Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 00384

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багийн 2-27-39б тоотод оршин суух, Харчин овогт Хашчулууны Манлайбаатарын /ФМ85122631/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Булаг багийн 1-1 тоотод оршин суух, Боржигон овогт Норовжанчивын Лхагвагмаад /ФБ86091763/ холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Манлайбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, хариуцагч Н.Лхагвагмаа, хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Манлайбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Хашчулуун овогтой Манлайбаатар миний бие Норовжанчив овогтой Лхагвагмаатай 2008 онд гэр бүл болж хамтдаа 7 жилийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Бид хадамындаа амьдарч байсан. Миний хувьд төрсөн аав, ээж маань бурхан болсон болохоор надад тэдэнтэй хамт байхад элэг бүтэн болох шиг санагдаж аав, ээжийг нь хүндэлж хайрлаж ирсэн. Бидний охин М.Хулан маань 2009.02.11-нд төрж амьдралд минь аз жаргал нэмж бид сайхан амьдарч байсан. Би бүтэн өнчин хүүхдийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн асрамжийн газар “ Энэрэл” төвд өссөн болохоор гэр орон бэлдээд өгөх эцэг, эхгүй хүнд л байсан. Гэтэл би өнөөдрийг хүртэл хичээж сурч хөдөлмөрлөж /үсээ буурал болтлоо/ байж өөрийн хүчээр гэр оронтой, унах унаатай айлын дайтай айл болж эхнэр, хүүхдээ хүнээс дутуугүй сайхан амьдруулах гэж бүхий л зүрх сэтгэлээ зориулан зүтгэж ирсэн. Эхнэр Н.Лхагвагмааг би хэзээ ч ажил хий гэж шаардаж байгаагүй үр хүүхдээ эрүүл саруул хүн болгож түүнийгээ зовох юмгүй тайван байг гэж л бодож хайрлаж өдөр хоног цаг мөч бүрийг зөвхөн гэр бүлийнхээ аз жаргалын төлөө амьдарч байсан. Би хань ижил дээ хар муу саналгүй сэтгэл дүүрэн амьдарч байсан юм. Бид амьдрах хугацаанд ямар нэг үл ойлголцол огт гардаггүй, хэрүүл тэмцэлгүй сайхан л байсан. Харин миний эхнэр 2014 онд өөр эртэй холбоотой болж улмаар түүнтэйгээ нэг бус удаа дотно харьцаанд орсон тухайгаа надад хэлсэн. Үүнийг нь сонсоод маш их цочирдож шооконд орсон. Гэхдээ би охиноо бодоод түүндээ хайртай болохоор уучилж зүгээр л 2-лаа охиноо бодоод энэ бүхнийг мартаад бүх зүйлийг эхнээс нь эхлүүлье гэсэн юм. Гэтэл миний үгийг огт тоолгүй муу муухайгаар харааж зүхэн намайг доромжилж хэрүүлтэй байдаг болсон. Тэрээр намайг үргэлж үндэслэлгүй харддаг. Энэ бүхнийг манай асрамжийн дүү нар бүх хүмүүс бидний энэ байдал болон зан ааш, хэрүүл түүнийг хэнтэй хаана ямар байдалтай байсан зэрэг бүгдийг сайн мэдэх учир гэрчлэх болно. Би түүнтэй гэр бүл болсоноос хойш эхнэрийгээ найз нөхөдтэй нь чөлөөтэй явуулдаг байсан. Хэзээ ч ямар нэг байдлаар саад болж байгаагүй юм. Харин түүний хувьд би нэг хүнтэй мэндлэх л юм бол бөөн хэрүүл болдог. Би түүнд энэ бүхнээ зориулж байхад өөрөө намайг хуурч өөр эртэй болсон, би түүнийг уучилаад байхад энэ хүн яагаад ийм адгийн зан гаргаад байгааг ойлгохгүй араатанаас дорд загнаж байгад их зочирдсон бас айсан. Яагаад гэвэл бид охин хүүхэдтэй түүний энэ байдал нь миний хүүхдийн хүмүүжилд нөлөөлж маш муу үлгэр дуурайлал болох бий гээд. Гэтэл тэрээр намайг ажилдаа явсан байхад үр хүүхдээ орхиод гадаад явсан байсан юм. Тэр үед охин Хулан маань 5 настай жоохон байсан. Ээжийгээ явсны дараа охин минь ихэд бэтгэрч ээжийгээ санадаг байсан. Би ийм зүйлийг хар багадаа эцэг эхээсээ өнчирч үлдсэн болохоор охины маань ээжийгээ санах сэтгэл надад дэндүү тод мэдрэгдэж байсан. Иймээс эцэг хүний хайр халамжаар дутаалгүй дотор нь төрж буй гунигтай мэдрэмжийг олон төрүүлэхгүйгээр одоог хүртэл эрүүл энх эсэн мэнд өсгөж хүмүүжүүлж байна.

Ингээд бүтэн 2 жил болохдоо үр хүүхдээ гэх сэтгэлгүй надаас асууж байгаагүй сураггүй алга болсон юм. Би охиноо өөрөө харж бүх зүйлийг ганц охиндоо зарцуулж ирсэн. Одоо тэрээр Монголд ирсэн. Дахин хаашаа ч яваад өгчих магадлалтай учир гэрлэлтэй цуцлуулж охин Н.Хулангаа өөрийн асрамжинд үлдээх хүсэлтэй байна.

Иймд бидний цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй, хайр сэтгэлгүй, ямар ч дотно харьцаагүй тусдаа олон сар болсон. Эхнэр маань өөр эртэй эр эмийн харьцаатай болж дотно болсон тул гэрлэлтээ цуцлуулах, охин Б.Хуланг эцэг миний асрамжинд өгч эхээс нь тэтгэвэр гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Н.Лхагвагмаагийн сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. Түүнийг ямар нэгэн байдлаар хардаагүй бас хуураагүй. Надтай уулзсан гэх залуу нь юу ч болоогүй талаар ойлгуулсан биш харин ч болсон зүйлийн талаар үнэнийг хэлж ахиж эхнэртэй чинь уулзаж харилцаа үүсгэхгүй уучлаарай амлая гэж хэлээд явахдаа танай эхнэр өөрөө эхэлсэн шүү гэж хэлээд явсан. Миний бие ямар нэг байдлаар эхнэрээ зодож дарамтлаж хөөж туугаагүй ээ. Харин ч уучилж бүхнийг эхнээс нь эхэлье гэж хэлсэн. Эхнэр Лхагвагмаа нь тэгье гэж хэлээд чи ийм сайн хүн байсан юмуу гэсэн мөртлөө намайг унтаж байх хойгуур VISA картанд байсан 645,000 төгрөг, түрийвчинд байсан 800 гаруй мянган төгрөг зэргийг бүгдийг нь аваад намайг гаднаас түгжээд манай найзад түлхүүр өгөхдөө дахиж Манлайтай амьдрахгүй тэр чигтээ явлаа гэж хэлсэн байсан. Тэр өдөртөө утсаа унтраагаад 3 өдөр алга болсон. Энэ үедээ салах тухай төлөвлөсөн байсан ба сэтгэл зүрх нь өөр хүнийх болсон нь илт байсан. Энэ бүхний дараа ч гэсэн би уучилсан хамтдаа гарц олье Ханбогд суманд очиж амьдрая бүгдийг шинээр эхэлье гээд эцэг эхэд нь энэ талаар хэлсэн. Гэвч өөрөө явна гэсээр байгаад салаад хаяад явсан. 2014 оны 7сарын сүүлээр охиноо хаяад хаашаа ч юм явсан байсан. Үүний дараа эцэг эх нь Лхагвагмааг хаашаа ч явсныг хэлэлгүйгээр охиноо ирж ав бид өөрсдийн амьдралаа яая гэж байна гэж утсаар хэлсэн. Иймд би очиж авсан. Н.Лхагвагмаа нь бичсэн нэхэмжлэлдээ охиноо тэжээх мөнгө олохоор Турк улсруу явсан гэсэн байна. Охиноо гэсэн сэтгэл байсан бол хаяж явалгүйгээр Эрдэнэт хотдоо ажил хөдөлмөр эрхэлж охиноо тэжээн тэтгэж өсгөн хүмүүжүүлэх бүрэн боломжтой байсан. Гэвч хэний төлөө юуны төлөө явсан нь ойлгомжгүй ямар ч байсан охиноо тэжээн тэтгэх явсан гэдэг нь худлаа. Яагаад гэвэл охин бид 2-той ямар ч холбоо харилцаатай байгаагүй мөн түүнчлэн нэг ч удаа мөнгө төгрөг өгч байгаагүй ээ. Энэ хүнийг бодоход би охиндоо бүхнээ зориулж охиныхоо төлөө ажиллаж амьдардаг.Тэр ч байтугай “Оюу толгой” ХХК-ий гэр бүлийн хөтөлбөрт хамрагдаж гэр бүл салалт их байгаа талаар үйлдвэрчний эвлэлдээ хүчтэй санал оруулж ажиллах хугацаагаа багасгаж чадсанаар охинтойгоо ойр байх боломжтой болсон. Энэ бүгдийг би охиныхоо төлөө хийсэн. Гэтэл энэ хүн гэнэт гарч ирээд ийм худал үндэслэлгүй нэхэмжлэл бичиж байгаад нь туйлын их гомдож бас харамсаж байна. Эх хүн байж төрсөн үрээ орхиж явчихаад охиныхоо төлөө амь амьдралаа зориулж яваа намайг охиндоо хайргүй охиноо зүгээр л эд хөрөнгө гэж боддог хэмээн доромжилж гутааж байж боломгүйгээр бичсэн байна. Энэ үг нь эцэг хүний хувьд надад маш хүндээр тусаж байна. Иймдээ ч энэ хүн миний охиноо гэх сэтгэлийг гэр бүлээ хайрлах сэтгэлийг огтоос ойлгодоггүй байсан нь харагдаж байна. Би гэр бүлээ салгаж сарниулахгүйгээр аварч хамгаалж үлдэхийг хичээсэн. Гэвч Н.Лхагвагмаа нь охин бид 2-ийг хаяад ор сураггүй алга болсон. Би уучилсаар байтал биднийг хайрлаагүй хаяад явсаар байтал эхнэртээ өмнө нь охиноо өгч “Эх хүний цагаан сэтгэл, цагаан сүүг юугаар ч орлуулж болохгүй” учраас охиноо өгөөд явуулсан. Надад энэ үед үнэхээр хэцүү байсан. Гэтэл энэ хүн өөрөө охиныг минь эд хөрөнгө шиг орхиод явсан байсан. Иймээс охиноо түүнд дахин итгэж охиноо өгч чадахгүй ээ. Охин бид 2 ямар хэцүү өдрүүдийг хамтдаа өнгөрөөснийг энэ хүн хэзээ ч мэдээгүй бас ойлгоогүй. Миний охиныг эхийн хайраар хайрлаагүй байж гэнэт гарч ирээд охиндоо хайртай охиноо өөрөө авна гэж байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй ээ. Хэрвээ Лхагвагмаа нь охиндоо хайртай л юм бол харин ч охиноо аавтайгаа амьдрахад нь туслах ёстой. Би шүүх хуралд өөрийн биеэр оролцож нэмэлт тайлбар хийнэ. Мөн энэ хүнд охиноос нь илүү эд хөрөнгө хэрэгтэй байгаа бололтой. Охиныхоо тухай нэг сайхан үгтэй бүтэн өгүүлбэр бичээгүй мөртлөө эд хөрөнгөө авах талаар нэг бүрчлэн тоочиж бичсэн байна. Үнэхээр харамсалтай байна. Би гэр дотор байгаа Лхагвагмаагийн авахыг хүссэн бүх эд хөрөнгийг нь өөрт нь өгнө. Мөн энэ хүний хийсэн үйлдэлд үгүйсгэхийн аргагүй нотлох баримт байгаа. Бидний амьдралын болсон явдлыг үнэн бодитоор нь ойлгож өнчирч хаяагдсан охин бид 2-г хамт амьдрах шийдвэр гаргаж өгнө гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х.Манлайбаатрын нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нөхөр бид хоёр 2008 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан болно, охин М.Хулан нь 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, одоо 7 нас 9 сартай, 2 дугаар ангид “Эрмийн сан” сургуульд суралцдаг болно.

Миний бие нөхөр хүүхэдтэйгээ 2014 оны 07 дугаар сар хүртэл хамт амьдарч байсан ба үүнээс хойш хамт амьдраагүй байна. Намайг нөхөр маань өөр хүнтэй хардаад зодож, элдвээр хэлж хараагаад гэрээсээ хөөсөн тул аргагүй эрхэнд гэрээсээ явсан. Намайг хардаад байгаа тэр залуу хүртэл манай нөхөртэй уулзаж ямар ч харилцаа бидний дунд байхгүйг хэлж ойлгуулсан боловч үл ойшоож үүгээр түрүү болгож байнга намайг дарамталж доромжлох болсон. Тэгээд би хүүхэдтэйгээ хамт гэрээсээ яваад ээж, аавынхаа гэрт байж байгаад 2016.08 дугаар сард хүүхдээ тэжээн тэтгэх, мөнгө олохоор Турк улс руу ажил хийхээр явсан юм. Охиныг минь миний аав, ээж 2 харж асарч байтал аав нь манайхаас ирээд аваад явсан байсан. Би санаатайгаар орхиж яваагүй, хүүхдээ тэжээхийн тулд мөнгө цалинтай болохын тулд Турк руу явсан. Гэтэл нөхөр маань намайг өөрт нь хэлэхгүй 2 жил алга болсон гэсэн байна. Намайг гэрээсээ хөөж туугаад явуулчихаад одоо намайг ингэж хэлж болохгүй гэж бодож байна. Би өөр хүнтэй явалдаж Турк улс руу явсан юм байхгүй, харин нь өөрөө гэр бүл болсноос хойш зөндөө эмэгтэйчүүдтэй холбогдож байсан удаатай, Улаанбаатар хотод зочид буудалд хүртэл хамт байсныг нь хүртэл мэднэ, мессежээр хүртэл холбогдож байсан үедээ надад баригдаж байсан шүү дээ. Одоо намайг Турк руу явснаас хойш 2 ч эмэгтэйтэй байгаа сураг байгаа ба энэ бүхнийг нь би хүнээс мэдээд Турк улсаас ирсэн. Хүүхдийг минь өөрөө харж асарахгүй байгаа ба бэр эгч, ах 2- нхоо гэрт нь байлгадаг байсан. Хүүхдийн хүмүүжилд муу сөрөг нөлөө намайг үзүүлж байна гэж бичсэн байна. Би ямар ч сөрөг нөлөө охиндоо үзүүлэх билээ дээ. Өөрөө Оюу толгойд олон хоногоор яваад охиндоо анхаарал халамж тавьж чадахгүй байж эмээ өвөөгөөс нь холдуулж байгаа нь анхнаасаа надаас салах сонирхолтой байсан гэж ойлгож байна. Би Турк улсад байхад охинтойгоо утсаар ярих гэж олон удаа оролдсон боловч аав нь нэг ч удаа яриулж байгаагүй бөгөөд харин нь өөдөөс намайг элдвээр хэлж доромжлоод утсаа салгачихдаг. Турк улсад 2 жил ажиллаж байгаад ер нь охиноо авахгүй бол болохгүй юм байна гээд ирсэн юм. Намайг ирэхээс 1 сарын өмнө нөхөр маань ээж рүү залгаад би гэрлэлтээ цуцлуулмаар байна, би дараагийн амьдралаа бодмоор байна гэж хүртэл хэлүүлсэн байсан. Охин маань ч ээжийгээ их санаж бэтгэрсэн бэйсан ба ээжтэй нь утсаар ярихыг хориглосон байсан тул охиноо санаад ирсэн. Манай охин аавынхаа ахаас нь их айдаг юм байнэ лээ. Би охиноо өөр дээрээ авна. Охиныг минь эд хөрөнгө шиг бодож өөрийнх нь өмч аятай айлд байлгачихаад хөдөө ажилтай, дээрээс нь өөр хүүхэнтэй болчихоод намайг элдвээр хэлэх шаардлагагүй гэж бодож байна.  Нэхэмжлэлдээ гэр бүл болсноос хойш үүссэн хөрөнгө болох Оюут багийн 2-27-39 "Б"тоот орон сууц, гэрийн тавилга, 16-25 оро улсын дугаартай "Тоёото премио" маркийн тээврийн хэрэгсэл зэргийг огт дурьдаагүй байна. бид эд хөрөнгийн маргаантай гэж бодож байна. Би сөрөг нэхэмжлэл гаргана. Иймд би нөхрийнхөө гаргасан шаардлагаас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. харин бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Нөхөртэйгээ гэр бүл болсноос хойш үүссэн хөрөнгө болох Оюут багийн 2-27-39 Б тоот орон сууц, гэр доторхи тавилга болох  32 инчийн Элко маркийн зурагт, 250x2 м харьцаатай саарал өнгийн Хүннү хивс, индукцен плитка, ногоон цэнхэр өнгийн тошиво маркийн хөргөгч, Haier маркийн угаалгын машин, тольтой ширээ,  шар өнгийн диван, оёдлын машин, том өрөөний болор авжур, том өрөөний хөшиг, "Тоёото” примо маркийн 16-25 оро улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг тус тус авч байсан юм. Иймд дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.Охин М.Хуланг өөрийн асрамжинд үлдээж, эцэг Х.Манлайбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулах

2.Гэр бүл болсноос хойш үүссэн дээр дурьдсан хөрөнгөнөөс оногдох хэсгийг охины хамт 16.500.000 төгрөгийг гаргуулж авах зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул нэхэмжлэлийг минь хангаж өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Манлайбаатар, хариуцагч Н.Лхагвагмаад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Н.Лхагвагмаа нэхэмжлэгч Х.Манлайбаатарт холбогдуулан дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

            Х.Манлайбаатар, Н.Лхагвагмаа нар нь 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүл болж иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн Г-315 дугаарт бүртгүүлсэн байх бөгөөд охин М.Хулан 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн болох нь гэрлэлтийн болон төрсөний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар батлагдаж байна.

              Гэрлэгчид 2007 оноос 2014 оны хооронд хамт амьдрах хугацаанд хэрүүл маргаангүй,  хэн алин нь амьдралынхаа төлөө зүтгэж бие биенээ ойлголцон амьдарч байсан байна. Харин 2014 оноос эхлэн нэхэмжлэгч нь хариуцагчийг бусадтай дотно харьцаа тогтоосон гэдэг хардлага сэрдлэгийн улмаас тэдний харилцаанд үл ойлголцол бий болж хариуцагч хүүхдээ аван гэрээсээ явж, аав ээж дээрээ охиноо үлдээж Турк улс руу ажиллахаар явсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч охиноо хадам аав, ээж дээрээсээ авч өөр дээрээ байлгах болсон байна.

            Хариуцагчийг охинтойгоо ярих гэхэд нь яриулахгүй байх зэрэг хүндрэл бэрхшээл гарах болж, хариуцагч 2016 оны 10 сард Турк улсаас буцан ирж 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр охинтойгоо уулзсан байна. 

            Гэрлэгчид нь хамтран амьдрах хугацаандаа  Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2-27-39Б тоот орон сууц, Тоёота прима маркийн 16-25 ОРО улсын дугаартай автомашин, телевизор , Хүннү хивс, индукцен плитка, Тошиба маркийн хөргөгч, Haier маркийн хагас автомат угаалгын машин, буйдан, болор абажур, хөшиг, тольтой ширээ, цахилгаан оёдлын машин зэрэг эд хөрөнгийг бий болгосон байх бөгөөд дээрх эд хөрөнгийг дундын эд хөрөнгө мөн эсэх талаар талууд маргахгүй байна. Шинжээч “Лэндс” ХХК-ны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн № Ш/16-37 тоот үнэлгээгээр Оюут баг 2-27-39Б тоот орон сууц 15.000.000 төгрөг, Тоёота прима маркийн 16-25 ОРО улсын дугаартай автомашин 7.380.000 төгрөг, гэрийн доторхи эд зүйл 3.070.201 төгрөг, нийт үнэлгээг 25.450.200 төгрөг гэж үнэлсэн байна.

            Нэхэмжлэгч нь хариуцагчийг “Охиноо орхиж явсан, эх хүнийхээ үүргийг биелүүлдэггүй, хүүхдийг асран хамгаалж авч явах боломжгүй, өөрийнх нь хувьд “Өндөр цалинтай ажил эрхэлдэг, охиноо төгөлдөр хуур зэрэг олон дугуйланд явуулж бүх төлбөрийг төлдөг” зэрэг байдлуудыг үндэслэл болгож охиныг өөрийн асрамжинд авах шаардлага гаргаж байна. Гэвч шүүх хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Хариуцагч нь тухайн үед нэхэмжлэгчтэй таарч тохирохгүй болж хэрүүл маргаан, хардлага сэрдлэгийн улмаас охиноо авч явсан байх бөгөөд амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор Турк улсад явсныг үр хүүхдээ асран хамгаалах эхийнхээ үүргээс татглзсан байна гэж дүгнэх боломжгүй байна.  Нэхэмжлэгч хэдийгээр охиндоо анхаарал халамж тавьдаг боловч энэ нь түүний хуулиар хүлээсэн үүрэг юм.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зуйлийн 26.1 -д зааснаар хуухдээ хүмүүжүүлэхэд эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хулээх бөгөөд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн12.1-д заасан хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээ мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д зааснаар эцэг, эх тусдаа амьдрах болсон тохиолдолд чөлөөлөгдөх үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

             Түүнчлэн зөвхөн цалин хөлс илүү авдаг, дугуйлан сургалтанд явуулж төлбөрийг төлдөг гэдэг шалтгаанаар хүүхдийн асрамжийг шийдвэрлэх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь  Уул уурхайн компанид ажилладаг байх бөгөөд 14 хоног ажиллаж 7 хоногоор амардаг хуваарьтай байна.

             Хэрвээ  охин М.Хуланг эцгийнх нь асрамжинд үлдээвэл хүүхдийг харж хамгаалах өөр хүнгүй, М.Хулан нь Х.Манлайбаатарын ахаас айдаг тэднийд байх дургүй гэж хэлсэн байна. Хариуцагч нь оёдлын ажил эрхэлдэг Турк улс руу явснаас хойш тогтвор суурьшилтай амьдарч охиныхоо талаар санаа зовж, түүнийг асрамжиндаа байлгаж байгаа, хойшид илүү анхаарч халамжилна гэж байгаа, шинжээчийн дүгнэлтээр гэрлэгчид хэн алин нь хөдөлмөрийн насны, хүүхдээ тэжээн тэтгээд явах хөдөлмөрийн чадвартай иргэд байна гэж дүгнэсэн байна.

Гэрлэгчид нь цааш хамтран амьдрах боломжгүй болсон, эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй, хэн аль нь цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа тул гэрлэлтийг цуцлах, хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээх, эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээж Н.Лхагвагмаа, охин М.Хулан нарт ногдох хэсгийг Х.Манлайбаатараас гаргуулах нь зүйтэй байна.

            Банкны зээлийн тухайд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасны дагуу банкны зээлийн гэрээг эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбарыг гаргаж өгөөгүй, одоогийн байдлаар хэдэн төгрөгний зээлийн үлдэгдэлтэй болох талаар нотлох баримт байхгүй, банкны дансны хуулгаар банкны зээлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй, хариуцагч Н.Лхагвагмаа хамтран зээлдэгч болох нь тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргаагүй тул шийдвэрлэх боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115,2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.4-д заасныг баримтлан Х.Манлайбаатар, Н.Лхагвагмаа нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасаныг баримтлан  2009-02-11-ний өдөр төрсөн М.Хуланг эх Лхагвагмаагынх нь асрамжинд үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан М.Хуланд бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 нас /суралцаж байгаа бол 18-н нас/хүртэл нь тэтглэг тогтоон эцэг Манлайбаатараар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Монгол Улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1,126.2.4,129 дүгээр зүйлийн 129.2-д заасныг баримтлан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2-27-39Б тоот орон сууц, Тоёота прима маркийн 16-25 ОРО улсын дугаартай автомашин, телевизор, Хүннү хивс, индукцен плитка, Тошиба маркийн хөргөгч, Haier маркийн хагас автомат угаалгын машин, буйдан, болор абжур, хөшиг, тольтой ширээ, цахилгаан оёдлын машин зэрэг эд хөрөнгийг нэхэмжлэгч Х.Манлайбаатарын эзэмшилд үлдээж, Х.Манлайбаатараас 16,966,800 төгрөг гаргуулан хариуцагч Х.Лхагвагмаад олгосугай.

4.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Лхагвагмаагаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Манлайбаатарт олгож, хариуцагч Н.Лхагвагмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 240,450 төгрөгийг төрийн санд үлдээж, нэхэмжлэгч Х.Манлайбаатараас 240,450 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Лхагвагмаад олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН