Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 141/ШШ2017/00029

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 141/ШШ2017/00029

Тосонцэнгэл сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багт оршин суудаг Ө овогт Р.Н-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багт оршин суудаг Ө овогт С.Т-т холбогдох Өвөлжөөний газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.В, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Н нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг Доод харганы Улаан нүүр гэх өвөлжөөнд 1976 оноос хойш одоог хүртэл нутаглаж байна. Би энэ өвөлжөөг 40-60 жилийн хугацаатай эзэмших гэрчилгээтэй юм. 1996 онд миний дүү С хөдөө гарч цуг нутаглаж байгаад 2009 онд нас барсан. Би хадлангийн талбайг хувааж авахаар заасан. 2016 оны 8 сард дүү Т нь хуваарьт талбайгаас хадлан авсан. Т 2016 оны өвөл өөрийн малаас гадна хүргэн Б-н малыг авчирч бэлчээрийн даацыг хэтрүүлж байна. Энэ талаар манай хүргэн Н-г хэлэхэд хэл амаар доромжилж муудалцсан байсан. Т нь хүргэн ах Б ирээд өвс хадчихаад явдаг. Зуны цагт засаг захиргааны шийдвэр гараагүй байхад дураараа нүүж голын булангийн өвсийг малаараа талхлуулдаг. Энэ намар Т өвөлжөөнд ирэхдээ олон малтай болсон байхаар нь хониор нь ороод үзтэл хурга, ишиг голдуу байсан. Т би талыг нь худалдаж авсан гэж хэлсэн. Тэгээд дараа нь бэр В-тай ороод уулзтал Т бид хоёр хэдэн хурга, ишиг худалдаж авсан гэж хэлсэн. Тэгээд би хүргэн Б-тай утсаар ярихад хонь, үхрээ 10 дугаар сарын 15-ны өдөр хүргээд авна гэсэн боловч аваагүй юм. Одоо бэлчээр байхгүй боллоо мал нь эхнээсээ унаж байна. Иймд Б-н 350 толгой малыг зайлуулж Т-с миний эзэмшлийн өвөлжөөг чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.В нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг Доод харганы Улаан нүүр гэх энэ өвөлжөөнд 1993 оноос хойш өвөлжиж байсан. Хүү Т маань 2016 онд сангийн далай гэх газар зусаж байгаад Улаан нүүрийн өвөлжөөндөө ирж өвөлжсөн. Би төрийн банкнаас 5.000.000 төгрөгийн, хүү Т 2.500.000 төгрөгийг зээл авсан бөгөөд хүргэн Б-с 340 орчим толгой ишиг, хурга худалдаж авсан. Миний хань тэр зэргийн мал авчих хөрөнгө үлдээсэн. Тэгээд Н ахын өвөлжөөнд малчинтайгаа малаа маллуулах гэж тууж ирсэн юм. Манай малчин хуваарьт газрыг хадсан хадлантай байгаа. Н ах мал тооллогын хүмүүсийг ирэхэд манай малыг ширхэг бүрээр нь тоолж өгөөрэй гэж байгаад нэг бүрчлэн тоолуулсан. Би хүүтэйгээ хамт хөдөө өвөлжиж байгаа, цас зуд ихтэй учир хэдэн мал минь өвс тэжээлгүй бол эхнээсээ үхэж үрэгддэг.

Манай хүү Т-г сургуульд суугаагүй ном сураагүй учраас сургуулиас гаргасныг Н ах мэдэж байгаа. Манайх хүүгээ мал дагуулж малчин болгохоор хөдөө гаргасан юм. Манай нөхөр бид хоёр үйлдвэрт ажиллаж байгаад хөдөө гарсан юм. Тухайн үед манайх цөөхөн хэдэн малтай байсан. Тэгээд манай нөхөр тэр өвөлжөөнд малын хашаа барьсан. Одоо овоо хэдэн малтай болсон. Хадлан хадсан талаар мэдэхгүй байна. Манайх айлуудаас хамгийн сүүлд нүүдэг. Би энэ өвөлжөөнөөс хүүгээ явуулж чадахгүй. Яагаад гэвэл миний хүү ч гэсэн газар эзэмших гэрчилгээтэй, татвараа цаг хугацаанд нь төлдөг болохоор бид нар нүүхгүй. Бид нар Улаан нүүрийн өвөлжөөнд байх эрхтэй гэж бодож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Н нь хариуцагч С.Т-т холбогдуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг дэвсгэрт байрлах Доод харганы Улаан нүүрийн өвөлжөөг С.Т-н хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч С.Т нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн итгэмжлэлээр Д.В-д шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгож, итгэмжлэлээ ирүүлсэн байх тул С.Т-г Д.В төлөөлөх эрхтэй байна.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар ... Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно... гэж заасан бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар Өвөлжөөний газрыг эзэмшүүлэх тухай захирамжаар Тосонцэнгэл сумын нийт 5 багийн өвөлжөөний газрыг иргэдэд эзэмшүүлэхээр зааж, захирамжийн 1 дүгээр хавсралтад Оргих багийн нутаг дэвсгэрт байрлах Улаан нүүрийн өвөлжөөг иргэн Р.Н, Н.Д, Н.Д, Р.Д, С.Т, Г.Н нарт хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийн дагуу Ө овогт С.Т-тай Завхан аймгийн Тосонцэнгэл сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Р.С нь Тосонцэнгэл сумын Оргих багийн нутагт байрлах Доод харганы Улаан нүүрийн өвөлжөөг хамтран эзэмших гэрээг 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулж, 15 жилийн хугацаатай өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр 000497972 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг С.Т-т олгожээ.

Мөн дээрх Улаан нүүрийн өвөлжөөг хамтран эзэмших гэрээг Ө овогт Р.Н-той Завхан аймгийн Тосонцэнгэл сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Р.С нь 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулж, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 000565428 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг түүнд олгожээ.

Дээрх байдлууд нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар захирамж, уг захирамжийн 1 дүгээр хавсралт, 000497972 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ /С.Т-н/, мөн 000565428 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ /Р.Н-н/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Тосонцэнгэл сумын Оргих багийн нутагт байрлах Доод харганы Улаан нүүрийн өвөлжөөний шударга хамтран эзэмшигч нь С.Т мөн болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тус өвөлжөөний газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Р.Н нь ...Одоо бэлчээрийн даац байхгүй болсон бөгөөд мал нь эхнээсээ унаж байна. Иймд Б-н гэх 350 толгой малыг зайлуулж Т-с миний эзэмшлийн өвөлжөөг чөлөөлж өгнө үү... гэж мэтгэлцэж байх боловч энэхүү нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт ...Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй..., 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт ...өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй... гэж тус тус заасан байх тул С.Т нь дээрх өвөлжөөний газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна гэж дүгнэлээ.

Монгол Улсын газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт ...газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг баримтална гэж заасан нь өвөлжөөний газрыг дундаа хамтран эзэмшиж буй С.Т, Р.Н нар нь газар эзэмших эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ тэгш эрхтэй байна гэж үзэхээр байна.

Мөн Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт ... Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.... гэж заасан байх тул Р.Н нь бэлчээрийн даац хэтэрсэн талаархи гомдлоо Оргих багийн Иргэдийн нийтийн хурал, Тосонцэнгэл сумын

засаг даргад гаргаж болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Р.Н-н хүсэлтээр С.Б-г гэрчээр асууж тайлбар авсан бөгөөд тэрээр ...би 2016 оны 9 сард хадам дүү Т, хадам ээж В нарт 350 хурга, ишиг зарсан..., ...Н гуай хурга, ишгээ авахыг шаардсан боловч би тэр үед мөнгөний хэрэг болоод зарчихсан байсан юм... гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт ач холбогдолгүй өөрөөр хэлбэл С.Т-г Улаан нүүрийн өвөлжөөг хууль бусаар эзэмшиж байгааг нотолж байна гэж үзэхгүй.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэгт Завхан аймгийн Булнай сумын засаг даргын 1997 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Өвөлжөө бууц эзэмшүүлэх тухай 91 дүгээр захирамж, уг захирамжийн хавсралт, 2002 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Р.С-т олгосон газар эзэмших гэрчилгээ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байх боловч дээрх 91 дүгээр захирамжийг Тосонцэнгэл сумын засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар Өвөлжөөний газар эзэмшүүлэх тухай захирамжийн 4 дүгээр заалтаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул хүчин төгөлдөр бус гэж үнэлж шийдвэрлээгүй боловч өмнө нь хариуцагчийн төрсөн эцэг болох С нь тухайн өвөлжөөний газрыг эзэмшиж байсан талаархи баримт гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутагт байрлах Доод харганы Улаан нүүрийн өвөлжөөний газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 , 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар Р.Н-н нэхэмжлэлтэй С.Т-т холбогдох Өвөлжөөний газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ