахгүй болно. Энэ асуудлаар төлбөр төлөгч нь 2016 оны 06 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хурлыг удаа дараа хойшлуулж, шүүх хурлын товын талаар мэдэгдсээр байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралд ирээгүйн улмаас нэхэмжлэлийг нэхэмжлэгчид буцааж шийдвэрлэж байсан билээ. Төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зориуд удаашруулах, хугацаа сунгах зорилготой тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэр гүйцэтгэх плагааг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Далай ван аудит” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас ирүүлсэн 2016 оны 03 сарын 01 -ны өдрийн 16/57/01 тоот шинжээч томилсон тогтоолын дагуу Орхон аймгийн Говил багт байрлах хуучнаар материал хангамжийн баазын объектын хөрөнгүүдийг үнэлсэн болно.

Үүнтэй холбоотой “Бодь тэнгэр” ХХК-ийн зүгээс гомдол гарган шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлдээ хөрөнгийг зах зээлинн үнэлгээнээс хямд үнэлсэн, үнэлгээ хийх ажиллагаа хууль зөрчиж нэхэмжлэгч талаас үнийн санал авсан учир үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.  Үнэлгээ нь ҮОУС-ын дагуу зохих заавар журамд заагдсан норм нормативыг баримталж хийгдсэн төдийгүй бид үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн заалтын дагуу хийж байгаа тул шинжээч томилсон тогтоолын дагуу хөрөнгийг үнэлсэн болно. Уг объектын  гол гол барилгууд нь ашиглалтгүй удсан дахин ашиглахын тулд шинээр н босгохоос биш засварлагдаж ашиглах боломжгүй болсон ч манай үнэлсэн үнэлгээ нь орон нутгийн зах зээлийн үнэлгээнээс өндөр байх тул бид үнэлгээг зах зээлээс хямд үнэлсэн гэж үзэхгүй байна.

Бидний зүгээс үнэлгээг хийхдээ үнэлэгдэх хөрөнгийн мэдээллийг хангалтгай олж . үнэлсэн дээр зохих заавар журмын дагуу хийхээс биш 2 талаас унийн саналыг авч аль нэг талыг барьж үнэлгээг хийснээр хараат бус байдал алдагдах болно.

Шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгож дахин үнэлгээ хийлгэх боломжтой болохоос үнэлгээний зөв бурууг мэргэжлийн зөвлөлөөр тогтоогоогүй байхад хүчингүй болгох нь зүйд нийцэхгүй юм. ШШГА-аас ирүүлсэн шинжээч томилсон тогтоолын дагуу үнэлгээг хийхэд шүүхийн гүйцэтгэлийн тухай хуулийн 37,3 заалтын дагуу гомдол гаргах эрхтэй боловч гомдол гаргах зорилго нь хугацаа хожих, шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааг удаашируулах зорилготой байна. Шийдвэр гүйцэтгэлийн үил ажиллагааг хурдан хугацаанд үргэлжлүүлэхийн тулд томилсон тогтоолыг хүчингүй болгож дахин шинжээч томилох байдлаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Бодь тэнгэр” ХХК нь Орхон аймгийн шийдвэр гүйцэтгэх алба болон “Далай ван аудит” ХХК-нд холбогдуулан “Үнэлгээ хүчингүй болгуулах”тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 551 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Бодь Тэнгэр” ХХК-иас 395.604,885 төгрөг гаргуулж, “МТЛЦ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд “Бодь Тэнгэр” ХХК дээрх төлбөрөөс 200.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

            Ингээд Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанаас “Бодь Тэнгэр” ХХК-ийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум, Говил баг хуучнаар материал хангамжийн баазын хашаанд байрлах, ажлын байр, агуулга бүхий 7082,4 м2 талбайтай объект, газрын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу “Далай ван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарыг шинжээчээр томилон үнэлгээ хийлгэхэд 2.740.169.800 төгрөгөөр үнэлжээ.

            Хариуцагч нь дээрх үнэлгээний талаарх албан бичгийг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Бодь Тэнгэр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаагийн хаягаар шуудангаар явуулсан байна.

Нэхэмжлэгч нь энэ талаар :  “ Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэх хуудас, үнэлгээний тайлангийн хуулбар бүхий дээрх  хийсэн  шууданг 2016 оны 05 дугаар сарын 14-ний өглөө 09 цагт Монгол шуудан, Улаанбаатар хотын 20 дугаар салбарт ирсэн,уг ирсэн шууданг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өглөө 09 цаг 10 минутанд  хүлээн авсан  бөгөөд Орхон аймаг Баян-Өндөр сум, Говил баг хуучнаар материал хангамжийн баазын хашаанд байрлах, ажлын байр, агуулга бүхий 7082,4 м2 талбайтай объект, газрын хамт 2.740.169.800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээтэй 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шуудан хүлээн авч танилцсан. Дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, мөн үнэлгээг хийлгэхэд байлцаагүй тул мэдсэн өдрөөсөө хойш долоо хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарлаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ, 37.2.2.төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгө гэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд шинжээчийн саналыг үндэслэн тогтооно. Шинжээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж тус тус заажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шинжээч томилохоос өмнө талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авсан. Тэдний эрхийг хангаж ажилласан байна.

Өөрөө хэлбэр төлбөр авагч 181,131,177 төгрөг гэж  үнэлсэн, төлбөр төлөгч 3 тэр бум төгрөг гэж тус тус санал гаргасан бөгөөд талууд үний талаар тохиролцоогүй тул Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба 2016 оны 03 сарын 01 -ны өдрийн 16/57/01 тоот тогтоолоор шинжээч томилж үнэлгээ гаргуулсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэсгүй байна.

Тухайн үед үл хөдлөх хөрөнгө ямар үнэ ханштай байсныг, жишиг болгохуйц зах зээлийн үнэ, ханшийг тодорхойлох нотлох баримт хэрэгт авагдаагүй тул Далай ван аудит ХХК-ийн үнэлгээг үндэслэлгүй гаргасан гэж дүгнэх боломжгүй байна. Үнэлгээ хийх аргачилалын хүрээнд зах зээлийн үнэлгээнд суурьлан, хөрөнгийн элэгдэлийн тооцоо, байршил зэрэг олон үзүүлэлтийг харж үнэлгээг гаргасан гэсэн хариуцагчийн тайлбарыг шүүх үгүйсгэх боломжгүй байх тул “Бодь Тэнгэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Далай ван Аудит ХХК-д холбогдох 2016 оны 04 дугаар сарын 30-ны өдрийн 2,740,169,800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар 37.3-д заасныг баримтлан “Бодь Тэнгэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Далай ван Аудит ХХК-д холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Бодь Тэнгэр ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БЯМБАСҮРЭН