Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01329

 

М.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00580 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1036 дугаар магадлалтай

М.Бын нэхэмжлэлтэй

“М” ХХК-д холбогдох

Даатгалын нөхөн төлбөрт 44 325 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал, Э.Оюунсайхан нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түшинбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал, Э.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б миний бие “М” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр №1706004530013 дугаартай, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж өөрийн өмчлөлийн Toyota Land cruiser 200 маркийн JTMHV05J104225915 арлын дугаар бүхий 2017 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг даатгуулсан. Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 06 цаг 10 минутын үед Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багийн нутаг Шилийн богд хайрханы хойд талын шороон замд Toyota Land cruiser 200 маркийн 22-55 БУЛ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа замын голын шанд байсан чулуу мөргөж зам тээврийн осол гарсан. Уг ослын улмаас миний өмчлөлийн автомашинд гэмтэл учирч өөрөө явах боломжгүй болж Улаанбаатар хот руу автомашинаар чирүүлж авч ирсэн бөгөөд “М” ХХК-д хандаж тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг тогтоолгож, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нөхөн төлбөр олгох хүсэлтийг гаргасан. “М” ХХК-ийн зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17/754 дугаартай албан бичгээр №1706004530013 дугаартай, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4.9, Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2 дахь заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандсан боловч 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 9/95 дугаартай албан бичгээр миний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Дээрх шийдвэрүүдийг илт үндэслэлгүй гэж үзэн шүүхэд хандаж байна. Миний бие гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “М” ХХК-д урьдчилгаа төлбөр 550 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 225 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 225 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2 025 000 төгрөгийг тус тус төлсөн. Гэрээнд заасан төлбөрийн хуваарийн дагуу 4 сарын төлбөрийг төлсөн гэж үзэхээр байна. “М” ХХК намайг урьдчилгаа төлбөрт 2 750 00 төгрөг төлсөн гэсэн гэрээг шүүхэд өгч байгааг ойлгохгүй байна. Иймд 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр №1706004530013 дугаартай, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу даатгалын хохиролд 44 325 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тээврийн хэрэгслийн даатгалын №1706004530013 дугаартай гэрээний даатгуулагч М.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багийн нутаг Шилийн богд хайрханы хойд талын шороон замд 2255УБЛ улсын дугаартай Toyota Land cruiser 200 маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ чулуу мөргөсөнд нөхөн төлбөр олгуулах тухай хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр гаргасан. “М” ХХК нь иргэн М.Бтой 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгал, жолоочийн хариуцлагын албан журмын багц даатгалын гэрээг нэг жилийн хугацаатайгаар байгуулж даатгуулагч нь 2 750 000 төгрөгийн даатгалын хураамж төлөхөөр тохиролцож, гэрээ хийх үедээ 275 000 төгрөгийн урьдчилгаа төлж, үлдсэн 2 475 000 төгрөгийг 11 хувааж 225 000 төгрөгөөр сар бүрийн 25-ны өдөр төлж байхаар тохиролцсон. Даатгуулагч энэ төлбөрөө өөрийн Голомт банкны 1505118543 тоот данснаасаа “М” ХХК-ийн Голомт банк дахь 8125001704 тоот данс руу шилжүүлж байх, даатгагч төлбөрийг хүлээж авахаар тохиролцож захиалгат шилжүүлгийн гүйлгээ үйлчилгээг авсан. Үүний дагуу даатгуулагч нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 225 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 225 000 төгрөгийг тус тус төлсөн боловч 2017 оны 9,10 дугаар саруудын хураамжаа төлөөгүй байж байгаад 71 хоногийн дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр даатгалын тохиолдол гаргасан байсан. М.Б нь Даатгалын гэрээний дагуу даатгалын хураамжийг хуваарийн дагуу төлөөгүй тул хуанлийн 30 хоногоос хойш гарсан хохиролд даатгагч хариуцлага хүлээхгүй, мөн даатгалын тухай хууль болон гэрээнд заасны дагуу учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт материалыг бүрдүүлж өгөөгүй. Иймд №1706004530013 дугаартай, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4.9, Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2 дахь заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00580 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-т заасныг баримтлан “М” ХХК-иас 44 325 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379 576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1036 дугаар магадлалаар:  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00580 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 44 325 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Бод олгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 379 576 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Бод олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаярын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379 580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчид хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэхдээ даатгалын харилцааг тусгайлан зохицуулсан Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль тогтоомжийг хэрэглээгүй бөгөөд нэхэмжлэгчид хуульд заасан шаардлагаас доогуур шаардлагыг тавьж, давуу эрх олгосон тухайд:

Тус магадлалын хянавал хэсэгт “Нэхэмжлэгч Баярцогт нь 2017 оны 11 сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1-р багийн нутаг Шилийн богд хайрханы хойд талын шороон замд Тоёото ланд круйзер 200 маркийн 22-55 БУЛ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа зам тээрийн осол гарган, уг автомашинд гэмтэл учирсан үйл баримт тогтоогджээ. Иймд дээрх “Мөнх хада” ХХК-ийн үнэлгээний баримтыг үндэслэн даатгалын нөхөн төлбөрт 44 325 200 төгрөгийг хариуцагч “М” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч М.Бод олгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.” гэжээ. Гэтэл Мөнх Хада засварын төв нь хохирлын үнэлгээ хийдэг эрх бүхий этгээд биш.

Даатгалын тухай хуулийн 8.1-д “Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ хуулийн 8.4-т заасан баримтыг үндэслэн даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгоно.” гэж заасан.

...Хэрэв нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлтийг ирүүлээгүй бол нөхөн төлбөр олгохгүй тухай гэрээний 2.2-т “дараах тохиолдлууд нь даатгалын эрсдэлд хамаарахгүй бөгөөд даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол гэж үзнэ. Үүнд 2.2.3.6-д даатгуулагч учирсан хохирлыг нотлох баримт, дүгнэлт, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай гэрээнд заасан баримт бичиг, мэдээ мэдээллийг, даатгагчид бүрэн гүйцэд өгөөгүй тохиолдолд” гэж заасан байдаг.

...Гэтэл тус магадлалд хохирол үнэлэгч биш этгээд болох Мөнх хада ХХК-иар автомашинд учирсан эвдрэл гэмтлийн талаар оношлогоо хийлгэсэн болох нь хэргийн 36-38-р талд авагдсан Мөнх хада ХХК-ийн оношлогооны хуудас, үнийн санал зэрэг баримтаар тогтоогдож байна гэсэн. М.Б нь 2017оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багийн нутаг Шилийн богд хайрханы хойд талын шороон замд 22-55УБЛ улсын дугаартай Тоёота Ланд крузер 200 маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ чулуу мөргөсөн гэх бөгөөд мөргөсний улмаас автомашины юу юу нь эвдэрсэн яаж хонхойж, хагарч цуурсан, юуг засах боломжтой, юуг нь солих байсан бэ, юу нь тухайн осолд хамааралгүй эвдрэл гэмтэл байсан бэ гэдгийг тогтоож оношлосон зүйл байхгүй. Нэхэмжлэгчээс гарган өгсөн засварын баримтуудад энэ талаар дурдсан зүйл байхгүй бөгөөд эд ангийн үнийн санал гэх зүйлээр нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож, шүүхээс тусгайлан зохицуулсан хууль, гэрээний заалтыг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

Нэхэмжлэгч нь Даатгалын тухай хууль, Даатгалын гэрээнд заасны дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай эрх бүхий хохирол үнэлэгчийн тайлан, дүгнэлтийг хийлгээгүй, ирүүлээгүй байхад Давж заалдах шатны шүүх яагаад Даатгалын харилцааг тусгайлан, тодорхой зохицуулсан Даатгалын тухай хууль, даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, даатгалын гэрээний дээрх нөхцөлүүдийг үл тоож, хуульд заасан шаардлагыг хангаагүй этгээдийн үнийн саналаар нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож байгаа тухайгаа хуульд заасан үндэслэлтэйгээр тодорхой тусгаагүй байна. Давж заалдах шатны шүүх "хариуцагчийн тайлбар үндэслэлгүй” байна гэдгийг юуг үндэслэж тогтоогоод байгааг олж харахгүй байна. Үндэслэлгүй байхын тулд үндэслэлгүй байх тухай хуульд заасан урьдач нөхцөл, хэм хэмжээ байх ёстой. Гэтэл хариуцагч нь Даатгалын тухай хуулийн 8.1, 8.4, даатгалын гэрээний 7.1.4, 2.2.3.6-д заасан шаардлагыг тавьж тайлбар гаргасан байхад үүнийг давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж байгаа бол ямар үндэслэлээр үндэслэлгүй болж байгааг тайлбарлах ёстой. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж зөв хэрэглэх ёстой. Гэвч маргалдагч талуудын хоорондын харилцааг тусгайлан зохицуулсан гэрээ, Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль байсаар байтал тэдгээр хуулийг хэрэглээгүй буюу шүүх өөрөө хэм хэмжээ тогтоож хууль хэрэглээний маш том алдаа гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй тухайд:

Магадлалын хянавал хэсэгт “Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Б.Баярцогтыг даатгалын урьдчилгаанд 2017 оны 6 сарын 29-ний өдөр 550,000 төгрөг 2017 оны 7 сарын 25-ны өдөр 225,000, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 225,000 төгрөг төлсөн дараагийн хураамж төлөх хүртэл даатгалын хураамжид нийт 1,100,000 төгрөгийг бүрэн төлсөн гэж үзэх үндэстэй байна.” гэжээ.

Даатгалын хураамжаа гэрээнд заасан хугацаанд төлөх Даатгуулагчийн үүрэг, төлөхгүй ямар үр дагавар үүсч болохыг дараах хэм хэмжээ, гэрээний нөхцөлөөр зохицуулсан байна. Иргэний хуулийн 431.1 .., 437.2 ..., Даатгалын тухай хуулийн 10.1.4 .., 1706004530013 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний даатгагчийн эрх үүрэг хэсгийн 4.9, ...

Талуудаас аль алинаас нь гаргаж өгсөн гэрээний урьдчилгаа төлбөрийн хэсэг, сар бүр төлөх дүн мэдээллийн талаарх хэсэг зөрүүтэй байсан. Гэхдээ энэ нь зөвхөн нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлагдах учиргүй. Учир нь аль аль гэрээнд талууд гарын үсэг зурсан байсан. Даатгалын хураамж төлөх хуваарийг гэрээнд тодорхой тусгаагүй ч гэрээний хавсралтаар захиалгат шилжүүлэг үйлчилгээнд бүртгүүлэх хүсэлт (ХХ-27)-ийг талууд үйлдэж, үүний дагуу Голомт банк төлбөр тооцоог гүйцэтгэсэн байдаг. Үүгээр 2017/07/25-2018/05/28-ны өдөр хүртэлх хугацаанд М.Бын 1505118543 тоот данснаас сар бүрийн 25-ны өдөр 225,000.00 төгрөгийг “М” ХХК-ийн 8125001704 тоот данс руу шилжүүлж байх, үйлчилгээний шимтгэлийг М.Бын 1505118543 тоот данснаас төлж байхаар тохиролцсон. Ийм тохиролцоо бичгэн хэлбэрээр хийгээд, үүний дагуу төлбөр гүйцэтгэгдээд явж байсан байхад шүүх тодорхой тохиролцсон зүйл байхгүй гэж дүгнэж байгааг ойлгохгүй байна.

М.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр чулуу мөргөж, машинаа гэмтээсэн гэж байгаа. Энэ хугацаанд хуваарийн дагуу 1 175 000 төгрөгийн даатгалын хураамжийг төлсөн байх ёстой байсан.

Гэвч тухайн осол гарах үед 725 000 төгрөгийг төлсөн буюу 9, 10 дугаар саруудын төлбөр болох 450 000 төгрөгийг төлөөгүй байх үед нь осол гарсан. Үүнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр (ХХ-27)-д заасан хуваарийн үлдэгдэл буюу 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд ногдох 9 сарын нийт 2 025 000 (225 000*9) төгрөгийг төлсөн нь Иргэний хуулийн 199.3-т “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй.” гэж заасны дагуу (ХХ-27) төлбөрийн хуваариа тохиролцож, нэхэмжлэгч М.Б ч тус хуваарийн дагуу төлбөрийг гүйцэтгэснээр энэхүү төлбөрийн хуваариар тохиролцоо хийгдсэнд тооцогдож байгаа юм.

Төлбөрийн хуваарь болон нэхэмжлэгч М.Боос төлөгдсөн байдал, төлсөн гэж маргаж байгаа байдлыг дараах хүснэгтээр дэлгэрэнгүй харуулав.

Нэхэмжлэгч М.Б нь урьдчилгаанд 550 000 төгрөгийг 2 сарын төлбөр гэж бодож төлсөн гэж маргаж байгаа боловч “М” ХХК-д бодитоор 275 000 төгрөгийг л урьдчилгаанд төлсөн. Нэхэмжлэгч М.Бын тайлбарлаж байгаагаар хэрэв 550 000 төгрөгийг төлсөн буюу 275 000 төгрөгийг илүү төлсөн бол яагаад 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд ногдох 9 сарын нийт 2 025 000 (225 000*9) төгрөгийг төлсөн байх уу? 2017 оны 9 дүгээр сарын төлбөрөө төлсөн бол 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд ногдох 8 сарын төлбөр болох 1 800 000 (225 000*8) төгрөгийг төлөх байсан шүү дээ. Гэвч нэхэмжлэгч М.Б нь урьдчилгаанд 275 000 төгрөгийг л төлсөн болохоор үлдэгдэл 2 025 000 (225 000*9) төгрөгийг төлсөн байгаад байна. Ийнхүү төлөгдсөн байдлаас урьдчилгаанд хэдэн төгрөг бодитоор төлснийг тооцоолох боломжтой байхад шүүх дутуу тооцоо хийсэн. Нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн (ХХ-19)-т даатгалын урьдчилгаа 550 000 төгрөг төлсөн гэх орлогын баримт нь харваас “М” ХХК-ийн нэр байхгүй, санхүүгийн ажилтны гарын үсэг байхгүй, санхүүгийн тамга тэмдэг байхгүй, эх биш, нотариатаар гэрчлүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй бичмэл баримтыг шүүх үнэлж, хариуцагчийг хуульд зааснаар татгалзлаа нотолж чадаагүй учраас тус баримтаар тогтоогдоно гэж дүгнэж байгаа нь илт нэг талыг барьсан. (ХХ-19)-т даатгалын урьдчилгаа 550 000 төгрөг төлсөн гэх орлогын баримт нь манайхаас гаргаж өгсөн гэх нэг ч шинж тэмдэг байхгүй. Энэ талаар анхан шатны шүүхэд тайлбараа өгсөн.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбар, төлбөр төлөлтийн байдлыг тал бүрээс нь тооцож судлаагүй бөгөөд давж заалдах шүүх хуралдааны үед хариуцагч талд анхан шатны шүүхэд гаргаж, маргасан асуудлынхаа талаар мэтгэлцэх боломж өгөөгүй, Туяа шүүгч “Эвлэрэх боломж байхгүй юм уу?” гэж хариуцагчийн төлөөлөгч надаас асуухад намайг хариулахаас өмнө Батзориг шүүгч “Наадуул чинь эвлэрэхгүй л дээ” гэж хариулсан. Мөн нэхэмжлэгч М.Б хэрэгт хамааралтай хамааралгүй хавтаст хэрэгт байхгүй зүйлийн талаар ярихад нь ч яриулж байсан атлаа хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг гүйцэд сонсохгүй яриа таслах гэх мэтээр шүүх хуралдааны үед хэт нэг талыг барьсан субъектив хандлагуудыг гаргасанд гомдолтой байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1036 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.Б нь “М” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 44 325 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, даатгуулагч гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр нөхөн төлбөр олгогдохгүй гэж маргажээ.

Талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр №1706004530013 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр даатгуулагч М.Б нь Тоёото Ланд Крузер маркийн автомашиныг нэг жилийн хугацаатай 200 000 000 төгрөгөөр даатгуулж, даатгалын төлбөрт 2 657 336 төгрөгийг хуваарийн дагуу хувааж төлөхөөр, даатгагч “М” ХХК нь даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хуулийн дагуу гэрээгээр тохиролцсон хэмжээгээр зохих хугацаанд олгохоор тус тус үүрэг хүлээжээ.

Гэрээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна, гэрээний талаар зохигчид маргаагүй талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байна.

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр даатгуулагч осол гаргаж, тээврийн хэрэгсэлд 44 325 200 төгрөгийн хохирол учирсан үндэслэлээр өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардлага гаргажээ.

Хариуцагч “М” ХХК даатгуулагчийг гэрээний дагуу даатгалын төлбөрийг хугацаанд нь төлөлгүй хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

Хэрэгт даатгалын 2 гэрээ авагдсан байгааг хариуцагч үгүйсгээгүй тул нэхэмжлэгчээс гаргасан гэрээг үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Тус гэрээнд зааснаар даатгуулагч нь хураамжийн төлбөрийг гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 550 000 төгрөгийг төлөх, үүнээс хойш сар бүр 200 000 төгрөгийг 11 сарын хугацаанд төлөх үүрэг хүлээсэн боловч 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр урьдчилгаа 550 000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 225 000 төгрөгийг, 08 дугаар сарын 25-ны өдөр 225 000 төгрөгийг тус тус төлсөн, үүнээс хойш хураамж төлөөгүй, осол 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гарсан үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх даатгуулагч нь даатгалын хураамжийг төлөх хуваарийг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримт, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.1.-д “даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй бол даатгагч хураамж төлөх 15 хоногийн нэмэлт хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацааг дахин хэтрүүлбэл үүсэх үр дагаврыг даатгагч бичгээр мэдэгдэнэ.” гэж заажээ.  

Даатгагч нь 2017 оны 09 дүгээр сарын хураамжаа төлөөгүй талаар хуульд заасан хугацаанд даатгуулагчид мэдэгдсэн, хугацаа тогтоосон тухай баримт хэрэгт авагдаагүй, гэрээний 3.2.3.-т заасан гэрээг цуцлах үр дагаврыг мэдэгдсэн баримтгүй, хураамж төлөөгүй үеэс даатгалын тохиолдол буюу осол болох хүртэлх хугацаанд даатгагч нь гэрээг цуцлаагүй тул гэрээний үүрэг хэн аль талд хэвээр хадгалагдана.

Даатгуулагч даатгалын хураамжийг зохих хэмжээгээр төлсөн, гэрээ цуцлагдаагүй тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-д зааснаар даатгагч даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчид даатгалын тохиолдол учирсан талаар хариуцагч маргаагүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцжээ.

  Хариуцагч нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо “нэхэмжлэгчид учирсан хохирлыг тогтоосон “Мөнх хада” ХХК нь хохирлын үнэлгээ хийдэг эрх бүхий этгээд биш. Шүүх хуульд заасан шаардлагыг хангаагүй этгээдийн үнийн саналыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрсөн, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...” гэжээ.

Нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээний талаар анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад хариуцагч маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн үндэслэлээ баримтаар нотлоогүй, үнэлгээг эрх бүхий байгууллагаар гаргуулах хүсэлт гаргаагүй, энэ талаар мэтгэлцээгүй тул шүүх шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1., 6.6.-д заасан зарчмыг зөрчөөгүй, 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтад нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг ханахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.- д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1036 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал, Э.Оюунсайхан нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 379 580 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                         Х.ЭРДЭНЭСУВД