Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01698

 

 Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01238 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1456 дугаар магадлалтай,

   Б ын нэхэмжлэлтэй,

            Д , С  нарт холбогдох

           Зээлийн гэрээний үүрэгт 25,200,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

        2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Б ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Би С , Д  нартай 2015 оны 05 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 16,500,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, 2015 оны 08 сарын 29-ний өдрийг хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нар зээлийг төлөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж тодруулсантай холбоотойгоор хариуцагч С аас татгалзаж байна. Иймд гэрээний дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож 5,000,000 төгрөг, үндсэн зээл 16,500,000 төгрөг, түүний хүү 3,700,000 төгрөгийн хамт нийт 25,200,000 төгрөгийг хариуцагч Д оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б , Д  нар нь 2015 оны 04 сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний 1-д 2015 оны 03 сарын 24-ний өдрийн зээлийн төлөгдөөгүй 10,000,000 төгрөг, мөн 2015 оны 04 сарын 29-ний өдөр буюу гэрээ байгуулсан өдөр зээлж байгаа 10,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөг гэж зээлийн үнийг тогтоосон. Гэтэл Б  нь Д д 2015 оны 04 сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөг шилжүүлээгүй. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан хэдий ч зээл олгогдоогүй. Д , Б  нарын хооронд урт хугацааны өглөг, авлага явж байсан бөгөөд Б  2015 оны 05 сарын 29-ний өдөр дахин шинэчилсэн гэрээнд Д оос тодорхой төлөлтүүд хийгдсэн тул гэрээг шинэчилж үндсэн үүргийн гүйцэтгэлд 16,500,000 төгрөг гэж талууд тохиролцсон бөгөөд энэ төлбөрийг дахин 3 сараар сунгасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ бүрэн өөрчилсөн. 2015 оны 04 сарын 29 болон 05 сарын 29-ний өдөр ямар ч гүйлгээ хийгдээгүй, мөнгө шилжүүлээгүй. Иргэний хуулийн 42.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу хүү авах эрхээ алдана. 2015 оны 05 сарын 29-ний өдөр байгуулсан 16,500,000 төгрөгийг Д  нь Б д төлөх ёстой гэж баталгаажуулж тохиролцсон. Төлөлтийн дүнд талууд маргаагүй. Харин тусдаа байсан 8,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт маргадаг боловч 8,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа байсан бол 2015 оны 04 сарын 29-ний өдөр 05 сарын 29-ний өдрийн хэлцэлд энэ талаар тусгагдах байсан. 2015 оны 04 сарын 01-ний өдөр Д ы эгч Д.Алтантуяад 9,650,000 төгрөгийн зээлийг шилжүүлсэн. Иймд Иргэний хууль болон гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн Д ы төлсөн 9,750,000 төгрөгийг хасаад 6,750,000 төгрөгийг төлнө. Худалдаа Хөгжлийн банкаар дамжуулж өгсөн 1,000,000 төгрөг төлөлтөд байхгүй. Төрийн банкны дансанд тушааж байсан төлбөрийн баримтууд ороогүй. С ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд барьцаалагдаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 9,750,000 төгрөгийг төлсөн ба 6,750,000 төгрөгийг төлнө. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилсөн тул сөрөг нэхэмжлэлээ татан авч байна гэжээ.                                               

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01238 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хариуцагч Д оос 13,125,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,075,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б  нь хариуцагч С аас татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу хариуцагч Д  нь нэхэмжлэгч Б д холбогдуулан гаргасан 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,950 төгрөгийг, хариуцагч Д оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,450 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас илүү төлсөн 170,250 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагчид, хариуцагч Д оос 223,575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1456 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2018/01238 тоот шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Зохигч 18,500,000 төгрөгийг зээлдүүлэхээр шилжүүлсэн, .... 2015/05/29-ний өдрийн байдлаар хариуцагч нь нэхэмжлэгчид 16,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан нь нотлогдож байна.., Зохигч ХААН банк дахь Д.Алтанцэцэг, А.Анхтуяа нарын дансаар хариуцагчаас нэхэмжлэгчид нийт 9,750,000 төгрөгийг шилжүүлсэн тухайд маргаагүй.., " хэмээн зөв дүгнэсэн боловч "... Үүний 2,000,000 төгрөгийг 2015/05/04-нд ..," хэмээн шүүхийн шийдвэрт төлбөр хийсэн он сарыг буруу тусгасан байна. Нэхэмжлэгч нь 2015/04/29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг нэхэмжилсэн байдаг. Уг зээлийн гэрээгээр талууд "20,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр, 20 хоногийн хугацаатайгаар зээлэхээр" харилцан тохиролцсон юм. Хариуцагч нь тодорхой төлөлтүүдийг хийсний дараа 2015/05/29-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн өр 16,500,000 төгрөг болж буурсныг талуудын 2015/05/29-ний өдрийн гэрээ, талуудын шүүхэд өгсөн мэдүүлэг, холбогдох баримтууд нотолдог ба үүнийг ч шүүх үнэн зөв дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 2015/05/29-ний өдрийн байдлаар нэхэмжлэгч талд гэрээгээр тохиролцсон хүүгээ бүрэн төлж, үндсэн зээлээс 3,500,000 төгрөгийг төлж, үндсэн үүрэг нь 16,500,000 төгрөг болж буурсан байна. 2015/05/29-нд зээлийн өрийн үлдэгдлийг талууд баталгаажуулснаас хойш хариуцагч Д  нь 2016 оны 05 сарын 04-нөөс эхлэн зээлийн төлөлтийг хийж эхэлсэн ба нийт 9,750,000 төгрөг төлсөн. 2015/04/29-ний өдрийн зээлийн гэрээний хүү төлөгдсөн тул 2016/05/04-нөөс хойш төлсөн 9,750,000 төгрөгийг үндсэн үүргээс хасах ёстой хэмээн үзэж байна. Дээрх төлбөрийг үндсэн үүргээс хасахад Д ы төлөгдөөгүй өрийн үлдэгдэл 6,750,000 төгрөг болох бөгөөд 2015/04/29-ний өдрийн гэрээний 2.7 дахь хэсэгт заасны дагуу тооцогдох анз нь үндсэн үүргийн 50 хувь буюу 3,375,000 төгрөг, нийт хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх төлбөр нь 10,125,000 төгрөг байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндэслэлгүй нэмэгдсэн 3,000,000 төгрөгийг хасаж тооцон, шийдвэрийн дүнг 10,125,000 төгрөг болгож өгнө үү. Түүнчлэн Баянгол дүүргийн шүүхийн 2018 оны 04 сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01238 тоот шийдвэрийн Тогтоох хэсэгт барьцаа хөрөнгөтэй холбоотой хариуцагчийн гаргасан хариу тайлбар, эсэргүүцлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй байна. ИХШХШ тухай хуулийн 57.4-т заасны дагуу хүлээн зөвшөөрөхгүй байгаа 3,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 62,950 төгрөг тушаасан болно гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б  нь хариуцагч С , Д  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,200,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С аас татгалзсан байна.

Хариуцагч Д  нь зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн  шаардлагаасаа  татгалзан, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 6,750,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлсөн гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс Б , Д  нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд талууд 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл 10,000,000 төгрөг дээр нэмж, 10,000,000 төгрөг зээлдүүлж, нийт 20,000,000 төгрөгийг 20 хоногийн хугацаанд 10 хувийн хүүгийн хамт Д  төлөхөөр тохиролцсон байжээ.

2015  оны 05 дугаар сарын 29-ний өдөр дахин 16,500,000 төгрөгийн гэрээ байгуулж, зээлийг мөн оны 8 дугаар сарын 29-ний өдөр төлж дуусгах, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу 0.5 хувиар алданги тооцохоор тохирсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. /хх-4, 76 /

Дээрх тохиролцоог Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасанд нийцсэн гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтад нийцсэн.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан маргааны үйл баримтад дүгнэлт хийж, талуудыг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр 4 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээг дүгнэсэн, хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг 16,500,000 төгрөг гэж тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт авагдсан ХААН банк дахь депозит дансны хуулга, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч Д оос зээлийн гэрээний үүрэгт 13,125,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б  нь хариуцагч С аас, хариуцагч Д  нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт С ын нэр болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг алдаатай бичсэнийг хяналтын шатны шүүхээс залруулна. 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дээр дурдсан алдааг залруулсан өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1456 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01238 дугаар шийдвэрийн хоёр дахь заалтын “С.Огонжаргалаас” гэснийг “...С аас...” гэж, гурав дахь заалтын “...бусад тооцуулах...” гэснийг “...бус байх хэлцэл болохыг тогтоолгох...” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Хариуцагч Д ы хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 62,950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН