Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х банкны Архангай салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Г.Уламбаяр, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 129/ШШ2018/00516 дугаар шийдвэртэй

Х банкны Архангай салбарын нэхэмжлэлтэй

“А-а Т” ХХК, Б.Б нарт холбогдох

зээлийн гэрээг цуцлуулах, уг гэрээний үүрэгт 78 460 666 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч “А-а Т” ХХК-ийн төлөөлөгч Ц.Бын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Хишигжаргал, хариуцагч “А-а Т” ХХК-ийн төлөөлөгч Д.Д, нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “”А-а Т” ХХК болон Б.Б нар 2015.02.25-ны өдөр 130 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. Х банк нь уг зээлийн гэрээний үүргийг биелүүлж хариуцагч “А-а Т” ХХК-ийн данс руу 130 000 000 төгрөгийг 2015.02.26-ны өдөр шилжүүлсэн. Гэтэл зээлдэгч нар нь 2017.11.16-ны өдрөөс зээлийн гэрээний үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 123 хоног зээлээ төлөлгүй хугацаа хэтэрсэн байна. 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээгээр Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, 72 айлын орон сууцны 11 дүгээр байрны 11 тоот хаягт байрлах 23 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, Цагаан давааны 03-08 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 40 м.кв, 48 м.кв талбайтай барилга, Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, Цагаан давааны 03-08 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 330 м.кв талбайтай  газар, Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаатад  байрлах хувийн сууцны зориулалттай  64 м.кв талбайтай барилга, Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаатад байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 550 м.кв газар, Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаат, 02-05 тоот хаягт байрлах агуулах, гражийн зориулалттай 96 м.кв, 36 м.кв талбайтай барилга, Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаат, 02-05 хаягт байрлах цагаан идээний үйлдвэрлэлийн зориулалттай 3 500 м.кв газар зэргийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2018.03.19-ний өдрийн байдлаар хүү 2 559 534 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36 788 төгрөг, үндсэн төлбөр 75 830 344 төгрөг, нотариатаар гэрчлүүлсний хөлс 34 000 төгрөг, нийт 78 460 666 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна. Тухайн 130 000 000 төгрөгийн зээл нь “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн батлан даалтын санд хамрагдаж байсан. Энэ батлан даалтын гурвалсан гэрээгээр 130 000 000 төгрөгийн 50 хувийг буюу 65 000 000 төгрөгийг батлан даалтаар гаргасан. Үлдсэн 65 000 000 төгрөгт “А-а Т” ХХК-ийн долоон төрлийн хөрөнгийг барьцаалсан.” гэжээ.

 

Хариуцагч “А-а Т” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “2015.02.25-ны өдөр Х банктай зээлийн гэрээ байгуулан 130 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн батлан даалтын сангийн 50 хувийн батлан даалттайгаар зээлсэн. Зээлийн барьцаанд манай компаний долоон төрлийн хөрөнгийг барьцаалсан. Уг зээлийг аваад жижиг дунд үйлдвэрлэлийн зээл 35 000 000 төгрөг, Х банкнаас “барьцаанд байр тавь” гэсний дагуу иргэн Даваадуламаас худалдаж авсан байрны үнэ 23 000 000 төгрөг, Эрдэнэбаатараас өмнө нь зээлсэн 15 000 000 төгрөгийг тус тус төлж, цагаан идээний үйлдвэрийн засвар үйлчилгээнд 27 000 000 төгрөгийг зарцуулж, нийт 100 000 000 төгрөгийг зарцуулсан. Манай компани 2015 онд 33 000 000 төгрөгийн эргэлт хийж, зээлийн эргэн төлөлтийг хэвийн хийж байсан. Гэтэл Даваадулам худалдсан байрныхаа мөнгийг нэхэхээр нь 2016.02 дугаар сард эргэлтийн мөнгөнөөс 17 000 000 төгрөг төлсөн. Түүнээс болоод үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан. Миний зүгээс Х банкинд өөрийн нөхцөл байдлаа танилцуулж зээлийн нөхцлөө өөрчлүүлэхээр албан бичиг өгсөн боловч өөрчилж өгөөгүй. Тэгээд би аргаа бараад хашаа, байшин, байраа барьцаанд тавьж, сарын 3 хувийн хүүтэй зээл авч үйлдвэрлэлээ үргэлжлүүлсэн. Гэтэл 2017 оны зун орон нутагт ган болсон учир аарц ховордож үйлдвэрлэл эрхлэхэд хэцүү болсон. Манай компани Х банкнаас зээл авснаас хойших хоёр жилийн хугацаанд нийт зээлийн 58 хувийг төлсөн. Х банкны нэхэмжилсэн 78 460 666 төгрөгийг төлөх болно. Зээлсэн 130 000 000 төгрөгийн 50 хувь буюу 65 000 000 төгрөгийг батлан даалтын сангаас батлан дааж, үлдсэн 50 хувь буюу 65 000 000 төгрөгийн барьцаанд миний долоон төрлийн хөрөнгийг барьцаалсан. Үлдсэн зээлийн төлбөрийг Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг дахь хувийн сууц, газар, үйлдвэрлэлийн барилгын барьцаагаар хангах боломжтой. Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, 72 айлын орон сууцны 23 м.кв талбайтай орон сууц, Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, Цагаан давааны 03-08 тоот хаягт байршилтай 40 м.кв, 48 м.кв хувийн сууц, Архангай аймаг,  Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, Цагаан давааны  03-08 тоот хаягт байршилтай 330 м.кв өмчлөх эрхтэй газрыг зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү. Зээл авахдаа Х банк болон “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн батлан даалтын сантай гурвалсан гэрээ байгуулж 2 028 000 төгрөгийг зээлийн шимтгэлд төлсөн. Манай компани зээлийн 50 хувьд барьцаа гаргасан.” гэжээ.

 

Хариуцагч Б.Б болон түүний төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Манай ээж Ц.Б нь 2015.02 дугаар сард Х банкнаас төслийн зээл авсан. Ээжийн авсан зээлд заавал хамтран зээлдэгч байх хэрэгтэй гэсэн тул надаар гарын үсэг зуруулсан. Би ээжийн хийж буй ажилд огт оролцдоггүй бөгөөд авсан зээлийнх нь талаар тодорхой мэдээлэл байхгүй. Надад тусдаа хөрөнгө мөнгө байхгүй бөгөөд одоо миний амьдарч байгаа байр Х банкны барьцаанд байгаа. Ээж, дүү хоёр Цагаан давааны 03-08 тоотод тусдаа амьдардаг. Би ээжийн зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг авч хэрэглээгүй ба зөвхөн гарын үсэг л зурсан. Х банк болон “А-а Т” ХХК-ий хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үнийн дүн дээр маргахгүй. Анх зээлийн гэрээг байгуулахдаа “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн батлан даалтын сантай гурвалсан гэрээ байгуулсан. Батлан даалтын гэрээгээр батлан даалтын нэгж нь баталгаат өр төлбөрийн буюу зээлдэгчийн зээлийн үлдэгдэл дүн, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн нийлбэрийн 50 хувьд батлан даалт гаргасан. Батлан даалтын сан нь зээлдэгч эрсдэлд орсон нөхцөлд 50 хувь батлан даалт гаргаж төлөх үүрэгтэй. Үүнээс харахад 65 000 000 төгрөгт барьцаалж байгаа хөрөнгө нь зах зээлийн үнэ ханшаар 200  000 000 гаруй төгрөгт хүрч байгаа. Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, 72 айлын орон сууцны 23 м.кв орон сууц, Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, Цагаан давааны 03-08 тоотод байршилтай 40 м.кв, 48 м.кв хувийн сууц, Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, Цагаан давааны 03-08 тоотод байрлах 330 м.кв өмчлөх эрхтэй  газрыг зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү. Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой багт байрлалтай дөрвөн төрлийн эд хөрөнгө нь барьцаанаас илүү гарахаар үнэ ханштай. Би зээлийн талаар мэдэхгүй учир хамтран хариуцагчаас чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байна. Нөгөө талаар мөнгөн дүн дээр маргахгүй байгаа учир Х банк батлан даалтын сангаас 50 хувийг төлүүлэх арга хэмжээг авах байх. Батлан даалттай учир хариуцагчийн үүргээс тодорхой хэмжээгээр чөлөөлж өгнө үү.” гэжээ.

 

            Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 129/ШШ2018/00516 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 225 дугаар зүйлийн 225.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт заасныг баримтлан Х банк болон “А-а Т” ХХК, Б.Б нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 1140015166 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “А-а Т” ХХК, Б.Б нараас 78 460 666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Архангай салбарт олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1  дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох

- Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, 72 айлын орон сууцны 11 дүгээр байрны 11 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0118000047 тоот дугаартай 23 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

- Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, Цагаан давааны 03-08 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0118002743 тоот дугаартай, хувийн сууцны зориулалттай 40 м.кв, 48 м.кв талбайтай барилга,

- Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, Цагаан давааны 03-08 тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0118000916 тоот дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 330 м.кв талбайтай  газар,

- Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаатад  байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0105000133 тоот дугаартай, хувийн сууцны зориулалттай 64 м.кв талбайтай барилга,

- Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаатад байрлах, нэгж талбарын 020700686 дугаартай, гэр бүлийн зориулалттай 550 м.кв газар,

- Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаат, 02-05 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0105000185 тоот дугаартай, агуулах, гражийн зориулалттай 96 м.кв, 36 м.кв талбайтай барилга,

- Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаат, 02-05 хаягт байрлах, нэгж талбарын 6521000161 тоот дугаартай, цагаан идээний үйлдвэрлэлийн зориулалттай 3 500 м.кв газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 550 253,33 /таван зуун тавин мянга хоёр зуун тавин гурван төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “А-а Т” ХХК, Б.Б нараас 550 253,33 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Архангай салбарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “А-а Т” ХХК-ийн төлөөлөгч Ц.Бын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 129/ШШ2018/00516 тоот шийдвэрийг 2018.05.18-ны өдөр хүлээн авч танилцахад дан ганц зээлдэгч талыг буруутгасан шийдвэр гаргасныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. “А-а Т” ХХК-ий захирал Ц.Б миний бие анхан шатны шүүх хуралдаанд компаниа төлөөлж өмгөөлөгч С.Пүрэвсүрэнгийн хамтаар оролцсон бөгөөд дараах үндэслэлүүдийг харгалзан үзээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

1. Шүүгч Т.Бадрах нь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гаргахдаа Иргэний хуульд заасан талуудын эрх, үүргийг тэгш хангаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, зээлдэгч талыг хохироосон шийдвэр гаргасан.

2. Эрсдэл үүссэн тохиолдолд батлан даагчаар хангуулах зээлдэгчийн эрхийг хангаагүй.

3. Банк буюу зээлдүүлэгч тал нь нэхэмжлэл гаргахдаа гэрээний салшгүй хэсэг болсон “А-а Т” ХХК, “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн батлан даалтын сан, Х банкны Архангай дахь салбар зэрэг газруудын хооронд байгуулсан гурвалсан гэрээг шүүхэд өгөөгүй орхигдуулснаас шүүх зайлшгүй байх ёстой нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэр гаргасан.

4. Зээлдэгч талаас анхан шатны шүүх хуралдаан дээр болон өмнө нь гаргаж өгсөн тайлбар үгийг харгалзан үзээгүй шийдвэрээ гаргасан.

5. Батлан даагчтай хийсэн гэрээнд хамтран зээлдэгч Б.Б гарын үсэг зураагүй, эхний ганц гэрээнд гарын үсэг зурснаас өөр бусад мөнгө авах, зарцуулах болон бусад үйл ажиллагаанд оролцоогүй юм. Иймд эрсдлийг Ц.Б би өөрөө хариуцаж үүргийн гүйцэтгэлийг хангана гэдгээ тайлбарласаар байхад зээлдэгч талын дээрх саналуудыг харгалзаагүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд энэ хэргийг дахин хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Х банкны Архангай салбар “А-а Т” ХХК, Б.Б нарт холбогдуулж 2018.03.20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээг цуцалж, зээл 75 830 344 төгрөг, зээлийн хүү 2 559 534 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36 788 төгрөг, нотариатын зардал 34 000 төгрөг, нийт 78 460 666 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүсчээ. /хх 1-3/

 Хариуцагч “А-а Т” ХХК нэхэмжилсэн мөнгийг төлнө, зээлийг авахдаа “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн батлан даалтын сангийн 50 хувийн батлан даалттайгаар зээлсэн ба төлбөрийг Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг дахь хувийн сууц, газар, үйлдвэрлэлийн барилгын барьцаагаар хангах боломжтой тул Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, 72 айлын орон сууцны 23 м.кв талбайтай орон сууц, Цагаан давааны 03-08 тоот хаягт байршилтай 40 м.кв, 48 м.кв хувийн сууц, мөн хаягт байршилтай 330 м.кв өмчлөх эрхтэй газрыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан, хариуцагч Б.Б нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “А-а Т” ХХК-ий хүсэлтээр зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг авч хэрэглээгүй гэж маргасан байна.

Х банкны Архангай салбар болон “А-а Т” ХХК, Б.Б нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон ипотекийн гэрээ 2015.02.25-ны өдөр байгуулагдсан, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлтийг хийжээ.

Зээлдэгч нар эргэлтийн хөрөнгө болон үндсэн хөрөнгийн зориулалтаар 130 000 000 төгрөгийг 365 хоногт 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлэхээр тохиролцжээ.

Зээлийн гэрээний үүрэг зөрчигдснөөс нэхэмжлэгч хугацаанаас өмнө гэрээг цуцалж, мөнгийг шаардсан байх бөгөөд гэрээг цуцлах гэрээнд заасан үндэслэл бий болсон нь тогтоогджээ.

Иймд гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсноор гүйцэтгэвэл зохих үүргийг шүүх гэрээний нөхцлийн дагуу тодорхойлж, төлбөл зохих үүргийн хэмжээг тогтоосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцсэн байна. Зээлдэгч нар зээлийн үүргийг хариуцахаар Х банкны Архангай салбарын өмнө үүрэг хүлээсэн тул хамтран хариуцагч болох ба гэрээнд үүргийг хэрхэн хариуцахыг тодорхой зааж, хэмжээг тусгайлан өөрөөр тохиролцоогүй тул тэднийг зээлийн үүргийг бүхэлд нь хариуцах үндэслэлтэй гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11-д заасныг зөрчөөгүй байна.

“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн батлан даалтын сан батлан даалтын гэрээгээр нөхөх хариуцлага хүлээсэн зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул батлан даагчаас шууд зээлийн үүргийг гаргуулах боломжгүйг анхан шатны шүүх Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д заасантай нийцүүлэн дүгнэжээ.

Талуудын эрх, үүргийг тэгш хангаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, зээлдэгч талыг хохироосон шийдвэр гаргасан, Б.Б зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг хүлээн аваагүй, “А-а Т” ХХК зээлийг төлөхийг зөвшөөрч байхад мөнгийг Б.Бгаас гаргуулсан гэх хариуцагч “А-а Т” ХХК-ий төлөөлөгч Ц.Бын гомдол үндэслэлгүй байна.

Эрх, үүргийг хариуцагч “А-а Т” ХХК-ий төлөөлөгч Ц.Бд 2018.04.03-ны өдөр, хариуцагч Б.Бд 2018.03.23-ны өдөр тус тус тайлбарласан талаархи баримт, мөн хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр өмгөөлөгчийн хамт оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгч, улмаар шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцсон нь хэргийн баримтад авагдсан байна. /хх 37, 39-47, 49, 67-84/

Х банкны Архангай салбар нь зээлийн гэрээний үүрэгт 130 000 000 төгрөгийг 2015.02.26-ны өдөр “А-а Т” ХХК-ий харилцах дансанд шилжүүлсэн нь тогтоогджээ. /хх-18/

“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн батлан даалтын сан нь зээлийн гэрээний тал биш бөгөөд тэрээр Х банкны Архангай салбартай байгуулсан батлан даалтын гэрээгээр зээлдэгч нар зээлээ төлж чадахгүй тохиолдолд нөхөх хариуцлага хүлээхээр үүрэг хүлээсэн талаархи анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч “А-а Т” ХХК-ий төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 129/ШШ2018/00516 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “А-а Т” ХХК-ий төлөөлөгч Ц.Бын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч “А-а Т” ХХК нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 550 254 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БЯМБАСҮРЭН

     ШҮҮГЧИД                                      Г.УЛАМБАЯР

                                                  В.ЦЭЦЭНБИЛЭГ