Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00132

 

 

 

 

 

 

 

 

                                Х.Манлайбаатарын нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 384 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Х.Манлайбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Лхагвагмаад холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” үндсэн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Лхагвагмаагийн “Дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Х.Манлайбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Манлайбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, хариуцагч Н.Лхагвагмаа, хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Манлайбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Манлайбаатар миний бие Н.Лхагвагмаатай 2008 онд гэр бүл болж хамтдаа 7 жилийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Бид хадамындаа амьдарч байсан. Бидний охин М.Хулан маань 2009.02.11-нд төрсөн. Бид амьдрах хугацаанд ямар нэг үл ойлголцол огт гардаггүй, хэрүүл тэмцэлгүй сайхан л байсан. Харин миний эхнэр 2014 онд өөр эртэй холбоотой болж улмаар түүнтэйгээ нэг бус удаа дотно харьцаанд орсон тухайгаа надад хэлсэн. Үүнийг нь сонсоод маш их цочирдож шооконд орсон. Гэхдээ би охиноо бодоод түүндээ хайртай болохоор уучилж зүгээр л 2-лаа охиноо бодоод энэ бүхнийг мартаад бүх зүйлийг эхнээс нь эхлүүлье гэсэн юм. Гэтэл миний үгийг огт тоолгүй муу муухайгаар харааж зүхэн намайг доромжилж хэрүүлтэй байдаг болсон. Гэтэл намайг ажилдаа явсан байхад үр хүүхдээ орхиод гадаад явсан байсан юм. Тэр үед охин Хулан маань 5 настай жоохон байсан. Ингээд бүтэн 2 жил болохдоо үр хүүхдээ гэх сэтгэлгүй надаас асууж байгаагүй сураггүй алга болсон юм. Би охиноо өөрөө харж бүх зүйлийг ганц охиндоо зарцуулж ирсэн. Одоо тэрээр Монголд ирсэн. Дахин хаашаа ч яваад өгчих магадлалтай учир гэрлэлтэй цуцлуулж охин Н.Хулангаа өөрийн асрамжинд үлдээх хүсэлтэй байна.

Иймд бидний цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй, хайр сэтгэлгүй, ямар ч дотно харьцаагүй тусдаа олон сар болсон. Эхнэр маань өөр эртэй эр эмийн харьцаатай болж дотно болсон тул гэрлэлтээ цуцлуулах, охин Б.Хуланг эцэг миний асрамжинд өгч эхээс нь тэтгэвэр гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Лхагвагмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нөхөр бид хоёр 2008 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан болно, охин М.Хулан нь 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, одоо 7 нас 9 сартай, 2 дугаар ангид “Эрмийн сан” сургуульд суралцдаг болно.Миний бие нөхөр хүүхэдтэйгээ 2014 оны 07 дугаар сар хүртэл хамт амьдарч байсан ба үүнээс хойш хамт амьдраагүй байна. Намайг нөхөр маань өөр хүнтэй хардаад зодож, элдвээр хэлж хараагаад гэрээсээ хөөсөн тул аргагүй эрхэнд гэрээсээ явсан.

 Би хүүхэдтэйгээ хамт гэрээсээ яваад ээж, аавынхаа гэрт байж байгаад 2016.08 дугаар сард хүүхдээ тэжээн тэтгэх, мөнгө олохоор Турк улс руу ажил хийхээр явсан юм. Охиныг минь миний аав, ээж 2 харж асарч байтал аав нь манайхаас ирээд аваад явсан байсан. Би санаатайгаар орхиж яваагүй, хүүхдээ тэжээхийн тулд мөнгө цалинтай болохын тулд Турк руу явсан. Би Турк улсад байхад охинтойгоо утсаар ярих гэж олон удаа оролдсон боловч аав нь нэг ч удаа яриулж байгаагүй бөгөөд харин нь өөдөөс намайг элдвээр хэлж доромжлоод утсаа салгачихдаг. Турк улсад 2 жил ажиллаж байгаад ер нь охиноо авахгүй бол болохгүй юм байна гээд ирсэн юм. Намайг ирэхээс 1 сарын өмнө нөхөр маань ээж рүү залгаад би гэрлэлтээ цуцлуулмаар байна, би дараагийн амьдралаа бодмоор байна гэж хүртэл хэлүүлсэн байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гэр бүл болсноос хойш үүссэн хөрөнгө болох Оюут багийн 2-27-39 "Б"тоот орон сууц, гэрийн тавилга, 16-25 оро улсын дугаартай "Тоёото премио" маркийн тээврийн хэрэгсэл зэргийг огт дурьдаагүй байна. Бид эд хөрөнгийн маргаантай гэж бодож байна. Би сөрөг нэхэмжлэл гаргана.

Иймд би нөхрийнхөө гаргасан шаардлагаас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Н.Лхагвагмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Нөхөртэйгээ гэр бүл болсноос хойш үүссэн хөрөнгө болох Оюут багийн 2-27-39 Б тоот орон сууц, гэр доторхи тавилга болох  32 инчийн Элко маркийн зурагт, 250x2 м харьцаатай саарал өнгийн Хүннү хивс, индукцен плитка, ногоон цэнхэр өнгийн тошиво маркийн хөргөгч, Haier маркийн угаалгын машин, тольтой ширээ,  шар өнгийн диван, оёдлын машин, том өрөөний болор авжур, том өрөөний хөшиг, "Тоёото” примо маркийн 16-25 оро улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг тус тус авч байсан юм. Иймд дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.Охин М.Хуланг өөрийн асрамжинд үлдээж, эцэг Х.Манлайбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулах

2.Гэр бүл болсноос хойш үүссэн дээр дурьдсан хөрөнгөнөөс оногдох хэсгийг охины хамт 16.500.000 төгрөгийг гаргуулж авах зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул нэхэмжлэлийг минь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Манлайбаатар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 384 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.4-д заасныг баримтлан Х.Манлайбаатар, Н.Лхагвагмаа нарын гэрлэлтийг цуцалж,

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасаныг баримтлан 2009-02-11-ний өдөр төрсөн М.Хуланг эх Лхагвагмаагынх нь асрамжинд үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан М.Хуланд бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 нас /суралцаж байгаа бол 18-н нас/хүртэл нь тэтглэг тогтоон эцэг Манлайбаатараар сар бүр тэжээн тэтгүүлж,

Монгол Улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1,126.2.4,129 дүгээр зүйлийн 129.2-д заасныг баримтлан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2-27-39Б тоот орон сууц, Тоёота прима маркийн 16-25 ОРО улсын дугаартай автомашин, телевизор, Хүннү хивс, индукцен плитка, Тошиба маркийн хөргөгч, Haier маркийн хагас автомат угаалгын машин, буйдан, болор абжур, хөшиг, тольтой ширээ, цахилгаан оёдлын машин зэрэг эд хөрөнгийг нэхэмжлэгч Х.Манлайбаатарын эзэмшилд үлдээж, Х.Манлайбаатараас 16,966,800 төгрөг гаргуулан хариуцагч Х.Лхагвагмаад олгож,

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Лхагвагмаагаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Манлайбаатарт олгож, хариуцагч Н.Лхагвагмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 240,450 төгрөгийг төрийн санд үлдээж, нэхэмжлэгч Х.Манлайбаатараас 240,450 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Лхагвагмаад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х.Манлайбаатар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх ИХШХШТ хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн мөн хэт нэг талд үйлчилж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Үндэслэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон” нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2 т шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцэхгүй байна. Бидний дундын эд хөрөнгө, өр зэргийг хамт шийдвэрлэх боломжгой байсан. Мөн намайг үүргээ биелүүлсэн байна гэж дүгнэсэн байж. Түүнийг үүрэг хариуцлагаа ухамсарлаагүйн дээр эх хүн байж дуртай үедээ нялх охин үрээ эцгээс нь асуулгүйгээр нууцаар төлөвлөн гадаад явахдаа хаа хамаагүй хаяад явсан нь хуульд нийцсэн үйлдэл гэж үзэж байгаад гомдолтой байна.

Иргэн бүр хуулийг дагаж мөрдөж биелүүлэх үүрэгтэй байдаг. Гэр бүлийн тухай хуулиар тэгш эрх эдэлж үүрэг хүлээнэ гэж заасан байхад эх хүн үүргээ биелүүлээгүй байж эх байх эрхээ урвуулан ашиглаж шунахайн зорилгоо хэрэгжүүлэхэд үр-хүүхдээ ашиглаж байгааг нь нотлох онц ач холбогдолтой баримтыг СД дээр тодорхой бичиж өгсөн. Мөн хэрэгт цугларсан бүх нотлох баримтуудыг анхан шатны шүүх тал бүрээс нь бодитойгоор харьцуулан судлаж эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадсангүй.

Хариуцагч Х.Лхагвагмаа намайг ямар ч нотлох баримтгүй гүтгэж доромжилж байгааг нь үндэслэлтэй гэж үзэж миний охинг надаас салгаж байгаад маш их гомдолтой байна. Мөн ямар ч ажил хийдэггүй хүнийг чадвартай гэж үзэж байгаа нь эргэлзээтэй юм. Энэ хүн удах тусам элдэв юм зохиож хүн доромжилж, гүтгэж байгаа нь хирээс хэтэрсэн.

Иймд шүүх хэргийг шударгаар шийдвэрлээгүй тул анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 384 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох дахин шийдвэрлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.  

Нэхэмжлэгч Х.Манлайбаатар гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Н.Лхагвагмаа хүүхдийг өөрийн асрамжиндаа авах, тэтгэлэг гаргуулах, дундын өмч хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан ба гэрлэгсэд хүүхдийн асрамжийн талаар маргажээ.

Шүүх гэрлэгсэд цаашид амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн гэсэн дүгнэлт хийж гэрлэлтийг цуцалж, хамтран өмчлөх дундын үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хуульд заасан журмын дагуу шинжээч томилж, дүгнэлт гаргуулж улмаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд тэнцүү хэмжээгээр ногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Харин шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин М.Хуланг хариуцагч Н.Лхагвагмаагийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Х.Манлайбаатар сүүлийн 2 жилийн хугацаанд охин М.Хуланг өөрийн асрамжинд байлгаж хүүхдийн боловсрол хүмүүжилд ихээхэн анхаарч байснаар охин М.Хулан “А” үнэлгээтэй сурч хүмүүжиж байгаа, хүүхдийн амьдрах орчин боломжтой тэрээр аав Х.Манлайбаатартай цаашид амьдрах санал гаргасан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, сургуулийн тодорхойлолт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Охин М.Хулангийн өсч хүмүүжиж буй орчин, эцэг эхийн тавих анхаарал халамж, өөрийнх гаргасан санал зэргийг харгалзан үзэж хүүхдийг нэхэмжлэгч Х.Манлайбаатарын асрамжинд үлдээж, эх Н.Лхагвагмаагаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс хүүхдэд ногдох хэсгийг нэхэмжлэгчид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч Н.Лхагвагмаа сард 400.00-500.00 төгрөгийн цалин орлоготой, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Подиум ХХКомпанид оёдолчноор ажиллаж сард 400.00-500.000 төгрөгийн цалин орлоготой гэж тайлбарлаж байх боловч Зартай богд ХХКомпаниас ажлын байр, цалингийн тодорхойлолтыг гаргаж ирүүлсэн, нийгмийн даатгалын хураамжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлж байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн цалин хөлсийг тодорхойлох боломжгүй юм.

Шүүх хэрэгт авагдсан орон сууцны зээлийн талаарх нотлох баримтыг хуульд заасан шаардлагыг хангаагүй, зээлийн төлбөрийн хэмжээг тодорхойгүй гэсэн дүгнэлт хийж зээлийн төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийвэрлээгүйг буруутгах боломжгүй юм.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй ба хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчийн гаргасан “... анхан шатны шүүх хэрэгт цугларсан бүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан судлаж эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадсангүй, хариуцагч Х.Лхагвагмаа ямар ч ажил хийдэггүй хүнийг чадвартай гэж үзэж байгаа нь эргэлзээтэй юм...” гэх давж заалдах гомдлын үндэслэл тогтоогдож байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрх хэмжээнд хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 384 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасаныг баримтлан 2009-02-11-ний өдөр төрсөн М.Хуланг эцэг Х.Манлайбаатарын асрамжинд үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан М.Хуланд бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 нас /суралцаж байгаа бол 18-н нас/ хүртэл нь тэтгэлэг тогтоон эх Н.Лхагвагмаагаар сар бүр тэжээн тэтгүүлж гэж, шийдвэрийн 3 дугаар заалтанд “...16.966.800 төгрөг” гэснийг “....8.483.400 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн 4 дүгээр заалтанд “...240.450 төгрөг” гэснийг “...150.684 төгрөг” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Х.Манлайбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.УРАНЧИМЭГ

 

                          ШҮҮГЧИД                                                Б.БАТТӨР

                                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ