Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 00083

 

       Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын, 3 дугаар багт оршин суух *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваахүүгийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр багт оршин суух ******* /РД:МВ-/-т холбогдох 3.255.942 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, хариуцагчийн өмгөөлөгч П.Буманзаяа, нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ   нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: ... Би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ба 2015 оны 07 дугаар сарын 15-ний өдрөөс *******ийг худалдагчаар ажиллуулсан. Тэр хугацаанд бараа материал дутаахгүй, зээлээр өгөхгүй гэсэн талаар хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр хамтарч ажилласан. Гэтэл ******* нь хүлээсэн үүргээ зөрчин 3.255.942 төгрөг дутааж хувьдаа ашигласан нь удаа дараагийн тооллогоор тогтоогдсон. Нэхэмжлэгчийн зүгээс дутагдуулсан төлбөрийг барагдуулахыг удаа дараа шаардаж байсан боловч хохирлоо барагдуулахгүй байгаа тул өөрт нь итгэн хариуцуулсан өмч хөрөнгийг шамшигдуулсан гэж үзэн цагдаагийн байгуллагад өгсөн боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон тул шүүхэд гомдол гаргаж байна. Хариуцагч ******* нь 2015 оны 08 дугаар сард анхны тооллогоор 634.730 төгрөг, 9 дүгээр сарын тооллогоор 1.017.612 төгрөг дутаасан бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрч 169.100 төгрөгийг төлж үлдэгдэл 1.438.242 төгрөгийг ээжийнхээ тэтгэврийн зээлийг аваад төлнө гэж байсан боловч төлөөгүй. 2 сар ажиллах хугацаандаа мөнгө төгрөг дутагдуулсан хэдий ч өөрөө төлнө гэж зөвшөөрсөн тул итгэж цааш үргэлжлүүлэн ажиллуулсан боловч 10 дугаар сард дахин 588.600 төгрөгийг дутагдуулсан. Үүнээс гадна хүнсний бараа түгээж нийлүүлдэг компаниудын борлуулагч нараас авсан бараа материалын мөнгийг төлөлгүй өр үүсгэж дэлгүүрийнхээ эзэнд тооцоогоо хийсэн гэж баримтандаа тусган өгч байсныг сүүлд нь мэдсэн. Тодруулбал Дархан-Уул аймгаас борлуулалт хийдэг талх нарийн боовны борлуулагчид төлөх 290.000 төгрөг, Орос зайрмагны борлуулагчид төлөх 707.000 төгрөг, сумын Засаг даргын тамгын газарт 187.000 төгрөгний бараа материал зээлээр өгсөн гэж байсан боловч 64 000 төгрөгний зээл өгсөн байсан. Иймд *******ээс 3.255.942 төгрөг гаргуулж өгнө үү? Үүнээс гадна зарим борлуулагчдаас цаашид өр авлага нэхэгдэх магадлалтай тул тооцоо нийлж дутагдал гарвал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болно гэв.

                Хариуцагч ******* шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа: ...Би Дэмидмаа гэгч эмэгтэйд ийм их сая төгрөгний өглөг байхгүй. Одоо би энэ хүнд 590170 мянган төгрөгний л өгцөөтэй. Би цаг тухайд нь сар сард нь өгсөн зээлээ барагдуулж байсан болохоор би энэ хүнд ямар мөнгө өгөх вэ дээ. Би хүний өмч хөрөнгийг ашиглан шамшигдуулсан удаа байхгүй. Би *******гийн 2015 оны 8-р сард анхны тооллогоор 634730 төгрөг зээл өгсөн нь үнэн болно. Гэхдээ би 8-р сарынхаа цалинг 450.000 төгрөгийг суутгуулсан. Үлдэгдэл мөнгө нь 178720 болохоор сумын мөнгө байсан. 9-р сарын тооллогоор 1300852-ийн зээлтэй гаргасан. Үүнээс 279800 болохоор өөрсдийнх нь хүмүүст өгүүлсэн зээл, үлдэгдэл нь 1021052 төгрөний зээл үлдсэн. Үүнээс эхний өдөр 306100 бэлэн авчирч өгсөн. Үдээс хойш орой нь болохоор 214400 бэлэн өгсөн. Маргааш нь болохоор 102500+42300=1448008 үдээс хойш нь 99400 авчирч өгөөд маргааш нь дэлгүүрээ онгойлгосон. Үлдсэн 177000 төгрөгийн дэлгүүрээ онгойлгож байгаад хүмүүсээсээ авч өгсөн. 79100 төгрөг нь болохоор дараа сарын тооцоонд орсон. Энэ Дэмидмаа гэгч хүүхэнд би ээжийнхээ тэтгэврийг авч өгнө гэж би огт яриагүй. Би яасан гэж өгсөн зээлээ хүмүүсээс цуглуулчихаад цуглалсан болгонын хэд хэдээр авчирч өгөөд явж байтал ээжийнхээ тэтгэврийн зээлийг юунд авч өгсөн вэ? ингэж ор үндэсгүй хүн гүтгэдэг хүн бас байхуудаа. Би яахаараа хүмүүсийн өмнөөс мөнгийн төлөх вэ дээ. Цуглуулж өгсөөр байтал.

                10-р сард дахин тооллогоо хийж 588600 төгрөгний зээлтэй гарсан. 669340-ийн төгрөгийг би өөрөө цалиндаа авч хэрэглэсэн.

                Надад 3 сар ажиллах хугацаанд нэг л өдөр амарсан. Цалин мөнгө хүртэл өгөөгүй, илүү цаг гэж хүртэл байх даа. Уг хөдөлмөрийн гэрээндээ дандаа өөрийн талд ашигтай зүйлийг тусгасан байсан. Ажилчдынхаа амралт, илүү цагуудыг оруулж бичээгүй байсанаа тухайн үед хэлэхэд тэгж байгаад орсон орлогоосоо харж байгаад уг гэрээгээ солино гэж хэлсэн.

                Тухайн үед Дэмидмаа намайг орсон орлогынхоо 2% цалинжуулна гэж хэлсэн боловч надад цалин 3 сарын турш ажиллахад ганц ч төгрөг тоолж өгч байгаагүй юм болохоор л тооллогоо хийн гээд ирж бараагаа тоолж өр гарган түүнийгээ цалингаас чинь суутгалаа та бид хоёрын хооронд өр шир байхгүй боллоо гээд л явдаг байсан. 8-р сард тооллого хийхдээ 400000 гаруй төгрөгний  өр гаргасан би өөрөө түүнийг нь дахин тооллого хийж гаргасан. 9-р сард тооллого хийхдээ мөн л 600000 төгрөгний өр гаргасан өөрсдөө дандаа хүний өрөнд оруулж хүнээс мөнгө авах сонирхолтой. Манай нутгийн Лувсан гэгч ах орж ирээд тэр 600000 төгрөгний учрыг гаргаж өгсөн. Өөрсдийнхөө авч явсан бараа материалынхаа баримтыг над дээр орлогодох гээд байсан ер нь хүнийг аль болохоор л өрөнд оруулах сонирхолтой.

             Үүнээс гадна хүнсний бараа түгээлт нийлүүлдэг компаниудын борлуулагчдыг ирэхлээр нь өнөөдөр мөнгө гаргахгүй гээд битгий өгөөрэй гэж дандаа тэгдэг. Өөсдөө тэгж хэлчихээд өгүүлээгүй байж адаг сүүлд нь намайг бас өрөнд хийх сонирхолтой юм байгаа юм байна л даа. Би ажлаасаа гарахдаа Дэмидмаад худалдагч Түнжээ нарт хэлж байсан. Орос зайрмаганд болохоор намайг ажилд орохоос өмнө мөнгө төгрөгний асуудалтай байсан.

             Дэмидмаа гэгч эмэгтэй нь Дарханд бас “барил трейд” гурилын өртэй. Эрдэнэт “тамхины бөөнд”, “есөн эрдэнэд” эдгээр газруудад өглөгтэй. Энэ хүмүүс Баруунбүрэнд ирээд сураглаад хайгаад байгаа. Энэ хүмүүс бол миний бодсноор бол маш муу хүнийг луйварддаг гүжирддэг хүмүүс. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний хэлсэн ярьсан бүхэн үнэн болно гэжээ.  

             Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: ...Би хүнсний захын дэлгүүрт 2015 оны 07 дугаар сарын 18-ний өдрөөс эхлэн ажилласан. Ажиллаж байх хугацаандаа бараа материалыг хүмүүст зээлээр олгосон. Гэхдээ тэр зээлээ  би эргүүлээд цуглуулж өгсөн. ******* надаас 3.255.942 төгрөгний бараа материалын мөнгийг нэхэмжилж байгаа бөгөөд 08 дугаар сарын 21-ний өдөр 634.730 төгрөг, 09 дүгээр сарын 30-ний өдөр  1.023.052 төгрөг, 10 дугаар сарын тооллогоор 586.683 төгрөг дутаасан боловч бүгдийг нь би төлж өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр 2.044.425 төгрөгний хохирол гарсан байсан.  Энэ бол миний хувь хүмүүст өгсөн зээл байгаа юм.  Таван од орос зайрмагт 8 дугаар сарын 16-ний өдөр 449.200 төгрөг, 9 дүгээр сарын 18-ний өдөр 261.800 төгрөг нийт 711.000 төгрөгний өртэй гэж надаас нэхэмжилж байгаа. Энэ мөнгийг өгөөгүй байгаа гэдгийг би эдний худалдагчид бичээд өгсөн байсан. Франц талхны 278.800 төгрөг, сумын захиргаанд 178.720 төгрөг байгаа. Би өөрийнхөө тооцооны дэвтэр дээр өгөөгүй гээд бичсэн байгаа.  Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

                Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би хүнсний захын дэлгүүрт 2015 оны 07 дугаар сарын 18-ний өдрөөс эхлэн ажилласан. Ажиллаж байх хугацаандаа бараа материал зээлээр хувь хүмүүст олгосон. Гэхдээ тэр зээлээ  би эргүүлээд цуглуулж өгсөн. ******* надаас 3.255.942 төгрөгний бараа материалын мөнгийг нэхэмжилж байгаа бөгөөд 08 дугаар сарын 21-ний өдөр 634.730 төгрөг, 09 дүгээр сарын 30-ний өдөр  1.023.052 төгрөг, 10 дугаар сарын тооллогоор 586.683 төгрөг дутаасан боловч бүгдийг нь би зээлсэн хүмүүсээсээ эргүүлээд авч өгсөн. Дэмжидмаад мөнгө өгсөн талаараа баримт бичиг үйлдээгүй нь миний буруу. Тийм баримт байхгүй... Шинжээчийн дүгнэлтээр 2.044.425 төгрөгний хохирол гарсан байсан. Би үүнийг зөвшөөрч байгаа. Энэ бол миний хувь хүмүүст өгсөн зээл байгаа юм. Таван од орос зайрмагт 8 дугаар сарын 16-ний өдөр 449,200 төгрөг, 9 дүгээр сарын 2-ний өдөр 261.800 төгрөг нийт 711.000 төгрөгний өртэй гэж надаас нэхэмжилж байгаа. Энэ мөнгийг өгөөгүй байгаа гэдгийг би эдний худалдагчид бичээд өгсөн байсан. Франц талхны 278.800 төгрөг, сумын захиргаанд 178.720 төгрөг байгаа.  Би өөрийнхөө тооцооны дэвтэр дээр өгөөгүй гээд бичсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваахүүгээр төлөөлүүлэн хариуцагч *******ээс барааны дутагдуулсан төлбөр 3.255.942 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

            Хариуцагч ******* 3.255.942 төгрөгийг дутагдуулаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

            2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн  ******* нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах хүнсний захад *******ийг худалдагчаар ажиллуулж нэг сард орлогын 2%-тай тэнцэх хэмжээний төгрөгөөр цалинжуулахаар харилцан тохиролцсон болох нь тэдний хооронд хийсэн хэлцэл, шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

            2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан боловч гүйцэтгэх үндсэн үүрэг буюу гэрээний гол нөхцөлийг тодорхойлоогүй, нэхэмжлэгч ******* нь хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд ажил олгогч биш тул талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваахүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санхүүгийн анхан шатны баримтууд дээр тулгуурлаад шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг шүүх ханган шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

            2016 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 21 тоот “Цэгц үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...худалдагчийн хариуцах өр дутагдлын дүн 2.044.425 төгрөг бөгөөд уг тооцоолсон дүнд ажил олгогчоос төлөөгүй байгаа, худалдагчийн ажилласан хугацааны цалин ороогүй болно... гэсэн дүгнэлт гаргаж ирүүлсэн байна.

            Шүүх уг шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар уг нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэж үнэлж дүгнэсэн болно.

            Учир нь хариуцагч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ...Би шинжээчийн дүгнэлтээр гарсан 2.044.425 төгрөгийг бусдад зээл өгсөн нь үнэн. Хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би энэ мөнгийг зээлүүлсэн хүмүүсээсээ цугуулаад *******д өгсөн. Харин мөнгө өгсөн талаар баримт бичиг үйлдээгүй нь миний буруу, тийм нотлох баримт байхгүй... гэж тайлбарлаж байх бөгөөд зохигчид шинжээчийн дүгнэлтийн талаар маргаагүй юм.

            Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байтал хариуцагч нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2.044.425 төгрөгийг нэхэмжлэгчид  хүлээлгэн өгсөн байдлаа нотлож чадахгүй байна.

            Нэхэмжлэгч нь хариуцагчаас 8, 9, 10 сарын тооллогоор дутагдуулсан 2.240.942 төгрөг, хүнсний бараа түгээж, нийлүүлдэг компаниудын борлуулагч нараас авсан бараа материалын мөнгийг төлөлгүй өр үүсгэсэн буюу Таван-од ХХК-ын орос зайрмагны 711.000 төгрөг, Дархан-хүнс ХХК-ийн 278.800 төгрөгийг тооцоо хийсэн мэтээр баримтандаа тусгасан бөгөөд 989.800 төгрөг нийт 3.255.942 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байх боловч  Таван-од ХХК-ын орос зайрмагны 711.000 төгрөг, Дархан-хүнс ХХК-ийн 278.800 төгрөг, нийт 989.800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн орлого, зарлагын ордероор нотлогдохгүй байна гэж үзлээ.   

            Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******ээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2.044.425 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.211.517 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т орлогын 2 хувиар цалинжуулж, хөлс төлнө гэж тохирсон бөгөөд сард хэдэн төгрөгний орлого олсон, хэдэн төгрөгний цалин өгсөн, авсан нь зохигчдын тайлбар болон бусад холбогдох нотлох баримт /худалдагчийн болон дэлгүүрийн дэвтэр/-аар тогтоогддоггүй, талуудын хөтөлсөн  тооцоо, баримт нь хоорондоо зөрөөтэй, гэрээний талууд цалин өгсөн, авсан талаараа баримт үйлдэн, зэрэг баталгаажуулж, гарын үсэг зураагүй зэрэгээс цалинг тодорхойлох боломжгүй нөхцөл байдал үүссэнийг тэмдэглэх нь зүйтэй.

            Мөн хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... “Би 2015 оны 8-р сард анхны тооллогоор хүмүүст 634.730 төгрөгийн зүйл зээл өгсөн нь үнэн болно. Гэхдээ би 8-р сарынхаа цалинг 450.000 төгрөгийг суутгуулсан..., 10-р сард дахин тооллогоо хийж 588.600 төгрөгний зээлтэй гарсан. 669.340-ийн төгрөгийг би өөрөө цалиндаа авч хэрэглэсэн”...гэх тайлбарыг гаргасан атлаа шүүх хуралдаанд “би нэг ч төгрөгний цалин авч байгаагүй”... гэж зөрүүтэй мэдүүлдэг, нэхэмжлэгч ******* нь “...Ш.Оюунбилэг өөрийн хэрэгцээндээ бараа, материал авч хэрэглэдэг, тэгээд түүнийгээ цалиндаа суутгадаг байсан... гэх тайлбар зэргээс ******* нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй бусдад зээл өгдөг, бараа, материал өөрийн хэрэгцээндээ хэрэглэдэг, хэдэн төгрөгний орлого олсон эсэхээс үл хамааран тодорхой мөнгийг өөрийн цалинд суутгадаг зэрэг нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.

            Хэдийгээр хариуцагч *******ийн хүсэлтээр гэрч Ц.Буяндэлгэр, Р.Бямбацэцэг, Д.Саранцэцэг, Т.Одсүрэн нарыг гэрчээр асуусан боловч хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай нөхцөл байдлыг гэрчлээгүй учир  нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнээгүй болно.

            Хариуцагч *******ийн шүүхэд гаргасан Д.Дэмиддагва, Ц.Одончимэг, Г.Баярсайхан, Э.Энхболд, Г.Болор, В.Нэргүй, О.Батцэцэг нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн нотлох баримт гэж үзлээ.

            Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47.661 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.        

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хариуцагч *******ээс 2.044.425 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.211.517 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 67.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 47.661 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

     

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ДЭЛГЭРСАЙХАН