Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 135/шш2017/00412

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/01731/и

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ****** хороо, ******* хороолол, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум ******* баг, ******** тоотод оршин суух ******* ******* овогт ******* ******* /РД:*******/,  

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум ****** баг, ******** тоотод оршин суух ******* овогт ******* /РД: *******/, 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум ******* баг, ****** хотхон, ******* тоотод оршин суух овогт /РД:*******/ нарт холбогдох

Түрээсийн төлбөр 22.000.000 төгрөг болон хохирол 5.144.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.                                                                      

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.******* нь 2015 оны 06 сарын дундуур нэхэмжлэгч Ц.*******ийн найз хандан “... Шарын гол суманд алт ухах гэсэн юм, найз Ц.*******ид энэ саналыг дамжуулан хэлж Ц.******* нь өөрийн эзэмшлийн “Hyundai Robex 2900LC-7” маркийн экскаваторыг Ч.*******д сарын 16.000.000 төгрөгөөр 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 3 сарын хугацаагаар түрээслүүлэхээр гэрээ хийсэн юм. 2015 оны  7  дугаар  сарын  11-ний  өдөр  Ж., Ч.*******, Д. нарт экскаваторыг хүлээлгэн өгсөн бөгөөд түрээсийн төлбөрийн урьдчилгаа 8 сая төгрөг өгнө гэж тохирсон боловч мөнгөний боломж муу байна гээд 2.000.000 төгрөг өгөөд экскаваторыг авч явсан. 2015 оны 7 дугаар сарын 20 хүртэл чимээ сураггүй болсон учир экскаваторыг ажиллаж байгаа газрыг хайж Шарын гол суманд очиход Д. байхгүй, Ж. ажилчдынхаа хамт байсан бөгөөд Ж.тай уулзахад “түрээсийн мөнгийг 8 дугаар сарын 25-ны өдөр өгнө” гэж хэлсэн. Гэтэл 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ч.******* миний найз Б.Ганжигүүр лүү утасдаж “нөгөө хүмүүс чинь техникийг чинь эвдчихсэн, найз нь Шарын голд айлын хашаанд аваачиж орхисон” гэж хэлсэн байсан. Бид энэ тухай сонсоод Шарын гол сум руу очиж техникээ олж, хот руу зөөлгөж, засвар хийлгэсэн. Үүнээс хойш түрээсийн төлбөр болон засвар үйлчилгээний мөнгийг өгнө гэсэн боловч өгөхгүй байгаа тул гэрээнд заасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл экскаваторыг ашигласны түрээсийн төлбөр урьдчилгаанд өгсөн 2 сая төгрөгийг хасч 22 сая төгрөг, техникийг Улаанбаатар хот руу тээвэрлэсний төлбөр 2.000.000 төгрөг, экскаваторын компьютерийн удирдлагыг сольж засуулсан зардал 1.400.000 төгрөг, аккумлятор авсан үнэ 270.000 төгрөг, түлхүүр багаж, хэрэгслийн үнэ 80.000 төгрөг, тос тосолгооны материалын үнэ 914.000 төгрөг, цлиндр сальникийн үнэ 180.000 төгрөг, техникийг авахаар өөрсдөө Шарын гол сум руу ирж, очсоны зардал 300.000 төгрөг, нийт 27.144.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээнд юу түрээслэсэн нь тодорхой бус байна. Гэрээ байгуулсан нь ч тогтоогддоггүй юм. 2016 оны 01 дүгээр сард Ганжигүүр гэдэг хүн *******ийн өмнөөс хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Уг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байгаа. нь *******д экскаваторыг авчирч өгсөн боловч ажил хийж амжаагүй байхад эвдэрсэн байдаг. Хариуцагч , нар нь *******ид төлбөр төлөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан тайлбар болох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Авто машин түрээслэх гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ эсэхэд дүгнэлт хийх ёстой. Гэрээнд 2015 оны 08 дугаар сар гэж огноо байгаа боловч яг хэдний өдөр гэрээ байгуулсан талаар байхгүй байна. Гэрээнд машины марк, дугаар, хэний эзэмшлийн машин болох талаар байх ёстой боловч тусгаагүй байдаг. 2015 оны 08 дугаар сард *******ийн өмчлөлд энэ машин байгаагүй. Энэ машин нь тэр үед Д.Цэгмидийн өмчлөлд байсан. Нэхэмжлэл гарсны дараа 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр *******ийн нэр дээр энэ техник шилжсэн байдаг. ******* нь энэ машины өмчлөгч биш учир түрээслэх эрх бүхий этгээд биш юм. Техникийн бичиг баримт нь гэрээнд хавсаргаагүй байдаг. Авто машиныг хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан талаар акт үйлдэнэ гэж гэрээнд заасан боловч хүлээлгэж өгсөн, хүлээн авсан акт байхгүй. Хэзээ машинаа өгсөн, буцаан авсан талаар тодорхой биш байдаг. Уг машин *******ийн өөрийнх нь машин биш Цэгмидийнх гэдгийг ч мэдэгдээгүй. Гэрээнд нэг талаас Ц.*******, нөгөө талаас нар гэрээ байгуулсан байна. Гэрээний 3 дугаар зүйлд түрээслэгчид машин шилжүүлэхэд бичиг баримтын хамт шилжүүлэн өгнө гэж заасан боловч бичиг баримтыг нь түрээслүүлэгчид шилжүүлж өгөөгүй байдаг. ******* гэрээнд заасан машиныг бусдад түрээслэх эрхгүй этгээд юм. Улсын дугаар марк, хөдөлгүүрийн дугаар, арлын дугаар, бичиг баримт нь гэрээнд хавсаргаагүй байх тул машин түрээслэх гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ техникийн түрээсийн төлбөр 22,000,000 төгрөг, Улаанбаатар хот руу тээвэрлэсний төлбөр 2.000.000 төгрөг, экскаваторын компьютерийн удирдлагыг сольж засуулсан зардал 1.400.000 төгрөг, аккумлятор авсан үнэ 270.000 төгрөг, түлхүүр багаж, хэрэгслийн үнэ 80.000 төгрөг, тос тосолгооны материалын үнэ 914.000 төгрөг, цлиндр сальникийн үнэ 180.000 төгрөг, техникийг авахаар өөрсдөө Шарын гол сум руу ирж, очсоны зардал 300.000 төгрөг, нийт 27.144.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , Ж.Эрдэнэбаатар нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ”Гэрээнд 2015 оны 08 сар гэж огноо байгаа боловч яг хэдний өдөр гэрээ байгуулсан талаар байхгүй байна. Гэрээнд машины марк, дугаар, хэний эзэмшлийн машин болох талаар байх ёстой боловч тусгаагүй байдаг. 2015 оны 08 дугаар сард *******ийн өмчлөлд энэ машин байгаагүй. Нэхэмжлэл гарсны дараа 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр *******ийн нэр дээр техник шилжсэн байдаг. Иймд ******* нь өмчлөгч биш учир түрээслэх эрх бүхий этгээд биш юм. Техникийн бичиг баримт нь гэрээнд хавсаргаагүй байдаг. Авто машиныг хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан талаар акт үйлдэнэ гэж гэрээнд заасан боловч хүлээлгэж өгсөн, хүлээн авсан акт байхгүй. Хэзээ машинаа өгсөн, буцаан авсан талаар тодорхой биш байдаг” гэж тус тус тайлбарласан.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт 2015 оны 08 дугаар сар /өдөр бичигдээгүй/-д байгуулагдсан автомашин түрээслэх тухай гэрээ авагдсан бөгөөд энэхүү гэрээнд “...нэг талаас Ц.*******, нөгөө талаас байгуулав...” гэсэн боловч гэрээнд Ч.*******, Ц.******* нар гарын үсэг зурсан, түрээсийн төлбөр сарын 16 000 000 төгрөг, хугацаа 2015.07.11-нээс 2015.10.11 гэж тохирсон байх ба ямар эд хөрөнгийг, ямар зориулалтаар түрээслэх талаар гэрээнд тусгаагүй /хх 5/ байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа нь Ц.******* өөрийн өмчлөлийн Хьюндай маркийн 2406УН улсын дугаартай экскаваторыг түрээслүүлэх, түрээслэгч нь алтны уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тохирсон гэж тайлбарладаг болно.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд 318.4-т энэхүү хуульд заасан шаардлагыг хангаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байхаар заажээ.

 

Дээрх гэрээг хэзээ байгуулсан нь тодорхойгүй, нэг талаас Ц.*******, нөгөө талаас байгуулсан гэх боловч Ч.******* гарын үсэг зурсан, сарын 16.000.000 төгрөгөөр 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 3 сарын хугацаагаар түрээслүүлэхээр тохиролцсон ч ямар эд хөрөнгийг тухайлбал ямар автомашиныг, ямар зориулалтаар түрээслэх талаар огт тусгаагүй буюу талуудын хүсэл зориг, хэлцлийн гол нөхцлийг тодорхойлоогүй байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т “Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан”, 43.2.2-т “Хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан” бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ гэж заасан байна.

Мөн түрээсийн гэрээ нь бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний төрөлд хамаардаг тул түрээслүүлэгч тал тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, эрхтэй этгээд байх учиртай. Хэрэгт Хьюндай маркийн 2406УН улсын дугаартай экскаваторын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Авто тээврийн үндэсний төвийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14 дугаартай лавлагаа /хх 39/ авагдсан бөгөөд нэхэмжлэгч Ц.******* нь тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бүртгэгдсэн байна.

Нэхэмжлэгч Ц.******* нь түрээсийн гэрээ байгуулах үед (2015 оны 8 сард) түрээсийн гэрээний зүйл болсон тээврийн хэрэгслийн /эксковаторын/ хууль ёсны өмчлөгч, эзэмшигч мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж үзлээ.

Учир нь гэрч “... би 2012 онд экскаваторыг БНСУ-с оруулж ирсэн, Ц.*******ид 2015 онд экскаваторыг зээлээр худалдсан, Ц.******* төлбөрийг бүрэн төлсөн тул 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж өгсөн” гэж мэдүүлсэн /хх 64/ боловч нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс өмнө уг тээврийн хэрэгслийн өмчлөгч байсан болох нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон бусад баримтаар нотлогдохгүй байна.

Тухайлбал, , Ц.******* нар нь экскаваторын үнэ 40.000.000 төгрөгийг өгч авсан тухай баримт /хх 65/ хэрэгт авагдсан ч 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн баримт байх тул маргаан бүхий түрээсийн гэрээг байгуулах үед /2015 оны 08 дугаар сард/ экскаватор тэдний өмчлөлд байсныг эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан бол талууд нэг баримт үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцохоор заажээ.

Дээрх гэрээг байгуулсан тал гэх Д. гарын үсэг зураагүй, мөн хариуцагч Ж. гэрээг байгуулаагүй байх тул тэдгээрийг түрээсийн гэрээний оролцогч гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хэрэгт авагдсан 2015 оны 08 сарын 20-ны өдрийн баталгаа гэх баримт /хх 6/-д Д. эксковаторыг түрээсэлж, урьдчилгаа төлбөр 2,000,000 төгрөгийг өгсөн гэсэн агуулга бүхий бичвэр байгаа боловч баталгаа гаргасан хэсэгт Ж., Ч.******* нар гарын үсэг зуржээ. Энэхүү баримтаар Ж., Д. нар түрээсийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Ц.******* нь эксковаторын түрээсийн төлбөрөөс гадна тус техникт хийсэн засварын болон техникийг зөөвөрлөсөн тээврийн, замын зардал зэргийг нэхэмжилсэн бөгөөд экскаваторын компьютерийн удирдлагыг сольж засуулсан зардал 1.400.000 төгрөг /хх 47/, тос тосолгооны материалын үнэ 914.000 төгрөгийн баримт /хх 48/-аас өөр зардлын баримт хэрэгт авагдаагүй төдийгүй хариуцагч Д., Ж., Ч.******* нарыг үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирсан болохыг баримтаар нотлоогүй болно.

Өөрөөр хэлбэл, түрээслэгч эд хөрөнгийн талаар гэрээнд огт тусгаагүй, тээврийн хэрэгслийг түрээсээр хүлээлгэн өгөхдөө хүлээлгэн өгсөн, буцаан авсан тухай акт үйлдээгүй бөгөөд техникийн хувьд бүрэн бүтэн байсан эсэх талаар баримтаар нотлогдохгүй байна.

Хэрэгт авагдсан фото зургийн хуулбар /хх 8, 9/-ыг нотлох баримтыг шаардлага хангахгүй гэж үнэлсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр Ц.*******ийн гаргасан Д., Ж., Ч.******* нарт холбогдох 27,144,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.2.2-т тус тус заасныг баримтлан Ц.*******ийн гаргасан Д., Ж., Ч.******* нараас 27,144,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298.000 төгрөгөөс илүү төлсөн 4330 төгрөгийг Төрийн сангийн орлогоос нэхэмжлэгчид буцаан олгож, үлдэх 293.670 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.БАТЧИМЭГ