Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1036

 

 

М.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00580 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М” ХХК-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт 44 325 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б миний бие “М” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр №1706004530013 дугаартай, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж өөрийн өмчлөлийн Toyota Land cruiser 200 маркийн JTMHV05J104225915 арлын дугаар бүхий 2017 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг даатгуулсан. Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 06 цаг 10 минутын үед Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багийн нутаг Шилийн богд хайрханы хойд талын шороон замд Toyota Land cruiser 200 маркийн 22-55 БУЛ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа замын голын шанд байсан чулуу мөргөж зам тээврийн осол гарсан. Уг ослын улмаас миний өмчлөлийн автомашинд гэмтэл учирч өөрөө явах боломжгүй болж Улаанбаатар хот руу автомашинаар чирүүлж авч ирсэн бөгөөд “М” ХХК-д хандаж тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг тогтоолгож, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нөхөн төлбөр олгох хүсэлтийг гаргасан. “М” ХХК-ийн зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17/754 дугаартай албан бичгээр №1706004530013 дугаартай, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4.9, Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2 дахь заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандсан боловч 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 9/95 дугаартай албан бичгээр миний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Дээрх шийдвэрүүдийг илт үндэслэлгүй гэж үзэн шүүхэд хандаж байна. Миний бие гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “М” ХХК-д урьдчилгаа төлбөр 550 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 225 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 225 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2 025 000 төгрөгийг тус тус төлсөн. Гэрээнд заасан төлбөрийн хуваарийн дагуу 4 сарын төлбөрийг төлсөн гэж үзэхээр байна. “М” ХХК намайг урьдчилгаа төлбөрт 2 750 00 төгрөг төлсөн гэсэн гэрээг шүүхэд өгч байгааг ойлгохгүй байна. Иймд 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр №1706004530013 дугаартай, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу даатгалын хохиролд 44 325 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тээврийн хэрэгслийн даатгалын №1706004530013 дугаартай гэрээний даатгуулагч М.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багийн нутаг Шилийн богд хайрханы хойд талын шороон замд 2255УБЛ улсын дугаартай Toyota Land cruiser 200 маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ чулуу мөргөсөнд нөхөн төлбөр олгуулах тухай хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр гаргасан. “М” ХХК нь иргэн М.Б-той 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгал, жолоочийн хариуцлагын албан журмын багц даатгалын гэрээг нэг жилийн хугацаатайгаар байгуулж даатгуулагч нь 2 750 000 төгрөгийн даатгалын хураамж төлөхөөр тохиролцож, гэрээ хийх үедээ 275 000 төгрөгийн урьдчилгаа төлж, үлдсэн 2 475 000 төгрөгийг 11 хувааж 225 000 төгрөгөөр сар бүрийн 25-ны өдөр төлж байхаар тохиролцсон. Даатгуулагч энэ төлбөрөө өөрийн Голомт банкны 1505118543 тоот данснаасаа “М” ХХК-ийн Голомт банк дахь 8125001704 тоот данс руу шилжүүлж байх, даатгагч төлбөрийг хүлээж авахаар тохиролцож захиалгат шилжүүлгийн гүйлгээ үйлчилгээг авсан. Үүний дагуу даатгуулагч нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 225 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 225 000 төгрөгийг тус тус төлсөн боловч 2017 оны 9,10 дугаар саруудын хураамжаа төлөөгүй байж байгаад 71 хоногийн дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр даатгалын тохиолдол гаргасан байсан. М.Б нь Даатгалын гэрээний дагуу даатгалын хураамжийг хуваарийн дагуу төлөөгүй тул хуанлийн 30 хоногоос хойш гарсан хохиролд даатгагч хариуцлага хүлээхгүй, мөн даатгалын тухай хууль болон гэрээнд заасны дагуу учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт материалыг бүрдүүлж өгөөгүй. Иймд №1706004530013 дугаартай, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4.9, Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2 дахь заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-т заасныг баримтлан М ХХК-иас 44 325 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379 576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. ...Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч байгууллагатай байгуулсан гэрээг нотариатаар батлуулсан хуулбар болон эх хувиар гаргаж өгдөг бөгөөд уг гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлон заагаагүй бөгөөд төлбөр төлөх давтамжийг 11 удаа гэж заасан байгааг анхан шатны шүүх үнэлээгүй нь нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлж чадаагүй гэж үзнэ. Уг гэрээний хугацааг талууд 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг дуустал гэж тохиролцсон ба уг хугацаанд төлбөрийг хуваан төлөх тохиролцоо талуудын хооронд үүссэн гэж үзнэ. Хариуцагч байгууллагаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №1706004530013 дугаар гэрээнд балаар засвар орсон тул уг гэрээг үнэн зөв гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс "М" ХХК менежер н.А-д 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №1706004530013 дугаар гэрээний урьдчилгаа төлбөр 550 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн баримтыг гаргаж өгсөн ба тухайн цаг үед санхүүгийн ажилтан амарчихсан байгаа тул санхүүгийн тамгатай баримт өгөх боломжгүй талаар тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан зохигчийн зүгээс гаргаж өгсөн 2017 оны 6 дугаар сарыи 29-ний өдрийн №1706004530013 дугаар гэрээнд төлбөрийг сар бүрийн 25-ны өдөр төлөх талаар тохиролцоо байдаггүй ба анхан шатны шүүх хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн засвартай гэрээг үнэн зөв гэж үзэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэн зөв үнэлж чадаагүй. Нэхэмжлэгчийг "М" ХХК болон Санхүүгийн зохицуулах хороонд хандаж байх үед буюу даатгалын тохиолдол бий болсон цаг хугацаанд М.Б-с даатгалын нөхөн төлбөр авах хүсэлт болон хавсралт баримтын бүрдүүлбэр дутуу талаар талуудын хооронд маргаан байгаагүй ба хариуцагч байгууллагын зүгээс шүүхийн шатанд дээрх үндэслэлийг тавин маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн зүгээс нотлох баримтаар нотлоогүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс даатгалын нөхөн төлбөр хүсэлт болон хавсралт баримтыг "М" ХХК-д гаргаж өгсөн байдаг ба тухайн баримтыг дахин шүүхэд гаргаж өгч нотлох эрх зүйн боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 44 325 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр №1706004530013 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаатай, даатгалын хураамжийн урьдчилгаа төлж, 11 удаагийн давтамжтайгаар сар бүр төлж нийт 2 657 336 төгрөгийг төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн байна.

 

Талуудын хэн аль нь даатгалын гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргасан боловч уг гэрээнүүдэд бичигдсэн бичиглэл зөрүүтэй, урьдчилгаа төлбөрийн талаар болон сар бүр төлөх хураамжийн хэмжээг өөр өөрөөр бичигдсэнээс маргаан үүсчээ.

 

Нэхэмжлэгч М.Б-той хариуцагч байгууллагыг төлөөлж тус компанийн менежер А.А даатгалын гэрээ байгуулсан бөгөөд урьдчилгаанд 550 000 төгрөг төлсөн бэлэн  мөнгөний орлогын баримтыг нэхэмжлэгч тал нотлох баримт болгож гаргасан бол, хариуцагч “М” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр даатгалын гэрээ нэхэмжлэгч М.Б байгуулахдаа урьдчилгаанд 275 000 төгрөг төлсөн нь байгууллагын авлагын дансны хуулгаар нотлогдоно гэж мэтгэлцсэн байна.

 

            Хариуцагч нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “М” ХХК-д нэхэмжлэгч Б.Б-с даатгалын урьдчилгаанд 550 000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримтад зурсан гарын үсэг нь тус компаний менежер А.А-н гарын үсэг биш гэж маргаагүй, уг баримтыг үйлдсэн А.А-г гэрчээр асуулгах хүсэлт гаргаагүй тул даатгалын урьдчилгаанд нэхэмжлэгч Б.Б 550 000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч байгууллага нь татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй болно.

 

            Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Б.Б-ыг даатгалын урьдчилгаанд 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 550 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 225 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 225 000 төгрөг төлсөн, дараагийн хураамж төлөх хүртэл даатгалын хураамжид нийт 1 100 000 төгрөгийг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

           

Нэхэмжлэгч М.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьгана сумын 1 дүгээр багийн нутаг Шилийн богд хайрханы хойд талын шороон замд Тоёота ланд круйзер 200 маркийн 22-55 БУЛ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа зам тээврийн осол гарган, уг автомашинд гэмтэл учирсан үйл баримт тогтоогджээ.    

           

            Дээрх үйл баримттай холбоотойгоор нэхэмжлэгч М.Б хариуцагч “М” ХХК-д хандан 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нөхөн төлбөр олгох тухай хүсэлтийг гаргахад “М” ХХК тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4.9, Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2 дахь заалтын дагуу нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан хариуг өгсөн тул нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад тус хорооноос “М" ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээний 4.9-д заасан үндэслэлээр нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан нь үндэслэлтэй” гэсэн хариуг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 9/95 тоот даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичгээр өгчээ.                                                                                                                             /хх-10-11 дэх тал/

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж “М” ХХК-иас 44 325 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эрэглзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт “даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу нэхэмжлэгч М.Б-ын хувьд даатгалын тохиолдол бий болохоос өмнө 4 сарын даатгалын хураамжийг хэсэгчлэн төлсөн байх ёстой бөгөөд нэхэмжлэгч нь дансаар болон бэлэн мөнгөний орлогын баримтаар 4 сарын даатгалын хураамжийг нэхэмжлэгч М.Б төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу дараагийн төлөлт буюу 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн төлөлт хийхээс өмнө даатгалын тохиолдол бий болсон учраас Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэгч М.Б-д олгох үүрэгтэй байна.

 

Хариуцагч байгууллагын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17/1754 тоот албан бичигт “нэхэмжлэгчийг дутуу материал бүрдүүлсэн” гэж даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаагүй нь нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Мөнх хада” ХХК-иар Тоёота ланд круйзер 200 маркийн автомашинд учирсан эвдрэл гэмтлийн талаар оношлогоо хийлгэсэн болох нь хэргийн 36-38 дугаар талд авагдсан “Мөнх хада” ХХК-ийн оношлогооны хуудас, үнийн санал зэрэг баримтаар тогтоогджээ.

 

Иймд дээрх “Мөнх хада” ХХК-ийн үнэлгээний баримтыг үндэслэн даатгалын нөхөн төлбөрт 44 325 200 төгрөгийг хариуцагч “М” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч М.Б-д олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00580 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 44 325 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 379 576 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379 580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

           

                             ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ