Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/0819

 

Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 129/ШШ2018/00516 дугаар шийдвэр,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаар магадлалтай,

Хын нэхэмжлэлтэй,

“А” ХХК, Б.Бнарт холбогдох,

78.460.666 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “А” ХХК-ийн төлөөлөгч Ц.Баасандуламын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А” ХХК болон Б.Бнар 2015.02.25-ны өдөр 130.000.000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. Гэтэл зээлдэгч нар 2017.11.16-ны өдрөөс зээлийн гэрээний үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 123 хоног зээлээ төлөлгүй хугацаа хэтэрсэн байна. 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээгээр 23 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, хувийн сууцны зориулалттай 40 м.кв, 48 м.кв талбайтай барилга, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 330 м.кв талбайтай газар, 64 м.кв талбайтай барилга, 550 м.кв газар, агуулах, гражийн зориулалттай 96 м.кв, 36 м.кв талбайтай барилга, 3.500 м.кв газар зэргийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан. 2018.03.19-ний өдрийн байдлаар хүү 2.559.534 гӨгрөг, нэмэгдүүлсэн хүү 36.788 төгрөг, үндсэн төлбөр 75.830.344 төгрөг, нотариатаар гэрчлүүлсний хөлс 34.000 төгрөг, нийт 78.460.666 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн 130.000.000 төгрөгийн зээл нь “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил" төслийн батлан даалтын санд хамрагдаж байсан. Энэ батлан даалтын гурвалсан гэрээгээр 30.000.000 төгрөгийн 50 хувийг буюу 65.000.000 төгрөгийг батлан даалтаар гаргасан, үлдсэн 65.000.000 төгрөгт “А” ХХК-ийн 7 төрлийн хөрөнгийг барьцаалсан гэжээ.

Хариуцагч “А” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2015.02.25-ны өдөр Хас банктай зээлийн гэрээ байгуулан 130.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн батлан даалтын сангийн 50 хувийн батлан даалттайгаар зээлсэн. Зээлийн барьцаанд манай компаний 7 төрлийн хөрөнгийг барьцаалсан. Уг зээлийг аваад жижиг дунд үйлдвэрлэлийн зээл 35.000.000 төгрөг, Хас банкнаас "барьцаанд байр тавь” гэсний дагуу иргэн Даваадуламаас худалдаж авсан байрны үнэ 23.000.000 төгрөг, Эрдэнэбаатараас өмнө нь зээлсэн 15.000.000 төгрөгийг тус тус төлж, цагаан идээний үйлдвэрийн засвар үйлчилгээнд 27.000.000 төгрөгийг зарцуулж, нийт 100.000.000 төгрөгийг зарцуулсан. Манай компани 2015 онд 33.000.000 төгрөгийн эргэлт хийж, зээлийн эргэн төлөлт хэвийн  байсан. Гэтэл Даваадулам худалдсан байрныхаа мөнгийг нэхэж, 2016.02 дугаар сард эргэлтийн мөнгөнөөс 17.000.000 төгрөг төлсөн. Түүнээс болоод үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан. Манай компани Хас банкнаас зээл авснаас хойших хоёр жилийн хугацаанд нийт зээлийн 58 хувийг төлсөн. Хас банкны нэхэмжилсэн 78.460.666 төгрөгийг төлөх болно. Зээл авахдаа Хас банк болон “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн батлан даалтын сантай гурвалсан гэрээ байгуулж 2.028.000 төгрөгийг зээлийн шимтгэлд төлсөн. Манай компани зээлийн 50 хувьд барьцаа гаргасан гэжээ.

Хариуцагч Б.Бшүүхэд гаргасан тайлбартаа: ээж Ц.Баасандулам нь 2015.02 дугаар сард Хас банкнаас төслийн зээл авсан. Энэ зээлд заавал хамтран зээлдэгч байх хэрэгтэй гээд надаар гарын үсэг зуруулсан. Би ээжийн хийж буй ажилд огт оролцдоггүй, авсан зээлийн талаар тодорхой мэдээлэл байхгүй. Батлан даалтын сан нь зээлдэгч эрсдэлд орсон нөхцөлд 50 хувь батлан даалт гаргаж төлөх үүрэгтэй. Батлан даалттай учир хариуцагчийн үүргээс тодорхой хэмжээгээр чөлөөлж өгнө үү гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 129/ШШ2018/00516 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 225 дугаар зүйлийн 225.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт заасныг баримтлан Хас банк болон Ар-Аз түвшин ХХК, Б.Бнарын хооронд 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 1140015166 дугаартай “Зээлийн гэрээ"-г цуцалж, хариуцагч Ар-Аз түвшин ХХК, Б.Бнараас 78 460 666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хт олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1,175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, 72 айлын орон сууцны 11 дүгээр байрны 11 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0118000047 тоот дугаартай 23 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, Цагаан давааны 03-08 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0118002743 тоот дугаартай, хувийн сууцны зориулалттай 40 м.кв, 48 м.кв талбайтай барилга, Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, Цагаан давааны 03-08 тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0118000916 тоот дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 330 м.кв талбайтай газар, Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаатад байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0105000133 тоот дугаартай, хувийн сууцны зориулалттай 64 м.кв талбайтай барилга, Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаатад байрлах, нэгж | талбарын 020700686 дугаартай, гэр бүлийн зориулалттай 550 м.кв газар, Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаат, 02-05 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0105000185 тоот дугаартай, агуулах, гражийн зориулалттай 96 м.кв, 36 м.кв талбайтай барилга, Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаат, 02-05 хаягт байрлах, нэгж талбарын 6521000161 тоот дугаартай, цагаан идээний үйлдвэрлэлийн зориулалттай 3500 м.кв газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 -д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 550 253.33 /таван зуун тавин мянга хоёр зуун тавин гурван төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ар-Аз түвшин ХХК, Б.Бнараас 550 253.33 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хт олгож шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 129/ШШ2018/00516 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-ий төлөөлөгч Ц.Баасандуламын гомдлыг хангахгүй орхиж, Хариуцагч “А” ХХК нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 550 254 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “А” ХХК-ийн төлөөлөгч Ц.Баасандулам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Архангай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 15-ний өдрийн 15 дугаар захирамж, эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 22 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх нь батлан даалтын сангийн үүргийг орхигдуулан батлан даалтын сантай байгуулсан гэрээний үүргийг орхигдуулан эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн төлөх гэрээний заалтыг зөрчсөөр байхад батлан даагчаас шууд зээлийн үүргийг хангуулах боломжгүй гэж дүгнэлт гаргаж байгаа нь хуулийг буруу хэрэглэснийг нотолж байна. Түүнчлэн зах зээл ба бэлчээрийн удирдлагыг хөгжүүлэх төслийн батлан даалтын сан, хас банк болон зээлдэгч нартай байгуулсан гэрээнд заагдсанаар зээлийн үлдэгдэл төлбөр 50% буюу 65 сая төгрөгөөс хэтрэхгүй дүнгээр гэрээ байгуулан батлан даалт гаргасан. Энэхүү гэрээгээр нотлогдсон байдал батлан даалтын сантай байгуулсан гурвалсан гэрээг нотлох баримтын хэмжээнд авч үзээгүй орхигдуулж шийдвэр гаргасан. Иймд эрсдэлийг Баасандулам би өөрөө хариуцаж үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэдгээ тайлбарласаар байхад зээлдэгч талын дээрх саналуудыг харгалзахгүйгээр шийдвэр гаргаж байгаад гомдолтой. Иймд Архангай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 сарын 15-ны өдрийн 15 дугаар захирамж, эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 22 дугаар магадлалыг хэрэгсэхгүй болгож зээлийн үлдэгдэл 65 сая төгрөгийг батлан Даалтын сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

                                                              ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Хас банкны Архангай аймаг дах салбар нь хариуцагч “Ар-аз түвшин” ХХК болон Б.Бнараас зээлийн гэрээг цуцалж, зээл 75.830.344 төгрөг, хүү 2.559.534 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36.788 төгрөг, нотариатын хураамж 34.000 төгрөг нийт 78.460.666 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ.

Зохигчийн хооронд 2015 оны 2 дугаар сарын 25-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нар нь Хас банкнаас 130.000.000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, 72 айлын орон сууцны 11 дүгээр байрны 11 тоотын 2 өрөө орон сууц, хувийн сууцны зориулалттай 40 м.кв, 48 м.кв талбайтай барилга, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 330 м.кв талбайтай газар, хувийн сууцны зориулалттай 64 м.кв талбайтай барилга, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 550 м.кв газар, агуулах, гражийн зориулалттай 96 м.кв, 36 м.кв талбайтай барилга, цагаан идээний үйлдвэрлэлийн зориулалттай 3500 м.кв газрыг тус тус барьцаалсан ба мөн өдөр талууд зээлийн гэрээнд нэмэлт оруулж, зээлийн хүүг 8 хувь болгож өөрчилжээ.

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...зээлдэгч нар зээл,  хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, ...гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан” гэж тодорхойлсон.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар зээл авсан, ...барьцаанд байр тавь гэсэн банкны шаардлагын дагуу  23.000.000 төгрөгөөр байр худалдан авч төлбөрийг нь төлсөн, 2017 оны зун ган болж аарц ховордсон ...үүнээс болж үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан, зээлийн нөхцлөө өөрчлүүлэх албан бичиг өгсөн боловч хүлээн аваагүй, батлан даалтын сан зээлийн 50 хувь буюу 65.000.000 төгрөгийг даасан ...” гэсэн тайлбар гаргасан нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсныг эс зөвшөөрсөн агуулгатай байгааг шүүх анхаараагүй, гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх  нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тохиолдолд гэрээний нэг тал гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлах эрхтэй.

Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банк гэрээг цуцалж, зээлийн төлбөр шаардах эрхтэй талаар зээлийн гэрээний 5.1, 5.1.1.-т заасан ба хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хэрхэн зөрчсөн болох, нэхэмжлэгч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн нэхэмжилж буй зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр хэдий хугацааных болохыг тооцсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч нар эргэлтийн болон үндсэн хөрөнгийн зориулалтаар зээл авч, зориулалтын дагуу ашиглаж байгааг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Хариуцагч нар гэрээний хугацаанд 182.000.000 төгрөг буцаан төлөх үүрэг хүлээсэн, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй гэж шаардсан зээл, хүү 2.596.322 төгрөг, үүнийг нийт үүрэгтэй нь харьцуулбал 1.42 хувь байна. Энэ тохиолдолд үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй  байхад  анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4., 225.4.1.-т нийцээгүй гэж үзнэ.  

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулж зөвтгөлгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т нийцсэнгүй.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 129/ШШ2018/00516 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч “А” ХХК, Б.Бнараас 78.460.666 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч Хын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 550.254 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ