Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 22

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч

                             Ерөнхий шүүгч               Б.Батзориг

                             Шүүгчид                           Л.Амарсанаа

                                                                 Г.Давааренчин

                    Оролцогчид:

                             Нэхэмжлэгчийн өмгөөлөгч    Д.Даваахүү

                                Хариуцагчийн өмгөөлөгч  П.Буманзаяа

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш. Энхцэцэг нар оролцож,

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 83 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдлоор Б.Оюунбилэгт холбогдох “3.255.942 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч Ш.Дэмидмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ба 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс Б.Оюунбилэгийг худалдагчаар ажиллуулсан. Тэр хугацаанд бараа материал дутаахгүй, зээлээр өгөхгүй гэсэн талаар хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр хамтарч ажилласан. Гэтэл Б.Оюунбилэг нь хүлээсэн үүргээ зөрчин 3.255.942 төгрөг дутааж хувьдаа ашигласан нь удаа дараагийн тооллогоор тогтоогдсон. Нэхэмжлэгчийн зүгээс дутагдуулсан төлбөрийг барагдуулахыг удаа дараа шаардаж байсан боловч хохирлоо барагдуулахгүй байгаа тул өөрт нь итгэн хариуцуулсан өмч хөрөнгийг шамшигдуулсан гэж үзэн цагдаагийн байгуллагад өгсөн боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон тул шүүхэд гомдол гаргаж байна. Хариуцагч Б.Оюунбилэг нь 2015 оны 08 дугаар сард анхны тооллогоор 634.730 төгрөг, 9 дүгээр сарын тооллогоор 1.017.612 төгрөг дутаасан бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрч 169.100 төгрөгийг төлж үлдэгдэл 1.438.242 төгрөгийг ээжийнхээ тэтгэврийн зээлийг аваад төлнө гэж байсан боловч төлөөгүй. 2 сар ажиллах хугацаандаа мөнгө төгрөг дутагдуулсан хэдий ч өөрөө төлнө гэж зөвшөөрсөн тул итгэж цааш үргэлжлүүлэн ажиллуулсан боловч 10 дугаар сард дахин 588.600 төгрөгийг дутагдуулсан. Үүнээс гадна хүнсний бараа түгээж нийлүүлдэг компаниудын борлуулагч нараас авсан бараа материалын мөнгийг төлөлгүй өр үүсгэж дэлгүүрийнхээ эзэнд тооцоогоо хийсэн гэж баримтандаа тусган өгч байсныг сүүлд нь мэдсэн. Тодруулбал Дархан-Уул аймгаас борлуулалт хийдэг талх нарийн боовны борлуулагчид төлөх 290.000 төгрөг, Орос зайрмагны борлуулагчид төлөх 707.000 төгрөг, сумын Засаг даргын тамгын газарт 187.000 төгрөгний бараа материал зээлээр өгсөн гэж байсан боловч 64 000 төгрөгний зээл өгсөн байсан. Иймд Б.Оюунбилэгээс 3.255.942 төгрөг гаргуулж өгнө үү? Үүнээс гадна зарим борлуулагчдаас цаашид өр авлага нэхэгдэх магадлалтай тул тооцоо нийлж дутагдал гарвал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болно...” гэжээ.

  

 Хариуцагч Б.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “…Би хүнсний захын дэлгүүрт 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ажилласан. Ажиллаж байх хугацаандаа бараа материал зээлээр хувь хүмүүст олгосон. Гэхдээ тэр зээлээ  би эргүүлээд цуглуулж өгсөн. Ш.Дэмидмаа надаас 3.255.942 төгрөгний бараа материалын мөнгийг нэхэмжилж байгаа бөгөөд 08 дугаар сарын 21-ний өдөр 634.730 төгрөг, 09 дүгээр сарын 30-ны өдөр  1.023.052 төгрөг, 10 дугаар сарын тооллогоор 586.683 төгрөг дутаасан боловч бүгдийг нь би зээлсэн хүмүүсээсээ эргүүлээд авч өгсөн. Дэмидмаад мөнгө өгсөн талаараа баримт бичиг үйлдээгүй нь миний буруу. Тийм баримт байхгүй... Шинжээчийн дүгнэлтээр 2.044.425 төгрөгний хохирол гарсан байсан. Би үүнийг зөвшөөрч байгаа. Энэ бол миний хувь хүмүүст өгсөн зээл байгаа юм. Таван од орос зайрмагт 8 дугаар сарын 16-ны өдөр 449,200 төгрөг, 9 дүгээр сарын 2-ны өдөр 261.800 төгрөг нийт 711.000 төгрөгний өртэй гэж надаас нэхэмжилж байгаа. Энэ мөнгийг өгөөгүй байгаа гэдгийг би эдний худалдагчид бичээд өгсөн байсан. Франц талхны 278.800 төгрөг, сумын захиргаанд 178.720 төгрөг байгаа.  Би өөрийнхөө тооцооны дэвтэр дээр өгөөгүй гээд бичсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.  

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 83 дугаартай шийдвэрээр:

 -Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хариуцагч Б.Оюунбилэгээс 2.044.425 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Дэмидмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.211.517 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 67.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оюунбилэгээс 47.661 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

 Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 83 дугаар шийдвэрт нэхэмжлэгч Ш.Дэмидмаад хариуцагч Б.Оюунбилэгээс 2.044.425 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Шүүхийн шийдвэрээр 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр 2.044.425 төгрөгний өр дутагдал Б.Оюунбилэг дээр гаргасныг үндэслэл болгож Б.Оюунбилэгээс гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна. Учир нь Б.Оюунбилэг нь шүүхэд гаргасан тайлбартаа “...шинжээчийн 2.044.425 төгрөгний хохирол гаргасан байна. Энэ бол миний хувь хүмүүст өгсөн зээл байгаа юм. Гэхдээ би тэр зээлээ эргүүлээд цуглуулж өгсөн...” гэсэн байдаг бөгөөд энэ нь дараахь нотлох баримтаар нотлогдсон байдаг. Хавтаст хэргийн 39 дүгээр хуудсанд ...Г.Баярсайхан... “хүнсний захын худалдагч Б.Оюунбилэгээс 100.000 төгрөгний хүнс бараа зээл авсан. Зээлсэн барааныхаа мөнгийг хүнсний захын эзэн Б.Дэмидмаад 10 сарын 20-нд өгсөн нь үнэн болно...” гэх, хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд 2015 оны 10 дугаар сарын 23-нд “...Б.Оюунбилэгээс 156.350 төгрөг авч  Ш.Дэмидмаад авчирч өгсөн нь үнэн болно...” гэх Э.Энхболдын мэдүүлэг, хавтаст хэргийн 42 дугаар хуудаст гэрч н.Болорын тодорхойлолт “...зээлээр бараа авсан болох дараахь нэр бүхий хүмүүсээс мөнгийг нь цуглуулан 244.200 төгрөг цуглуулан өгснийг үнэн болохыг тодорхойлов...”, гэрч Ц.Буяндэлгэр “...тэгээд 7 сард 637.740 төгрөг, 10 дугаар сард 588.700 төгрөг бол би Б.Оюунбилэг, Ш.Дэмидмаад тоолж өгч байсныг би харсан. Үүнийг би гэрчилж байна...” гэх мэдүүлэг зэргээс гэрч Д.Саранцэцэг “...тэр мөнгийг /300.000 төгрөг/ Б.Оюунбилэг өөрөө орж хүмүүсээс авсан, ... Б.Оюунбилэг мөнгөө өөрөө өгчихөөд гараад ирлээ гэж байсан...” зэрэг нотлох баримтаар дутагдуулсан гэх мөнгөний 1.926.990 төгрөгийг өгсөн гэх нотлох баримт байхад шүүх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2.044.425 төгрөгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байдлаа нотолж чадахгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ Ш.Дэмидмаа, Б.Оюунбилэг нарын хооронд байгуулсан байна гэж дүгнэсэн атлаа гэрээний “1 сард орлогын 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр цалинжуулах” гэсэн заалтыг хэрэгсэхгүй орхиж шийдвэрлэсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтаар Б.Оюунбилэг нь 2015 оны 07 дугаар сарын 17-ноос 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан нь тогтоогдсон байдаг. Иймд 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 83 дугаартай шийдвэрээр 2.044.425 төгрөгийг Б.Оюунбилэгээс Ш.Дэмидмаад олгохоор гаргасан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

…Түүний давж заалдсан гомдлыг хүлээн авах, хангах үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагч Б.Оюунбилэгээс түүний дутагдуулсан 2.044.425 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Харин ч шүүх “Дархан Хүнс” ХХК-д төлсөн гэж хуурамчаар орлогын ордерт бичсэн 257.800 төгрөг “Таван-Од” ХХК-д төлөх орос зайрмагны үнэ 711.000 төгрөгийн дутагдлыг хасч тооцон өөрт нь ашигтай шийдвэр гаргасан атал дутагдуулсан мөнгөө төлөхгүй гэж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч нь дээрх 2 компаниас авсан бараа материалын үнийг төлсөн гэж бэлэн мөнгөний орлогын ордерт тусгаж нэхэмжлэгчийг хууран мэхэлж байсан бөгөөд уг мөнгийг төлөөгүй гэдэг нь гэрч Т.Одсүрэн, Р.Бямбасүрэн нарын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгээр нотлон тогтоогдож байгаа болно.

Уг компанид үүсгэсэн өр нь Ш.Дэмидмаад гаргаж өгсөн санхүүгийн анхан шатны баримт болох бэлэн мөнгөний орлогын баримт дээр төлөгдснөөр тусгагдсан байгаа тул “Цэгц үнэлгээ" ХХК-ний гаргасан шинжээчийн дүгнэлтэнд дутагдлаар гараагүй байгаа тул нэмж нэхэмжилсэн байгаа.

Хариуцагчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо 2.044.425 төгрөгийн дутагдлыг хүмүүст  зээлээр өгсөн бараа, материалын үнэ бөгөөд 1.926.990 төгрөгийг эргүүлээд цуглуулаад өгсөн нь гэрч Г.Баярсайхан, Э.Энхболд, н.Болор нарын тодорхойлолт /нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй/, гэрч н.Буяндэлгэр, н.Саранцэцэг нарын мэдүүлгээр нотлон тогтоогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй, боломжгүй юм.

Мөнгө төгрөгний тооцоог хоёр тал санхүүгийн баримт үйлдэн хийдэг байсан бөгөөд бэлэн мөнгөний орлогын ордерын худалдагчид байсан хувь болон Ш.Дэмидмаад байсан хувь, дэлгүүрийн бүртгэлийн хоёр талд хөтлөгдөж байсан 2 дэвтэр зэргийг үндэслэн шинжээч дүгнэлтээ гаргасан нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн, дутагдуулсан бараа, материалын үнийн дүнтэй тооцоо нь нийлж байгаа болно.

Хариуцагчийн хүсэлтээр шүүхэд мэдүүлэг өгсөн гэрч н.Буяндэлгэр, н.Саранцэцэг нар нь бодит байдалд нийцэхгүй мэдүүлэг өгч байсан тул шүүх уг мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй нь үндэслэлтэй юм. Учир нь тооцоог орлогын баримтаар хийж байсан нотлогдож байгаа тул Б.Оюунбилэгийн хувьд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэлд тусгахгүйгээр Ш.Дэмидмаад мөнгө төгрөг өгч байсан гэдэг нь үндэслэлгүй юм.

Хариуцагч Б.Оюунбилэг нь 3 сар орчим ажиллахдаа 2.044.425 төгрөгийн дутагдал гаргасан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа тул шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

                                                      Үндэслэх нь:

              

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй  боловч  хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Ш.Дэмидмаа нь  хариуцагч Б.Оюунбилэгт холбогдуулан 3.255.942 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь төлбөрийг төлсөн гэж маргажээ.

 

 Хэргийг судлан үзвэл: нэхэмжлэгч Ш.Дэмидмаа нь хариуцагч Б.Оюунбилэгийг 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн  Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах хүнсний захад худалдагчаар ажиллуулж, сарын цалинг орлогын 2%-тай тэнцэх хэмжээний төгрөгөөр цалинжуулахаар харилцан тохиролцжээ.

 

 Ийнхүү тохиролцсоноор зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Талууд хөлсөөр ажиллах гэрээгээр эрх үүргээ нарийвчлан тодорхойлоогүй боловч хэргийн үйл баримтаас үзэхэд  Д.Оюунбилэг нь дэлгүүрийн барааг борлуулж борлуулсан үнийг /орлогыг/ ажил гүйцэтгэгч Ш.Дэмидмаад шилжүүлэх, Ш.Дэмидмаа нь ажил гүйцэтгэгч Д.Оюунбилэгт ажил гүйцэтгэснийх нь төлөө сар бүр цалин олгох үүргийг тус тус хүлээсэн гэж үзэхээр байна.

 

Хариуцагч Д.Оюунбилэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс  талуудын хооронд энэхүү маргаан үүссэн байна.  

 

Хариуцагч Б.Оюунбилэг нь гэрээний дагуу  хүнсний дэлгүүрийн  худалдагчаар ажиллах  хугацаандаа борлуулсан барааны үнийг ажил гүйцэтгүүлэгч Ш.Дэмидмаад бүрэн шилжүүлээгүй, өөрөөр хэлбэл  гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин  бусдад барааг  зээлээр худалдсанаас ажил гүйцэтгүүлэгчид барааны үнийг бүрэн шилжүүлээгүй  болох нь  хэрэгт авагдсан зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, худалдагчийн өдөр тутмын тооцооны дэвтэр,  кассын орлогын ордер, дэлгүүрийн бараанд тооллого хийсэн тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ш.Дэмидмаа нь хариуцагч Д.Оюунбилэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа   3 сарын хугацаанд ажиллахдаа 3.255.942 төгрөгийн барааг дутаасан гэсэн үндэслэлээр нөхөн гаргуулах гэж тодорхойлжээ.

 

 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т “үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч  нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэхийг шаардах эрхтэй” гэж заасан тул   нэхэмжлэгч Ш.Дэмидмаа нь хариуцагчаас дутаасан барааны үнэ буюу борлуулсан барааны үнийг өөртөө шилжүүлэхээр  гаргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Дэмидмаа нь хариуцагч Д.Оюунбилэгээс дутаасан барааны үнэ  3.255.942 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан.

 

Хариуцагчийг дэлгүүрт ажиллах  хугацаанд хэдэн төгрөгийн бараа дутаасан талаар зохигчид маргаж улмаар тэдгээрийн  хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  шүүхээс шинжээч томилж дүгнэлт гаргуулсан ба энэхүү шинжээчийн дүгнэлтээр худалдагчийн хариуцах өр дутагдлын дүнг 2.044.425 төгрөг байна гэж тогтоожээ.

 Зохигчид шинжээчийн энэхүү дүгнэлтийн талаар ямар нэгэн байдлаар маргаагүй бөгөөд харин хариуцагч Д.Оюунбилэг нь дээрхи дутагдуулсан барааны үнийг нэхэмжлэгчид буцаан төлж барагдуулсан гэж маргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татзалзлаа нотлох үүднээс шүүхэд хүсэлт гаргаж иргэн Ц.Буяндэлгэр, Р.Бямбацэцэг, Д.Саранцэцэг, Т.Одсүрэн нарыг гэрчээр асуулган мэдүүлэг авхуулсан боловч тухай гэрчийн мэдүүлгээр Д.Оюунбилэгийг бусдад бараа зээлээр худалдасан, тодорхой хэмжээгээр бусдаас зээлүүлсэн барааны үнийг авсан гэдгийг нь нотлож байгаа боловч нэхэмжлэгч Ш.Дэмидмаад хэдэн төгрөг өгсөн эсэх талаар тодорхой мэдүүлээгүй,  иргэн Д.Дэмиддагва, Ц.Одончимэг, Г.Баярсайхан, Э.Энхболд, Г.Болор, В.Нэргүй, О.Батцэцэг нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд  мөн  нэхэмжлэгчээс  хүнсний бараа түгээж, нийлүүлдэг компаниудын борлуулагч нараас авсан бараа үнэ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гаргаж өгсөн зарлагын баримтууд нь тус тус хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. 

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт үнэлэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн хариуцагч  Д.Оюунбилэг нь  нэхэмжлэлийн шаардлагын татгалзал түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах үүргээ биелүүлээгүй гэж  нэхэмжлэлийн шаардлагын заримыг буюу борлуулсан барааны үнэ 2.044.425 төгрөгийг хариуцагч Д.Оюунбилэгээс гаргуулахаар  шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг  Сайхан сум дахь сум дундын  шүүхийн 2017 оны 04 сарын  04-ний өдрийн 83 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг:

 “1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.4,  359 дүгээр зүйлийн   359.1-т зааснаар хариуцагч Б.Оюунбилэгээс 2.044.425 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Дэмидмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.211.517 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн   давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47.660 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

 

                                         ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                          ШҮҮГЧИД                       Л.АМАРСАНАА 

                                                                                    Г.ДАВААРЕНЧИН